Нийтлэч Б.Чимидийн “Элсний үнэр” хэмээр IV ботиос нь түүний хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагыг нь энэ дугаартаа нийтэлж байна. Тухайн үед энэхүү ярилцлагыг хийж байхад “Тэрбум” модны сураг гараагүй байсан цаг. Харин нийслэл хотоо хэрхэн ойжуулан цэцэрлэгжүүлэх талаар санаа зовж явдаг хүнийх нь хувьд тухайн үед хийсэн ярилцлага одоо ч үнэ цэнээ алдаагүй байна.
Тийм болохоор энэ удаад түүний “Улайссан тогоо шиг ууршсан хотын цөлжилтийг ойжуулж л аварна” хэмээх ярилцлагыг сонгон нийтлэж байна.
Б.Чимидийн “Элсний үнэр” IV ботид Байгаль орчны гавьяат ажилтан доктор профессор Ц.Адьяасүрэнтэй хийсэн “Сансрыг тандагч соцдек”, Худалдааны гавьяат ажилтан доктор профессор Номингийн гэх А.Шагдарсүрэнтэй хийсэн “Монгол тэмүүлэл монгол бахархлыг авч ирнэ”, Соёлын гавьяат зүтгэлтэн доктор, профессор Т.Баасансүрэнтэй хийсэн “Нийгмийн сор болсон хүний сайныг нь хэлмэгдүүлж иржээ”, Ардын багш доктор профессор Ц.Өнөрбаянтай хийсэн “Аугаа их ДА, РИ, ЛУ нар бол аль ч үеийн шалгуур даах ухаантнууд”, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт эрдэмтэн М.Амбагатай хийсэн “Нобелийн шагналтнуудаас давж гарсан нээлт хийсэн хүн Монголд байна“ зэрэг 20 гаруй ярилцлагыг нэгтгэн нийтлүүлжээ. Сурв. Сүүлийн үед хотжилт эрчимтэй өрнөж, манай улсын хүн амын хагасаас илүү хувь нь Нийслэлдээ амьдран суух боллоо. Ийм том газар нутагтай орны хүн ам ингэж нэг газраа төвлөрөх нь хэр зохимжтой үйл явц юм бол доо гэх бодол байнга төрж байна. Үүнээс үүдээд иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ доголдох, агаар, хөрс, ус бохирдож байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх нь ихэсч байна. Хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэнэ гэж үг бий. Өнөр олуулаа байх сайхан ч бас тодорхой хязгаарлалт хэрэгтэй ч юм шиг. Ялангуяа хүмүүний оршин амьдрах нөхцөл муудна гэдэг, энэ нь хэт хүндэрвэл юунд ч хүргэж болох талаар эрдэмтэн судлаачид хийгээд манай хотын амьдралд идэвхтэй оролцож байсан хүмүүс санал бодлоо илэрхийлэх нь олонтой. Энэ талаар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн талаар насаараа ажилласан та ч нэг үг хэлэх байх. Энэ удаагийн ярилцлагаа Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 20 гаруй жил ажилласан, Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор Бадрахын Чимидтэй хөөрөлдөв.
Сурв. Та манай хотын бараг унаган иргэн гэхдэхээр олон жил хотод ажилласан хүн. Дээр хэлсэн миний санаан дээр юу нэмэрлэж хэлмээр байна.
Б.Ч. Манай нийслэлийг анх барьж байгуулахдаа 600.0 мянган хүн ам амьдран суух хот хэмээн төлөвлөж, ерөнхий төлөвлөгөөг нь зохиож, барьж байгуулж эхэлсэн байдаг. Одоо 1.6 сая хүнтэй, дэлхийн томоохон хотуудын хэмжээнд хүрч ирлээ. Хүн амын нягтрал ихсэн тусам бохирдол үүсч, тэр чинээгээр иргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөл хумигддаг. Өнөөдөр хотын гурван хүн тутмын нэг нь машинтай, дөрвөн уулын дунд маш ихээр шавааралдсан байдалтай аж төрж байгаа нь хот даацаасаа хэтэрсэн гэдгийг сануулж байгаа. Улс орны хөгжил, дэд бүтцийн хангамж сайнгүйгээс, нэмж өргөсгөх, сунгах, тэлэх эдийн засгийн чадамжгүйгээс маш их барилга байшин шугам сүлжээг бараадан барьж, бас өмнөх төлөвлөлтүүдийг зөрчин хаана л сул чөлөөтэй газар байнав, түүнийг бүгдийг булаан авч барилгажуулах зарчмаар урагшилж байгаа учраас хот ингэж нягтарсан хэрэг.
Сурв. Одоо тэгээд яах вэ.
Б.Ч. Нийслэл хотынхоо хөгжилтөнд бодлоготой хандах хэрэгтэй. Жаахан тэлэх бодлогыг барих шаардлага байна. Түүний тулд дулаан, цэвэр бохир ус, цахилгаан татах ажлыг эрчимтэй хийж, дөрвөн уулын дундаас гарах хэрэгтэй. Ходоод нь жижиг учраас машин, хүн нь багтахаа больж байна. Улигт утаанаас илүүтэй хөрс, усны бохирдол мөн хэрээс хэтэрч байгаа. Утаанаас уушги өвчилж байна гэж байсан бол экологийн доройтлоос болж хижиг, холер, түүнээс ч хэцүү өвчин тахалд ээрүүлэхийг үгүйсгэхгүй. Тийм юм боллоо гэхэд өмнөх рүүгээ чихээд, анхнаас нь ийм болгоогүй бол гэх ухааны юм яриад зогсож байж таарахгүй.
Дараачийн нэг чухал асуудал бол орон сууцжуулж, утаанаас сална, та нар бүгдээрээ орон сууцанд орчихвол манай хот сайхан болчихно гэж ярьдаг хүмүүсийн үл гүйцэлдэх этгээд бодол. Одоо манай хот 40,0 мянган га талбайг гэр хороолол эзэлж байна. Гэтэл жилд 1000 га-д ч орон сууц барихгүй байгаа ш дээ. Дээр нь хашаа байшин барьж төвхнөчихсөн айлууд талбайгаа чөлөөлөөд л тэр үнэтэй орон сууц руу чинь нүүгээд ороод байх уу. Одоо борлогдоогүй байгаа 35000 айлын орон сууц байгаа гээ биз дээ. Ийм ядуу иргэд юугаараа тэр орон сууцыг авах билээ дээ. Хөөрхий гэр хороололд хоногийн хоол ч үгүй айл захаас аван байна. Тэдэнд үнэгүй л орон сууц тараадаггүй юм бол, тэднийг ингэж орон сууц барьна, өгнө гэж хошгируулаад яахсан билээ.
Сурв: Та хотыг “хайруулын таваг” шиг гэж хэллээ. Юун дээр үндэслэж энэ үгийг хэлэв ээ. Үнэхээр хайруулын таваг шиг үү.
Б.Ч. Дөрвөн уулын дунд маш их түгжигдмэл орчинд сая гаруй хүн амьдран сууна гэдэг амаргүй. Талаар нэг тарсан нүүдэлчин монголчууд ингэж нэг дор цуглахыг “төвлөрөл” л гэж хэлнэ биз дээ. Тэнд 600.0 гаруй мянган авто машин, өдий төдий уурын зуух, 300.0 мянга гаруй түүхий нүүрс шатаадаг гэр хорооллын энгийн зуух гээд агаарыг бохирдуулах юм зөндөө.
Тэр шил толь гялбасан өндөр өндөр харшууд, утаа униар татуулсан машинууд, цардмал зам хийгээд хүний гараар бүтээсэн бүгд зохиомол бөгөөд хотыг яг л хайруулын таваг шиг ноцоож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хотын агаар цонож, түүнийг тайтгаруулдаг ногоон ургамлыг нэмэхийг шаардаж байгаа хэрэг. Их хөрөнгө юуны төлөө зарнам бэ. Амархан, тариад ургачих модыг жаахан тэтгээд өгөхөд хот ногоон болчих байтал хөрөнгө мөнгө харамлаж, хурдан түргэн ногоон болгох арга сүвэгчлэхийн оронд орон сууц барина, бүгдийг нь орон сууцанд оруулна, эсвэл утаагүй түлш нэмнэ, түүхий нүүрс хориглоно гэх мэт бодлого ярих юм. Зарим нь зөв ч бас зарим нь бүр үл гүйцэлдэх санаа. Түүний гарцыг зөв олох хэрэгтэй. Адаглаад суурьшлын бүсийн бүх хашаа хороо цэцэрлэгжиж, бүх албан байгууллага, аж ахуйн нэгжийн хашаа ногоон болох хэрэгтэй. Хотын ерөнхий төлөвлөгөөгөөр эдэлбэр газрын 20 хувь нь цэцэрлэгжсэн байх ёстой. Түүнийг биелүүлээгүй бол “экологийн” татвар авдаг журамд шилжих ёстой. Гаднаа ганц ч модгүй, 1 ам метр талбай зүлэггүй атлаа экологи гэж том том ярьдаг дарга нарыг адаглаад л “цагаан “хоолтон болгочихвол өөрөөсөө гаргадаг хүхэр хүчлийн хий багасна шүү дээ. Тэр нь байгаль экологид оруулж буй түүний хувь нэмэр юм.
Сурв: Сүүлийн үед хотод том мод тарьж байна. Зарим нь огт болохгүй гээд л, зарим нь бололгүй яахав гээд л талцаад байх юм. Та бол тарих ёстой гэж хэлдэг хүн. Тэр тусмаа мод ургамал тарьж, ургуулж мэдэхгүй хүмүүс ”болохгүй” гэдэг үгийг хамгийн хурдан хүлээн авч, залхуу дээрээ хачирлаад цахим сүлжээ, энэ тэрээр хаваржин шуугилаа. Үнэхээр болдог юм уу, огт болдоггүй юм уу. Иргэдэд нэг зөв ойлголт өгөөч.
Б.Ч. Огт болохгүй гэж 2-3 хүн л цахимаар цацдаг. Тэд ойн аж ахуйн инженер хүмүүс биш. Надтай адил 15 хоног ойн түүмэрт гэртээ харилгүй явж үзээгүй, ойн зах руу 500 метр алхаж ороогүй хүмүүс. Бас мод бэлтгэлийн аж ахуйд төлөвлөгөө биелүүлэх гэж сар ажиллаж үзээгүй, аймгийн ойн аж ахуйн дарга хийж, мод бэлтгэх гоожин бичиж үзээгүй хүмүүс. Тэнд асар их мод ургамал шатаж, модонд дарагдаж, ойн хортонд идэгдэж байхад, ёстой хайруулын таваг шиг халуу дүйгсэн том хотыг цэцэрлэгжүүлэх гэж зүтгэж байгаа хүмүүсийн эсрэг яаж том том дуугарч чадаж байна аа. Тэр хүн бас л хотод амьдарч, үр хүүхдээ өсгөх гэж, бохир агаараас зугатаж байдаг мөртлөө хотод том мод тарих нь буруу гэж юугаа яриад байгаа билээ.
Нэгэнтэй би “Сайд, гуйлгачин хоёрт аль алинд нь цэвэр агаар хэрэгтэй” гэж бичиж байлаа. Манай хотод цэвэр агаар л хэрэгтэй. Түүний тулд мод тарих ёстой. 1 га ой 18,0 сая шоо метр агаарыг цэвэршүүлэг тухай эрдэмтдийн тооцоо бий. Тийм болохоор л манай хотод байгаа хашсан талбай болгон ой болох ёстой. 2016 онд манай хотын шинэ удирдлагуудын саначилж эхэлсэн нэг ажил бол хотыг том оврын модоор дүүргэх, чимэглэлийн мод сөөгөөр чигжих бодлого баримталж байгаа нь ойн инженерүүдийн сэтгэл санаанд нийцсэн ажил болсон. Тухайлбал Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэг 1 га илүү талбайтай. Түүнийг “Ю Би констракш” гэдэг билүү нэг компанид төсөл хэрэгжүүлэх гэдэг нэрээр Ц.Батбаяр, Н.Болормаа хоёрын үед өгсөн байдаг. 2005 онд өгч 2007 онд хэрэгжих ёстой төсөл огт хэрэгжээгүйгээр барахгүй тэнд хэн ч юу ч хийлгүй 10 жил өнгөрч, хамгийн сүүлд хэдэн мэрэгчид, чулуу таслагчдын орон байр болж хувирсан. Түүнийг 2016 оноос эхлэн ойжуулж, одоо яг ойн үүргээ биелүүлж эхэлж байгаа. Түүнээс өмнө дундаа хаяад бараг цөл болгосон. Улаанбаатарын хамгийн анхны цэцэрлдэг ийм байдалд орсны буруу нь тэр үеийн хотын дарга, нөхдийн алдаа. Түүнийг одоо хүлээх байлгүй.
Сурв: Зарим хүмүүс, хайран ой сүйдлээ, огт авч болохгүй гээд л байгаа ш дээ.
Б.Ч. Ой гэдэг их баян юм. Тэр тусмаа монголын ой бараг ой гэхээсээ илүү ш ирэнгэ шүү дээ. Шатахад бэлэн, дарьтай торх л гэсэн үг. Бас монголын ойн 70 гаруй хувь нь нас гүйцсэн хийгээд хөгширсөн ой. Түүнийг ашиглахгүй, сийрүүлэхгүй хав дараад байх ёстой гэжүү. 1 га ойд 500-600 том мод байвал хэвийн ой гэж үздэг. Манай ой зарим газраа 1 га-д 5000-6000 мод байгаа ш дээ. Түүнээс сийрүүлээд энэ хотод авч ирээд суулгаж болохгүй гэж үү. Түүнээс гадга түймрийн халз зурвас, яг маргааш нураагаад алтыг нь авах гэж буй ашигт малтмалын орд, өндөр хүчдэлийн шугам, авто бодлоод төмөр замын зурвас, тэгээд шигүү ой, шинээр ойжуулж сийрэгжүүлэх шаардлагатай мод гээд авах зөндөө эх үүсвэр байна. Та нар очоод үзээрэй. Тужийн Нарсыг ойжуулсан. 1 га-д 2500 мод байгаа Хэвийн ой 600 модтой байх учиртай гээд үзвэл тэндээс бараг 2000 мянгыг нь огтлож хаях ёстой. Түүнийг хот руу шилжүлээд авч бас болно ёстой, “мелоч мелоч харамлаж, миллеон миллеон”-аар алдана гэдэг шиг тэр ой нэг л өдөр бүгд үхэх аюул бий.
Сурв: Манай хотыг нэг үе “Азийн цагаан дагина” гэж нэрлэж байсан. Одоо “Ногоон дарь эх” болгох боломж байна уу.
Б.Ч. Түүн шиг амархан юм байхгүй. Манай улс жаахан бэлжиж байх шиг. Бас хүмүүс нь соёлжиж байна. Би ганцхан юмыг л санал болгоё. Хайлаас гэдэг модоор хотыг бүрэн ойжуулж болно. Манай зарим жижигхэн мод үржүүлгийн газартай хүмүүст 500-1000 мянга буюу сая, саяр тоологдох хайлаасны суулгац байна. Үнэ нь 600-1500 төгрөг. Хашаандаа албан байгуулагадаа 10-50 мод л аваад тарьчих. Танаас ус бараг шаардахгүй 3-5 жилийн дараа ойтой болчихно. Үүнийг хотоос удирдаад, хороо бүр зохион байгуулаад, Улаанбаатарын 40,0 мянган га айлын хашаанууд ойтой болчихно. Түүнд юуны нь ухаан, хөрөнгө зардал хэрэгтэй юм бэ.
Сурв: Та тэгээд ерөнхий дендрологич байхдаа үүнийгээ эхэлж болоогүй юм уу.
Б.Ч. Тэр үед манай хотын экологи сайхан байсан. Бас дарга нар түүнийг ойлгохгүй, хайран хөрөнгө, юун модонд мөнгө, цаана нь хүмүүс өлбөрч үхэж байхад. Чамд мөнгө хуваарилахгүй л гэдэг байсан. Бүр арга ядаад хашаандаа мод тарьсан айлыг урамшуулах журам гэдгийг гаргаж 1080 айлд 100.0 сая төгрөг бэлнээр өгч, бас хашааг ойжуулөах төсөл хэрэгжүүлж, 25 мянган суулгац тарьж өгч байлаа шүү дээ. Мод тарих гээд очиход манай хашаанд жимсний мод тарих зай байхгүй, орж ирвэл хохь чинь шүү, нохойгоо сул тавилаа гэж байсан цаг үе.
Сурв: Одоо тэгээд өөр болж байна уу.
Б.Ч. Захын чавганц экологои гэж ярьж байна. Тэгэхээр цаг хугацаа нэг юм хэлээд байна. Чи залуу байна. Чи миний насан дээр ирэхэд ч экологи, цэцэрлэг, мод ургамал гэх яриа байсаар л байх болно. Энэ бол мөнхийн сэдэв. Яруу найрагт хайр дурлал, эх орон, ээж аав мөнхийн сэдэв гээд ярьдагсан. Түүн шиг экологи мөнхийн сэдэв.
Сурв: Телевизээр нэг эрдэмтэн хүн том мод гурван жил болоод үхчихдэг гэх ухааны юм ярьсан. Түүнийг сонсоо биз дээ.
Б.Ч. Тогоотой сүү рүү ганц дусал хар бэх хийвэл булингартгийн адил бүхэл бүтэн ард түмэнд ийм мессеж өгсөн нь хамгийн буруу явдал. Яг л тэрэн шиг. Мэдэхгүй байж мэдэмхийрэх нь дэндүү гоомой явдал. Манай Улаанбаатарт тухайлбал Нийслэлийн засаг даргын тамгийн газрын үүдэн дээр 2008 онд 33 том нарс мод тарьсан. 15 жил ургалаа. Гурван жил болоод үхдэг байсан юм бол бүгд л үхэх байсан биз. Үгүй ш дээ. Явуугийн цэцэрлэг гэж байгаа. Ард кино театрын арын, 23-р сургуулмийн өмнөх талбай. Тэнд Нарс, Гацуур, Шинэс мод суулгаад 10 жил болж байна. Мод нь үхсэн үү. Маш сайхан, хөөрхөн цэцэрлэг тэнд байгаа. Итгэхгүй бол хамтдаа тэнд “очий”
Сурв: Таны зөвлөмжийнг хүлээн авсанд та талархдаг уу. Ер нь эрдэмтэн хүний үг хэрэгтэйг манайхан сайн мэднэ л дээ?
Б.Ч. Хар авдранд эрдэнэ бий, хазгар эмгэнд эрдэм бий гэж нэг үг байдаг даа. Бидэнд хуримстлуулсан туршлага, бас бус юм байна ш дээ. Хамгийн гол нь энд тарьж суулгасан том оврын мод, цэцэрлэгээ маш сайн арчилж байгаа. Манай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр гэж хүн байсан. Тэр хүн хотын мод, ургамлын усалгаа, арчилгаанд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, мэргэжлийн компанууд, усалгааны машинтай аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж, мөн олон нийтийн хяналт, ТББ-аар байнгын хяналт тавиулж, өдөр бүр мэдээлэл авч ажиллаж байгаагийн үр дүнд 2016 оны намраас эхэлсэн хотод том мод шилжүүлэн суулгасан 15000 мод 98 хувийн ургалттай байгаа. Хэрвээ муу арчилсан бол ийм өндөр хувийн үзүүлэлт гарахгүй нь мэдээж. 75-80 хувь ургасан бол том амжилт гэж үздэг байтал ийм байгаагийн үр дүнг үнэлэх ёстой. Хэрвээ 20 хувь нь үхсэн гэж үзвэл 1500 мод авч хаях байлаа шүү дээ. Арчлахгүй бол том, жижиггүй үхнэ шүү дээ. Бас суулгасан том модоо гурван жил арчлах гэрээг тарьсан компанитай байгуулдаг бөгөөд, эхний усалгаа гэхэд л 600-800 литр ус нэг модонд хийдэг гэдгийг мэдэх хэрэгтэй.
Мөн шилмүүст жижиг мод манай хотод бараг амьдарч чадахгүйд хүрдэг нэг гэм бий. Тэр нь үзүүрийн нахиа нь механик гэмтэлд орж, үзүүргүй шилмүүст мод тахир дутуу болон ургаж, авч хаяахаас өөр аргагүй байдалд хүрдэг юм. Жижиг модны нарийхан мөчир шилмүүс гэмтэж, нөгөө л улайссан тогоо шиг хотын нөхцөлд төлжиж ургаж чаддаггүй юм аа.
Жижиг модны том зовлон гэж байна аа. Хамгийн сүүлд манай хот том модоор чимж байна. Та нисэхээс хот ирэх замд суулгасан нарсыг хараа биз дээ. Хотод ойгоос 15000 мод л энэ хэдэн жилд авлаа шүү дээ. Тэр чинь ойдоо бараг 1 га-д байдаг л мод. Ганц нийслэлээ хаанаас ч, ямарч үнэ цэнэтэй байсан ойжуулах л ёстой. Түүнээс биш Увс нуураас шанагадсантай адил байгальд хор хөнөөл учруулахгүй юмны төлөө их эх оронч цариалж, худлаа харамлаж, мэддэгийн дүр үзүүлж байгаа хүмүүс болиосоо билээ.
Туул голоос азарга адуугаа усалчихлаа гээд Туул гол хорчихгүй биз дээ. Түүн шиг л юм. Манай хот ногоон байгууламжиндаа их хөрөнгө зарж байна гэх хүмүүс хүртэл байдаг. Хайран мөнгө гэх нь ч бий. Том модоор бизнес хийж байна ч гэж ярих дуртай. Үнэндээ талдаа 500 гаруй км-ийн цаанаас авч ирээд гурван жил арчлах зардал ороод л тэр шүү дээ. Бас мэргэшсэн 3-4 компани л энэ ажилд оролцдог Энэ жил манай хот 7,5 тэрбум төгрөг л шинэ тарилт хийгээд арчилгаанд зарцуулж байгаа юм билээ. Гэтэл Эрээн хот гэхэд манай төгрөгөөр 150,0 тэрбум төгрөг гээд бод доо. Манай хотын ногоон байгууламжийн төсвөөс 20 дахин их. Гэтэл Эрээн их Хятадын нийслэл биш биз дээ. Хятадууд хүн, хөрөнгө хоёроор “зодож” мод ургуулдаг. Бас их тариаланч хүмүүс. Манай хүмүүсийн мод тарих, арчлах, жимс ургуулах, ашиглах мэдлэг, дадлага хэр билээ. Ихээхэн бэрхшээл, тухайлбал хөрөнгө мөнгөний, дадлага туршлагагүйн, экологийн боловсролгүй, дээр нь хотын соёлын гээд мод, сөөг тарьж ургуулахад хүндрэл манайд байгаа. Цэцгэн дээр гишгээд хонь хариулж явсан нөхөр л өнөөдөр хотод бидний тарьсан цэцгэн дээр гишгээд л Сүхбаатарын хөшөөний гинжин дээр суучихсан савалж байна шүү дээ. Их л зүдэрч байж хот маань өнгөө засаж, ногоорч буйг эрхбиш ойлгох нэг нь ойлгоно оо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )