ФАТФ-ын Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 40 дэх удаагийн чуулга уулзалт тавдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо болжээ. Уг уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун болон холбогдох албан хаагчид Монгол Улсыг төлөөлж оролцоод иржээ.
Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг нь 2004 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд бүлгийн гишүүнээр Хятад, Энэтхэг, Казахстан, Киргиз, ОХУ, Таджикистан, Туркменистан, Узбекистан, Беларусь зэрэг 9 орон байдаг. Мөн бүлэгт Монгол, Итали, АНУ, Турк, Армени, Польш, Монтенегро, Франц зэрэг 15 улс, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ФАТФ, АНДМУТБ, Эгмонтын групп, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын болон бүс нутгийн 24 байгууллага ажиглагчийн статустай юм.
Энэ удаагийн чуулга уулзалтаар Киргиз, Узбекстаны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг танилцуулж, энэ чиглэлээр БНХАУ, Казахстан зэрэг холбогдох гишүүн орнууд мэдлэг, мэдээлэл түгээх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээгээ танилцуулжээ.
Мөн виртуал хөрөнгөөс үүдэж болзошгүй эрсдэлийг бууруулах чиглэлээр типологи боловсруулж үйл ажиллагаандаа хэвшүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд авч буй арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэхийн зэрэгцээ Евро-Азийн бүсийн ээлжит гуравдугаар дахин үнэлгээ эхэлж байгаатай холбоотой гишүүн орнуудын анхаарах асуудал, бэлтгэл ажлын талаар мэдээлэл солилцсон юм. Япон улс энэ үеэр Евро-Азийн бүлэгт ажиглагч орноор элсэх хүсэлтээ өгчээ.
Монгол Улс нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-т хамаардаг бөгөөд Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (EAG)-ийн ажиглагч орноор 2012 онд элссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )