Аврагчийн ганц малгай 2500 еврогийн үнэтэй байхад...

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

Аврагчийн ганц малгай /каск/ өнөөдөр 2500 еврогоор үнэлэгдэж байна. Зах зээлийн үнэлгээ нь тэр. Дээр нь онцгой байдлын алба хаагч 10 хүн тутмын гурав нь зориулалтын хувцастай. Улсын хэмжээнд алба хаагчдын хүний нөөц 60 хувь дутуу. Ийм атал монголчууд дэндүү хэнэггүй амьдарч, онцгой байдлын алба хаагчид амь өрссөн хүнд нөхцөлд ажиллаж байна.

Ганц малгай л тийм үнэтэй гэхээр онцгой байдлын алба хаагчдын бусад хувцас, хэрэгслийн үнэ ямар байх нь ойлгомжтой. Аюулаас хамгаалах, гал унтраах, өндрөөс аврах тоног төхөөрөмж, машин техникийг ярих юм бол улсын жилийн төсвөөс ч давж таарна. Тийм болохоор олон улсад онцгой байдлын албандаа өндөр зардал төсөвлөдөг. Цалин хангамжийг нь ч өндөр байлгадаг. Манай улс дотооддоо онцгой байдлын байгууллагууд, алба хаагчдын хувцас хэрэгслийг сайжруулах, аюулгүй ажиллагааны шат дараалсан сургалтад хамруулах, дотоодын болон гадаадын их, дээд сургуульд суралцуулах зэргээр энэ чиглэлд бас ч анхаарч иржээ. Мөн эрэн хайх аврах ажиллагаанд эрэлч нохдыг ашиглах зэрэг дэвшил гарсан. Гэхдээ тэр болгоноо сурталчилж байсангүй. Учир нь аврах албаны нууц, цаашлаад улс орны аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл учраас их төлөв хаалттай байдаг болов уу.

Саяхан Засгийн газраас үндэсний гамшигтай тэмцэх, салбарын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд 25 тэрбум төгрөгөөр онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, бааз суурийг нэмэгдүүлж, сайжруулахаар улсын төсөвт тусган шийдвэрлэсэн. Мөн онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхээр сургалт зохион байгуулахаар төлөвлөгөө гаргажээ. Мөн чадварыг нь нэмэгдүүлэхээр одоо байгаа эрэн хайх аврах, гал түймэртэй тэмцэх нэгж бүлгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг дэвшүүлж хэрэгжүүлэхээр болсон.Үүнтэй холбогдуулж, ОБЕГ-аас саяхан хэвлэл, мэдээллийн салбарынханд анги, салбарууд, аврах ажиллагааны тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийг танилцуулсан.

Гал унтраах ууган анги болох Нийслэлийн Онцгой байдлын газар, хамгийн отгон анги болох Агаараас авран хамгаалах 111-р ангид уулзалт зохион байгуулахад сэтгүүлчид асууж, ОБЕГ-ын удирдлагууд хариулж, олон нийт төдийлөн мэддэггүй, ойлголт дутуу явж ирсэн олон мэдээлэлийн мөрөөр хариулт авсан юм. Тухайлбал, үе үеийн Засгийн газар бүтэц, орон тоог нэмэгдүүлж ирсэн ч өнөөдөр улсын хэмжээнд алба хаагчдын хүний нөөц 60 хувь дутуу явж байгааг дурдсан. Өөрөөр хэлбэл, нийт байх ёстой алба хаагчдын тоог хүн амын тоотой харьцуулахад улсын хэмжээнд 60 хувь дутуу байгаа гэж ойлгож болно. Засгийн газрын хуралдаанд ч энэ талаар танилцуулагджээ. Мөн машин механик нь ч 60 хувь хангагдсан байдаг. Дээр өгүүлсэнчлэн “Одоо 10 хүн тутмын гурав нь зориулалтын хувцастай байгаа гэдэг үнэн үү” гэсэн асуултад “үнэн” гэсэн хариулт аваад  сэтгэл будангуйрч байх вэ. 

Гэхдээ алба хаагчид нэг дор бүгд дайчлагдан ажилладаггүй учраас сөрөг талаас нь ойлгож болохгүй. Алба хаагчдын цалин хангамжийн хувьд 2025 оны төсөвт нэгж ангиудыг 128-аар нэмэгдүүлж, тэр хэмжээгээр төсвөө нэмнэ гэсэн үг. Одоо улсын 330 сумын 30-д нь л аврах анги байдаг учраас эрсдэлийг бууруулах бодлоготой нийцэхгүй байгаа учраас энэ асуудлыг танилцуулсан гэдгийг тэд хэлж байна билээ.

Өнөөдөр олон нийтийн дунд “гал сөнөөгчид улаан гараараа гал руу орлоо. Хамгаалах хувцас хэрэгсэл гэж олигтой юм алга” гэх яриа гардаг, одоо ч тийн ярьсаар...Түүнээс шалтгаалан эцэг, эхчүүд хүүхдээ онцгой байдлын албанд орохыг хориглодог. Тийшээ орох эрсдэлтэй, түүний оронд Солонгос руу явж ажил олж хийе гэсэн ойлголт  олон нийтийн дунд газар авчээ.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хорооллууд цементэн ширэнгэ болж, орох гарах гарцгүй хотхон олширлоо. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаснаар шатамхай  материал ашигласан чанаргүй барилгууд энд тэндгүй босож, гал түймэр гарах аюул нэмэгдсээр байна. Өндөр шилэн барилгууд олширч оройд нь гарсан галыг унтраахад техник хэрэгсэл дутмаг байгаа нь харамсалтай. Гэтэл болзошгүй аюулууд нэмэгдсээр, тухайлбал шатахуун тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, аврагчид төдийгүй олон хүний амь эрсэдлээ. Агуулах шатаж нэг аврагч нас барсан гээд том, жижиг осол энд тэндгүй гарлаа. Аз болоход айхтар том газар хөдлөлт бидэнд тохиолдсонгүй. Хоёр том хөршийн дунд оршдог болохоор санаатайгаар галдан шатаах, олон нийтийг аюулд учруулах зорилготой үйлдлүүд нүүрлэсэнгүй. Өнгөрсөн жил нийслэлийг живүүлэхэд хүргэсэн үер усны гамшгийг эс тооцвол тийм аюул барагтай тулгараагүй. Харин шар усны үерт иргэд хэсэг бүлгээрээ өртөх эрсдлүүд бол байсаар... Гэтэл аврагчийн ганц малгай л 2500 еврогийн үнэтэй байна шүү дээ. Нийтлэлийн эхэнд дурдсанаа дахиад давтахад онцгой байдлын алба хаагч 10 хүн тутмын гурав нь зориулалтын хувцастай. Улсын хэмжээнд алба хаагчдын хүний нөөц 60 хувь дутуу байна шүү дээ. Иймд  монголчууд хариуцлагатай байгаач ээ. Хэнэггүйтэхээ болиоч. Онцгой байдлын алба хаагчид амь өрссөн хүнд нөхцөлд ажиллаж байна. Саяхан гэхэд л өндөр барилгын тагтан дээрээс нэг бүсгүй үсрэхийг завдаж, аврагч залуу өндрөөс авран хамгаалах ажиллагааг маш хурдтай гүйцэтгэж амийг нь аварч буй дүрс бичлэгээр нийслэлчүүд өглөөг угтсан. Түүний дор элдэв сэтгэгдлүүд хөвөрсний дотор нэг нь “Энэ хоёр минь суучихаасай...” хэмээх маазарсан байна билээ.

Онцгой байдлын алба хаагч бол гамшиг, ослоос таныг хамгаалж, амийг чинь авирч байгаа аврагч. Тэр хүн үүргээ гүйцэтгэж буй болохоос бүтэлгүй дурлал, салсан нийлсэн амьдралыг чинь нөхөх нөхөөс нь биш. Монголчууд ихэнхдээ ингэж маазардаг, хувь хүний хариуцлага гээч зүйл огт байхгүй, согтохдоо, шогтохдоо элдэв авир үзүүлж, онцгой байдлынхныг дууддаг. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйгээс эрх жаалууд цагдаа, 103, онцгой байдлын утас руу залгадаг нь харамсалтай. Уучлаарай, аврагчийн ганц малгай 2500 еврогийн үнэтэй байхад, улсын хэмжээнд алба хаагчдын хүний нөөц 60 хувь дутуу байхад битгий ингээч гэсэн санааг энэхүү нийтлэлээр дайя.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.133) 2024 оны 05 сарын 10

Энэ сэтгэгдэл бичсэн нөхөр шоргоолж шиг ажилладаг хүн байх даа. Чамд тархи б.а уу.

0  |  1
уншигч(43.242.242.140) 2024 оны 05 сарын 10

ХЭТ 1 ТАЛЫГ БАРЬЖ ХЭРЭГГҮЙ. АЖИЛГҮЙ УЛС ЗҮГЭЭР ТЭЖЭЭХ ГЭЖ ?\nАЖЛЫН БАЙРНЫ ЗУРАГ АВАЛТ ХИЙХЭД ИХЭНХДЭЭ ЗҮГЭЭР БАЙДАГ УЛС БИЛ ЭЭ.

0  |  0
Top