Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 9 удаагийн илтгэлд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар тусгаж, нийт 35 саналын хамт Улсын Их Хуралд хүргүүлсэн. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17, 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоол батлагдаж, Засгийн газарт холбогдох чиглэл өгсөн.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлж, хангуулах чиглэлээр эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр гаргуулах зорилгоор Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт” бүлгийг тусгайлан тусгахаар ажиллаж байна.

Энэ хүрээнд салбарын мэргэжилтэн, судлаачидтай эрх зүйн орчин, агаар, ус, хөрс, эрүүл аюулгүй орчны стандарт, хот төлөвлөлт, уул уурхайн үйл ажиллагааны орчны нөлөөллийн талаар санал солилцох, зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг 23 дахь илтгэлийн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт” бүлэгт тусгана.

Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг болон Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгал орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хотын стандарт, хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, АМГТГ, ЦУОШГ, “Эко соёл сан” ТББ, Ногоон титэм ХХК-ийн төлөөлөл зэрэг төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн болон аж ахуйн нэгж байгууллага хүрээлэн буй орчин, агаар, ус, хөрсний асуудал, салбарын хяналт хариуцсан албан тушаалтнууд оролцов.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл боловсруулах хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хийсэн судалгааны ажлаас тоймлон хүргэе.

 

Нэг.Орчны бохирдол: Агаарын бохирдол

Уур амьсгалын өөрчлөлт, Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хот төлөвлөлтийн буруу бодлого, төлөвлөлтгүй газар олголт, стандартаар тогтоосон хэм хэмжээг мөрддөггүй зэрэг хүний буруутай үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, байгалийн гамшигт үзэгдлийн идэвхжилт нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагт хохирол учруулсаар байна.

Агаарын бохирдол нь амьсгалын зам, уушги, гуурсан хоолой, зүрх судас, дархлааны тогтолцооны өвчлөл, хорт хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Агаарын бохирдлын нөлөөнд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг, суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна.

Хөрсний бохирдол:

Хөрсний бохирдол үүсэх гол шалтгаан нь гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, боловсруулах үйлдвэрүүд, уул уурхай, тээврийн хэрэгсэл зэргээс шалтгаалан ихсэж байна. Тухайлбал: Улаанбаатар хот жилдээ 1,4 сая тонн хог хаягдлыг төвлөрсөн 3 цэгт устгадаг байна. Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас хөрс рүү шууд нэвчиж байгаа бөгөөд гэр хорооллын орчмын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн. Нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдол нь нам гүний усанд нэвчих, үерийн усаар зөөгдөх, агаарт дэгдэх замаар хотын хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байна.

Засгийн газраас 2021 онд гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажилд 7.5 тэрбум төгрөг, Аюултай хог хаягдал агуулах аймгуудад барьж байгуулах ажилд 2.2 тэрбум төгрөг, орчны чанарын хяналтыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх ажилд 1.1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтарсан тушаалаар “Нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн байгууламжтай” болгох ажлыг тус тус эхлүүлжээ.

Усны асуудал:

Монгол Улс нь дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсуудын нэг бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, мөнх цас, мөсөн голын усны нөөцийн хэмжээ 30 орчим хувиар багасаж, 391 нуур цөөрөм, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэсэн. Газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 80 гаруй хувийг хангаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээлэлд ундны усны чанарын үзүүлэлтээр баруун бүсийн 68, зүүн бүсийн 75, хангайн бүсийн 65, төвийн бүсийн 48, говийн бүсийн 86 хувь нь тус тус шаардлага хангахгүй байна гэжээ. 3арим аж ахуйн нэгж, байгууллагууд ус ашигласны төлбөр төлдөггүй, ус ашиглах зөвшөөрөл, дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь улсын хэмжээнд ус ашиглалтын хэмжээг бүрэн тогтоох боломжгүйд хүрч, үүний улмаас хяналт тавих, зөрчлийг таслан зогсоож арга хэмжээг чадахгүй байна.

 

Хоёр.Аюулгүй байдал

Сүүлийн 5 жилийн хугацаанд 1623 ажиллагчид ажлын байр дээрээ ослоор бэртэж, нас барснаас 646 хөнгөн, 764 хүнд бэртсэн, 213 ажиллагчид нас барсан байна. Үүнээс барилга, уул уурхай, олборлолт, боловсруулах үйлдвэрлэл, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал, үйлчилгээний бусад салбарт гэмтэж, нас барих тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 07

Монголд ийм юм яриад ч хэрэггүй утаа нь арай хийж бүдгэрсээр хөрсний бохирдол эхэлдэг

0  |  0
Top