Үндэсний хувцас үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Ур-Ундрах” компанийн 20 жилийн ой, “Болор цом-41” наадмын босгон дээр тус компанийн захирал, Монгол Улсын мастер оёдолчин А.Алтантуяаг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.
-Та бол үндэсний хувцас үйлдвэрлэхийн сацуу монгол соёл, өв уламжлалаа тээж, түгээн дэлгэрүүлж, сурталчилж яваа эх орончдын нэг. Ийм зүйлүүдийг өгсөн болохоор монголчууд танаар бахархдаг. Харин та өөрөө юугаар бахархдаг бол?
-Мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал, хаан төрийн хантааз гэж монголчууд ярьж ирсэн түүхтэй. Би яагаад үүнийг хэлэх дуртай байдаг вэ гэхээр “Мандухай цэцэн хатан” киноны хувцсыг бүтээлцэх завшаан надад олдож, киноны зөвлөх Х.Нямбуу гуай “Энэ таван хувцсыг салгаж ойлгож болохгүй, монгол гэрийн эзэн хүн бол төрийн эзэн гэсэн үг. Бага гэр гэдэг чинь бага төр юм шүү дээ, дүү минь” гэж захиж байсан. Мөн “Эрэгтэй хүнийг Цагаан сараар иж бүрэн хувцастай шинэлүүлж байгаарай. Бүх юм бүтэж, сайхан болохын билэгдэл болдог. Ханат цагаан гэр чинь суварга гэсэн үг шүү” гэсэн сайхан сургаалиудыг нь чихээрээ сонсож, амьдралдаа хэрэгжүүлж, бусдад хэлж захиж, үндэсний хувцсаа урлаж ирлээ. Энэ л миний бахархал юм даа.
-Таны тухай үндэсний хувцас, тэр дотор дээлийг хагас зуун дамнуулан оёж байгаа гэж сонссон. Та хэдэн настайдаа үйл оёж сурсан бэ?
-Би Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад 10 гаруй жил, үндэсний хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй 45 жил ажиллаж байна. 13-хан настайдаа ижийгээсээ өнчин үлдэж, тэр үеэс оёж шидэж эхэлснийг оролцуулбал дээл гэдэг хувцсыг би тасралтгүй 50 жил оёлоо. Баянгол дүүрэгт 22 жил үйлдвэрлэл явуулж байгаа болохоор дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн намайг сайн мэднэ. Өнөөдөр манай компани үндэсний хувцсаа иж бүрнээр нь хийж байна. Том компаниуд шиг биш ч гэсэн өөрсдийн хэмжээнд үйлдвэрлэж, гадаад, дотоод хаягаараа борлуулж, захиалга авдаг. ШУТИС төгссөн хүүхэд үндэсний малгай урлалд манай охинтой хамтардаг. Монгол дээлийг 4-5 дамжлагаар оёдог.
-Дөрвөн улирлын хувцас үйлдвэрлэдэг нь танай нэг онцлог байх.Материалаа хаанаас авдаг вэ?
-Монгол орон дөрвөн улиралтай, түүнд таарч зохицсон хувцсаа өмсөх учиртай. Дулаан явбал мянган лан гэж үгтэй. Бид “Дархан Минж” компанийн нэхийг сүүлийн 10 гаруй жил авч өвлийн дээл, хүрэм, гутал үйлдвэрлэж байна. Мөн булга, суусар, үслэг эдлэл авчирч үйлдвэрлэл явуулж байгаа. Хятадын торгоны үйлдвэрүүдтэй харилцсаар танил болж, 20 гаруй жил торго, бүс бараа зээлээр авч, бүтээгдэхүүн хийж борлуулаад эргэж тооцоогоо шилжүүлж ирлээ. Энэтхэг улс руу Далай ламд мөргөнгөө тэндээс сайн чанарын даавуу авчирдаг.
Үйлдвэрлэл явуулахад түүхий эдийн чанар сайн байх хэрэгтэй. Тиймээс дээлийн даавуу, торгыг шилж авчирдаг. Үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэг удаа хэлж байсан юм “Та сайхан материал авчраарай. Танайхаар хүмүүс гоёх гэж л ирнэ” гэж. Тэрийг бодож үргэлж сайн материал авчирч, сайхныг хийж бүтээхсэн гэж хичээсээр 20 гаруй жил боллоо. Гутлыг манайх хоёр янзаар үйлдвэрлэдэг. Ээтэн болон бөөрөнхий хоншоортой, өвлийнхийг нэхий дотортойгоор гаргадаг. Нэхий оёдог төрөлжсөн оёдолчинтой болсон.
-Сүүлийн жилүүдэд төрөөс ЖДҮ-ийг дэмжих болсон. Үндэсний хувцас үйлдвэрлэгчдэд ямар боломж олгов?
-Гэр бүлийн, өрхийн үйлдвэрлэл хөгжиж байгаа ч том хэмжээний юм хийх боломжгүй, зах зээл бага байна. Цаашдаа үндэсний хувцас үйлдвэрлэлд монгол үндэстнүүд нэгдээсэй, хил гааль нээлттэй болоосой. Хойшоо Оросын Буриад, Тува руу манай бүтээгдэхүүнийг сонирхдог ч гаалийн татвар өндөр учраас хилээр гаргах боломжгүй байдаг. Уг нь манайх анх байгуулагдахдаа гадаад худалдааны эрх авсан ч ямар ч боломжгүй явж ирлээ. Монгол дээлийг тэр болгон хүн аваад өмсчихдөггүй. Өвөрмонгол руу манайхаас олон оёдолчин очиж дээл оёх сургалт явуулсан болохоор өөрсдөө маш сайн хийдэг болсон. Миний хувьд цаашид зах зээл өргөжөөсэй, төрөөс дэмжээсэй гэж боддог. Би өөрөө оёод зогсохгүй, хоёр охиноо оёдолчин болгосон. Үр хүүхэд минь миний үргэлжлэл байх ёстой. Ач, зээгээ оёдолчин болгоно. Үйлдвэрлэлээ өргөжүүлнэ гэж гэгээлэг сайхнаар боддог. Өвөрмонголчууд хүүхдээ хичээлд нь явуулахдаа долоо хоногт хоёр удаа монгол дээл өмсүүлдэг. Бид долоо хоногт нэг удаа дээлээ өмсөж яагаад болохгүй гэж. Монгол хүн болоход, эх оронч хүмүүжил олгоход энэ их тустай. Эндээс эхлээд бага багаар ахиулж үндэсний зүйлүүдээ хүүхэд байхаас нь ой ухаанд нь суулгах хэрэгтэй.
-Үндэсний үйлдвэрлэл эрхлэхэд ямар бэрхшээлүүд байна?
-Манай улс татвар өндөр, хүн амын орлогын албан татвар, НДШ гэж ажилчнаас 13 хувь, байгууллагаас 13 хувь авдаг, дээр нь НӨАТ гээд үйлдвэрлэл явуулахад ихээхэн хүндрэлтэй байгаа ч бүх бэрхшээл зовлонг туулан Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгаран ажиллаж ирлээ. Монгол хүн байсан цагт үндэсний хувцсаа өргөн дэлгэр үйлдвэрлэж, өмссөөр байна гэдэгт итгэдэг. Бидний бусдаас ялгагдах онцлог бол үндэсний хувцас. “Хувцас бурхан бие чөтгөр. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг” гэж монголчууд хэлдэг. Монгол Улс гадаадын 100 гаруй оронтой дипломат харилцаатай, хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа боловч яг монгол дээлийг гадагш гаргаж борлуулах боломж байхгүй. Тиймээс Тува, Халимаг, Буриадтай энэ чиглэлд нээлттэй болох юмсан. Үндэстэн, ястны маань үр сад мартагдсанаа эргэн санах, уламжлалаа сэргээх болов уу гэж бодогдох юм. Шийдвэр гаргагчид энэ ярилцлагыг маань уншаасай. Саяхан бид Эзэн Чингис хааныхаа сургаальтай цамц хийсэн. Төрийн түшээд өмсөж болно шүү дээ. Япон, Солонгос гээд Азийн орнууд өөрсдийн үндэсний зүйлүүдийг хүчтэй хөгжүүлж байна. Ингэснээрээ хүчирхэг, оршин тогтнодог юм болов уу. “Төрсөн газар нь тэр хүнийг тэжээж, хувцасладаг” гэж сайхан үг бий. Тэгэхээр бид өөрсдийн хийснийг идэж ууж, өөрсдийн хийснийг өмсөж эдэлж баймаар. Би “Дархан Минж”-ийн нэхий, хурганы арьсыг авч бүтээгдэхүүн хийхдээ үүний цаана монгол хүн орлоготой, хоолтой байгаа шүү гэж бодож, нэг хүнийг ч гэсэн эх орондоо амар амгалан амьдраг гэж хүсдэг.
-Та жил болгоны “Болор цом” наадмын тэргүүн, Янжинлхамын ивээлд багтсан яруу найрагчийг дээлээр мялаадаг. Энэ жилийнхээ дээлийг бэлдсэн үү?
-Би 20 гаруй жил “Болор цом” наадмыг үндэсний дээлээр ивээн тэтгэж ирсэн. Хүүхэд байхаас уран зохиол шимтэн уншиж, зохиолч уран бүтээлчдийг хүндэлдэг байсан. Хүүхэд байхад шүлэг уншиж, бичиж байлаа. Одоо нас яваад бурханы ном эргүүлж, тойруулж суудаг болсон. Өнгөрсөн жил М.Амархүү найрагчийн дээл сайхан таарсан.Түүний өмнөх таван жил бүх дээл солигдсон.Томдсон гэж солиулна, М.Отгонбаяр найрагч бол захчин хүн учир үндэсний дээлээ захиалж хийлгэсэн. Ш.Лхамноржмаа найрагчийг түрүүлдэг жил эрэгтэй дээл авч очоод, тайзан дээр гардуулсан.”Солиулж болно шүү” гэхэд, ийм билэг дэмбэрэлтэй дээлийг солиулахгүй гэсэн. Дараа жил нь “Тэр гоё дээлийг таны гараас авч би ханьтай болсон шүү” гэж байсан даа. “Болор цом” хаана ч болсон би дагаж яваад дээлээ гардуулж өгдөг. Энэ жил хар ногоон кашмераар эрэгтэй дээл эсгэж оёлоо. Эмэгтэй дээлнүүд бол бэлэн байгаа. Ш.Лхамноржмаагаас хойш би хашраад нэг биш хоёр янзын дээл авч очдог болсон /инээв/. “Болор цом” бол оюун ухааны сайхан наадам. Улсын наадмаас дутахгүй ач холбогдол өгмөөр байгаа юм.
Манай компани бол өөрийн брэнд болсон хувцсыг өгдөг. Түүнээс өөр арга байхгүй. Бусад байгууллагууд ивээн тэтгэж, эхний таван байрт орсон шүлгийг орон даяар сурталчилж, найрагчдыг болон зохиол бүтээлийг нь дэмжиж байвал Монголын уран зохиол урагшилна. Монгол ухаан, эх хэл, соёлыг авч яваа том наадам шүү, “Болор цом”. Уран зохиолын хичээлийн цаг багаслаа, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгүүлж явсан Ш.Чоймаа багш тэнгэрт одлоо гээд харуусах юм бидэнд их байна. Эх хэл, утга зохиол, яруу найргаар дамжуулан өв соёлын дархлааг тогтоож яваа зохиолч, уран бүтээлчдээ дэмжиж, түүний нэг эд эс нь болсон “Болор цом” наадамд төр бодлогоор өндөр ач холбогдол өгдөг байгаасай. Би өөрийгөө уран зохиол сонирхдог, уншдаг байснаараа их тэмүүлэлтэй болсон гэж боддог юм. Хүнд жигүүр ургуулдаг, амьдралын ухаан суулгадаг байхгүй юу. Хүний сэтгэлийн гал чинь яруу найраг юм шүү дээ. Тиймээс “Болор цом”-ыг олон хүн сонирхоосой, үзээсэй.
-Ирэх жилийн “Цагаан сар” эрт болно. Танай захиалга бараг эхэлсэн байх. Дээлний өнгө ямар байх бол гэж хүмүүс их асуудаг, тодорхой мэдээллүүд байна уу?
-Зурхайчид ирэх жилийн зурхайг гаргаад ирэхээр тодорхой болох байх. Хүн болгоны жил, мэнгэ өөр. Түүнээс шалтгаалж тухайн хүний ээлтэй өнгийг мэднэ. Хурим найр, хүүхдийн даахь үргээх ёслол амьдралд ганцхан тохиодог том баяр. Цагаан сар, наадам гээд үндэсний баярууд бүгд билэгдэл дагуулдаг. Тэр хүний жилийг асууж, сүлдэн гарагт нь дээлийг нь эсгэж “Нас буян нь ивээж ханьтайгаа сайн сайхан яваасай” гэж бодож, бараг л мэгзэм уншиж, гэр бүл бүтэн байгаасай, урт удаан наслаасай гэж ерөөж оёдог. Хүүхдийн дээлийг хийхдээ “Эдийн сайныг цээжинд нь өмсүүлж, эрдмийн сайныг толгойдоо шингээх болтугай. Эцэг эхдээ ивээлтэй, ээж ааваа энэрсэн, эх орондоо хайртай хүн болоорой” гэж бодож, жил, мэнгийг асууж, ямар өнгө ээлтэйг нь цаг тооны бичиг харж байгаад хэлж өгдөг дөө. Гандантэгчэнлингээс гаргасан цаг тооны бичиг, зурхайг би байнга харж, ашиглаж байдаг юм. Манай захиалга ирэх сараас эхлэх байх. Манайд ирж иж бүрэн хувцсаа өмсөөд гарах боломжтой. Стандарт бус том биетэй хүн жин, өндрөө хэлэхэд бид захиалгын дагуу оёод өгөх боломжтой. Хачин гоё юм хийнэ гэж хэлэхгүй, түвшин сайхныг хийж өгч чадна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Манайд ямар ч даавуу, торго үйлдвэрлэдэггүй. Бүх юм гаднаас. Үндэсний хувцас гэж нэрлэхээс санаа зовдог. Эргээд нөгөө бараа зөөсөн улсуудаа муу хэлээд сууж байдаг. Мөн биз. Тэгээд ч бас өөдөлдөггүй, бие биенээ хэмлэж амьдардаг
Ямар сайхан үг яриатай ухаантай бүсгүй вэ сайхан дээл оёулах юмсан хаана байдаг юм бол доо.
Үйл нь уран байж ухаан нь цэлмэг байг монгол улс мандан бадраг