Тэртээ 41 жилийн өмнө Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн шанг нь татаж байсан “Болор цом” наадам энэ сарын 26-нд болов. Тус наадмын нэгдүгээр шатанд 21 яруу найрагч тэнцсэнээс яруу найрагч Сайнжаргалын Начин тэргүүлж, Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч болов. Тэрбээр шагнал гардсаныхаа дараа тайзан дээрээс өөрийг нь утга зохиолд хөтлөн оруулж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн зохиолч, судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг агсныг дурсан санасан нь олон үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Шинэхэн “Болор цом”-ын эзэн, яруу найрагч С.Начинтай ярилцсанаа хүргэж байна.
-“Болор цом-41” наадмын тэргүүн боллоо. Манай уншигчдадтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Оны шилдэг шүлэг шалгаруулдаг “Болор цом” яруу найргийн наадамд 12 жил бүтээлээ илгээж байлаа. Өмнө нь хоёр удаа бичгийн шатнаас шалгарч байсангүй. Харин энэ жил 10 дахь удаагаа шалгараад энэ наадамд тэргүүн байр эзэллээ. Урд нь “”Шилдэг залуу найрагч гэж шагналыг хүртэж, гуравдугаар байр эзэлж байлаа. Тиймээс энэ жил Эгшиглэнт эхийн хишигт шилдэг яруу найрагч шалгаруулах “Болор цом” наадамд түрүүлсэндээ юун түрүүнд маш их баяртай байна. Ноднин жилийн “Болор цом” наадамд түрүүлсэн Мягмарын Амархүү, Бидэрийн Баярсайхан тэргүүтэй ах нар намайг таван настай байхад манай өвөөгийнд ирдэг байлаа. Манай өвөө Дүгэржавын Оросоо гэж Архангай аймгийн Түвшрүүлэх сумын харьяат, “Хөдөлмөр” сонинд их олон жил ажилласан, шүлэг уран бүтээлд дуртай хүн байсан. Тэдгээр ах нарыг анх хараад сайхан санагддаг байжээ. Мэдээ орчихсон нөхөр учраас бичгийн хүмүүс гэж нэг иймэрхүү байдаг байх нь ээ гэж хардаг байлаа. Харин Их сургуулийн оюутан болоод ах нартайгаа “Нэг тогоо”-нд орсон доо. Тэгээд цомын дараа М.Амархүү ах “Юм гэдэг учиртай шүү” гэж хэлсэн нь тэр үеийг дурсаж хэлсэн гэж ойлгосон.
-Та “Залуу яруу найрагч” шагналыг хэзээ авсан билээ?
-Би анх яруу найрагч Д.Болдхуяг ахыг түрүүлдэг жил орж байлаа. Түүний дараа Норовын Гантулга ахыг “Уулсын сэтгэлгээний тэлэлт” шүлгээрээ тэргүүн байр хүртэхэд “Шилдэг залуу яруу найрагч” гэдэг шагналыг СГЗ, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир ахаасаа гардаж байсан юм.
-Залуу яруу найрагчийн шагнал хүртэж байсан, өнөөдөр “Болор цомтон”-уудын эгнээнд нэгдчихээд сууж байх хооронд ялгаа хэр байна вэ?
-Яг үнэнээ хэлэхэд, аваад удаагүй болоод ч тэр үү, үнэхээр сүрддэг юм байна. Олны хайр, итгэл гэдэг далай шиг байна. Монголын үе, үеийн шилдэг яруу найрагчид шүлгээ дуудаж, цэцээ булаалддаг энэ наадамд түрүүлсэн ч гэсэн даруухан байх юм сан л гэж бодож сууна. Сайн, муугаараа хэлэгддэг ч гэсэн үе, үеийн яруу найрагчид, уншигчдыг уулзуулж байгаа гүүр нь учраас жил бүр л сайн гэсэн шүлгээ өгч оролцохыг хүсдэг.
-“Болор цом” гардан авах үедээ ах, багшийгаа дурссан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэгэхээр та тэр хүний тухай дурсаач?
-Монголын яруу найрагт үеийн үед зааж чиглүүлдэг хүн байж ирсэн. Манай дээд талын 1990-ээд оны ах, эгч нарын ихэнхийг Төрийн соёрхолт яруу найрагч Очирбатын Дашбалбар зүг чигийг нь зааж өгсөн байдаг. “Гол ус намуухан урсана” хэмээн шавь, дүү нараа залуурдаж, чиглүүлж байсныг уламжлан авч Пүрэвхүүгийн Батхуяг багш маань 2000-аад оноос хойш уран зохиолд орж ирсэн шинэ залуу авьяаслаг нөхдийг зааж чиглүүлсэн. Ийм нэгэн алтан уламжлал байдаг юм болов уу гэж боддог. П.Батхуяг ах маань шавиа хэмээн тоож зааж, сургаж байсанд маш их талархдаг. Өнгөрөөд хоёр жил болж байна. Шинэ он гараад 50 насных нь ой болно. Монголын нэн шинэ үеийн яруу найрагчид зам мөрөө олоход нь багшийн маань гүйцэтгэсэн үүрэг маш их байдаг. Тийм ч болохоор дурсахаас өөр арга байхгүй.
-Та шавь гэхээсээ илүүтэй ах дүүгийн нандин холбоотой байсан байх. Хоёулаа ах, дүү явъя гэж хэлсэн гэдэг дээ?
-Тийм, П.Батхуяг ах чинь яруу найрагчаас гадна хэл бичгийн, судлаач хүн. Нэгдүгээр курст байхдаа Лхагвасүрэнгийн Хасар ахыг түрүүлдэг жилийн “Болор цом”-ыг үзсэн юм. Тэгэхэд шатан дээр нь савхин цув, малгайтай, нүдний шил нь цантчихсан ахтайгаа таарч байсан. Тухайн үед “Үйлийн үрийн байшин”-г нь би тэндээс 4500 төгрөгөөр худалдаж аваад гарын үсгийг нь авахаар очиж байлаа. Нүдний шилээ жаахан доошлуулаад “Шүлэг сонсох гэж ирлээ. Надтай холбоотой байгаарай” гэж хэлсэн. Харин хоёрдугаар курст байхад талийгаач Ч.Чойсамба багшийн хичээл орж байхад багштай мэндлээд “Начинд чөлөө өгөөч” гэж хэлээд аваад гарсан. Тэр үед ах “Интерном” орж номынхоо тооцоог хийчихээд явж байсан юм билээ. Гадаа гараад ах “Хүрээ хөвгүүд”-ийн Д.Энхболдбаатар чиний өвөө Дүгэржавын Оросоо гэдэг хүнтэй “Хөдөлмөр сонин”-д цуг ажиллаж байсан гэнэ. Сая өөрөөс нь сонслоо. Оросоо ахтай нутаг учраас мэднэ. Танай өвөө чинь өөрийнхөө ээжийн сүүнд цадахгүй манай элэнц эмээгийн мөөмийг хөхөж хүн болсон гэдэг юм. Тийм болохоор хоёулаа элэг нэгтэй ч гэж хэлж болох юм байна. Уран зохиолд юун түрүүнд нинж сайхан сэтгэл хэрэгтэй. Эхлээд хүн уншиж байж хөгждөг. Ямар ном уншмаар байна, манайхаар орж, гарч байгаарай гэж хэлсэн.
-Тэгээд л ах, дүү болцгоосон уу?
-Манай үеийнхэн ахыг бүгдээрээ багш гэж дууддаг. Харин би амьдад нь тэгж дуудаж байгаагүй, ах аа л гэдэг байсан. Харин тэдэн дундаас манай Ядамсүрэнгийн Баяраа найз маань үйл хэргийг нь үргэлжлүүлээд багшлаад явж байна. Цаашдаа ч олон жил багшлах байх гэж боддог. Харин нэг удаа чи ганцаараа ах аа гэж дуудаад байна гэж хэлж байсан юм. Харин өөрөө амьддаа ах, дүү болчихсон. Дээрээс нь би чинь айлын том хүүхэд учраас ахтай болох, зарим талаар даруулга хэрэгтэй ч байсан байж мэднэ.
-Өөрөө их багаасаа шүлэг бичсэн. Таныг шүлэг бичихэд юу нөлөөлсөн бэ. Эмээгийнхээ тухай нэг ярилцлагадаа дурссан байдаг?
-Миний өндөр эмэг маань их нөлөөлсөн гэж боддог. Шарын Дэнсмаа гэж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат хүн, 103 насалсан. Би хэдийгээр хотод төрсөн ч гэсэн бага нас Хэнтий аймгийн Баянмөнх суманд өнгөрсөн. Миний өвөөг Дамжилын Болхоон гэж цэргийн хүн байлаа. Эрт тэтгэвэрт гарсан учраас намайг 3-4 настай байхад Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт цөөн хэдэн мал малладаг байсан. Тухайн үед цаг хэцүү, хоттой ойрхон учраас малын хулгай ч их байсан шиг байгаа юм. Тэгээд хадам талаа бараадаж, Хэнтий аймагт очсон гэнэ лээ. Ингэж л миний бага нас хөдөө өнгөрсөн. Манай өндөр эмээ чинь элдэв хууч өвчингүй, ажил төрөлтэй, орой болохоор ардын үлгэр, домог хууч их ярьж өгдөг байсан. Тэгэхээр тэр сайхан Дарьганга нутгаас гаралтай өндөр эмээгийн минь, Хэнтий нутгийн байгалийн нөлөө байсан болов уу л гэж бодож байна даа.
-“Болор цом” наадмын нэр хүнд унаж байна гэж ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ. Мэдээж яруу найраг сонирхогч, уншигч олондоо юу гэж хэлэх вэ?
-Д.Нацагдоржоор ханаа дугуйлж, С.Буяннэмэхээр тооноо өргүүлсэн МЗЭ хэмээх их айл өдгөө 95 жилийнхээ ойтой золгож байна. Энэ тэгш ойд нь “Болор цом”-д түрүүлсэндээ их баяртай байгаа. Би 2014 онд МЗЭ-ийн гишүүнээр элсэж байлаа. Тэгэхэд Пүрэвхүүгийн Баятхуяг багш, Гончигийн Сүхзориг ах хоёр маань халуун алгаа дэлгэж, батлан дааж байсан. Би хувьдаа боддог оо, онгирч байгаа юм биш. МЗЭ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Магван-Эрдэнийн Саруулдалай ах нэг удаа “МЗЭ гэдэг бол авьяастай хүмүүст хаалга нь нээлттэй, авьяасгүйд нь үргэлж хаалттай байгууллага юм шүү” хэмээн хэлж байлаа. Тиймээс энэ ууган байгууллагынхаа гал голомт, уран зохиолын үргэлжлэлийг монгол дээр шүлэг бичиж, ярьж байгаа хүмүүс таслаж болохгүй. Хэдийгээр сайнтай, муутай яригддаг ч гэсэн Д.Пүрэвдорж гэж яруу найрагч нэг зүйлийг бодож, алсыг харж энэ наадмыг сэдсэн байх аа. Энэ наадам хэрэгтэй байх. Данзангийн Нямсүрэн гэж аугаа найрагчийн “Амитаба” хэмээх шүлэг нэгийн даваанаас нь хасагдаж байсан гээд одоо ч ярьдаг. Үе, үеийн яруу найрагчид цэц билгээ булаалдаж, шүлгэн хүлгийнхээ тоосыг үздэг сайхан наадам. Гэхдээ шүлэг уралдах гэхээсээ илүүтэй тухай үе, өдрийн аз хийморь, од байдаг болов уу гэж боддог. Учир нь бүгд л сайн гэснээ сойж, сайхан уралдахыг хүсэж байгаа шүү дээ. Монголд цэц билэгтэй олон сайхан найрагч бий. Энэ дунд орж, шүлгээ дуудна гэдэг үргэлж сайхан байдаг. Монголын зохиолч, уншигч нарыг уулзуулдаг хамгийн том гүүр нь бол “Болор цом”. Тэр хэвээрээ л байсаар байх биз. Төв Азийн энэ өндөрлөг дээр шүлэг, найргаар уралдаж, цэц билгээ сорьдог ганцхан ард түмэн байдаг нь Монгол юм.
"Болор цом-41" наадмын тэргүүн шүлэг
“УУЧЛАЛЫН ШҮЛЭГ”
Орчлонд өчнөөн од харваж болох байсан
Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн
Гэрэл заагч сар нь чи байсан
Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний
Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй
Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгыг
Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэхсэн
Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө
Цэх завилаад нүдээ аниваас
Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад
Царам хэцэд амь эцэслэх гэж буй
Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө
Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд
Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн
Ганцхан ахиад дэвж үзэхсэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан
Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал
Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд
Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?
Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг
Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү
Чи жишээ нь яаж уйтгарлдагыг
Чимээгүй нулимс унагахдаа
Ямар чимээ хацрыг чинь зүссээр
Зүрхэнд чинь шингэдгийг
Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг
Зам татуулан урсах тэр нулимс
Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлхээрээ
Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү
Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос
Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад
Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж
Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс
Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг
Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодхоор
Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз
Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно
Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч
Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана
Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж
Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож
Гарчиглаж суух сонингуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж
Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ
Амьдрал баялаг гэж чи хэлдэг
Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж
Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ
Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд
Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ
Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү
Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү
Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий
Үгэнд заримдаа итгэх хэцүү
Үйлдэл заримдаа үгнээс ч чухал
Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч
Суниагаад босох чинь хөгжим мэт яруу
Бягтрууланд венийн вальс эгшиглэж
Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн
Эрвээхэй суусан цэцэг нисхэд нь дохигноод үлдэх шиг
Эмзэг турьхан хурууд чинь хувцасаа сэгсэрхийг
Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж
Үдэш оройн энгэсгийг үргээж
Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурхыг
Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж
Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон
Зүүдэндээ ч үнсхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь
Тагтаар сийгэх салхинаас харамлаж
Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж
Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө
Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж
Хөшгөө ярхад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд
Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон
Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд
Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ
Одоохон явчхаад ирэе хайрт минь
Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч
Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн
Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг
Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явая гэх
Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч
Цас бударсаар, бударсаар, бударсаар
Цайдам хөндийг хучина
Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй
Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж
Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний
Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай
Өргөх ёстой дээж минь гэвэл чи
Өгсөж дээш мацах оргил минь чи
Өдөр бүрт залбирах залбирал минь чи
Өргөө гэрийн минь унь багана нь чи
Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи
Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи
Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи
Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг
Болзож уулзсан хувь төөрөг минь
Бурханы алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг
Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна
Инээмсэглээд ахин нэг алхахад
Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана
Алдсан байж болно бид
Алдрайхан нас шүү дээ
Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана
Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна
Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад
Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох
Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь
Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!
Болгоогооч амь амьдралыг минь
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Галзуу хүний өдрийн тэмдэглэл. Ийм яруу найраг гэж юу байсан юм.
Өөрөө л ойлгох шүлэг байна