Монголчууд ариун номын орон Энэтхэг, Төвөдөд зөвхөн хөвгүүд очиж шашны номд суралцдаг гэсэн ойлголттой явж ирсэн. Өөрөөр хэлбэл, хөвгүүдээ лам болгохоор явуулж байснаас охид бүсгүйчүүдэд энэ зам хаалттай байсан. Өнөөдөр тэнд залуу бүсгүй очиж буддын гүн ухаанд суралцаж байгаа нь анхаарал татсан юм. Энэ бүсгүй бол ЭМШУИС-ийг мэс заслын их эмч мэргэжлээр дүүргэж, мэргэжлээрээ салбартаа цөөнгүй жил ажилласан Мөнхбатын Хонгорзул юм.
-Дхарамсалад эмэгтэй хүн очиж буддын гүн ухаанд суралцах, судлах орон зай хэр байдаг юм бэ. Залуу бүсгүй, тэгээд мэс заслын их эмчийн карьер, цаашлаад төрийн албанд ажиллах боломжийг орхиод буддын шашин руу орчихсон нь сонирхолтой санагдлаа. Яагаад энэ замыг сонгов?
-Миний хувьд одоогоор Хүмүүнлэгийн их сургуулийн сэтгэл судлалын магистрант, “Жавзандамба хутагт” төвийн буддын оройн курсын оюутан. Мөн Дхарамсалад төвөд хэл судлал, буддын философийг судалж байна. Өнөөдөр хэн ч, хаана ч, ямар ч шинжлэх ухаан судалж суралцах өргөн боломжтой сайхан цаг үе юм. Буддын шашиныг зөвхөн лам хүн, эрэгтэй хүн л судалдаг гэсэн хэвшмэл ойлголт их байдаг. Энэ үүднээс та асууж байгаа биз ээ. Өдгөө Монголд лам биш энгийн хүмүүс хичээл, ажлынхаа хажуугаар буддын гүн ухаан сонирхон судлах нь их түгээмэл болсон. Миний суралцаж буй “Жавзандамба хутагт” төв гэхэд энэ жил найм дахь жилдээ буддын оройн ангидаа элсэлтээ аван сургалтаа явуулж байна. Сонирхуулаад хэлэхэд эмч, багш, инженер мэргэжилтэй хүмүүс их суралцах юм. Мөн шинжлэх ухааны эрдэмтэд судлаачид буддын философи судлах нь түгээмэл байна. Миний хувьд эмч хүн мөн сэтгэл судлал сонирхож судалж байсан болохоор түүнд хамгийн ойрхон шинжлэх ухаан нь буддизм байсан.
-Та эмч мэргэжилтэй, тэгэхдээ мэс заслын их эмчээр суралцаж төгсөөд, улсын эмнэлэгт ажиллаж байсан гэсэн. Тэгэхээр бидний мэддэг махан бие буюу физик биеийг бол дотор гаднагүй судалчихсан гэсэн үг. Дээр нь сэтгэл судлалаар суралцаж байгаа гэлээ. Мэс заслын эмчийн карьерыг яагаад орхив. Бас л сонирхолтой мэргэжил биш үү?
-Мэс заслын эмчээр 3-4 жил ажилласан туршлага бий. Тэндээсээ төрийн албанд орж, дараа нь хувийн хэвшил рүү шилжиж, компанийнхаа гүйцэтгэх захирлаар хэсэг ажилласан. Түүний дараа буддын гүн ухааныг судлах болсон доо. Хичээлүүдээ үзэж сонссоноор надад хувь хүнийхээ хувьд маш их ахиц дэвшил гарсан, өөрөө өөртэйгээ ажилласан, амьдралын олон чухал зүйлийг ойлгосон, хичээлүүд нь их сонирхолтой, шимтэй санагддаг. Миний хувьд энэ сайхан эрдмийн зах зухаас нь үзэж эхэлж байгаа болохоор одоохондоо ийм л зүйл хэлэх байна. Цааш илүү олон жил суралцаж, олон сайхан багш нарынхаа эрдэм мэдлэгээс хүртэх байх аа гэж боддог доо.
БУРХАНЫ ЗАРИМ НОМ СУДРЫГ САХИЛ САХИЖ БАЙЖ ҮЗЭХ ЁСТОЙ ГЭДЭГ
-Тэгэхээр илүү нарийн судалгаа руу тэмүүлж байна гэж ойлгож болох уу. Энэ эрэл чинь хэзээ дуусах бол. Яагаад ингэж асуув гэхээр орой нь үл харагдах бил үү, оройд нь үл хүрэх гэдэг бил үү, хүрэх хязгаар нь үл харагдах эрдмийн оргил гэж хүмүүсийн ярихыг олонтаа сонсож байлаа?
-Буддын философи бол маш олон жил судалдаг ухаан. Энэтхэгт очоод 20 гаруй жил судлаад сураад ирсэн манай лам нар хүртэл “Оройгүй эрдэм юм билээ” гэх мэтээр хэлэлцдэг. Тэд бол маш даруухан хүмүүс байдаг. Мэдээж буддын философийг судлахад маш олон жилийн судалгаа орно. Хүн болгоны цорын ганц хүсэл бол зовлонгүй аз жаргалтай байх. Буддын шашин нь зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг судалж, зовлонгоос гэтлэх арга ухааныг заадаг. Тэр зовлонгийн шалтгаан нь мунхаг, шунал, уур хилэнгээс улбаалж үүсдэг учраас үүнийг судалж байгаа хүн өөртөө сайн сайхныг хэрэгжүүлж дадуулахын тулд өөрийн шунал, уур хилэн нисванисыг дарахын тулд сахил санваарыг сахидаг. 1800-аад оны үеийн монголчуудын зан байдал, шашин соёлыг судалсан Оросын эрдэмтэн Алексей Матвеевич Позднеевийн “Монголын сүм хийдүүдийн тухай” номдоо бичиж үлдээснээс үзэхэд монголчуудын ихэнх хувь нь увш буюу гэнэнгийн сахил хүртэж байсан байдаг. Тэр нь хүний амьдралын хамгийн энгийн дадал хэвшил болох амьтны амь таслахгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, буруу хурьцал үйлдэхгүй, архи уухгүй гэсэн таван зүйлийн сахил сахидаг байсан. Сахилыг сахиж мөрдөж байгаа хүмүүст тухайн сахил дээр нь худал хэлэхгүй, хулгай хийхгүй гэсэн энгийн зүйлүүд байгаад, тэрийгээ мөрдөөд ирэхээр ёс суртахууны маш өндөр төлөвшилтэй байсан байгаа юм. Дээр үед хулгай зэлгий, элдэв ёс бус зүйл байхгүй байсан гэж хүмүүс ярилцдаг нь нүглээс айх сэтгэлтэй, үйлийн үрээс айх сэтгэлтэй байсантай холбоотой болов уу. Бусдад нүгэл хийвэл дараа нь үйлийн үр надад ирнэ гэсэн итгэл үнэмшил тэр үеийн хүмүүст байж. Ахмадууд хэлдэг дээ, бидний үед өөр байж, одоогийн залуус задарч гүйцжээ гээд...тэр үг ийм учиртай байх гэж боддог юм.
-Тэгэхээр та сахил авсан уу, ямар сахилтай вэ?
-Гэнэн сахилтай. Бурхны зарим ном судрыг сахил сахиж байж үзэх ёстой гэдэг. Ёс суртахууны хэм хэмжээг сахидаг, явдал мөр зөвтэй, сэтгэл хөдлөлөө удирддаг, өөрийгөө хянаж сурсан хүн судалбал илүү сайн агуулгыг нь ойлгож хүлээж авна гэсэн утга байдаг юм болов уу.
-Сахил авна гэдэг нь лам болно гэсэн үг үү?
-Сахил сахина гэдэг нь бүгд лам бол гэсэн үг биш юм. Зөв хүн байх, ёс суртахуунтай байх л гол утга нь юм. Дээр дурдсан таван сахил нь амьтны амь таслахгүй байх, худал хэлэхгүй байх, хулгай хийхгүй байх, архи уухгүй байх, буруу хурьцал хийхгүй байх гэсэн таван сахигдахуунаас тухайн хүн сонгох боломжтой. Миний хувьд тавууланг нь сахидаг. Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн хэрэгтэй зүйл бол архинаас хол байх. Архи хүний бүх гэмийг гаргаж ирдэг. Тохируулж хэрэглэнэ, тааруулж хүртэнэ гэж мянга амласан ч тэгэх боломжгүй. Сэтгэл хөдлөлөө удирдах ямар ч чадваргүй болгоно, хэн нэгнийг гомдоох үг, үйлдлийг хийлгэнэ. Маргааш нь сэтгэл гутралд оруулна. Тэр бүх юм архитай хамт явдаг. Тэгэхээр архи уухгүй байна гэдэг өнөөгийн залууст маш ач холбогдолтой. Өөрийн сэтгэл хөдлөл, явдал мөрөө удирдаж чаддаг байснаар бусдад нөлөөлж бас чадна.
-Шашны номыг бүрэн судлаад дуусахад тэр хүн хэн болсон байх вэ?
-Таны энэ асуултад миний багш нар л бүрэн дүүрэн хариулт өгч чадах байх аа. Миний үзэж байгаа хичээл номноос үзэхэд бол бурхны ном үзэж байгаа хүн ямар ч байсан хүнд хор хохирол учруулахгүй. Цаашлаад бусдад сайхан сэтгэлээр туслаж өөрийн гэр бүл, ах дүүс, ажлын газар, хот орон, бүс нутаг, эх орон гээд өөрийн хүрэх чадлаараа гэрэл гэгээ түгээх нэгэн байх болов уу. Буддын хичээлүүд бүхэлдээ хүний ёс суртахуун, зөв явдал мөрийг сургадаг. Үнэхээр хүний өөрийн зовлонг хүн өөрөө үүсгэдэг гэдгийг хичээлүүдээ үзэж байж ойлгосон. Ингээд ярихад энгийн мэт боловч сэтгэл судлалын маш нарийн шинжлэх ухаан юм билээ. Оюуны эрэл хийж яваа хүн бүр сонирхоод судлаад үзээсэй гэж боддог. Олон асуултын хариуг буддын номноос авах байх аа гэж хэлэх байна.
-Бурхны шашинд бусдыг хайрлах энэрэх сэтгэлтэй байх тухай их ярьдаг?
-Тийм, бүх нийтийн төлөө, эх болсон зургаан зүйлийн амьтны төлөө, хамаг амьтан зовлонгоос хол байгаасай, гэгээрэлд хүрээсэй гэсэн зорилт тавьдаг. Бурхны шашны гол үндэс бусдын төлөө сайхан сэтгэл шүү дээ. Хүний цор ганц хүсэл нь аз жаргалтай байх. Ямар ч хүн болоод адгуус, зургаан зүйлийн амьтны ганц зорилго нь аз жаргал, жаргалтай байх. Энэ жаргалыг хайж хүмүүс гадуур архи уух, тамхи татах, зугаа цэнгэл хөөх зэргээр түрхэн зуурын таашаалын төлөө л явж байдаг.Тэндээс жаахан ч гэсэн жаргал мэдрэх гэж хүсэж байгаа шүү дээ. Гэхдээ яавал үнэхээр жаргалтай байх вэ, яавал зовлонгүй байх вэ, яавал сэтгэл амгалан байх вэ гэдгийн уг шалтгааныг таньж мэдэж байж л түүнийг олох болов уу. Яавал зовлонгоос ангижирч аз жаргалтай байхыг судалж байгаа ухаан бол буддын ухаан юм. Яг ийм зүйлсийг л багш нар хэлдэг дээ.
МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛД БУДДИЗМ ХЭРЭГТЭЙГЭЭР БАРАХГҮЙ АСАР ИХ НӨЛӨӨТЭЙ
-Танай “Жавзандамба хутагт” төвийн багш Д.Нямсамбуу гавжтай 10 гаруй жилийн өмнө ярилцаж байхад “Монголчуудын амьдралд буддизм асар их хэрэгтэй” гэж хэлж байсан. Өнөөдөртэй харьцуулаад хоёулаа тайлал хийх гээд үзэх үү?
-Бурхны шашнаас хүний нийгэмд өгөх хамгийн чухал зүйл бол ёс суртахуун юм. Улс удирдаж байгаа эрх мэдэлтэй хүмүүсийн хувьд ямар нөлөөтэй вэ гэхээр нийтэд хийсэн буян бол маш их өсөж үрждэг. Тэрний эсрэг зүйл нь нийтээс хулгайлж байгаа зүйл, ашиг хонжоо, маш том нүглийг хурааж байдаг. Нэг хүнээс хулгай хийх нь нүгэл байхад өнөөдөр улсынхаа нийт хүн ам болох 3.5 сая хүний төсвийн мөнгөнөөс хулгайлж байгаа хүмүүс ямар их нүгэл үйлдэж байгаагаа ухаардаггүй. 3.5 сая хүнээс зэрэг хулгайлж байна гээд бод доо. Тийм айхтар том нүгэл үйлдэж байгаагаа ухаарах ухамсар тэр хүмүүст алга. Ингээд үзэхээр монголчуудын амьдралд буддизм асар их хэрэгтэй гэж бодож байна.
-Монголчууд одоо бурханд залбирах, бясалгал хийх зэргийг ор тас орхиод, гар утсаа илж бухимддаг, хэрэлддэг хүмүүс л болж хувирч байна. Энэ хүмүүст хандаж үг хэлээч гэвэл, сэтгэл судлаачийн хувьд, буддын шашныг судалж байгаа хүний хувьд та юу хэлэх бол?
-Одоо цахим орчныг анзаарахад “Сайхан сэтгэлтэй байлаа гээд ямар хэрэгтэй юм бэ, ашиглуулаад дуусна” гэсэн постыг хэдэн мянгараа шэйрлэж түгээж байна. Жишээ нь, ийм бодолтой хүмүүс олшроод байхаар яах вэ гэж та асууж байна аа даа. Тэгвэл хүн хэдий чинээ сайхан сэтгэл гаргах тусам өөрөө дархлаажиж, сэтгэлийн хат сууж байдаг гэж ойлгодог. Сайхан сэтгэлийг өөртөө дадуулж, бусдын төлөө гэх энэрэнгүй сэтгэлийг өөртөө үүсгэж байгаа хүн оюун санааны хувьд маш хүчирхэг болж байдаг. Харин ч тэр хүнд тусласнаараа, хүний төлөө байснаараа сэтгэлийн таашаал авч, тэрийгээ өөрөө мэдрээд сууж байдаг болохоос тэрэнд тусласан чинь тэр намайг тэглээ гэж хохирогчийн дүрд хэзээ ч орохгүй. Хүн болгонд хүний биеийн хэл, хандалагыг мэдрэх мэдрэмж байдаг. Хүнтэй уулзаад нэг ямар сайхан хүн бэ, дэргэд нь суугаад баймаар сайхан энергитэй гэж ярьдаг. Эсвэл энэ хэцүү хүн байна, хол баймаар хүн байна гэдэг. Ямар ч хүн тухайн хүнийхээ үнэн юм уу, худал ярьж байгааг мэдэрч байдаг. Тэр үедээ мэдрээгүй байлаа гэхэд дараа нь үйл явдал болоход мэдээд, худалч юм билээ гээд зугтаана. Сайхан сэтгэлтэй хүнийг хүн болгон түшинэ, эерэгээр хандана. Хүмүүс бие биедээ эерэг сэтгэл төрүүлдэг, зөв хүн байх юм бол стресс, сэтгэл зовнил, сэтгэл гутрал гээч зүйл багасна.
-Зарчимгүй хүн олширсны горыг нийтээрээ амсаж байна гэдгийг та сая хэллээ. Эндээс нэг зүйл анзаарахад нийгэм нийтээрээ шахам ийм болж байгаа учраас Д.Нямсамбуу гавж “Жавзандамба хутагт” төвдөө оюутан залуус, багш нарыг урьж, буддын философийн хичээл зааж, сургалт явуулдаг юм байна гэсэн бодол төрлөө. Одоо л ингэж ойлгож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, шавьтай нь ярилцаж байж ойлгож авч байна. Буддизмыг ойлгодог хүмүүс олширвол нийгэм сайхан болно гэж зорилтыг тэр хүн тавьжээ. Миний ойлгож байгаа энэ зүйл зөв үү, эсвэл үүнээс өөр үү?
-Нэг хүн ч гэсэн зөв ойлголт, хандлагатай болж байвал нийгэмдээ үлгэр жишээ болно, сайн сайханд түүчээлнэ. Тэгэхээр зөв бодол, дадал, хандлагатай хүн бол нийгэмд ихээхэн үүрэгтэй байгаа биз. Жавзандамба хутагт төвд олон залуу ирж оройн ангид хичээллэдэг, Д.Нямсамбуу багшийн лекцийг сонсдог, хичээлд нь суудаг. Мөн илүү системтэй академик сургалт болох Буддын гүн ухааны хоёр жилийн оройн курс хичээллэдэг. Энэ курст хансүр Н.Нанзаддорж, З.Лувсангэндэн багш нар минь багшилдаг. Бурхны шашны олон сайхан ном эрдэм, хичээлүүдийг багш нараараа хөтлүүлж байна. Ертөнцийн олон чухал зүйлийг, хүний өөрөө ч дотоод сэтгэлээ огт мэддэггүйгээ хичээлээ үзэх тоолондоо мэдэрдэг. Ер юм маш бага мэддэгээ мэдэж авдаг даа /инээв/.
ХҮНД ҮГИЙН САЙХЫНГ ХЭЛНЭ ГЭДЭГ МАШ ТОМ ӨГЛӨГ
-Гадуур эрхи зүүчихээд хараал хэлээд, эсвэл хэрүүл хийгээд, бусдыг доромжлоод яваа хүмүүс их таарах юм. Бас эрхи зүүсэн нэгнийгээ чи одоо үздэг, хардаг болоо юу гэж шоолох, доромжлохын завсраар ханддаг. Өөрийг чинь буддын шашны сахил хүртэж, тэр чиглэлээр суралцаад явахаар ойр тойрны чинь хүмүүсийн хандлага ямар байх юм бэ?
-Бид хүссэнээ хийж, хэлж байгаа ардчилсан оронд амьдарч байгаа иргэд. Юм болгонд эрх чөлөө, хүний эрх ярьдаг. Үнэнийг хэлэхэд хүний шашин шүтэх эрх чөлөөг огт хүндэлдэггүй. Аль ч шашин байсан, энэ муу христчин, тэр муу бөө гэх жишээтэй доромж байдлаар хандана. Хүний үндсэн эрх чөлөөг хүндэлж чаддаггүй. Бурханы шашинг судалж сэтгэлийн боловсрол, ёс суртахууны боловсролд суралцаж, өөртөө дадуулж байгаа хүмүүсийн хувьд сахил бол маш чухал зүйл. Өөртэйгөө ажиллах, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, өөрийгөө зөв авч явж байж тэр боловсролыг олох ёстой. Мэдээж сахил сахиж байгаа хүн архи дарс уух ёсгүй. Олны дотор орох, найз нөхөдтэй уулзахад архи дарс амсах боломжгүй, тэрийгээ хэлнэ. Тэр шалтгаанаа сахил сахидаг гээд хэлэх юм бол эвэртэй туулай үзэж буй мэт хачин юм болно, “чи хэзээ ийм болчихсон юм бэ”, “юун сүртэй юм бэ”, “гэгээрчихэж” гээд шоолно. Эрхи зүүснийг хараад бас л даапаалангуй байдалтай байдаг. “Одоо ганданд суух уу”, “үсээ хусах уу”, “лам болох уу гээд л...” тэр төсөөлөл нь маш их төөрөгдөлтэй. Хүнийг ч, шүтэж байгаа шашныг нь ч хүндлэхгүй. Мэдээлэлгүй байгаа цаад зүйлээ судлахын оронд хүнийг басаж, доромжлох нь илүүтэй байдаг.
-Уг нь манайхан амны билгийг дээдэлдэг хүмүүс. Үгийн сайхныг хэлэлцдэг, үйлсийн сайныг магтдаг. Ийм байсан шүү дээ, урд өмнө нь?
-Тийм байсан хүмүүс одоо ийм больчихоод байгаа нь бас л өв соёлоосоо холдож буйн илрэл. Буддын шашинд үгийн хүчийг чухал гэж үздэг. Сайхан үгийг өглөгт тооцдог. Сайхан үг хэлэх нь өөрөө бас буян. Сайн сайхан үг хэлж буй хүн сайхан энерги ялгаруулна. Бодол зөв хүнээс зөв үг гарна. Энэ мэт уялдаатай. Дээр үед монголчууд муу муухай үгийг хэн хэндээ хэлдэггүй, дэлгэрүүлдэггүй байсан. Одоо бараг л хэрэлдэж байгаа мэт ярьдаг болжээ. Бурхны ном үзэж буй хүмүүс бие биеэ “Та” гэж хүндэлж харилцдаг. Багш маань ч биднийг “Та” гэж хүндэлж харилцдаг. Дээрээс нь сайн сайхан үг хэлэлцэж, “Сайн байна уу, та. Сайхан өвөлжиж байна уу” гэдгээс эхлээд Монгол хэлний бүтэн өгүүлбэрээр утга төгс ярьж, амар мэндийг эрж, ярилцаж байдаг нь сайхан санагддаг. Энэ мэт бурханы шашныг дагалдаад маш олон соёл, зан заншил явж байдаг. Дээл хувцас, аман үг яриа, бичгийн соёл гээд маш олон өв соёл бий. Үгийн сайхныг хүнд хэлнэ гэдэг маш том өглөг, буян. Хараалын хэлэх, муу муухай доромж үг ярих нь амаар үйлдэж буй нүглийн нэг хэлбэр. Үүнийг ойлгож ухаарсан хүн ядаж л нэгэнтэйгээ сайхан үгээр ярьж, зөв боловсон харилцана. Энэ чинь сайхан зүйл шүү дээ, соёлын хувьд.
-Монголын залуус, монголчуудад нэн чухал гэдэг юм уу, энэ л хэрэгтэй байна дээ гэсэн гурван зүйлийг хэлээч гэвэл юуг онцолж хэлэх бол?
-Хүмүүс өөр рүүгээ өнгийж харах, өөрийгөө анзаарах, өөрийнхөө сэтгэлийн боловсролд анхаарах нь их чухал болов уу. Өөрийгөө танин барьж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурахад миний олсон гарц бол бурханы шашныг судалж эхэлсэн. Эхний алхам маань “Жавзандамба хутагт” төвийн оройн ангид элсэн орсон явдал.Энд дээдийн ном айлддаг багш нартайгаа учирсан минь хамгийн зөв алхам байсан. Өчүүхэн миний эрэл хайгуул дөнгөж эхлээд л явж байгаа тул бусдад тэг, ингэ гэх нь бас зохимжгүй болов уу. Яагаад гэвэл би эхлэн суралцагч шүү дээ.
-“Жавзандамба хутагт” төвөөс иргэдийн боловсрол руу чиглэсэн ямар хичээлүүд явуулдаг вэ. Сайн үйлсийн аянууд нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн, хүлээдэг, оролцдог болсон байна лээ?
-Миний сурч байгаа “Жавзандамба хутагт” төв бол төрийн бус байгууллага. Гол нь бурханы шашинд суурилсан ёс зүйн сургаалиудыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх буяны үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой. Ингэхдээ ёс зүйд нь илүү суурилсан ёс суртахуун, сэтгэлийн боловсролыг сайжруулахад чиглэсэн сургалтууд явуулдаг төв юм. Анхан, дунд болон буддын оройн курс гэх мэт шатлалтай. Би одоогоор оройн курсын хоёрдугаар дамжаанд сурч байна. Манай гурван багш төвөд хэл, бурханы шашны гүн ухаан, чойрын номын хичээлүүдийг заадаг.Нийтийн ёс суртахууныг сайжруулахад зориулсан сургалт явуулахын зэрэгцээ олон нийтийн дунд сайн зүйлсийг аян зохион байгуулдаг. “Монгол хүн монгол хүндээ хайртай” сайн үйлсийн аян, хараагүй иргэдэд туслах гэх мэт зорилтот бүлгүүд рүү чиглэсэн ажлууд явуулдаг. Их дүйчэн өдөр, Далай багш, Богдын төрсөн өдрүүдээр тэмдэглэлт өдрүүдэд хөдөө орон нутгаар явж ном тараах, мал сэтэрлэх ажлууд хийдэг.
-Хэдхэн хоногийн дараа Цагаан сар болох гэж байна. Хүмүүсийг ажиглаад байхад энэ хэдхэн өдрүүдэд л буянд шамдаад бусад үед мартчихдаг юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ энэ миний л бодол, миний л харж буй өнцөг шүү. Монголчуудад, залуу үеийнхэнд хандаж та юу хэлэх бол?
-Түрүүн хэлсэн дээ, би эхлэн суралцагч учир хүмүүсийг тэг, ингэ гэх нь зохимжгүй. Таны асуусанд хариулахад өдөр болгон буян үйлддэг хүн гэвэл ховор байх. Бас зөвхөн Цагаан сараар ганцхан буянд шамдаад бусад үед шамддаггүй гэвэл ч бас арай үгүй болов уу. Цагаан сар бол Бурхан багшийн их рид хувилгаан үзүүлсэн 15 хоногийн дүйчэн өдөр тохиодог. Түүнээс гадна зуны тэргүүн сарын шинийн 15, Бурхан багшийн их дүйчэн, зуны сүүл сарын шинийн 4-нд Бурхан багшийн анхлан номыг хүрдийг эргүүлсэн дүйчэн, Намрын сүүл сарын шинийн 22-нд Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдрүүд тохиодог. Энэ өдөр Буддын сүм хийдүүд, Буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд олон нийтээр буян хураалгах олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Эдгээр үйл явдалд оролцож буянд шамдах дадалтай болбол сайхан юм аа.