Монгол Улс дэлхийн II дайны дараа 1945 онд бүх нийтийн санал хураалт явуулж, тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхтэй. Уг үйл явдлаас гурван жилийн хойно, 1948 онд дэлхийн улс гүрнүүд нэгэн саналд хүрсэн нь дайн дажны хөлд үрэгдсэн амь, хохирлыг дахин үзэхгүй байх, энх тайвныг цогцлоох хүсэл эрмэлзэл байв.
Уг хүслээр “Айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн” гэсэн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, зарлан тунхаглажээ. Тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдрийг жил бүр хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Хүний эрхийн хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр зохион байгуулна. Хүндэтгэлийн чуулгантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Монголын парламентын түүхэнд анх удаа хүний эрхийн хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулах гэж байна. Ач холбогдлыг нь хэрхэн үнэлэх вэ?
-Монгол Улс нь Евразийн бүс нутаг дахь ардчилсан улс гэдгээрээ дэлхийд алдартай. Бид хүний эрхийг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, хүний эрхийн олон улсын бүх гэрээ, конвенцод нэгдэж, мөн дотоодын хууль тогтоомж, хүний эрхийн тогтолцоогоороо иргэдийнхээ төдийгүй улсынхаа нутагт дэвсгэрт оршин байгаа хүн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг хүлээсэн улс юм. Тусгаар улсын хувьд 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. Тэр цагаас эхлэн НҮБ-ын хүний эрхийн суурь конвенцуудад нэгдэж, Монгол Улсын дотоодын бүх хууль тогтоомжийг олон улсын стандартын дагуу хүний эрхийг хангах, хамгаалахад чиглүүлэн баталсан. Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоонд тухайн улс орны парламент чухал үүрэгтэй байдаг. Тиймээс Улсын Их Хурлаас боловсруулж, баталж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжууд нь олон улсын гэрээний үүргээ биелүүлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, цаг хугацааны хувьд шинэчлэх шаардлагатай томоохон хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, хүний эрхийг нэгдүгээрт тавих боллоо. Бид тогтолцооны шинэчлэлүүдийг хийж байна. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан нь Монгол Улс хүний эрхийн тэмцэлд дуу хоолой нэгтэй байна гэдгээ дэлхий дахинд батлан харуулж байгаа үйл хэрэг юм. Тиймээс энэ нь ихээхэн чухал ач холбогдолтой алхам болно. Улсын Их Хурал нь 2020 оноос эхлэн хүний эрхийн чиглэлээр томоохон ажлуудыг хийсэн. Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сард Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаараа Ази тивдээ анхдагч улс болсон юм. Монгол Улсын хүний эрхийн салбарт гарсан том дэвшил байсан гэж хэлнэ. Түүнчлэн УИХ-аас боловсрол, эрүүл мэнд, гэр бүл зэрэг олон чиглэл, салбарт эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Одоо хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хуулийн шинэчлэлийг хийж байна. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо УИХ-аас баталсан хууль тогтоомж, тэдгээрээс хүний эрхийн бодлогод хамгийн түрүүнд анхаарал хандуулж, Монгол Улсын хүний эрхийн тогтолцооны томоохон хэсэг гэдэг утгаар нийгэмд тулгамдсан асуудал, бодлогын шинэчлэлд идэвх санаачилгатай ажилладаг онцлогтой. Энэ парламентын үед хүний эрхийг хамгаалах бас нэг үндэсний механизмыг байгуулсан нь Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын нэмэлт протоколын дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг бий болгосон явдал юм.
-“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комисс жил бүр Улсын Их Хуралд өргөн барьдаг. Илтгэлийг УИХ-ын хаврын чуулганаар тогтмол хэлэлцэж байхаар хуульчилсан. Хууль тогтоох байгууллага хүний эрх хамгаалах чиглэлээр бүрэн дүүрэн ажиллаж чадаж байгаа гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Парламентын хүрээнд хүний эрхийн чиглэлээр манлайлал үзүүлж, ажиллаж байгаа нь үнэн. Хүний эрхийг бүрэн дүүрэн хамгаалахын тулд Улсын Их Хурлаас баталж байгаа хуулиуд нь хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн аливаа бүлгийг орхигдуулаагүй, аль нэг хэсэгт давуу байдал үүсгээгүй, эрх ашгийг нь зөрчиж хохироохгүй шийдвэр байх ёстой. Улсын Их Хурлын Тамгын газар 2023 онд хууль тогтоомжийн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалыг баталсан. Энэ аргачлал нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, цаашид Улсын Их Хуралд өргөн барьсан бүх хуулийн төсөл, тэндээс батлан гарах тогтоол, баримт бичгүүдэд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийнэ. Улсын Их Хурал нь олон улсын түвшинд, үндэсний болон төрийн байгууллагууд дундаа хүний эрхийн чиглэлээр манлайлан ажиллаж байгаа. Түүхэнд бичигдэхүйц онцлох нэг зүйл нь 2023 оны арваннэгдүгээр сард Монголын парламент дэлхийд анх удаа “Хүний эрхийн мэдрэмжтэй парламент: өөрийн үнэлгээ”-ний аргачлалыг нэвтрүүлж, Олон Улсын Парламентын холбоотой хамтран зохион байгууллаа. Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа, ажлын орчин нөхцөл, бүхий л зүйлд хүний эрхийн үнэлгээг хийлээ. Мөн “Жендэрийн мэдрэмжтэй парламентын өөрийн үнэлгээ”-г хийж, олон улсын болон үндэсний зөвлөх, экспертүүдийн үнэлэлт, дүгнэлт, саналыг авлаа. Парламентын түвшинд хүний эрх, жендерийн тэгш байдлыг илүү хүчтэй ярьж, бодлого шинэчлэлт, улсын төсөв бүрдүүлэлтэд хүний эрхийн мэдрэмжтэй байх нь асар чухал гэдгийг эдгээр үнэлгээний үр дүн харуулсан. Бид хэдийгээр бодлогын түвшинд эрх зүйн шинэчлэл хийж, хүний эрхийн томоохон хуулиудыг баталсан боловч тухайн хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт зэргийг тод томруун, хүний эрхэд суурилсан хандлагаар анхаарах цаг нь болжээ. Тухайлбал, бүх нийтийн боловсролын асуудлаар хэн нэгнийг ялгаварлахгүй байх, тусгай хэрэгцээт иргэдийн боловсролд хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх ёстой. Олон жил хүний эрхэд суурилаагүй хандлагаар явж ирсэн зарим алдаануудаа засах талаар хүний эрхийн үнэлгээний үеэр хөндөгдөж байлаа. Парламентаасаа эхлээд бүх бодлого, хууль тогтоомж, улсын төсвийг боловсруулж, батлахдаа хүний эрхэд суурилсан хандлагаар хандвал цаашдаа улс орны хөгжил, Монгол Улс дахь хүний эрхийн төслүүдийг дээшлүүлэхэд том дэвшил болно гэдгийг онцлон хэлмээр байна.
Түүнчлэн энэ парламентын үед баталсан бас нэг том шийдвэр нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн төслийг 19 жилийн дараа шинэчлэн баталсан явдал юм. Хүний эрхийн үндэсний, хараат бус байгууллага болох Хүний эрхийн Үндэсний Комиссыг манай улс Парисын зарчмын дагуу байгуулсан нь олон улсад өндөр зэрэглэлд үнэлэгддэг. Тиймээс 2020 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар Комиссын гишүүдийг улс төрөөс хараат бус, мэргэшсэн байдлаар бүрдүүлэх, нийтийн нээлттэй сонсголоор томилгоог явуулах, ХЭҮК-ын гишүүний, зөвлөмж, шаардлагыг заавал биелүүлэх шинжтэй болсон зэрэг олон амжилтыг дурдаж болно. Түүнчлэн хараат бус, бие даасан үндэсний байгууллагын төсөв, хүний нөөцийн чадавх зэрэгт онцгойлон анхаарч, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран ажиллаж, шийдвэр гаргасан. Цаашид ч энэ эрчээ алдахгүй гэдэгт найдаж байна.
- Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 3 )
Монголд амьдрал дээр хүний эрх хөсөр хаягдсан байхад хүндэтгэлийн хуралдаан хийхээр хүний эрх сайжирдаг гэж сонсоогүй л юм байна МАНгар авгай минь
Монголд эрэгтэйчүүдэд ээлгүй нийгэм болж хувирах нь ээ. Эр хүн уйлж ч болохгүй. Аавууд хагас нойртой зүтгээд ч эхнэр хадам ээжүүдийн мөнгөний үглэлтээс салж амрах эрх боь алга. Эмүжингийн яриоцлагаас шоовдорлогдоө буй эр хүнээс инээмсэглэл хүлээгээд хэрэггүй гэдэг ч монгол эрчүүд түүнээс ихийг үр хүүхдүүдийнхээ төлөө ... Би эмэгтэй хүн гээд бамбайтай эмэгтэйчүүд гэр бүл үр хүүхэддээ өөрийгөө зориулах шаардлагатай цаг үе ирж. Эмэгтэйчүүдийн ёс суртахуун хүн чанар , гэр бүлийн өмнө хүлээх хариуцланыг огт хөндөхгүй эрх л ярих юм. Амьдралд мөнгөнөөс илүү халамж анхаарал сэтгэлийн дулаан уур амь
Хүний эрх ядарсан ард түмэнд түй ч байхгүй !!!