Т.Нямдорж: Англиар дуулж загнуулж, барууны барилаар хөгжим зохион хөөгдөж явлаа

2024 оны 03 сарын 15

Олон жилийн өмнө МУИС-ийн хичээлийн II байранд залуучуудын байгууллагын ажил, урлаг уран сайхан хэмээн мөр зэрэгцэн гүйлдэж явсан танилтайгаа Нийслэлийн залуучуудын байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээн дээр тааралдсан юм. Мөнөөх л тэртээ цагийнх шигээ гитараа үүрчихсэн дуулж явна. Тэр бол Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, олны дунд өдгөө ч дуунууд нь шинэхэн мэт эгшиглэсээр буй “Дөмөн”, “Эрчим”, “Айзам”, “Сонор”, “Эрдэм” хамтлагийг үүсгэн байгуулагч, Монголд эстрад, рок поп урлаг үүсэж хөгжихөд жинтэй хувь нэмэр оруулж, хаалттай нийгэмд англиар дуулж, барууны хөгжмийн онолоор ая зохион дарга нарыг сэрт хийтэл цочоож явсан Түмэнбаярын Нямдорж хэмээх эрхэм.

Тэрбээр монгол дуу, эгшгийн хэмнэлд цоо шинэ барууны аяз оруулж нутагшуулсан нэгэн. Барууны онолоор ая зохиолоо хэмээн буруудаж нэрт хөгжмийн зохиолчид хөөгдөж явсан түүх түүнд бий. Найз нөхөд нь “Т.Нямдорж гитарын уран тоглолт, дуулахуйн өвөрмөц онцлогоороо үеийнхэн дундаа аргагүй л алдаршин тодорч, тод мөрөө үлдээсэн хүний нэг. Ийм ч учраас манай эстрад урлагийн томчууд түүний авьяас чадварыг хүндэтгэдэг юм” хэмээдэг. “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”, “Айзам”, “Дөмөн” зэрэг цуутай хамтлагууд цагтаа залуусын шүтээн болж, хөгжмийн урлагт шинэ давалгаа үүсгэн орчин цагийн Монголын рок, поп урлаг тэдний орчноос салаалан үүсэж дэлгэрсэн билээ.

Т.Нямдорж Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн дээд шагналтан, Монголын эстрадын ертөнцийн ховор нэгэн үзэгдэл юм. Багадаа гитар хөгжимд ухаангүй татагдаж, 40,50 мянгатын атамануудтай бужигнаж, Хууль цаазын дунд сургууль, МУИС-ийн Хуулийн салбарыг төгсөж өмгөөлөгч, хуульч мэргэжил эзэмшин Банк санхүү, Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан болтлоо өссөн, ардчилсан хувьсгалын шанг таталцаж бизнесийн ертөнцөд ч аз од нь гийж үзсэн, Монгол-Чех-Словакийн найрамдлын нийгэмлэгт “дипломат алба” хашсан гээд түүний намтар арвин баялаг. Энэ удаа тэрхүү дундаршгүй өвөрмөц ертөнцийн “Рок поп урлаг” гэх ганцхан хаалгыг татан орж Монголд энэ урсгал хэрхэн үүсэж хөгжсөн талаар ярилцлаа.


-“Эрчим”,”Сонор”,  “Айзам”, “Дөмөн”-гийн, МУИС-д байх үеийнхээр бол “Эрдэм”-ийн Т.Нямдоржийн өдгөө хүртэл олон жил салаагүй гитар хөгжимтэйгөө анх нөхөрлөж, урлагт хөл тавих болсон түүхээс яриагаа эхлэх үү?

-Миний ээж Д.Долгор бага залуудаа “Бөмбөгөр ногоон” театрт тэр цагийн олон авьяастан дунд мандолин хөгжим тоглож явсан хүн. Намайг урлагт хөтөлсөн өөр нэг хүн бол ээжийн минь дүү Шаравчогдон ах. Улаанбаатарт 1960-аад оны эхэн, дунд үеэр Барилгачдын соёлын ордны Дагшаа найрал хөгжим гэж хотын залуусыг хуйлруулсан үзвэрийн гол газар байлаа. Монголын хамгийн анхны жааз хөгжим тэр юм. Миний ах дагшаа найрал хөгжимд аккардеон тоглодог, манайд эстрад урлагийн үндэс тавигдаж байсан үе. Тэрнээс өмнө Монголд жааз оркестр байгуулагдсан түүх бас байдаг юм.

-Ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн удирдсан Циркийн дагшаа найрал хөгжим гэж 1940-өөд онд байсныг хэлж байна уу?

-Тийм. Гэхдээ тэд нийтэд хүртээмжтэй биш, циркийн үзүүлбэрүүдийн ард тоглодог байжээ. Манайхан цахилгаан хөгжим тоглодог болсон нь 1960-аад оны сүүл үе л дээ.

-Цахилгаан хөгжимтэй болсон нь тийм эрт бил үү?

-МУИС 1942 онд байгуулагдсан шүү дээ. Оюутан залуус гадагшаа олноороо явж сурдаг болсон цаг. Аль ч үеийн залуус тухайн цаг үедээ өөдрөг сэтгэлгээтэй, юмыг шинэ содноор хүлээж авдаг юм хойно. 1960-аад оны сүүлээр МУИС-д цахилгаан хөгжмийн хамтлаг үүссэн. Би түүнийг Монголд рок поп урлаг үүсэх эхлэл үе гэж боддог. Миний ах Т.Рэнцэндорж гитар тоглодог, МУИС-ийн геологийн ангийн оюутан байсан юм. Ах маань спортын мастер, 54 кг-д бокс тоглодог. Бокс их дэлгэрсэн, оюутнууд дугуйланд олноороо явдаг байж. Тэгэхэд би жаахан хүүхэд, ахыгаа МУИС-ийн IV байрны зааланд бэлтгэл хийхэд дагаж их очино. Ахтай хамт тоглодог Баясаа гэж мундаг гитарчин байсан. Дуучин Машлай манай ахтай нэг анги. Рэнцэнханд, Цэцэгээ, Машлай гурав 1960-аад оны сүүл үеэр ид мандаж, ард нь МУИС-ийн цахилгаан хөгжмийн хамтлаг тоглодог байлаа. Дандаа оюутнууд, их гоё концерт тоглоно. Радиогоор дуунууд нь их явдаг. Одоогийн хэллэгээр шүтээн болсон дуучид байсан.

 

 

-Түрүүн Барилгачдын соёлын ордны Дагшаа найрал хөгжмийн тухай дурссан. Гитар сурсан нь нагац ахтай тань холбоотой юу?

-Тэр үед аргон хөгжим манайд байсангүй. Аргоны оронд Шаравчогдон ах аккардеон тоглоно. “Шарай голын гурван хаан” гээд жүжгүүдийн рольд бас тоглодог байсан. 1968-69 оны үед байх аа, дүн өвлөөр Барилгачдын соёлын ордныхон Тэрэлж рүү тоглолтоор явсан юм. Ганц уул давахын наана автобус нь цасанд сууж, залуучууд сагсуураад дан нимгэн хувцастай хүрэх газраа очих гэж явцгаагаад гар, хөлөө хөлдөөсөн харамсалтай явдал болсон. Манай ах, бас бүжгийн багш Жавзан гээд олон хүн хөлөө хөлдөөж, ах маань өрөөсөн хөлөө тайрууллаа. Хөлгүй болсон хүн чинь манайд хүрээд ирсэн. Манайх зундаа Хүрхрээ, Бага тэнгэрт лагерьт гардаг. Манайх есөн эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэдтэй айл. Тэр жил ээж амаржих гээд Туулын эрэгт, Баянзүрхийн товчооны хойно гэр барьж зусланд гарлаа. Тэнд бүжгийн талбайтай. Орой болохоор бүжиг болно, хөл муутай ах маань аккардеоноо бариад л гарна. Намайг хань татаж Рэнцэндорж ахын гитарыг бариулчихна. Алдах юм бол модоор тоншино. Анх би тэгж гитар сурч байлаа. Дандаа монгол ардын дуу тоглоно. Орос дуу хааяа тоглоно оо. Заримдаа би гитараа хаяад лагерийнхаа хүүхдүүдтэй нийлж дэмий тэнээд алга болно. Гитартай анх нөхөрлөсөн түүх маань тэр.

-Тэр цагаас гитарт улам хорхойсов уу?

-Рэнцэндорж ах 1971 онд МУИС төгсөөд Барилгын зургийн улсын иниститутад геологийн инженерээр хуваарилагдсан. Институт дотроо том клубтэй. Шаравчогдон ахыгаа бид Жида гэж дууддаг. Жида маань хиймэл хөлтэй болж, тэр клубт Соёл, олон түмний эрхлэгч хийлээ. Би 5,6 дугаар ангийн хүүхэд байхдаа Жида дээрээ байнга очино. Тэднийх маш мундаг хөгжимтэй. Хотын залуучууд цугладаг. Шинэ жилээр хөл тавих зайгүй бужигнадаг байлаа.

Хөгжмийн зохиолч Бэхбатын ах Зундуй, Л.Балхжавын аав Лхагвадорж, МУИС-ын Баясаа, гитарчин Ганаа гээд хүмүүс Жида ах дээр ирж Соёлын төвд нь тоглодог. Эдийн засагч болсон Н.Дашзэвэг, Намсрай, Зандраа гээд миний хэдэн найз хичээлээ тараад тоглолт очиж үзнэ. Хөгжимд хорхойтсон хэдэн хүүхэд байлаа шүү дээ, бид. Арын өрөөнд нь бэлтгэл хийх гэж оролдоно. Хөгжим, нот заалгана. Ганц хоёр дуу тоглоно. Тэнд  хожмоо УГЗ болсон Д.Бэхбаттай танилцсан. Бэхээ Хөгжим бүжигт сурдаг, басс гитар, сакс тоглодог. “Сар” гэж ая зохиосныг нь би тоглож байлаа. Алдарт Ж.Бадраагийн шүлэг “Учирлын хорвоо” гэж дууны аяыг 1979 онд надад зориулж хийсэн юм. 

Би сурагч байхдаа “Залгамжлагч” нийгэмлэгийн Даваасамбуу багш дээр хөлбөмбөгийн дугуйланд явна. Хөдөлмөр” нийгэмлэг гэж МҮЭ-ийн Төв зөвлөлийн наана байдаг, их гоё заалтай. Тэнд З.Зундарийн групп гэж сүрхий залуус тоглодог жижиг хамтлаг байсан. Манай байрныхан, 50 мянгатын хүүхдүүд түүнийг үзэх гэж их гүйнэ ээ. “Сансрын уудмыг ардаа хоцроож Суман цагаан хөлгөө бариад” гээд гоё дуунуудыг тэд дуулна. /Аялав/ Тэр дуунуудыг сонссоор хөгжмийн хорхой улам нэмэгдсэн дээ. Манай 11 дүгээр сургуулиас чиг хойшоо яваад Мебелийн үйлдвэр гэж байсан. Тэндхийн Буяа гэж ах хөгжим, гитараа өөрөө хийнэ, бас болоогүй 60 өсгөгчтэй. Тэнд очиж бэлтгэл хийнэ. Тэгсээр яваад хөгжимд гүнзгий орж байгаа юм.

-Танай 40, 50 мянгатын хүүхдүүд барууны дуу их сонсдог байсан даа. The Beatles-с эхлээд?

-Барууны хамтлагуудын дуу, ялангуяа The Beatles, Rolling Stones-ыг их сонсоно. Аав ээж нь гадаадад элчин энэ тэр байсан айлын хүүхдүүд барууны пянз их авч ирдэг. Бид түүнийг нь сонсож, аяыг нь сурч гитар дээр тоглоно. Shocking Blue хамтлагийг сонсож, Шизгаресийг дуулна. Нэртэй, алдартай барууны хамтлаг, дуучдын дууг чинь бид аль 1970-аад онд сонсчихсон байсан. Ганц нэг дуунаас нь тоглож сураад л, уяраад л. Их Британийн алдарт “Smokie” рок хамтлагийг 1974-75 оны үед Монголд анх сонссон. Тэдний дуунаас дуулна. Бидний барууны рок поптой танилцаж эхэлсэн түүх нэг тиймэрхүү.

-Ид гитарт хорхойсож явах үеийн сонин түүхээсээ сонирхуулах уу?

-Монголд 1973 онд анх удаа япон кино гарсан. “Зуурдын сэтгэл” буюу “Сезон любви”. Түүнийг 24 удаа үзсэн шүү. Гитарын гоцлолыг нь сурах гэж тэгж байгаа юм. Бүр шимтчихсэн. Кино дуусмагц л гитар дээрээ тоглох гээд үзнэ дээ. Алдахаараа дахиад л киногоо үзэх гээд явна. “Ард” кинотеатрт нэг өдөрт гурван удаа тэр кино гарна. Гурвууланг нь үзнэ. Үйл явдал нь огт хамаагүй, юу ч гардаг юм. Дуу нь л чухал. Киногоо үзэж тарчихаад л гитараа нүдээд байдаг. Ц.Зандраа бид хоёр анх удаа хамтлагтаа тэр дууг тоглож байлаа.

Нэг өдөр манай найз атаман шар Энхээ хэлж байна. “Энд Польшоос ирсэн, олон гоё пянзтай Алтанхуяг гэж нөхөр байгаа. Аав нь Польшид ажиллаж байсан. Тэднийд очиж пянз сонсоё” гэнэ. Нөгөө Алтанхуяг нь  ориг жинс энэ тэр өмссөн пээдгэр нөхөр байна аа. Пүү, зөндөө пянзтай. Харсан чинь “Skorpió”, Унгарын групп шүү дээ. Тэрний пянз байна. Сонслоо. Ямар гоё тоглож байна аа. Би нөгөөхийг нь шүтээд л. Алтанхуягаас ганц хоног сонсоод өгье гэсэн чинь өгдөггүй ээ. Тэгэхээр нь 100 рублиэр авсан Shocking Blue-гийн пянзаа “Skorpió”-гоор сольсон. 100 рубль тэр үед 500 төгрөг, дундаж цалинтай хүний нэг сарын хөлс шүү дээ. Алтанхуяг Shocking Blue хараад бараг ухаан алддаг байгаа. “Skorpió”-гийн дуунуудаа тоглож сураад сүүлд пянзаа буцаагаад сольсон л доо. Бид чинь тийм гоё түүхтэй. Одоо бол Алтанхуяг бид нар сайхан найзууд.

 

 

-“Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” хамтлаг хэзээ бий болсон билээ?

-Монголын Радиогийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлаг гэж 1968-1969 оны үед бий болсон юм. “Баянмонгол” хамтлагийн суурь тавигдаж  байгаа нь тэр. “Хар” Лхагваа, Даваа нар анхдагчид нь. Даваа хамтлагийн ахлагч, хойно сурч байгаад сургуулиа хаяад ирсэн нөхөр. Миний Баяраа гэж хүүхдийн эмч эгчтэй суусан, эгчид зориулж дуу энэ тэр хийнэ ээ, бас. “Соёл-Эрдэнэ”-ийн  Б.Наранбаатар бид хэд бол хар багаасаа хамт тоглож өссөн улс. Ээж нь миний ээжтэй найз, бараг хамаатан садан болчихсон эгч дүүс. Б.Наранбаатар Хөгжим бүжиг төгсөж Ардын дуу бүжгийн чуулгад  ятга тоглож байгаад “Соёл-Эрдэнэ”-ийг анх 1972 оны үед хэдэн нөхөдтэйгээ байгуулсан юм. Тэгж Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагууд бий болж байлаа.

-Танай “Эрчим” хамтлаг Монголдоо “Соёл-Эрдэнэ”-ийн дараах хоёр дахь хамтлаг гэдэг нь үнэн үү?

-1973 оны намар юм байна. Цахилгаан, шугам сүлжээний газар гэж байсан юм. Тэнд Төрмөнх гэж Зөвлөлтөд инженерийн сургууль төгссөн залуу эхо буюу гитарын педаль хийдэг гэж сонслоо. Төрмөнхтэй танилцаад, хамтлаг байгуулах тухай ярилцаж бэлтгэл хийдэг болсон. “Эрчим” бол миний байгуулсан анхны суурь хамтлаг, үнэхээр “Соёл-Эрдэнэ”-ийн дараах хоёр дахь хамтлаг байхгүй юу. Гитарт педаль хийхээр нэг их гоё дуугардаг юм. Rolling Stones-ийг сонсож байхад цаана нэг л гоё юм дуугараад байдаг. Юу гэдгийг мэддэггүй. Тэгсэн тэр нь педаль байж. Түүнийг манай Төрмөнх инженер схемийг нь гаргаад Монголд анх хийчихсэн. “Соёл- Эрдэнэ”-д байхгүй педаль манайд л байдаг. Түүнийг  “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат, Б.Наранбаатар эд нар биднээс гуйж тоглодог байсан гээд бод.

-The Beatles-ийн аккордоор монгол дуу тоглож  барууны аясыг Монголын хөгжмийн ертөнцөд анх оруулж ирсэн хүн нь та гэдэг шүү дээ?

-Би анх гитар сурч байхдаа “Улаанбаатар” ресторан, Их дэлгүүрийн дээд давхар, Нийтийн аж ахуйн Соёлын ордон гээд газруудад бүжиг болоход очиж тоглоно. Миний Бат-Очир гэж багш “Улаанбаатар” рестораны хөгжмийн ахлагч байсан юм. Сүүлд Их дэлгүүрийн дээр байсан Соёлын ордны хөгжмийн ахлагч болсон. Бат-Очир багшийн зохиосон дуунуудаас  “Дуугий минь чи дуулаарай” гэдэг нь их алдартай. Би тэр үед The Beatles-ийг сонсоод аккордуудыг нь бариад сурчихсан. The Beatles-ийг сонсох тусам л “Ямар гоё дуугарч байна аа. Юу дуугараад байна вэ” гэж хорхойсно. Тэгээд би яг тэр аккордоор “Дуугий минь чи дуулаарай” дууны найруулгыг хийсэн. Тэр үед түүнийг хэр баргийн хүн ойлгохгүй л дээ. 1970-аад он шүү дээ.

-“Эрчим”-ийн дараа “Дөмөн”-г байгуулж шинэ содон хамтлаг гарлаа гэж тэр цагийн залуусыг шуугиулж байсан даа?

-Ардын дуу бүжгийн чуулгын дэргэд бүжиг явуулдаг нэг хамтлаг байлаа. Эгчийн нөхөр  Даваа “Баян Монгол”-оос гараад тэнд орчихсон. Даваа бол мэргэжлийн аргонист. Монголдоо нэг номер, мундаг тоглоно. Нямдаваа, Галаа, Ягаанаа, Толя гээд Ардын дуу бүжгийн чуулгын хөгжимчид тэдний хамтлагт хөгжимтэйгээ шилжиж ирэв ээ. Нямдаваа удар тоглоно, ярих юм байхгүй, сүрхий. Соло гитар, басс гитарыг тоглоход жаахан төвөгтэй. Яг тоглох гэхээр Ардын дуу бүжгээс ирсэн хэдэд барууны аккордууд барихад хэцүү байсан. Хамтлаг гэдэг чинь нийтээрээ нэг цул болж байж бүтээл гарна. Угаасаа очуут шууд хөгжим бариад тоглочихдог ч эд биш. Өдөр шөнөгүй сургууль хийж байж бүтээл гарна шүү дээ. Шинэ төрж байгаа хамтлаг бол бүхнийг яг эхнээс нь нүдэж, бүх аккорд, нотоо яс тавьж байж тоглохгүй бол ерөөсөө болохгүй. Тэгээд л Толя, Ягаанаа, Галаа гурав Ардын дуу бүжиг рүүгээ буцаад явчихсан. Чуулгад их бүрээ энэ тэр тоглодог байсан, тийшээ буцсан.

МХЗЭ-ийн Төв хороо шийдвэр гаргаад “Найрамдал” төв паркийн дэргэд цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулахаар болсон үе л дээ. А.И.Цэдэнбал-Филатова “Найрамдал” төв паркийг хариуцаж байсан учраас их анхаардаг. Тэнд би ажилд орж 1975 онд “Дөмөн” хамтлагийг байгуулж хуучин “Эрчим” хамлагийнхнаа авч ирлээ. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн МХЗЭ-ийн Төв хорооны харьяа хамтлаг болж, 14 хоногт нэг удаа концерт тоглодог. Хагас, бүтэн сайнд бүжиг явуулна. Улаанбаатар хотын мэргэжлийн урлагийн бүх байгууллагынхан ирж манай Зуны театрт тоглоно. Залуучууд, хүүхдүүдэд үнэгүй тоглодог. Тэр үедээ “Дөмөн”-д гурван программ хийсэн. Нэг нь дандаа монгол ардын дуунууд. “Соёл-Эрдэнэ”-ийнхэн “Хүүш Дамдин”, “Хадны орой”, “Сэр сэр салхи”-ийг дуулдаг. Түүнийг бид хэд “Соёл-Эрдэнэ”-ээс огт өөрөөр, бүр илүү тоглосон. Барууны стилиэр найруулсан. Өөр нэг программд дандаа орос дуу багтдаг байлаа.

 

 

-Орос дуунуудыг хаанаас сурч байв?

-Миний дээрээсээ хоёр дахь ах орос эхнэртэй. Тэднийх Лёня, Женя, Вовка гээд гурван хүүтэй. Одоо Женя барилгын компанийн том захирал болчихсон яваа. Лёня, Вовка хоёр өөд болчихсон. Лёня их дуулдаг хүүхэд байлаа. Гэр нь Туул рестораны урд. Лёня бид хоёр салахгүй, хамтдаа гитар их тоглоно. “Ленин” клубт хагас, бүтэн сайнд бүжиг их болно. Тэнд “Улыбка” гэж орос цэргүүдийн хамтлаг байлаа. Ахлагч нь Серёжа гэж их гоё дуулдаг залуу. Өмнө нь Эрхүүгийн “Улыбка” гэж хамтлагт байсан юм билээ. Лёня бид хоёр “Ленин” клубт очдог, өмнө сонсож байгаагүй маш олон орос дуу сонссон, сурсан. Бүх аккордыг авсан. Одоо ч тэр дуунуудыг тогло гэвэл би бэлэн. Орос дуунууд сурсан түүх бол тэр. Тэр үед Монголд “Баян Монгол” чуулга л орос дуу дуулж байсан болов уу даа.

-Барууны дуу дуулж дарга нарыг сандраасан гэдэг биз?

- Барууны дуунууд тоглоно оо. Нууцаар шүү дээ, хамаагүй ил болохгүй. “Smokie” энэ тэрээс дуулна. Концерт дээр англи дуу дуулж байж дээрээс дуудагдсан юм. Зуны театртаа Шизгаресийг англиар, бас хоёр орос дуутай хамт дууллаа. Тэгсэн Аръяашарав даргын өрөөнд намайг дуудаж. Хоёр нөхөр сууж байна. Хотын намын хорооны Үзэл суртлын хэлтсээс ирсэн гэнэ. “Чи яагаад залууст барууны дуу сурталчлав” гэж асууж байна. Тэгэхэд Германы “Чингис хаан” дуу гарчихсан шуугиулж байсан үе. “Та нар Чингис хаан энэ тэрийг сурталчлаад байгаа юм биш үү” гээд сүйд. Өөрсдөө ч их л сандарсан харагдсан. 

-Сүртэй юм болов уу?

-Тэгсэн. Оросууд уг нь Шизгаресийг оросоор дуулдаг байсан л даа. Би ч “Shocking Blue”  хамтлагийн “Шизгарес” гэдэг дууг би дуулсан. Шизгарес гэдэг чинь Венера гэсэн үг. Од гарагсын тухай утгатай л дуу шүү дээ” гэсэн. Нөгөөдүүл “Чи дахиж ийм барууны дуу сурталчлах юм бол арга хэмжээ авна шүү, нөхөр минь” гэж сүржигнэлээ. Тэр цаг бол тэр л цаг. Би ч концерт, бүжиг энэ тэр дээр хааяа англи дуу дуулаад явдаг л байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бархас дүү маань саяхан түүнийг үнэлж “Барууны дуу дуулах хориотой цагт, дуулсан дуучин, хамтлаг нь шийтгэлтэй байсан үед барууны рок поп дуунуудыг орос дуутай хоршиж дуулж байснаараа Т.Нямдорж ах Монголын эстрадын урлагийг нэг хэв маягаас нь гаргаж, өөр өнгө аялгуутай болгож сэрээсэн гэдгийг надаас гадна эстрадын урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан олон хүн хэлнэ” гэж дурсаж надад их урам өгсөн шүү.

-“Орос чихрийн цаас хаанаас олж авав” гэдэг шиг тэр хатуу цагт  англи дуу яаж сурсан бэ?

-Анх Даваагийн хөгжим “Хүслийн тухай дуу”-г англи дээр дуулсан. Тэр үед бидэнд англи хэл заадаг байсан биш. Нэг концерт дээр бидэнтэй англи сэтгүүл гаргадаг гээд нэг хүн ирж танилцсан юм.

-Монгол хүн үү?

-Монгол хүн. Монголд анх удаа англиар гарсан сэтгүүлийн эрхлэгч байсан юм билээ. Мань эр “Та нарын нэг дууг англи руу хөрвүүлж өгье. Чи дуулж болох юм байна” гэлээ. “Ямар дуу” гэсэн чинь “Хүслийн тухай дуу” гэсэн. “Аа, аа, аа Мэхийн барья хүслийнхээ дууг” гээд. /Дуулав/. Нөгөө хүн үгийг нь англиар орчуулаад аваад ирлээ. Дуулж сурч байхад ирж шалгадаг, энэ үгээ ингэж хэл гэж засаж өгдөг байсан. Залуу байхад орос, англи дууг дор нь сурчихна. Пянз, кассет сонсоод л сурчихдаг байсан юм чинь. Ингэж монгол дууг англиар анх дуулсан хүн бол би байгаа юм. Даваа, Бадарч багш, Нямдаваа гэж гайхалтай хүмүүсээс их ч юм сурсан даа. Энд бас нэг юм хэлэлгүй болохгүй нь. Монголын рок поп хөгжмийн урлагт хамгийн их хувь нэмэр оруулсан хүн бол А.И.Цэдэнбал-Филатова юм шүү.

-Яагаад?

-Өмнө нь цахилгаан хөгжим байсан боловч 60,30 гэх мэт өсгөгч  байсангүй. Харин А.И.Цэдэнбал-Филатова Унгарт таван ком хөгжим захиалжээ. Тэдгээрээс “Дөмөн”, “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол”, “Сонор” хамтлагт хуваарилж өгсөн. Тэр хөгжим тухайн үедээ л Монголыг байлдан дагуулсан даа. Дууны өсгөгч, соло гитар, басс гитар бүгд иж бүрэн. Тэр хүн ингэж Монголын рок поп хөгжимд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Би гол нь тэр гоё хөгжимд татагдаж паркийн хамтлагт орсон хүн. Жинхэнэ хөгжмийг бидэнд мэдрүүлж өгсөн газар.

-Уран бүтээлийн онгод ид орсон уу?

-“Дөмөн”-д байхдаа анхныхаа гитарын гоцлолыг хийсэн. Өглөө долоо хагас гээд гэрээсээ гарна. Өвөл Төв номын сан дээр автобуснаас буугаад Үзэсгэлэн чимэглэлийн байрны хажуугаар явахад буганууд цасан дээр хэвтэж байдаг. Парк дотор буга явж л байдаг. Тэр үед л анхны гитарын гоцлолоо хийсэн дээ.

 

 

-"Дөмөн”-гөө яагаад орхисон билээ?

-МҮЭ-ийн Соёлын төв ордон 1975 онд ашиглалтад орлоо. Тэнд Г.Донид гуай, бас нэг орос мэргэжилтэн ажиллаж жааз хөгжим байгуулах гээд хөгжимчин шалгаруулж авч байсан юм билээ л дээ. Доржгарам багш намайг дуудлаа. Бид танил л даа. Очсон чинь хөгжим ч гоё, өрөө ч гоё. Мэргэжилтэн нь хөгжимчин авна гээд 2-3 сар болж, хүн ирдэггүй, шалгуулсан нь тэнцдэггүй байж. Доржгарам намайг “Чи шалгуулаач, гэхдээ тэнцэхгүй л дээ” гэж хор шар малтав аа. “Тэнцвэл сарынхаа цалинг өгнө” л гэнэ. Тэгэхээр нь шалгуулна гээд орсон.

Нэг их шил толь болсон өрөө. Уран сайхны удирдагч Г.Донид цаашаа хараад зогсчихсон “Шалгуулах нь уу” гэнэ. Орос мэргэжилтэн ч ороод ирлээ.  “Юу тоглодог вэ” гэхээр нь “Гитар тоглохоо аядана аа, төгөлдөр хуур дээр орос дуу дуулъя” гэчихсэн. Нэг бадаг яваад байтал “Зогс, зогс” гэнэ. “Мэргэжилтэн чамайг маш их үнэлж байна, манайх авъя” болоод явчихлаа. Доржгарамд очоод тэнцсэн гэдгээ хэлээд “За нэг сарын цалингаа надад өгөх болж дээ” гэтэл нөгөөх мааь эргэлзэж байснаа гарч гүйгээд Г.Донидоос асуусан байгаа юм. Г.Донид “Наадах чинь их авьяастай хүүхэд байна. Манайх авахаар боллоо” л гэж. Хэд хоногийн дараа Доржгарам дуудаад болдоггүй. Яваад очтол  “Чамд энд ажиллах тушаал гарчихлаа” гэсэн. Би чинь нөгөө “Найрамдал” парк дээрээ бас хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байдаг. Тэгээд аргагүйн эрхэнд нөгөө хэддээ дуулгаад, “Та нарыг очиж байгаад дэргэдээ авна аа” гээд “Дөмөн”-гөөсөө явсан даа.

Цахилгаан хөгжимчнөөр ганцаархнаа Үйлдвэрчний соёлын төвд очсон. Г.Донид гуай надад хөгжимчин шалгаруулж авах үүрэг өглөө.  Тэр үед гайгүй хөгжимчин үнэндээ олдохгүй. Жамбулд хоёр жил ТМС-д сурсан, хөгжим аятайхан тоглодог Оргодол гэж найз маань Нийтийн ахуй үйлчилгээний соёлын ордны Ганболд гэдэг залуутай танилцсанаа хэллээ. Хөгжим сайн тоглоно, маш соёлтой, гэм нь архи жаахан уудаг, намайг зодчихдог л гэнэ.  Бид бас тэрхэн үедээ хотын атаманууд явсан юм чинь. “Юун ямар атаман байна” гээд танилцахаар гурав, дөрвүүлээ Нийтийн ахуй үйлчилгээний соёлын ордонд очсон. Соло гоё тоглодог сэргэлэн пацаан байна гэж би үнэллээ. Дуудлаа, Ганболд ирлээ. Ирэхээр нь “Чи яагаад манай дүүг дээрэлхээд байна” гээд нэг түлхээд авсан. Тэр үеийн хотын залуус нэг тиймэрхүү байдлаар танилцдаг байсан юм. Нэгийгээ бэртээж гэмтээх юм биш. Гэм хоргүй шүү дээ. Тэгсэн Ганболд “Би зоддоггүй, архинд л гүйлгэдэг байсан” гэнэ. “Чи гитар сайн тоглодог юм байна. Үйлдвэрчний соёлын төвд хөгжимчин авна, чи очих уу” гэсэн “Очиё” гэнэ. Хоёр хоногийн дараа нөгөөх маань цав цагаан хослол, зангиатай дэгжин нөхөр ирлээ. Ингээд хоёулаа болсон. 1977 оны 11 дүгээр сард Соёлын орднуудын хамтлагуудын дунд тэмцээн болдог юм. “Ногоон гэрэл” гэж хамтлагийн Энхманлай гэдэг гайгүй залуу байна, чи тэрийг ав гэж Донид, орос мэргэжилтэн хоёр хэлж байна. Тоглолтын дараа өрөөндөө дуудахад Энхманлай, Одсүрэн эд нар ороод ирсэн. Хамтлагтаа авах саналаа хэллээ, Энхманлай ч нөгөөдөр нь ирээд Талх, чихрийн урд талын таван давхарт байдаг гэртээ намайг дагуулаад очтол ах нь харин миний танил, Дуурийн театрын бүжигчин залуу байдаг байгаа. Тэгээд Манлайг, бас Сайнбуян гэж залууг аваад дөрвүүлээ болсон.

-Хамтлагийнхаа нэрийг хэн нь өгөв?

-Тэр үед Б.Наранбаатар “Соёл-Эрдэнэ”-ээсээ хөөгдчихжээ. “Эндүүрчээ, эндүүрчээ” гээд дуу байдаг шүү дээ. “Хайртайхан чамайгаа мөн гэдгийг Харах нүд минь эндүүрээгүй ээ” гээд л концерт дээр дуулсан чинь дарга нар орж ирээд “Энэ эндүүрчээ, андуурчээ гэдэг дууг хэн зохиосон бэ. Юу гэж байгаа юм. Авгай хүүхдээ эндүүрдэг нөхөр үү. Зохиосон тэр Наранбаатарын цалинг хас ” гээд бөөн сүр болж. Наранбаатар ч дургүйцээд ажлаасаа гарчихаж. Нэг өдөр ордны өмнөх цэцэрлэгээр явж байтал хэдэн юм архи уугаад сууж байна. Дотор нь Наранбаатар, Улаанхуарангийн атаман Цэдээ гээд сахал самбайдаа баригдчихсан хэдэн юм сууна. Наранбаатарыг гэрт нь хүргэж өгөөд маргааш нь ажил руугаа дагуулаад явсан. Г.Донид мань хүнийг ятгын дугуйлангийн багшаар авч, хамтлагийн уран сайхны удирдаачаар давхар явж бай гэлээ. Ингээд манай хүн болсон. Хамтлаг маань нэр байдаггүй.

Манлай, Ганболд бид гурав салахгүй л дээ. Ганболд Биогийнх, гэр хол учраас оройтохоороо манайд хононо. Нэг шөнө унтаж байсан чинь Ганболд хөлнөөс татаад байна. “Юу болов” гэсэн чинь “Би хамтлагтаа гоё нэр олчихлоо, Айзам” л гэнэ. Үсгийг нь тоолоод үзтэл өмнөх хамтлагуудынх шиг маань таван үсэгтэй юм. Шууд зөвшөөрөөд л “Айзам” болсон доо. 1978 онд анхны концертоо хийсэн. Одоо  бол би “Айзам” гэдэг нэрийнхээ патентыг авчихсан. Рок, алтернатив хамтлаг гэж явдаг. Пацаан Зоригоо гэж манай найз гитарчин бид нийлж хотын сургуулиудаар их тоглоно. Зоригоогоо бас “Айзам”-д авсан. Зоригоог ид тоглодог байхад С.Баяр, “Инээмсэглэл”-ийн Долгион эд нар ирж биднийг үздэг байлаа шүү дээ. Нөгөө Ерөнхий сайд байсан С.Баяр шүү дээ. Ингэхэд чи С.Баяр пацаан Зоригоог хутгалсан тухайгаа бичсэнийг уншсан биз дээ?

-Уншсан. Та нар ойр өссөнөөрөө тэр түүхийг мэдэх байлгүй?

-С.Баярын хүн хутгалдаг гэж юу байсан юм. Инээд хүрдэг юм. “40,50 мянгатын атаманууд” гээд ном хийгээгүй юу, С.Баяр. Тэрийг үзээд манай найз “мангар” Ариунболд уурлаад, “Энэ С.Баяр хэзээ тийм сүрхий атаман байсан юм. Чи ерөөсөө сэтгүүлч олж тэр үеийн атамануудаар ярилцлага өгүүл. Гэрээсээ ч шагайдаггүй, ном л харж суудаг байсан байж пацаан Зоригоог хутгалсан энээ тэрээ гэж худлаа яриад” гэж билээ.

-С.Баяр тэгээд хутгалаагүй юм уу?

-Хумсны хутгаар л зурчихсан байхгүй юу. Тэрийг нэг байрных нь Бобо эд нар хажуугаас нь харчихсан. Ерөнхий сайд болчихоод хүн хутгалдаг атаман болгож өөрийгөө дөвийлгөөд явчихсан. Үнэн юм үнэнээрээ л байх сайхан.

-Хоёулаа хөгжимчин байснаа хуульч болсноо ярих уу?

-Их хөгтэй. Би үсээ их урт ургуулдаг байлаа. Тэгээд гинж зүүнэ. Хачин хачин бөгж зүүнэ. Миний эмээ ээж “Ганган хүнд гархи нэмэр гэж энэ том гинж минжээ авч хаявал яасан юм” гэж үгэлнэ.  Аав, ээж хоёр намайг сургуульд сургах санаатай. Ах нар бүгд их сургууль төгсчихсөн. Би гэдэг хүн хөгжмөө л хөөнө гээд дунд сургуулиа бараг хаячихсан нөхөр. Нэг өдөр намайг унтаж байхад эмээ ээж миний урт үсийг хайчилчихсан. Нөгөө галзуу хүний гархи мархийг ч мултлаад авчихсан. Гинж байхгүй, таслаад хаячихсан. Сүүлд эмээ ээж миний тоглолтыг үзээд мөнгөн аяга, хадаг барьж билээ. “Сайхан дуулж байна миний хүү, гэхдээ сургуульд орсон нь л дээр дээ” гэсэн.

-Үс гэзгээ хяргуулчихаад уур хүрсэн үү, гайгүй юу?

-Үгүй үгүй. Яалаа гэж уурлах вэ. Нэгэнт хяргачихсан юм чинь.

-Арваа эрх биш төгссөн биз дээ?

-Арваа бол 24 дүгээр сургуульдаа төгссөн. Тэгээд л хөгжим хөөчихсөн.

-Сургуулийн мөр хөөсөн нь “Сонор” хамтлаг төрөх суурь болсон уу?

-“Соёл-Эрдэнэ”-ийн Б.Наранбаатар маань Хууль цаазын дунд сургуульд оройгоор сурч байсан юм. Тэр сургуульд би ч бас орж амьдралын нэг шинэ үе минь эхэлсэн. Сайндаа ч биш, ээж намайг бүртгүүлчихсэн, 10 дугаар сар эхэлж байхад “Хичээлдээ яв” гэдэг байгаа. Тэгээд Шүүх, прокурорын ангид оров оо. Манай сургуулийн захирал урлагт их элэгтэй З.Бүдханд гэж хүн байлаа. Дууны үг сайхан бичнэ. “Хөдөөгийн энэ олон замын хаагуур нь явах вэ, та минь ээ” гээд л санаж байгаа биз дээ. “Соёл-Эрдэнэ”-ийн олон дууг хийсэн хүн.

Тэнд би “Сонор” хамтлагийг байгуулж гурван жил дараалан их, дээд сургууль, тусгай мэргэжлийн сургуулиудын урлагийн үзлэгийн бүх алтан медалийг түүсэн дээ. Би ч сургуулиа хоёр, гуравхан сайнтай, бараг онц төгсөн хүн. Тэгээд Улсын дээд шүүхэд дагалдан шүүгчээр хуваарилагдсан. Тамгын газрын дарга нь Санжмятав гэж гавьяат хуульч. Гэхдээ би тэндээ ч орсонгүй, Төв цагдан сэргийлэхийн гуравдугаар хэлтэст ажилд орчихсон шүү. Мөрдөн хийж байлаа шүү дээ, би. Том том хэрэг илрүүлэх гээд бөөн мөрөөдөл. /Инээв/. Гэхдээ тэнд удсангүй. Бас л ээж намайг МУИС-д бүртгүүлчихэж. САА явсан оюутнууд ирээд хичээлдээ орох үеэр ээж намайг дагуулж аваачаад МУИС-д оруулчихсан. Бүр гайхаад. Тэгээд хуулийн ангийн оюутан болж байлаа.

Дандаа Хуулийн дундад үзсэн хичээлүүд ордог учраас мундаг сурч байлаа. Нэгдүгээр ангидаа урлагийн үзлэгт орсонгүй. Бултчихсан. Хичээлээ л гэнэ. Сургууль дээр шүлгийн уралдаан болдог байсан юм. Би нэг удаа ангийнхандаа онгироод “Их сургууль минь сайхан аа” гээд шүлэг уншиж өглөө. “Энхрий залуу насандаа Эрдэм номд шамдан суралцаж Эрдмийн түлхүүр гардан авснаа Энэхэн насандаа хэзээ ч мартахгүй. Их сургууль минь сайхан аа. Эрдэмтэн багш нар минь ачтай” гээд л урсгаж өглөө. Манай ангийнхан дэргэд зогсчихсон. Тэгсэн хаалга онгойлгоод л “Шүлгийн уралдаанд танайхаас Нямдорж оролцоно шүү” гээд  хүн дуудаж байна. Манай ангийн Гансүх гэж нөхөр миний нэрийг өгчихсөн байж. Тэр уралдаанд гуравдугаар байрт орж мөнгөн шагнал хүртлээ.

МУИС-ийн Үйлдвэрчний хорооны дарга Дашдаваа багш өмнө нь Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн Соёлын хэлтсийн дарга байсан, намайг сайн танина. Надтай уулзаад “МУИС-ийн 40 жилийн ой ирэх жил болох гэж байна. Бэлд” л гэнэ. Ойн комисст ч намайг оруулчихаж. Смоуки Ганбаа МУИС-ийн Монгол хэлний ангид сурч байсан юм. Ингээд би урлагтай дахиад холбогдсон доо. Концертын бэлтгэлийг Б.Наранбаатар, Сэвжидийн Сүхбаатар бид гурав хийсэн. 40 жилийн ойд Ж.Батмөнх, Д.Цэвэгмид гээд МАХН-ын Төв хорооны олон дарга уригдаж концерт үзсэн. Би гэдэг хүн тэнд ч үндэсний оркестр удирдаад л, энд ч цахилгаан хөгжим тоглоод л явж өглөө. Тэгсэн Д.Цэвэгмид дарга “Энэ залуу хаанахын хүн бэ” гэж асууж. МУИС-ийн намын хорооны дарга Дашням багш “Манай оюутан” гэхэд “Ийм авьяастай залуусаа намын кадрт бэлдээч” гэж гэнэ. Түүнээс хойш Дашням багш надаас салахаа больсон. МУИС-д байхдаа “Эрдэм” хамтлагаа байгуулсан. “Нутгийн минь уулс”, “Хүслийн дуу”, “Оюутан нас” гээд хамгийн олон дуугаа хийсэн. Улс төрийн дууны олон хамтлаг төрүүллээ. Тэднээс маань одоо ч дуулаад яваа хүмүүс байна. 1988 онд СТА боллоо. Лут том шалгуураар өгдөг нэр хүндтэй шагнал байсан. Сургуулиа төгсөөд тэндээ дагалдан багш боллоо.

-Тухайн үеийн МУИС-ийн хичээлийн II байр чинь арай өөр үзэгдэл байсан шүү. “Гангачууд” нэртэй, барууны маягийн соёл ханхалсан, нэлээд чөлөөт үзэлтэй, хувцасны загварын шоу энэ тэр үзүүлдэг, тийм ээ?

-Яг тийм, өвөрмөц үзэгдэл байсан. Европын сэтгүүлээс хараад өөрсдөө нарийн хилэн энэ тэрээр хувцас оёж загварын шоу үзүүлдэг. Орос дууны баяруудад дандаа түрүү авдаг,  40,50 мянгатын хүүхдүүд ч олон сурдаг. Шинэ жилээр залуус зөвхөн манай II байраар ирдэг. Манай шинэ жил чинь нэлээд өвөрмөц, тухайн үедээ бусдаас өөр байсан байна лээ шүү.

-Та Монголын хөгжмийн уламжлалт онолыг эвдсэн гэдэг дээ?

-Би анхнаасаа барууны хөгжмийн барилаар сурчихсан. Хэрдээ хөгжмийн гармонийг судалчихсан. Ихэнх дуугаа барууны онолоор хийсэн. Манай онол, барууны онол зөрүүтэй. Манайхан соль мажораас фа мажор руу хэзээ ч ордоггүй. Тийм харш өнгийг үздэггүй. Би анхныхаа дууг Лувсаншарав багшаар батлуулах гээд ороход “Нөхөр минь, соль мажор авсан мөртлөө фа мажор авдаг манай онол байхгүй” гээд намайг хөөж гаргаж байсан. Тэгээд би тэрийгээ солиод, солиос ми рүү ороод ля ордог болгож дуугаа өөрчлөөд батлуулж байлаа. Гэтэл одоо яг миний тэр хөөгдөж гардаг онол Монголд дэлгэрээд байна. Би 1970-аад онд түүнийг хийчихсэн юм. Тэр үед манай хөгжмийн онол орос школтой байсан. Мажор минор, мажор минор гээд л явдаг. Одоо бол зохиолын дуучид хуучны хэвээрээ дуулж байна. Гэтэл уг нь тэгж харш өнгө рүү орох чинь их гоё юм  шүү дээ. Хөгжмийн стиль нь өөр, гоё дуугардаг.

-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байгаа вэ?

-Уран бүтээл арвин байгаа. Сая манай нэг шавь СD гаргалаа. Түүнд нэлээд хэдэн дуугаа өгсөн. “Ижий хань” гэж дуу байна. Өвөрмонголын уран бүтээлчийн шүлгэнд ая хийж дуулуулсан. ”Хөх туг” гэж шинэхэн дуу төрсөн. Ардчиллын тухай дуу. Гоё үгтэй, үгийг нь би бас жаахан засаж янзалсан. Бодоход ардчиллын тухай дуу их цөөхөн байдаг юм байна.  Ган-Очирын шүлгээр “Миний Монгол” гэдэг дуу хийсэн. Классик Жим дуулсан. “Бид 92 оныхон” гээд дуу хийгээд дуулуулчихлаа.

Хуучны сайхан дуунуудаа сэргээж байна. Б.Лхагвасүрэн гуайн “Чамдаа хайргүй байхын аргагүй”  шүлгэнд хийсэн аяа сэргээлээ. “Уул бууралтахад ухаарч хамт байлаа

Уран шувууд ирэхэд ганганаж хамт байлаа

Найр хайрын дунд уярч хамт байлаа

Нас насны хөлд улирч хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй

Дэргэд чинь байхдаа

Зүүдэлж хамт байлаа

Дээлийн чинь бага энгэрт

Багтаж хамт байлаа

Чамдаа би хайргүй байхын аргагүй” гэдэг шүлгэнд хийсэн ая. /Аялав/

Б.Лхагвасүрэн гуай бид хоёр нэг удаа хамт шатар тоглож байхдаа сонсгоход “Маш гоё ая болж” гэж магтаж байсан юм.

-Хэд хэдэн тайлан тоглолт хийсэн байх аа?

-Миний том ах Т.Дорж Хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуайтай бүр чөлөөлөх дайны үеэр үлээвэр хөгжимд хамт байсан хүн. 2005 онд Хаянхярваа гуай над руу утасдаж Хөгжмийн зохиолчдын холбоонд намайг шинэчилж бүртгээд заавал уран бүтээл хийх үүрэг өгч шахсан юм. Бизнес хийгээд хөгжмөөсөө 15 жил хөндийрөөд байхад минь хөгжим рүү маань буцаасан хүн дээ. “Хаянхярваа гуай ингэж байна” гэж Смоуки Ганбаадаа хэлээд тэр жилийнхээ есдүгээр сараас бэлтгэлдээ орж 11 дүгээр сарын 20-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд “Үзэсгэлэн гоо” тоглолтоо хийсэн. “Чи хэвээрээ байна шүү” гэсэн урмын сайхан үгийг П.Хаянхярваа гуайгаасаа сонссон. “Хайрлахсан даа”, “Зүрхний эгшиглэн”, “Найзууд” гээд дуунууд маань эргээд хит болсон. Хөгжмийн зохиолчдын их хурал 2008 онд болж сонгууль явлаа. Миний нэрийг “Цэнхэр залаа”-гийн Баатарсүх дэвшүүлж, бараг 90 хувийн саналаар би Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлд орж, 11 жил ажилласан. Соронзонболд, Бямбабаяр, Чулуунхүү гээд авьяаслаг сайхан хүмүүстэй хамтарч ажилласан даа.

Нэг өдөр Удирдах зөвлөлийн хурал тараад байж байтал Хөгжмийн зохиолч, алдарт Б.Шарав “Хоёулаа хоол идье” гэлээ. Хоол идэж байтал Б.Шарав “Чи намайг таних уу” гэнэ. “Танилгүй яадаг юм, танихгүй хэн байдаг юм” гэсэн чинь “Бүр сайн таних уу” гээд ярилаа. Б.Шарав Багшийн сургууль төгсөөд нэгдүгээр сургуульд багшилж байж. Намайг “Дөмөн”-д байхдаа сургууль дээр нь очиж тоглож байхыг мань эр хараад “Ямар сүрхий гитар тоглодог залуу вэ” гэж шүтэж байсан гэнэ. “Чи Монголын рок попыг ер нь өөрчилсөн шүү, чамайг би үнэлдэг шүү” л гэж байна. Тэр мундаг хүний үгнээс би өөрийгөө бас ойлгож авч байгаа юм.

-Хөгжмийн урлагийн ирээдүй, залуу үеэ ямраар хардаг тань сонин байна?

-Одоо хамтлаг гээд байх юмгүй шахам болж дээ. Дөрвүүл тавуулаа хоршиж дуулдаг залуус бол байна. Л.Балхжав залуусыг хөгжим рүү, урлаг руу татаж, сургаж их зөв юм хийж байгаа юм. Манай Монгол хүн ам цөөн, үзэгч бага учраас ямар ч авьяастай хүн гарч ирээд тухайн үедээ гялалзаж ирээд л алга болчих юм. Хүн ам олонтой, газар нутаг томтой улс бол хотуудаараа аялан тоглоод, олон жил нэртэй алдартай явж болдог. “Хурд”, “Харанга”, “Чингис хаан” хамтлагт би их баярладаг юм. Маш их хөдөлмөрлөөд 1990-ээд оноос хойш тасралтгүй явж байна. Ингэж хөдөлмөрлөх ёстойг, даруухан байх учиртайг залуустаа ойлгуулж, байна. Гаднын том том группууд хөгжмөөрөө л амьдардаг. Амьдралын том эх сурвалж нь шүү дээ. Манайд бол өнөөдөр дан хөгжмөөр амьдрахад дутагдалтай л даа. Хажуугаар нь өөр ажил хийхгүй бол амьдрал явахгүй, ингэхээр урлагаасаа хөндийрөх гээд байдаг. Нэмээд хэлэхэд эстрад урлагийг Монголд хөгжүүлэхэд их гавьяа байгуулсан Г.Донид багш, Хөгжмийн зохиолч Тараа гээд сайхан хүмүүстээ гавьяат цол өгөх хэрэгтэй л санагддаг даа. Тэр хүмүүсийн Монголын урлагт хийсэн зүйл их ч “Эрдэмтэй хүн даруу” гэгчээр чимээгүйхэн туурвиад л явдаг тийм л хүмүүс.

-The HU хамтлагийг юу яаж үнэлдэг бол?

-The HU хамтлаг бол язгуур талаа барьчихсан. Үүгээрээ гадна талд ихээхэн амжилт олж яваа. Залууст тэмүүлэл хэрэгтэй. Би тэднийг маш их үнэлдэг. Патент нь Б.Дашдондог дээр байдаг. Патент гэдэг зүйл маш хэрэгтэй юм байдаг шүү гэдгийг залуустаа сануулъя.

-Хойч үеийн уран бүтээлч залуустаа юуг захиж хэлдэг вэ?

-Дээхнэ үед манай урлагийн сор болсон сайхан сайхан хүмүүс архинаас болж амьдралаа тун их үрж байсан. Хамгийн харамсалтай зүйл бол тэр. Залуус минь, уран бүтээлчид минь архи, хорт зуршлаас хол яваарай. Хар тамхи гэж маш муухай зүйлд зарим нь татагдаж байна. Авьяасаа тэлээд хол явъя гэвэл муу зүйлээс хол байж өөрийгөө сайн боловсруулах хэрэгтэй. Үзэгчдээ хүндлэх хэрэгтэй. Амьдралаа сайхан авч яв. Ийм л зүйлийг залуу уран бүтээлчдэдээ хэлдэг дээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
She”s got it (66.181.185.77) 2024 оны 03 сарын 15

Уг нь Зундар Нямаа 2 яалт ч үгүй эстрад рок хөгжимчид л анхдагчид байсан даа. She is got it ...нямаа гэж 40.000тынхан шүтдэг байсаан...

0  |  0
S(59.153.114.171) 2024 оны 03 сарын 15

SEXSDI80955877

1  |  0
Зочин(59.153.114.76) 2024 оны 03 сарын 15

Их сургуулийн 2 -р байрны зааланд Бямба, Ням гариг бүр тоглодог байсан. Билзийн Кэнт бай ми лав гэх мэтээр сайхан дуулж хөгжимддөг байсан. ”Сохор” Нямаа гээд /Нүдний шил нь хасах 10-тай/ анх -2 р курстээ хүнээр дамжуулж буюу зурган дээр байгаа Анхаагийн дүүгээр дамжин танилцаж байсан. Би төгөлдөр хуур тоглодог учраас. Манай сургуулийн курс нэг Түвшин, Анхбаяр, Монгол хэлний ангийн найз, ”Айзам”-д байсан”Смоки” Ганбаа, ”Очки” Энхболд нарын зураг байна. жаахан ч гэсэн дурсчихгүй. Монгол банкны ”Эрдэнэс” гээд 4 ХҮҮХЭНТЭЙ ХАМТЛАГ Ч БАС БАЙГУУЛЖ БАЙСАН ДАА.

0  |  0
Top