Сүйрэл дагуулах газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжтой арга олжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 13

 

Ираны Тегераны их сургуулийн эрдэмтэд хиймэл дагуулаас авсан мэдээллийн тусламжтай газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжтой арга нээжээ.

“Journal of Applied Geodesy” сэтгүүлд бичсэнээр, газар доорх чичирхийллүүд агаар мандал, цэнэгт мандал /ионосфер/ болон газар дээр олон янзын хачин жигтэй үзэгдлээр илэрч, газар хөдлөлт ойртож буйн дохио өгдөг байна. Гэсэн хэдий ч илэрдэг хэлбэр нь өөр өөр байдаг тул ажиглалт явуулахад хүнд байдаг аж. Ираны судлаачид Хятадын газар хөдлөлт, цахилгаан соронзон орныг судлах CSES-01 хиймэл дагуул болон Европын сансар судлалын агентлагийн “Swarm” аппаратаас авсан мэдээллийг шинжилжээ.

Эрдэмтэд 2023 оны хоёрдугаар сард Турк, Сирид болсон асар хүчтэй газар хөдлөлтийн өмнө ажиглагдсан өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг судлахад эхний газар хөдлөлтөөс 12-19 хоногийн өмнө гамшгийн бүсэд хөрсөн дээрх температурт ер бусын өөрчлөлт гарч байсан бол газар хөдлөлтөөс өмнөх 5-10 хоногт агаар мандал дахь усны уур, метан хий, озон болон угаарын хийн агууламжид ер бусын өөрчлөлтүүд ажиглагджээ. Мөн цэнэгт мандалд газар хөдлөлтөөс өмнө 1-5 хоногийн өмнө электроны нягтаршил болон температурт өөрчлөлт гарч байжээ.

Энэхүү нээлт нь ирээдүйд болох магадлалтай газар хөдлөлтөд хиймэл дагуулын мониторингийн найдвартай системийг бүтээх боломж олгоно гэж эрдэмтэд найдаж байна. Гэхдээ эдгээр ажиглалтуудыг цаашид олон тооны тохиолдлоор баталгаажуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top