[ ХУВЬ ЗАЯА ] А.Камила

2024 оны 03 сарын 26

Налайх дүүргийг өнгөрсөн баасан гарагт зорилоо. Нарны баяр-Наурызаа угтаад казах түмний сэтгэл тэнүүн сайхан. Дастархан ч дүүрэн дэлгэр. Цас хайлж урсаад Налайх ёстой хаврыг налгар тайван угтлаа. Монгол, казах хүүхдүүд багшаасаа “Өнөө маргаашдаа чөлөө авахгүй л бол яасан ч 40 айлаар орж амжихгүй нь” хэмээн үнэнээ учирлаж гуйсан гэж байгаа. Зарим нэг “сайн эр” чимээгүйхэн хичээлээ таслаад көже эргүүлж яваа сурагтай. “Эгдүүнүүд”-ийг багш нар нь улам цаашлуулж “Монгол хүүхдүүдийн баяр юм уу. Казах хүүхдүүдийн баяр юм уу” гэхэд “Манай найзын баяр-Миний ч гэсэн баяр мөн” гэдэг “мэдүүлэг өгчээ”.

 

Нарны баяраар 40 айлаар орж буян хураадаг

 

Налайх дүүргийн VIII хорооны иргэн С.Муратханыхаар эхлээд зочлов. Эхнэр Х.Гүлзат болон гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг юм байна. Х.Гүлзат нийслэлийн Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 109 дүгээр сургуулийн бага ангийн багш. Налайхын унаган охин. Харин нөхөр С.Муратхан нь Дархан-Уул аймагт төрж өсчээ. Налайхад ирээд 20 гаруй жил болсон байна. Налайхын Дулааны станцад ажиллаж байгаад одоо Тавантолгой түлш компанид ажиллаж буй юм байна. Түвшин сайхан айлын хойморьт санамсаргүйгээр зочлов. А.Камила бүсгүйтэй уулзахаар утсаар болзон очтол “Эхлээд манай ахынхаар оръё” хэмээн урьсан юм. Казах хүмүүс хавар өдөр, шөнө тэнцдэг өдрийг сонгож Нарны баяр-Наурызаа тэмдэглэдэг. Өвөг дээдээс уламжилж ирсэн энэхүү баяраар 40 айлаар орж көже уувал буян хураана гэсэн бэлэгдэлтэй аж. Энэ л үеэр хол, ойрын ах дүүс хуран цуглардаг юм байна. Өмнө нь угтаад их цэвэрлэгээ хийдэг. Яг л монголчуудын Цагаан сартай адилхан. Ах дүү нар хоорондоо эв найртай байхыг ихэд хичээдэг.

 

Хүндэтгэлийн идээний тухайд

 

Идээ ундаа элбэг дэлбэг, хангалуун байх тусмаа тэр жилдээ сайн гэж үздэг. Тиймээс дастарханаа ямар ч зай завсаргүй, дүүргэж засдаг байна. Хүндтэй идээ болох жэнтийг арвайн гурил, шар будаа, жигнэмэг, нунтагласан ээзгий, цасан чихэр зэргийг адууны тосоор сайтар хольж багсарч хийдэг. Мөн өөрсдийн гараар боов боорцгоо заавал хийж тавина. Көже, каз зэргийг бэлтгэхдээ намар эртнээс анхаардаг байна. Урин хавартай золгох баяртаа зориулаад намар идэш хийхдээ адууны махаа давсална. Дээрээс нь үхэр, хонины махаа мөн давсалж хатаадаг. Нар угтсан Наурызын баяраараа нөгөө нандигнаж хатаасан мах, шөлөөрөө хайртай, дотны хүмүүсээ дайлдаг. Тос даасан бор ааруулаа мөн тавина. Чихэр жимсээр ч чимэглэнэ. Молда нартаа болон настангуудад халал технологиор буюу өөрсдийнхөө гараар гаргасан малын махаа тавьдаг. Маханд эрэгтэй хүн түрүүлж гар хүрч, огтолж өгнө. Түүний дараа бусад нь хүртдэг.

Казахын ард түмэн гурилыг их хүндэлж дээдэлдэг. Үр тариа, боов боорцог, гурилан бүтээгдэхүүнийг маш их дээдэлдэг. Айлын эмэгтэй хүн, бага балчир охид ч ялгаагүй гурил, хүнсэн дээгүүр алхаж, хөл тавьж болдоггүй. Ганц цээртэй зүйл нь. Газар ширхэг боорцог унасан байсан ч дээш нь аваад тавьдаг. Нэг ширхэг сэрээ унасан байсан ч авч дээш нь авч орчин тойрноо янзалж цэгцлээд явдаг, бага балчираас нь тэгж хүмүүжүүлдэг аж. Хэрэв үл хайхарч зөрчвөл “Энэ бүхэн эргэж чамд заяахгүй” гэж үздэг. Монголчуудынхаар “Амны хишиг” гэдэгтэй адил ойлголт юм уу даа. Нөгөөтэйгүүр, айл гэрийг авч явах эзэгтэй буюу эхнэр хүнийг багаас нь ингэж ёс заншилтай нь салшгүйгээр уяж хүмүүжүүлдэг нь учиртай байх.

 

Казах цайны соёл

 

Наурызын баярыг огт архигүй тэмдэглэдэг уламжлалтай. Нар угтаж байгаа баяр учраас, дээрээс нь гуравдугаар сар эхлэнгүүт казах хүмүүс мацаг барьдаг. Өглөөнөөс харуй бүрий болтол юм идэхгүй. Сүнсээрээ хооллоно гэж ярьдаг. Коран судраа уншаад залбирдаг. Тав дахь өдөр болгон ийн үйлддэг заншилтай. Тэрхүү шашны зан үйл нь энэ жил Наурызын баяртай давхацсан юм. Сүнсэн биеэ хооллодог энэ зан үйл нь энэ жилийн Нарны баяртай давхацсан учраас их бэлгэшээж байв.

Нөгөө нэг сонирхол татсан зүйл нь казах цайны соёл байв. Өтгөн шаргал аагтай, гоё амттай цайг чанахад бас учиртай. Турк, Казахстаны цайны идээнүүд цай чанахад илүү тохиромжтой байдаг аж. Цайгаа чанахдаа байхуу цайны нунтаг идээгээр чанадаг юм байна. Усаа буцлангуут нь давс, сүүгээ хийгээд тогооноос нь гаргаж байгаад идээгээ хийдэг. Цуг буцалгаж болохгүй. Ийм үйлдэл хийвэл цай улайчихна. Улайсан идээтэй цайг ялангуяа хадам талынхандаа огт барьж болохгүй. Ингэвэл “Энэ ямар ажилгүй бэр вэ”, “Ямар айлын ажилгүй охин бэ” гэж хардаг. Тиймээс цайнд их ач холбогдол өгдөг юм байна. Үхрийн сүүгээ зун гаргаж авдаг. Тэр сүүн дээрээ аарцаа холиод 4-5 цаг бүлнэ. Ингээд тосыг нь ялгаж аваад давсаар амтлаад гүзээнд хийгээд хатаадаг. Тэр шар тос шиг болгосон зүйлээ өвөл нь цайндаа самарч уудаг аж. Талх, боорцогтоо түрхэж идсэн ч болно. Их сайхан амттай. Ингэж чанасан цай, идээ зоогоо ирсэн зочиддоо аягалж өгдөг юм байна.

 

Дастархан дагасан уламжлал ба шинэчлэл

 

Дээр үеэс казах айл бэр буулгахдаа богтолж(хулгайлж) авдаг байж. Тэр үед танихгүй айлд очсон ч гэсэн ёс журмаа хатуу сахина. Охидоо хар нялхаас нь тэгж хүмүүжүүлдэг. Тухайн айл босгон дээгүүрээ болон хаалганаас дотогш дастарханаа дэлгээд битүү идээ будаа засчихдаг. Тэгээд охинд буюу шинэ бэрдээ “Хэрэв чи явмаар байвал дастархан дээгүүр гишгээд гар. Үгүй гэвэл эндээ үүрд үлд” гэж хэлдэг байж. Ийм хатуу ёс заншилтай. Багаас нь ширхэг боорцог байсан ч, ганц сэрээ байсан ч хоол хүнс, гал тогооны зүйл дээгүүр алхаж гишгэж болохгүй гээд сургачихсан учраас дастархан дээгүүр гишгэх, туучаад гарах зориг хүрдэггүй аж. Тийм бөх зүрх хэр баргын казах бүсгүйгээс гардаггүй гэнэ. Хэрэв охин дургүйцээд юм уу тухайн айлыг таалахгүй явахаар болвол заавал зассан идээ будаан дээгүүр гишгэж гарч ирдэг. Ингэсэн тохиолдолд тэр айлын үүдээр дахиж шагайдаггүй ёстой байна.

Орчин цагт хоёр талын аав ээж хоорондоо зөвшилцөн ураг барилддаг аж. Харин охин жаахан дургүй байвал дастархан давж гардаг. Огт танихгүй айлдаа бүжгэн дээрээс ч юм уу богтлогдож(хулгайлагдаж) очоод дастархан даваад гарах тохиолдол ховорхон ч гэсэн хааяа гардаг болсон гэнэ. Гэхдээ энэ нь 2000-аад оны үед гэнэ. Иймэрхүү цөөн тохиолдол бий аж. Ховорхон гэнэ. Хөдөө, орон нутагт энэ ёс заншил одоог хүртэл байдаг аж. Залуус дөнгөж үерхэж эхэлж байх үеэр хүүгийн тал охиноо богтлоод аваад явчихдаг. Нэгэнт үерхээд эхэлчихсэн бол охин үлдээд хадам талдаа дасч ээнэгшдэг байна. Өөрөөр хэлбэл, орчин цагт хүч хэрэглэх гэхээсээ илүү хосууд, эсвэл аав ээж нь харилцан зөвшилцөж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр ёс заншлаа дагаж хуримладаг болжээ.

 

Тарнитай шар шувууны өд

 

Казах үндэсний хувцас гоёмсог, хээнцэр юм. Ялангуяа охид, эмэгтэйчүүдийн хувцас, малгай ганга(а)н. Араб цагаан толгойн үсэг шар шувууны өдний бүх нүдэнд хуваагдан байршдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, шар шувууны өдөн дээр ингэж тарни бичигдсэн гэж үздэг юм байна. Тийм учраас шар шувуу, өдийг их бэлгэшээж дээдэлдэг ард түмэн. Шар шувууны өдийг муу муухай зүйлээс хамгаалдаг гэж үзнэ. Нялх хүүхдийн өлгий, охид бүсгүйчүүдийн малгай, домбортоо хүртэл зүүдэг байна. Ер нь шар шувууны өдгүй айл байхгүй. Бурхнаас заяагдсан шувуу хэмээн гэж билэгшээдэг.

Казах үндэсний хувцас хийц загвар, оёдол, материалаас шалтгаалааад 1-1.5 сая төгрөг, 100-150 мянган төгрөг янз бүрийн үнэтэй байдаг гэнэ. Хатгамал хээг үйлдвэрийн аргаар оёсон уу, гар аргаар оёсон уу гэдгээс шалтгаалж үнэ харилцан адилгүй. Үүн дээр хийц загвар, оёдолчны ур чадвар, материалын үнэ гээд янз бүр байдаг.

Бэр буулгахдаа охиндоо ээмэг зүүлгэдэг. Мөн цагаан алчуур боолгож, өд зүүлгэн авдаг байна. Казах үндэсний эрэгтэй, эмэгтэй хувцас хээ угалзаараа ялгаатай. Гэр бүл болсон эмэгтэйчүүд бүгд цагаан алчуур зүүнэ. Наурызын баяраар хамгийн ахмад хүн Коран судраас уншиж, ерөөл хэлэх үед бүсгүйчүүд бүгд цагаан алчууртай байна. Түүнээс хойш авчихаж болдог.

 

Бэрхийн дурсамжаас

 

А.Камила Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1993 онд төржээ. Аав нь Бэрхийн уурхайд насаараа ажилласан хүн бий. Уурхайн жолооч Асейхан. Аав нь Бэрхэд төрж өссөн. Ээж Батен нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүн. Залуугаасаа Бэрхийн уурхайд ирж ажиллажээ. Уурхайд ремейн дээр гүйж байгаа жоншийг ангилдаг ялгагч хийдэг байжээ. Энэ гэр бүл Бэрхийн жоншны уурхайгаа түшиж амьдарчээ. Одоо аав ээж нь хоёулаа тэтгэвэртээ гарсан. Энэ жилийн Наурызаар ээж нь, хоёр жилийн өмнө аав нь төрдөө насаараа уурхайд зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгажээ.  

Эднийх зургаан хүүхэдтэй. Том нь охин. Тэгээд дөрвөн хүү. Хамгийн бага нь бас охин. Манай сонины “Хувь заяа” булангийн өнөөдрийн зочин Камила айлын отгон хүүхэд юм байна. Тэрбээр бага насныхаа тухайд “Орос, казах, буриад, халх гээд олон үндэстэн, ястны соёл холилдсон газар төрж өссөн. Бэрх тосгон гэхээсээ илүү хотжиж, соёлжсон газар байсан юм шүү. Би их л гоё орчинд өссөнөө санадаг. Сүүлд Казахстан улс, Налайх дүүрэг, Улаанбаатар хот руу айлууд олноороо нүүсэн. Одоо 40 орчим казах айл үлдэж хоцорчээ. Багын дурсамж гэвэл өөр өөр овог омгийн айлууд мөртлөө ах дүү шиг ижилдэн дасаж тэр казах айлуудынхаа дунд өсч, хүн болсон доо. Өв соёл, ёс уламжлалыг тэд маань өвлүүлэн тээлгэсэн. Санаанд хамгийн тод үлдсэн зүйлээс гэвэл Бэрх тосгонд ажил амьдралын шаардлагаар ирсэн хүмүүс “Юун тосгон, хот юм биш үү” гэж дуу алддаг, тийм л цэвэр цэмцгэр, ая тохитой, соёлтой газар байсан. Орон сууцтай бол орон сууцтай, оросуудын тарьж ургуулсан мод бут, сөөгтэй, хотын соёлтой цэмцгэр сайхан газар төрж өссөн дөө” гэсэн юм.

Харин одоо авгын талынхнаас Бэрх тосгондоо амьдарч байгаа. Нагацын талынхан бүгдээрээ Казахстанд байдаг гэнэ. Сүүлд 2015 онд аав ээжтэйгээ Казахстан руу явж хамаатнуудтайгаа уулзжээ. Аав нь айлын том учраас бүх дүү нар нь хүндэтгэж ирдэг. Баяр ёслолоор ах дүү нар бүгд цугларч тэмдэглэдэг. Эмээ нь Камила, баг ах Магауяа хоёрынх нь нэрийг өгчээ. Өвөө нь усны тэрэгний жолооч. Их сайхан сэтгэлтэй, хүүхдэд элэгтэй нэгэн байжээ. Тэр хавийн хүүхдүүд усны тэрэг амдаад гүйдэг. Гудманд таарсан хүүхэд бүр машины кабенд суух гэж уралддаг. Ээлжлээд л суулгаад явдаг хүн байжээ. Усаа зөөхдөө нөгөө хүүхдүүдээ буцаагаад тараагаад буулгасаар явдаг. Эмээ нь орсон гарсан хүмүүсийг хүүхэд, хөгшид гэж ялгалгүй дайлж цайлсаар насыг баржээ. Газар усны байрлалаас шалтгаалаад Камила ийнхүү авгын талдаа ойрхон өссөн байна. 

 

Нэртэй удмынханд очсон зүстэй бэр

 

Камила оюутан байхдаа төгсөх курстээ нөхөртэйгээ анх танилцжээ. Аав ээжийнхээ “Миний охион, болохгүй шүү” гэдэг эсэргүүцэлтэй нүүр тулсан ч тухайн үед айлын эрх, отгон охин өөрийнхөөрөө зүтгэж зөрүүдэлжээ. Арга буюу аав ээж нь хүлээн зөвшөөрсөн байна.  Казах иргэд ёс заншил өндөртэй, үүн дээрээ бат хатуу зогсдог хүмүүс. Нэг ёсондоо “Цусаа бохиртуулахгүй” гэж үздэг. Ийм учраас казах охид монгол айлд бэр орохыг их цээрлэдэг. Харин казах эрэгтэй хүний хувьд монгол охинтой гэр бүл болохыг зөвшөөрдөг. “Цусаа сэлбэж, ураг удам тэлж байна” гэж үздэг юм байна. Үндсэндээ харь угсаанаас бэр буулгах дуртай, харин охиноо өгөх дургүй хүмүүс аж.

Камилагийн хувьд нэгэнт монгол хүмүүсийн дунд төрж өссөн. Нэгэнт өөрөө ингэж шийдсэн учаас аав ээж нь сүүлдээ буулт хийж “Чиний, миний буруу, зөв гэх зүйл байхгүй. Ингэж хэлж чадахгүй нь” гээд монгол айлын бэр болохыг зөвшөөрчээ. Харин одоо бэр маань “Амьдрал сайхан байна. Монгол залуутай суугаад буруутсан юм алга. Манайх одоо нэг охинтой. Охин маань хоёрдугаар ангийн сурагч. Бид хоёрын хувьд огт өөр соёл, уламжлал, ёс заншил, шашин шүтлэгтэй хүмүүс нэгдэж нийлж гэр бүл болсон. Тиймээс бие биедээ уусан шингээд, хоёр биедээ хүндэтгэлтэй хандаад, буулт хийх газраа буулт хийгээд явдаг даа” гэв.

Нөхөр Бат-Эрдэнийн Шинэчулуун нь Улаанбаатар хотод төрж өсчээ. Говь-Алтай аймгийн гаралтай айл. Одоо Хонхорт байрладаг CU үйлдвэрт ХАБ-аар ажиллаад долоон жил болж байгаа аж. Хадам эмээ нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч, сэтгүүлч, доктор, профессор Л.Түдэв агсны төрсөн дүү гэнэ. Зөвшөөрөл аваагүй байж хамаагүй нарийн ширийн зүйлийг би ярьж болохгүй байх. Сайн мэдэх ч үгүй учир үүнээс цааш ярих боломжгүй юм байна хэмээн “цэцэн бэр”-ийн нүүдэл хийв.

 

Адилхан л айлын бэр

 

Казах ёсонд охин нь айлд бэр болоод очиж байгаа тохиолдолд инж өгдөг. Бэрийн талаас охины тухайн айлд очоод хэрэглэх ор дэр, юу байдаг юм хувийн хэрэгцээний зүйлийг бэлдэж өгдөг. Түүний хувьд монгол айлд бэр орсон тул заавал казах ёс заншлаар хурим найр үүсгээгүй ч ерөнхийдөө ёс төрөө гүйцээж инжээ авчээ. Хэдий монгол айлд бэр орсон ч гэсэн ёс уламжлалаа дагаж Цагаан сар болон хадмынхаа тэмдэглэж буй баяр ёслол бүхнээр яг өөрөө гардаж бүх зүйлийг зохицуулж хийдэг байна. Бэр хүн учраас ээжийнхээ урдуур орж ажил хийх дуртай гэнэ. “Ээж ээ, та сууж бай. Би чадна шүү дээ” гэж хэлдэг байна. Гэр орон цэвэрлэх, бууз банш хийх, цэвэр цэмцгэр байх гээд бүгдийг хийж чаддаг. Бага балчраас сургасны дагуу л хийдэг аж. Казах, монгол л гэж яриад байгаа болохоос биш адилхан л айлын бэр шүү дээ гэж боддог гэнэ. Эмээгээс ээжид, ээжээс охинд өвлүүлэн уламжилсны дагуу л гэр орноо авч явдаг. Бага байхад аав нь “Танай ээжийн “музей”-д хэвтэх газар олдохгүй нь” гэж хошигнодог байж. Гэр орноо яг л тийм байлгахыг хичээдэг аж. Тэрбээр “Хадмуудаа маш сайн хүндлэх учиртай. Хадам аав, ах, ер нь эрэгтэй хүмүүсийн нэрийг хэлдэггүй казах заншлаа дагадаг. Хадам ахынхаа нэрийг хэлдэггүй нь хүндлэлийн нэг хэлбэр. Гайхаад асуухаар нь “Манай ёсонд ийм байдаг юм аа” л гээд өнгөрөх. Дээрээс нь нөхрөө хүндэлнэ. Идээ будааны дээжийг дандаа нөхөртөө барина. Өөрөөсөө ахмад хүмүүсийн хажууд өвдөгнөөс дээш давсан хормойтой хувцас өмсдөггүй. Шашнаараа болдоггүй юм. Заавал урт хормойтой хувцас өмсдөг. Хадмуудын урдуур алхаж болохгүй. Ор дэрэн дээр нь зөвшөөрөлгүй суудаггүй. Ер нь орон дээр сууж болохгүй. Тэр хүмүүсийг хүндлэхийн учир. Ер нь энэ бүгдийг дагаж хэвшсэн” гэлээ.

 

“Бага насны хүүхдүүд эгдүүтэй, хайр татам”

 

Тэрбээр мэдээлэл зүйн багш мэргэжил­тэй. Юнейтел, Скайтел зэрэг компанид оператор хийж байгаад энэ жилээс багшилж эхэлжээ. Тэгэхдээ бага ангийн багшаар ажиллахаар шийдэж нэгдүгээр анги дааж авсан байна. А.Камила багш “Бага насны хүүхдүүд жаахан ажиллагаатай ч гэсэн хайр татам, эгдүүтэй хөөрхөн байдаг. Манай анги 47 хүүхэдтэй. Амарч орж ирээд Цагаан толгойн баяраа хийнэ. Одоо үсгээ үзээд дуусаж байгаа. Гадаад дөрвөн үсэг л үлдээд байгаа. Хүүхдүүд ерөнхийдөө уншиж бичиж сурсан” хэмээн ярих нь хүсэж тэмүүлсэн ажлаа хийж яваагийн шинж гэлтэй нүд нь гэрэлтээд үзэсгэлэнтэй сайхан харагдана. Хүмүүс “Чи уг нь дундын багш байж бага анги авч байдаг. Дунд ангийн хүүхэд харьцангуй бие дааж эхэлж байгаа. Ажиллахад амар шүү дээ. Үгүй ээ, мөн хачин хүн ээ” гэж гайхаж байсан аж.

 

Хүндтэй зочиндоо сүүжний яс барьдаг

 

Наурызаар тухайн айлд ирсэн холын зочин юм уу удаан ирээгүй хүнд хүндэлж сүүжний ясыг шууд өгдөг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл “Энэ айлын буян хишгийг чамд өгч байгаа юм шүү” гэсэн утгатай. Гэхдээ тэр ширээнд байгаа хүмүүстэйгээ энэ махаа хувааж иддэг аж. Буян хишгээ хувааж хүртэж байна гэсэн үг. Сүүжний ясыг авсан хүн тэр айлдаа тухайн өдрийн турш хүндлэгддэг. Ширээ засахдаа ахмад, залуучууд, залуу гэр бүл, хүүхдүүд гээд гурав, дөрвөн янзын ширээ засдаг байна. Уг нь дастарханаа газраар засдаг уламжлалтай. Орчин үеэ дагаад ширээн дээр засдаг болжээ. Дастарханаа газраар засдаг нэг шалтгаан, уламжлал нь казах хүмүүс хөл гар сайтай, урт насалдаг. Адууны мах, тостой ч холбоотой. Эм дом болж байдаг аж. Баргын юм идээд гэдэс ходоод нь өвддөггүй. Байнга газар сууж, босдог учраас хөл гараа чангаруулж бэхжүүлж байдаг. Казах ёсондоо ураг удамдаа байгаа хамгийн өндөр настай, ахмад хүнээ өвөө, эмээ гэж хүндэтгэдэг гээд Камила бүсгүйгээр дамжуулан казах түмний нарийн нандин соёл, өв уламжлалын зах зухтай танилцлаа.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.78) 2024 оны 03 сарын 27

Сайхан сэтгэлтэй , сайхан эмэгтэй байна даа Халхын бэр

2  |  0
Top