Ш.Ариунаа: Эмэгтэйчүүдээ дэмжихгүй байсаар Солонгос шиг болчих вий

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 04

"Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо" ТББ-ын тэргүүн, иргэний нийгмийн зүтгэлтэн,  жендэрийн үндэсний шинжээч, хүний эрхийн активист  Ш.Ариунаатай ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийг дэмжих талаар дуугарч байгаа байгууллага тун цөөхөн. Харин танай холбоо энэ асуудлаар байнгын дуу хоолой болж ирсэн. Энэ холбоо хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан бэ?

-Одоогоос арван жилийн өмнө буюу 2014 онд бид магистрын оюутан байлаа. Бүгд бага насны хүүхэдтэй, хажуугаар нь сурна, ажил эрхэлнэ. Хичээлийн завсраар гэр рүүгээ ярьж, ар гэрийн амьд­рал, хүүхдүүдийнхээ асуудлыг зохицуулна. Нэг удаа завсарлагаанаар цай уух зуур энэ тухайгаа ярилцаж байгаад нийгэмд бага насны хүүхэдтэй эмэгтэй хүн сурч ажиллахад ямар хэцүү юм бэ гэлцсэн. Энэ ярианаас үүдэж манай холбоо үүссэн. Эмэг­тэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлыг цөмөөрөө шийдье, өөр хэн шийдэх вэ гэж ярилцсан. Эхний таван жилд бид ямар ч цалин мөнгөгүй сайн дурын үндсэнд энэ ажлыг хийсэн. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье гээд ярихаар хүмүүс эрэгтэй, эмэгтэй адилхан л хөдөлмөр эрхлэх ёстой, өөрсдөө хийгээч гэсэн байр суурьтай байдаг байсан. Гэтэл яагаад болохгүй байна гэдэг судалгааг бид өөрсдийн хүчээр хийсэн. Хогийн цэг дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн, малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаануудыг хийж төрийн байгууллагынханд танилцуулахаар тэр болгон тоохгүй. Иймд НҮБ-ын Хүний эрхийн хороонд явуулж байсан. Монголд эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.

Энэ эрхээ эдэлж чадахгүй хүмүүс ч байна гэдгийг гаргаж тавьсан. Мөн бид эмэгтэйчүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулдаг. Эмэгтэй хүн өөрөө би чадна, би ийм эрхтэй гэж зориг зүрх орж өөрөө идэвх гаргах хэрэгтэй. Үүнд бид ихээхэн анхаардаг. Ялангуяа бага насны хүүхэдтэй болон хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийг зориг оруулахад анхаардаг. Энэ чиглэлд Хөвсгөл аймагт “Тайгын бэрүүд” групп ажилладаг. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, эх нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлэн идэвхжүүлж байна. Мөн төрийн бодлого шийдвэрт энэ асуудлыг тусгуулж, дүрэм журамд нь суулгах гэх мэт олон чиглэлээр ажиллаж байна.

-Та бол иргэний нийгмийн байгууллагын зүтгэлтэн,  жендерийн үндэсний шинжээч, хүний эрхийн активист. Яагаад ийм ажлуудыг хийгээд байдаг юм бэ. Өөрт чинь ямар ашигтай юм бэ?

-Хүн өөрийн амьдралаар асуудлыг туулаад ирэхээр энэ бэрхшээлийг өөр хүн битгий амсаасай. Ийм сорилтыг, муугаар хэлбэл ийм зовлонг хувийн амьдралд, ажил хэргийн  замд ч хэн нэгэн бүү туулаасай. Миний үр хүүхэд бүү ийм зам туулаасай. Дараагийн охид эмэгтэйчүүд ялаварлан гадуурхалт, доромжлолыг бүү амсаасай гэж боддог. Тиймээс яаж үүнээс гарах вэ. Эмэгтэйчүүдийг яаж чадавхижуулах вэ гэж эрэлхийлж явдаг. Найзууд маань  хэцүү юм биш үү гэж заримдаа хэлдэг. Би цайны газар ажиллуулж олсон орлогоороо эхний жилүүдэд сайн дурын ажил хийж явсан үе бий. Хэний төлөө юугаа хийгээд ингээд явдаг юм бэ гэх үгийг их сонссон. Тэгэхээр эхний асуулт руугаа буцах юм бол би энэ хорвоод яах гэж төрсөн юм бэ, миний хийж чадах, бусдад тус дэм болж чадах, хүн болсныхоо хэргийг гаргах зүйл юу вэ гэхээр олон эмэгтэйчүүдэд сайн сайхны хаалгыг нээгээд өгөх юмсан гэх хүсэл юм даа. Хаалга нээж чаддаггүй юм гэхэд итгэлийн галыг нь асаагаад өгчих юмсан гэж боддог. Тиймээс хаана л охид эмэгтэйчүүдэд сургалт мэдлэг хэрэгтэй байна тэдэнд туслах гэж, түүний тулд өөрөө бас сурч мэдэхийн төлөө гүйж явдаг. Энэ болгоны эцэст 2020 оны ковидын үеэр Европын холбооноос надад  Хүний эрхийн зүтгэлтэн шагнал олгосон. Олон улсын байгууллага маш нарийн судалдаг юм байна лээ. 2000 оноос хойш 20 жилийн турш охид, эмэгтэйчүүдийг сургах, чадавхижуулахын төлөө тасралтгүй ажилласныг минь олж харж дүгнэсэн байсан. Сүүлийн үед би байгаль орчны чиглэл рүү орж байна. Бид нэг л гараг дээр амьдардаг. Хүн төрөлхтнийг хэр олон жил энэ  жижигхэн гараг дээр амьдруулах вэ гэдэгт анхаарах ёстой. Эцэст нь бид бүхний бодож зорьж яваа бүхэн хүн гэдэг нэг л цэг дээр ирдэг. Хүний эрх гэдэг хүн хүнээ хүндэтгэе, хүнээрээ байя л гэсэн хүсэл, зорилго юм шүү дээ. Хүн мөн чанараа алдахаар бие бие рүүгээ муухай үг хэлж, дарамталж, ялгаварлан гадуурхдаг. Гэтэл хүн гэдэг бие биеэ хайрладаг зүрх сэтгэлтэй, оюун ухаантай. Тэрийгээ гаргахын тулд хүний эрхийн мэдлэг ойлголт чухал. Энэ бол миний хамгийн дуртай ажил. Үүгээрээ би өөртөө кайфтай байдаг.

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр удаан ажилласан нь үүнтэй бас холбоотой байх?

-Би багаасаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Аав минь бас ийм хүн. Сэтгүүлч мэргэжлээр төгссөн болохоор би “Монголжингоо” сонинд хэсэг ажилласан. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ахмадуудтай ярилцлага хийж байлаа. Өөрийн амьдралын төлөө явахдаа бусдын сайн сайхны төлөө харамгүй зүтгэсэн тэр хүмүүсээс их зүйл ойлгож авсан. Түүнээс хойш миний итгэл үнэмшил удам хурцлагдаж, миний явах ёстой зам гэж зорьсон. Д.Мөнхөө, Гэрэлсүрэн, Эрдэнэчимэг гээд МЭХ-ны үе үеийн дарга нартай хамт ажилласан. МЭХ 100 жилийн түүхтэй байгууллага.  21 аймаг, есөн дүүрэг, сумдад  300 гаруй салбар зөвлөлтэй. Тэнд зүрх сэтгэлээрээ нийлсэн хэдэн эмэгтэй ажилладаг. Энэ бол хамгийн том хүч. Яаж зөв зохион байгуулах вэ, яаж үндэсний хэмжээнд ажиллуулах вэ гэдэг чухал. Одоо бол ний нуугүй хэлэхэд иргэний нийгмийн байгууллага уу, ямар байгууллага вэ гэдэг эргэлзээтэй  болчихоод байна. Тиймээс би энэ холбоонд 10 гаран жил ажиллаж, одоо ч дотор нь байгаагийн хувьд байнга хэлдэг. Байдал өөр байгаа учраас засахын тулд МЭХ-ны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Энэ байгууллага яахаа мэдэхгүй, хэнээс тусламж эрэхээ мэдэхгүй байгаа эмэгтэйчүүдэд нээлттэй байгаасай. Түүнээс одоо ажиллаад байгаа байдал нь хандив дэмжлэг аваад  аль болох мөнгөтэй хүмүүст үйлчлээд байгаад сэтгэл эмзэглэдэг. Энэ байгууллага өөрөө том хүч, энэ хүчээр охид, эмэгтэчүүдийн төлөө  ажиллавал тэдэнд маань  маш том үүд нээгдэх болно шүү дээ.

-Айл гэрийн бүхий л ачааг үүрч, хөдөлмөр эрхлэх, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, цаг зав бага гээд эмэгтэйчүүдэд бэрхшээл их. Энэ асуудлыг  өнөөдрийн хэлэлцүүлгээр гаргаж тавьсан. Ямар гарц шийдлийг дэвшүүлэв?

-Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 2022 оны үзүүлэлтээс үзэхэд эрэгтэйчүүдээс 14 функтийн зөрүүтэй болчихлоо. Энэ бол яах аргагүй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг төрийн бодлогоор дэмжихгүй бол цаашид Солонгос улсын хэмжээнд хүрч болзошгүй, ийм магадлал өндөр. Тэр нь юуг хэлж байна гэвэл, солонгос эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээ больж байна. Бусад улстай харьцуулахад төрөлт хамгийн бага түвшинд явж байна. Тухайн нийгэмд эмэгтэйчүүд нь хүүхэд гаргангаа ажил хөдөлмөр эрхэлж, карьер хөөж, нэр төртэй амьдрах боломж нь байхгүй байгаа учраас хүн болсныхоо төлөө, нэр төртэй амьдрахын төлөө хүүхэд төрүүлэхээ хойшлуулж байна. Тэгэхээр Монголд ч гэсэн ийм байдал үүсэхийг үгүйсгэхгүй гэдэг нь саяын хэлсэн үзүүлэлтээр илэрхийлэгдэж байна. Яагаад гэвэл ажилгүйдлийн түвшин улам бүр буурсаар байна шүү дээ. Үүнийг ХНХЯ олж харсан байна лээ, статистик үзүүлэлтүүдээр ч гарсан байгаа. Бусад улс орнууд үүнд тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр. Манай байгууллагаас юу хийсэн бэ гэвэл бидний гол зорилго нь нөхөн үржихүйн насны буюу 19-49 насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг  нэмэгдүүлэх, эдийн засгийн оролцоог хангахын төлөө нөлөөлж ажилладаг. Энэ насны эмэгтэйчүүдийн дунд “Дэм дэмэндээ” хөтөлбөр хэрэгжүүлж, одоо гурав дахь ангийн хүүхдүүд маань төгсөж байгаа. Тэд өнөөдөр ойрын хугацаанд юу хийх вэ, холын зорилго юу байх вэ гэдгээ тодорхойлж, сая ХНХЯ-ны дэргэдэх сургалт, судалгааны институт, дүүргүүдийн мэргэжилтнүүдтэй хамтран хоёр талаасаа нээлттэй ярилцлаа. Бидэнд ийм дэмжлэг, хэрэгцээ шаардлага байна. Үүнийг хөрсөн дээр нь хэрэгжүүлье гэхээр юу болохгүй байна вэ гэдэг асуудлаар санал солилцлоо.

-Нийтлэг байгаа зүйл нь юу байна вэ?

-Гол нь эмэгтэйчүүдийг халамж хүртэгч гэж бүү хараач. Цалинтай ээж гэж нэрлээд, 50 мянган төгрөг олгодгоо нэмэгдүүлчих. Дээр нь орчны бохирдол, агаарын бохирдол, түгжрэл чинь эмэгтэйчүүдийг хүүхдээ хараад гэртээ суухаас аргагүй болгож байгаа шүү. Урт хугацаанд энэ асуудлыг хараач гэсэн асуудлыг бид сая гаргаж тавилаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудалд эмэгтэйчүүд юу хүсэж байна гэхээр сард нэг удаа гэр цэвэрлэх үйлилгээг авч баймаар байна. Тэрийг нь төрөөс гаргаж өгч болдоггүй юм уу. Сургалтуудыг дандаа мэргэжлийн сургалтаар хараад байдаг, гэтэл хоёр хоногийн, долоо хоногийн хугацаатай сургалтуудыг ойрхон хугацаанд авмаар байна. Яагаад гэвэл,  эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ хараад 2-7 жил суухад нийгмээс хоцордог. Энэ нь сэтгэл санааны хямралд өртүүлдэг. Эргээд энэ нь хүүхэд, нөхөрт нь нөлөөлж гэр бүлийн харилцаанд асуудал үүсдэг учраас сэтгэлзүйн сургалт хэрэгтэй. Тухайн хүнд  хамт олонтой байх хэрэгцээ нь хангагдахгүй байгаа учраас дүүрэг, хороо, аль ч түвшинд эмэгтэйчүүд хүүхдээ дагуулж ирээд хэрэгтэй байгаа асуудлаараа хоорондоо  мэдээлэл солилцдог таатай орчныг бүрдүүлж өгөөч гэсэн саналууд гарч байна. Үүнийг хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийн зүгээс байгаа боломждоо тулгуурлан ойрын хугацаанд хийх боломжтой гэж ярьж байна. Энэ мэт ойрын хугацаанд хэрэгжүүлж болох саналууд, бодлогоор хэрэгжүүлэх саналууд гэх мэтчилэн гаргаж ирсэн.

-Эмэгтэйчүүдэд хандсан төрийн шийдвэр хэр хэрэгждэг бол?

-Энэ чиглэлээр  бид хоёр ч  удаа судалгаа явуулсан. Ер нь бол бодит хөрсөн дээрээ огт хэрэгждэггүй, хүртээмжгүй, дээрээс нь нэг аймагт ганцхан төсөл зарлачихангуутаа бүх сумаас санал авч гаргана гэдэг учир дутагдалтай. Яагаад гэвэл, нээлттэй, ил тод, хүнээ олсон төсөл хөтөлбөр хэрэгждэггүйг эмэгтэйчүүд хэлж байна. Үүнээс юу харагдаж байна гэхээр яг эрэлт хэрэгцээнд тулгуурласан бодлого байхгүй байна. Түүндээ тулгуурласан төсөв байхгүй байна. Төсвөө зөв хуваарилж чадахгүй байна. Өмнөговь зэрэг уул уурхай дагасан аймагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх эрхийн огт өөр асуудлууд бий болж байна. Харьцангуй мөнгөтэй, нөхөр нь өндөр цалинтай ажил хийдэг, завгүй байдаг бол тэр эмэгтэй бараг өрх толгойлсон юм шиг явж байна. Гэтэл аялал жуулчлалаар эдийн засгаа хөгжүүлнэ гэж зорьж буй Хөвсгөл аймагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжье гэвэл аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хэрхэн гаргах вэ гэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл илүү  үр дүнтэй. Ажлын байр гаргах бүрэн боломжтой. Гэтэл манай Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, яамны гаргаж буй журам нь ганцхан журмаар ажиллуулна гэдэг. Жишээлбэл, зүүн аймгуудад зун туслах малчны хөтөлбөр хэрэггүй гэсэн үзүүлэлт манай судалгааны үр дүнгээр гарсан. Өөр хөтөлбөр, жишээ нь ногоон ажлын байр дээр бид төсөл  авч болохгүй юм уу гэж асууж байхад жигд хуваарилах нь учир дутагдалтай. Тэгэхээр бодлогын хувьд бид төсөв хөрөнгө, нөөцөө зөв гаргаж тавьж чадахгүй байна. Эрэлт хэрэгцээнд суурилсан арга хэмжээнүүд төлөвлөгдөхгүй байна. Дийлэнх мөнгө нь юунд зарцуулагдаж вэ гээд үзэхэд, манай судалгаагаар албан бус  ажлын байр руу явсан байгаа юм. Тухайлбал, хавар намар хог цэвэрлэх, мод түүлгэх ажлуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөнүүд яваад байна. Чанартай ажлын байр энд алга. Бас нэг жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гээд нэг удаагийн 1-2 сая төгрөг олгодог. Тэгэнгүүтээ журам дотроо хоёр жил дотор дахиж дэмжлэг өгөхгүй гэж байгаа. Энэ нь бодит амьдрал дээр яаж тусаж байна гэхээр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсгий углааш хийх гээд дэмжлэг авахад дараа жил нь өөр хүнд олгоно. Хүн болгон ганц эсгий углаашны ул  оёдог, бусад нь  цаашаа байхгүй. Гэтэл бусад  улс оронд анхнаас нь дуустал буюу үр дүнд хүрч ашиг шимийг нь хүрттэл дэмжлэгээ үргэлжүүлдэг. Манайд нэг удаа дэмжинэ гэдэг нь хүн нэг шат ахиад байтал  дэмжлэгээ зогсоогоод  буцааж  унагаачихаад байна. Энэ алдаануудаа засаач гэдгийг бид удаа дараагийн хэлэлцүүлгээр дэвшүүлж байгаа.

-Эмэгтэйчүүд гэртээ хүүхэд харахын зэрэгцээ цахимаар ажил хийж орлого олох, цагийн ажил хийх боломжийг яаж бий болгох бол?

-Дэлхий нийт нэг зүйлд чиглэж байна. Цахим болон зайнаас ажиллах хувилбар бол эмэгтэйчүүдэд орлого олох бүрэн боломж байна гэдгийг харуулж байгаа. Манай улсад хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Гол нь хэрэгжилтэд асуудал бий. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн хөдөлмөр эхлэлт, эдийн засгийн оролцоо гэж ярихаар дан ганц эмэгтэйчүүд биш, мөн зөвхөн  төр ч биш, ажил олгогчдын тухай ярих болдог. Ажлын байрны тодорхойлолтоо цаг үетэйгээ нийцүүлээд өөрчилчихөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Швед Нидерланд зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхэд харах үйлчилгээ гэрт нь ирдэг юм байна. Төрөөд хүүхдээ хараад гэртээ байгаа эмэгтэйн хаалгыг тогшоод “Таны дэлгүүр хэсэх цаг боллоо, бид хүүхдийг чинь харж байя” гэдэг. Эмэгтэй хүн гэртээ удаан байвал стресстдэг, тэр нь хүүхэд гэр бүлд таатай биш гэж үздэг учраас ийм үйлчилгээг үзүүлж байна. Тухайн 7 хоногт дахин хаалгыг нь тогшоод, “би таны хүүхдийг харж байя, та ажил дээрээ очиж хөгжих цаг чинь боллоо” гэх жишээтэй. Тэр эмэгтэй ажил дээрээ очоод 2-3 цаг хамт олонтойгоо байж тус дэм болоод боллоо, ажил олгогчид ямар ч дарамт байхгүй. Нөгөө эмэгтэй ажлаасаа хөндийрөхгүй гэсэн үг. Ийм үйлчилгээг эмэгтэйчүүд хүсэж байна. Монголд хүүхэд харах чөлөө авсан эмэгтэйчүүдийн 80 хувь нь эргээд ажлын байран дээрээ очихгүй гэсэн хариу өгсөн. Ажлаасаа хоцорч байна, технологиос хоцорч байна, эргээд хуучин ажлын байрандаа очих боломжгүй учраас  шинэ ажил хайя, хувиараа хөдөлмөр эрхлэхээс аргагүй гэдэг. Тиймээс энэ кэйс дээр манайхан ажилламаар байгаа юм.

-Та саяхан Балба руу яваад иржээ. Гималайн оргил дахь зураг анхаарал татлаа?

-Азийн эмэгтэйчүүдийн холбооны шугамаар тэнд ажиллаад ирлээ. Арав гаруй орны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх туршлагыг  судалсан юм.  Бурхан Буддагийн орон гэж алдаршсан тэр газар оронд “Тайгын бэрүүд”-ийн бэлэглэсэн аяганд идээний дээжийг нь хийгээд ноён оргилд нь өргөхдөө монгол эмэгтэйчүүдийнхээ сэтгэлийг  амгалан байг гэж залбирлаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.243) 2023 оны 12 сарын 05

Сүүлийн үеийн бүх хууль тогтоомжид энэ тодорхой харагддаг бүгд эмэгтэйчүүдийн талд хуультай болсон. Эрчүүдийн нь эмэгтэйчүүдээр нь дарж сөхрүүлж бгаад байгалийн баялаг, эх орон, эмс хүүхнүүдийг нь гадаадынхан авна гэсэн үг! 70 жил Оросыг дагсны үр дүнд монгол эмэгтэйчүүд дэндүү цамаан дураараа болж Арабын исламын орон бсн бол яахын. Ээж хүн та эрэгтэй хүүхэдтэй л бх, эх орон чинь эзгүй ч харийхан эзэн суух цаг ойрхон болсон бна.

1  |  1
Зочин(202.9.46.243) 2023 оны 12 сарын 05

Жендер гэдэг тэгш эрх болхоос эмэгтэй хүнийг онцолж эрэгтэйг нь доош нь хийдэг гээд ойлгочихсон мянга мянган гадны санхүүжилтэй ТББ -ууд бна. Монгол эр хүнийг доош нь татаад яг хэнд хэрэгтэй ашигтай бх уу? манай хүүхнүүд үүнийг ойлгохгүй үнхээр ардын зүйр үг үнэн бх юмдаа эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гэж. Сүүлийн үеийн бүх хууль тогтоомжид энэ тодорхой харагддаг бүгд эмэгтэйчүүдийн талд хуультай болсон. Эрчүүдийн нь эмэгтэйчүүдээр нь дарж сөхрүүлж бгаад байгалийн баялаг, эх орон, эмс хүүхнүүдийг нь гадаадынхан авна гэсэн үг! 70 жил Оросыг дагсны үр дүнд монгод эмэгтэйчүүд дэндүү цам

1  |  1
Zochin(66.181.190.44) 2023 оны 12 сарын 04

Mongol shig daam emegteichvvtei uls barag bhgui shu baariig hvvhnvvd dvvrgjiin eldeb gemt hergiig hvvhnvvd hiijiin salaltiig hvvhnvvd eheljiin hiihgui yum gj alga arai bishee gadaad hvvhentei suuchbal mgl hvvhnvvdees l ilvv

1  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 12 сарын 05

mongol avgaichuul davarsanuu gehees bish darlagdaad baigaa yum bol baihgui.

2  |  1
zochin(59.153.114.190) 2023 оны 12 сарын 05

buu tenegt\n

2  |  1
zochin(59.153.114.190) 2023 оны 12 сарын 05

buu tenegt\n

1  |  1
Top