1990-ээд оны “Хероин шик” буюу хэт туранхай болон 2000 оны Y2K стиль нь өнөөг хүртэл загварын ертөнцөд ноёрхож байсан “Body positivity” буюу өөрийнхөөрөө байх чиг хандлагыг халж байна. Үүний нэг шалтгаан нь “Оземпик” бэлдмэл ихээхэн дэлгэрч буйн зэрэгцээ алдарт брэндүүд plus-size загвар өмсөгчидтэй тэр бүр хамтран ажиллах хүсэлгүй байгаатай холбоотой гэж шинжээчид дүгнэжээ.
“Бид бусдын бие галбир, хэмжээний тал дээр илүү болгоомжтой хандаж, бие биедээ сайхан сэтгэлээр хандах ёстой. Ямар ч жин, хэмжээг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Эрүүл мэнд болон гоо сайхан янз бүрийн хэлбэртэй байдаг” гэж дуучин Ариана Гранде TikTok нийгмийн сүлжээнд мэдэгдэж байна. Түүний энэ мэдэгдэл жинхэнэ маргаан дэгдээсэн. “50 кг жинтэй хүнд ингэж хэлэхэд амархан. Харин тарган хүмүүс сүүлийн үед сайхан сэтгэлтэй тэр бүр тааралдахгүй байна” гэсэн комментууд цуврав.
“Vogue Business”-ийн мэдээллээр, 2023 оны намар/өвлийн улирлын загварын долоо хоногуудад plus-size загвар өмсөгчид туйлын бага буюу дөнгөж 0.6 хувь, дундаж жинтэй загвар өмсөгчид 3.8 хувийг эзэлж байжээ.
Дийлэнх буюу 96.5 хувийг 38-40 размерын загвар өмсөгчид эзэлжээ. 2024 оны хавар/зуны улиралд нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Рlus-size 0.9 хувийг л бүрдүүлэв. “Өөрсдийгөө хуурахаа больё. Гэхдээ хэт туранхай бие галбирыг шүтэх хандлага эргэн ирсэн” хэмээн Нью Йоркийн загварын шүүмжлэгч Тайлер МакКолл жиргэсэн байна. Зарим шинжээчид үүнд муу зүйл гэж байхгүй гэж үзэж байна. Учир нь “body positivity” буюу өөрийнхөөрөө байх хөдөлгөөн нь таргалалтыг хэвийн үзэгдэл болгон өргөмжилж байна.
Сүүлийн 10 жилд АНУ-ын эмэгтэйчүүдийн дундаж размер 14 буюу европын 52-оос 16-18 буюу европын 54-56 размер болж нэмэгджээ. Ингэхдээ жингийн илүүдэлтэй 10 өвчтөний нэг нь үүнийгээ мэддэггүйгээс гадна эмч нар тэдэнд ийм онош тавихаасаа зайлсхийдэг байна. Учир нь тэд “жингээр ялгаварлан гадуурхах” үзэлтэй хэмээн хэлүүлэхээс эмээдэг байна. Харин бусад нь “body positivity”-аас татгалзаж буйг гамшиг хэмээн үзэж байна. Ингэхдээ тэд итгэл үнэмшил төрөхүйц баримт дурддаг. Рlus-size загвар өмсөгчдийн гэрэл зураг залуу бүсгүйчүүдийн сэтгэл санааг өөдрөг болгож, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг болохыг баталжээ. Өөр нэгэн судалгаанаас үзвэл, тэд бусдад өөрийнхөө биеийн жин, хэлбэрийг байгаагаар нь хүлээн авахад нь тус болдог байна. Их Британийн таван хүн тутмын хоёр нь инфлюнсерүүдийн өө сэвгүй бие галбир нь энгийн хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэгт итгэдэг аж. Гэхдээ ямар ч жинд эрүүл, аз жаргалтай байж болно гэдэгтэй эмч нар санал нэгдэхгүй байна. Учир нь илүүдэл жин зүрх судас, нойр булчирхайд сөргөөр нөлөөлдөг. Хэт туранхай байх нь ч мөн эрүүл мэндийн хувьд сайны тэмдэг бус. Алтан дундаж байх ёстой.
Оземпик шик
Рlus-size загвар өмсөгчдөөс татгалзсан ихэнх брэндүүд алтан дундаж хэмжээнд ойртоогүй л байна. Жилийн өмнө “New York Post” хэвлэлд гарсан “Хероин шик эргэн ирлээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл шуугиан тарьж байсан билээ. Эгэм, хавирга нь хэрзийсэн загвар өмсөгчид дахин тренд болжээ. Гол учир “Оземпик” бэлдмэлд оршино. Энэхүү эмийг инфлюнсер, одууд хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тус эм нь цусан дахь сахрын хэмжээг барихад зориулагдсан хэдий ч олон хүн турахын тулд хэрэглэдэг. “Оземпик” нь хоолны дуршил, амттан идэх хүслийг дардаг байна. Сөрөг нөлөө нь сульдах, нойр булчирхай үрэвсэх, сэтгэл гутралд хүртэл орох эрсдэлтэй. Хурдан турах нь хориотой сэдэв байхаа больсон. Мэрилин Монрогийн алдарт даашинзыг өмсөхийн тулд Ким Кардашьян гурван долоо хоногт найман кг хаясан тухай ил тод мэдэгдэж байсан. “L’ART Clinic” эмнэлгийн ерөнхий эмч Саломея Абалян “М размерын дундаж жинтэй эмэгтэйчүүд S размер болох гэж хичээх нь эрүүл мэндэд нь хортой гэдгийг ойлгодоггүй” хэмээн сэрэмжлүүлжээ.
Цаг хугацааг буцаах нь
2000-аад оноос гаралтай хурдан турах тренд моод болоод зогсохгүй 2000-аад оны Y2K стиль эргэн ирж байна. Богино топ, нам суудалтай жийнс, мини шорт тренд болж байна. Y2K стиль нь аз жаргал, цар тахлын өмнөх санаа зовних зүйлгүй хэнэггүй байдлыг илэрхийлдэг. 2022 оны сүүл гэхэд Y2K стилийг сонирхсон хайлт 2021 онтой харьцуулахад 193 хувиар өсжээ. Y2K стиль нь өрнийн болон дорнын соёлыг холбох гүүр болоод байна. Хэрэв Z үеийн охид яагаад миллениалуудын 50 хувь нь хоол боловсруулах эрхтэн системийн асуудалтай байгааг мэдэхийг хүсэж байвал 2000-аад онд дэлгэрсэн “Хоол идэхийн хүсэж байвал тэвч бас ус уу” гэсэн үгийг санахад л хангалттай. Y2K стиль нь plus size энд байх боломжгүй гэсэн мессежийг илэрхийлдэг. Олон хүн өсвөр насандаа эргэн очихыг хүсдэг. Тэр насанд асар их боломж, асар их эрх чөлөө бий.
Жинхэнэ утга санаа
“Body positivity” нь таргалалтыг сурталчлахтай ямар ч холбоогүй. 1967 онд Нью Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд 500 хүн цугларч, “туранхайчуудын ноёрхлыг” эсэргүүцэн, энгийн бие галбиртай хүмүүсийг нүдэнд үзэгдэгч болгохыг шаардсан. Тэр тусмаа зөвхөн гоолиг бүсгүйчүүдийг сонгодог брэндүүдийн нүдэнд үзэгддэг болгохыг шаардсан. 1960-аад оны сүүлээр илүүдэл жинтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг нийгэмлэг NAAFA байгуулагдаж байв.
1990-ээд оны сүүлээр хэт туранхай бие галбирыг төгс төгөлдрийн бэлэг тэмдэг хэмээн өргөмжлөхийн эсрэг тэмцэл өрнөсөн. Тэр үед мөн “Yoga For Round Bodies” фитнес хөтөлбөрүүд гарч иржээ. “Body positivity” 2000-аад онд цэцэглэсэн. Тэр үед plus-size инфлюнсерүүд нийгмийн сүлжээнд алдаршиж эхэлсэн.
Загвар өмсөгч Эшли Грэм, дуучин Lizzo нар илүүдэл жин нь идэвхтэй амьдрал, задгай усны хувцас, эмэгтэйлэг байдлаас татгалзах шалтгаан биш гэдгийг харуулж байв. Хэт туранхай буюу тураал нь бүсгүйчүүдийн эрүүл мэндэд хортой. Дор хаяж сарын тэмдэг нь ирэхээ больдог. Эрүүл мэндийг нь нөхөн сэргээхэд урт хугацааны эмчилгээ шаардагддаг байна. Зарим бүсгүйчүүдэд хоёрхон кг хасахад өндгөвч нь хэвийн ажиллахаа больдог болохыг эмч нар анхааруулж байна.
Бизнесийн хууль
Алдартай брэндүүд бизнесийн нэр хүнд, ашиг орлогоо бодон plus-size загвар өмсөгчдөөс татгалзаж байна. “Yves Saint Laurent” каталогт plus-size загвар өмсөгчдийг төсөөлөх боломжгүй. Тансаг зэрэглэлд багтдаг хувцсыг орлого ихтэй хэрэглэгчдэд зориулдаг. Харин тийм хэрэглэгчид илүүдэл жинтэй байх нь туйлын ховор. Учир нь тэд эрүүл мэнддээ их мөнгө зарцуулах боломжтой.
“Victoria’s Secret” брэнд борлуулалт нь буурсанд plus-size загвар өмсөгчдийг оролцуулсан маркетингийн компаниудыг буруутгасан.
2023 онд тус брэнд 6.2 тэрбум ам.долларын орлого олсон нь 2020 онтой харьцуулахад 20 хувиар буурчээ. Рlus-size загвар өмсөгчид нийгмийн сүлжээнд олон лайк авахад тусалсан ч эдгээр лайк нь худалдан авалт болж хувираагүй гэж “Victoria’s Secret” брэндийн төлөөлөгчид тайлбарлажээ.
Гэхдээ “body positivity”-д нухацтай хандаж, хожсон брэндүүд бий. Тухайлбал, “Nike”, “H&M” размерын сонголтоо өргөжүүлсний дүнд “Nike” л гэхэд орлогоо 32 хувиар нэмэгдүүлж чаджээ.
“Girlfriend Collective” спорт хувцас XXS-6XL размерын сонголтыг санал болгосноор хэрэглэгчдийн дунд эрэлт, нэр хүнд нь өсжээ.
Хөвсгөр Lizzo дуучныг хувцасладаг Moschino брэнд XL размерын хувцас гаргах нь бараг үгүй. Харин “Versace” 54-өөс дээш размерын коллекцид нь хэлхгэр цамц, хуниастай банзлаас өөр сонголт байдаггүй. Гэхдээ “body positivity” хандлага масст зориулсан брэндүүдэд үлдэнэ гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна.
Орчин үеийн тренд бол онцгой байх. Загварын ертөнц, хэвлэлүүд ганган, гоолиг төрхийг сурталчилж байхад нийгмийн сүлжээ гоо сайхны өөр ойлголтыг түгээж байна. Гоо сайхан бие галбир нь илүүтэйгээр амьдралын идэвхтэй хэв маягтай холбоотой. Хероин шик нь зүгээр л ээлжит тренд. Харин трендүүд цаг хугацааны явцад ээлжилдэг. Тиймээс үүнд хэт туйлширч хандах шаардлагагүй гэж судлаачид зөвлөж байна. Хамгийн зөв тренд бол өөрийнхөөрөө байж, юун түрүүнд эрүүл байхыг эрмэлзэх явдал юм.
Сэтгэгдэл ( 3 )
Ер нь арчаагүй хүн л илүүдэл жинтэй байдаг шүү дээ \nӨмөөрөөд байх юу ч байхгүй, тэнэглэл.
S AWI80955877
targan guzee eruul mended muu