Н.Жавзмаа: Амьтныг агнаад, чихмэл болгож амьдруулахад  ихээхэн ур ухаан шаарддаг

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 07 сарын 09

Монголын анхны эмэгтэй анчин, Монголд Батаарын музей байгуулж ажилласан анхны захирал, Байгалийн түүхийн музейн амьтны чихмэлүүдийн ихэнхийг хийсэн уран гартан, Ардын хувьсгалын удирдагч жанжин Д.Сүхбаатарын ээж Хандын удмын хүн гээд нэрийнх нь өмнө олон тодотголыг бичиж болох Байгалийн түүхийн музейн хэлтсийн дарга, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Намсрайн Жавзмаа өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн болсон юм. Түүнтэй ярилцлаа.

-Ардын хувьсгалын их удирдагч жанжин Д.Сүхбаатарын удмын бүсгүй  Ардын хувьсгалын баяр наадмын өмнөхөн төрийн өндөр шагнал хүртлээ. Танд баяр хүргэе, манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?

-Баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, хатиган эмэгтэй. Музейн салбарт 32 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад  дөрвөн музей байгуулахад гардан ажиллажээ.

Энэ ажлын минь үр дүнг харж, надад төрийн өндөр шагнал хүртээлээ гэж бодож байна. Монголын төр иргэнийхээ хийсэн бүтээснийг харж, дүгнэж чаддаг юм байна гэж ойлгож байна. Тэнгэрт  байгаа  төрүүлсэн аав ээж, төрсөн нутаг усандаа баярлалаа. Байгалийн түүхийн музейнхээ хамт олонд, үе үеийн удирдлагууддаа баярлалаа. Надад зааж сургаж, зөвлөж ирсэн багш нартаа баярлалаа. Музейн ажилтан болох суурийг тавьж хөтөлсөн Долгорын Дагиймаа багшдаа маш их баярлаж байна.  Музейд байнга ирж, амьдруулж  байдаг үзэгчдэдээ баярлаж байгаагаа  илэрхийлье.

-Таныг Байгалийн түүхийн музейд олон чихмэл хийсэн уран гартан гэж сонссон. Энэ сайхан мөчид та багш нарынхаа тухай дурсахгүй юу, ямар хүмүүс байв?

-Анхны багш бол миний ээж. Манай ээж үлийн цагаан огтоныг хавхаар агнаж дэрсээр өвчиж  тавьчихаад арьсыг нь биднээр дэлгүүлдэг байлаа. Заримдаа туламлаж өвчөөд дотор нь өвс чихчихнэ. Тэрнээс анх ингэж болдог юм байна гэсэн төсөөлөл авч байлаа. Сүүлд чихмэлийн мастер Л.Цэвэлийн шавь  Долгорын Дагиймаа  багшаасаа  техологийг нь сурсан даа.

-Музейд урласан таны анхны бүтээл юу байв?

-Анхны чихмэл зад буудагдсан, эргүүлээд оёх ямар ч боломжгүй болчихсон ууль шувуу байсан. Эхлээд  өвч гэсэн, өвчих боломж муу байдаг. Уйлах шахан оролдсоор хийгээд тавихад минь  багш харчихаад “сайн болж” гэсэнгүй. Гэхдээ тэр маш сайн чихмэл болсон, одоо ч Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байдаг юм. Сайн багш шавьдаа юм болохгүй зүйлийг өгч хийлгэж сургадаг юм болов уу гэж боддог. Сүүлд АНУ-аас Пол Раймер гэж багш ирж надад жижиг амьтад, усны шувуудын чихмэлийг яаж хийх талаар заасан. Д.Дагиймаа  багшийн арга барил Орос технологи бол Полынх Америк, Германы технологи байсан. Энэ дундаас би өөрийн гэсэн арга барилыг бий болгож нутагшуулан  чихмэл хийж ирсэн дээ. Би монгол хүн учраас уламжлалт аргаа бас ашигладаг. Тухайлбал, таргийн шар уснаас гаргаж авсан хүчлээр  арьсаа хэрхэн элдэх вэ гэдгийг би одоо хүртэл судалж байна. Музейн салбарт ажиллахдаа том, жижиг олон чихмэл хийсэн,  хоёр настай баавгайн чихмэл хийж байлаа. Аливаа амьтныг агнаад, дараа нь чихмэл болгож амьдруулахад ихээхэн ур ухаан шаарддаг. Яагаад гэвэл, хүмүүст  амьтан судлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хүргэхээс гадна  түүнийгээ тайлбарлаж, амьд мэт харагдуулна гэдэг төвөгтэй.

-Бэлэг дурсгалын зорилгоор чихмэл хийдэг үү?

-Д.Дагиймаа багштайгаа хамт  том баавгайн чихмэл хийж байсан. Хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуайд хадгалагдаж байгаа байх. Аварга том баавгайн арьсыг Хөвсгөлийн ард түмэн Н.Багабанди гуайд бэлэглэсэн юм билээ. Түүгээр нь чихмэл хийж өгөөд багш маань дээлийн торгоор шагнуулж байлаа. Надад дурсгалын зүйл өгч байсан.

-Байгалийн музейд байдаг аргаль яг амьд мэт харагддаг. Тэр аварга чихмэлийг хэн хийсэн юм бэ?

-Миний бүтээл юм аа.  Түүнээс гадна тас шувуу, янгир гээд олон бүтээл бий. Ер нь тэнд 600 гаруй хөхтөн амьтны чихмэл байгаагийн талыг  багштайгаа хамтарч хийсэн. Бие дааж жижиг мэрэгч амьтад, шувууны чихмэл бишгүй хийж байсан.

-Үлэг гүрвэлийн музейн анхны захирлаар та ажиллаж, Монгол Улсад анх удаа Гүрвэлийн музей байгуулж билээ?

-Үлэг гүрвэлийн төв музейг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулсан.Тэр дагуу Үлэг гүрвэлийн төв музейг хуучнаар В.И.Лениний музейд байрлуулах шийдвэр гарсны дагуу 2013-2014 он хүртэл дөрвөн шатны шүүхээр явж байлаа. Ингээд 2014 оны 5 дугаар сарын 18-нд өөрийн үндсэн байрандаа орж байв. Байргүй байх хугацаандаа Дархан хотын музейн захиралтай гэрээ хэлцэл хийж Т-Батаараа зөөвөрлөн очиж хойд бүсийн үзэгчдын мэлмийг мялаасан үзэсгэлэн гаргаж тэр музейн таван жилийн үзэгч орлогыг нэмэгдүүлж өгч байлаа. Тэндээ өвөлжөөд тавдугаар сарын эхээр нүүж ирж байсан даа. Орох байр  хог новшоор дүүрсэн эвдэрч хэмхэрсэн цахилгаан, дулаан байхгүй ажил явуулахад хүндрэлтэй байсан боловч  хамт олноо  удирдан  зохион байгуулж,  том хэмжээний цэвэрлэгээг хийж, дотоод нөөц бололцоогоо ашиглан улсаас бага зэргийн хөрөнгө авч засвар хийж “Т.Батаар ба сор үзмэр” үзэсгэлэнгээ 2014 оны долоон сард наадмын өмнө гаргаж байлаа. Анх Д.Сүхбаатарын талбайд түр үзэсгэлэнгийн танхимд урт нь 24 метр, өргөн нь 12 метр, дээшээ 8 метр өндөр танхимд үзэсгэлэнгээ үзүүлж байсан бол музейн байрандаа нүүж ороод урт нь 28 м, өргөн нь 16 метр, өндөр нь 10 метр танхимд “Батаар ба сор үзмэр” үзэсгэлэнгээ дэглэж байсан даа. Миний хувьд МУИС-ийг 1992 онд төгсөөд Монголын Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн харьяа Агнуурын музейд үйлчлэгч, тайлбарлагч, эрхлэгчээр ажилласан. 2001 онд Байгалийн түүхийн музейн чихмэлийн лабораторийн эрхлэгчээр хоёр жил, Эрдэм шинжилгээ, аргазүйн сан хөмрөг хариуцсан албаны даргаар ажиллаж байгаад 2013 онд Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдон ажилласан юм. Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалтад 20-иод хүний материал ирснээс 4-5 хүн шалгарч эхний байрт би, хоёрдугаарт ШУА-ийн Палеонтологийн музейн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар бид хоёр тунаж үлдсэн. Ингээд 2013 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Үлэг гүрвэлийн музейн захирлаар томилогдоод аижлласан. Музейтэй амьдралаа холбох болсон явдал бол МУИС-ын багш доктор, профессор Хуягийн Сүхбат багш маань анх Анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн Ан агнуурын музейд оруулж өгснөөр миний амьдрал музей гэдэг гэгээлэг соёлын байгууллагатай холбогдсон түүхтэй.

-Батаарын музей татан буугдаж Байгалийн түүхийн музейтэй нийлснээс хойш та хэлтсийн даргаар ажиллаж байна. Музейн цаашдын ирээдүй, хөгжлийг та хэрхэн харж байна?

-Хоёр музей нийлж нэг дор байхад болохгүй юм үгүй. Нэг нь эртний амьтан ургамал, нөгөө нь байгаль, ан амьтнаа судалдаг, харуулдаг. Нэг цогц эко систем  болгож хөгжүүлэхийн тулд бидэнд үзэл баримтлал хэрэгтэй, тэр нь концепц юм. Бид концепцоо бичиж, музейгээ 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогор тодорхойлон ажиллаж ирлээ.

-Та өөрийн болон удмынхаа түүхээс ярьж өгөөч?

-Баярлалаа. Миний аав Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Намсрай гэж хүн байлаа. Бид аав, ээжээс 16-уулаа. Эрэгтэй найм, эмэгтэй найм байгаад зарим нь нялх байхдаа өнгөрсөн. Арвуулаа өссөнөөс  одоо есүүлээ. Бид бол жанжин Д.Сүхбаатарын бүл дүү нар. Жанжны ээж Хандын хамгийн том эгч Содномпил нь бидний элэнц эмээ, миний аавын төрсөн эцэг Буджавын төрсөн ээж нь гэж аав минь биднийг багаас хэлж захиж ирсэн.

-Таны өвөө Буджав ямар ажил алба эрхэлдэг байсан бэ?

-Буджав өвөө маань өөрийн үеэл, жанжин Д.Сүхбаатартай  нуруугаар ойролцоо, сэлэм гарамгай эзэмшсэн, ихээхэн  зориг зүрхтэй эр байсан гэж аавын минь ээж хүүхдүүддээ хэлж байсан гэдэг. Тухайн үедээ Ховдыг чөлөөлөх дайн болон Хөх хотыг чөлөөлөх дайнд оролцож “Эрдэнийн очир одон”-гоор шагнуулсан баатар хүн байж. 40 гаруй  насандаа худгийн ус хортой байсныг мэдэлгүй уугаад нас барсан гэдэг.

 

-Жанжны цусан төрлийн хүн, бүл дүү нар нь гэхээр бахархал төрнө биз?

-Аав минь шударга зарчимч хүн болохоор  аливаа зөв байхыг захиж ирсэн. Удмынхаа нэр төрийг өндөрт өргөж яв гэж сургадаг байлаа. Жанжны удам гэдгээрээ бахархалгүй яах билээ. Харин тэр бахархал цээжинд чимээгүй лугшиж байхаас ил гаргаж, би ийм тийм гэж зарлаж тунхаглаж явсангүй. Манайхан бүгдээрээ удмынхаа нэрийг өндөрт өргөж, аливаад зөв шударгыг эрхэмлэн эрхэлж буй ажилдаа эзэн байхыг хичээж, эх орондоо хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн.  Сургууль, соёлын мөр хөөж Улаанбаатар хотод ирснээс хойш жанжны мэндэлсэн ойгоор зохион байгуулсан уулзалт, цуглаанд уригдан оролцож, үзэсгэлэн үзэж, дурсгалын зураг татуулж, удмынхаа хүмүүстэй уулзаж ярилцаж  байлаа.

-Таныг дуучин болохоор суралцаж байсан гэж сонсож байлаа.  Яагаад дуучин болоогүй юм бэ?

-Би аймгийнхаа арван жилийн сургуулийг 1978 онд төгсөж, хоёр жил аавынхаа дүүгийн өнчин  хүүхдүүдийг харсан юм. 1980 онд Болгарын хөгжмийн дээд сургуулийн дуулаачийн ангид хуваарь аваад  явж байлаа  Дуучин болох их хүсэл мөрөөдөлтэй очсон. Гэвч урлагийнхан атаа жөтөө ихтэй айхтар хүмүүс юм билээ, нэг эгчээс айгаад өөрийн сурах гэсэн зорилгыг биелүүлж чадаагүй. Ингээд Софийн их сургуулийн аялал жуулчлалын ангийг төгссөн дөө. Тэр үед манайд аялал жуулчлал хөгжөөгүй байсан учраас ажлын байр байхгүй. Хааяа жуулчин ирэхээр анчид дагуулж явж ан гөрөө хийлгэхээс хэтрэхгүй. Тиймээс нөхөртөө агнуур зүйгээр сурмаар байна гэхэд зөвшөөрснөөр МУИС-ийн агнуур зүйн ангид орж  1992 онд төгсөөд Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд, агнуурын музейд тайлбарлагчаар ажилд орсон. Заримдаа анчдын тогоочоор хөдөө явна. Тэр үеэс хүн олон сургууль төгссөнөөр биш, амьдралд хатуужиж, туршлага сууж байж ажил хийж, амьдралаа авч явдаг юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ багаасаа хөдөө өссөн болохоор хөдөөгийн амьдрал ахуйг сайн мэддэг, аавыгаа дагаж ан гөрөө хийж явсан бас ч туршлагатай байсан. Аав минь “Сурсан эрдмээс төрсөн араншин гэж хүний хүмүүжил их чухал шүү” гэдэг байлаа. Ингэж явсаар би 2001 онд Байгалийн түүхийн музейд чихмэлийн лабораторийн эрхлэгчээр томилогдсоноос эхлэн энэ салбарын хүн болсон.

-Та Монголын цөөхөн эмэгтэй анчдын нэг. Аав чинь танд багшилсан гэв үү?

-Манайх цөөхөн охинтой, тэр дотроо би аавын охин байлаа. Аавыгаа ан хийхэд дагаж гүйдэг, өөрөө ч  их сонирхолтой байсан. Аав бол намайг анчин болгох дургүй. Гэтэл би өөрөө анд ихээхэн хорхойтой. Ингээд анчин болсон юм. Манай нутаг тал хээрийн бүс болохоор анхны ан маань чавхаар агнасан үлийн цагаан оготно байлаа. Харин буу шагайж агнасан анхны  том  ан  талын тарвага, зээр  байсан. Болгарт оюутан байхдаа зуны амралтаар ирэхэд аав маань тайрч богиносгосон калбир өгч, түүгээр нь тарвага буудаж явлаа. Сүүлд агнуур зүйчээр суралцаж, багштайгаа хамт Хустайн байгалийн цогцолбор газарт очиж, зөвшөөрөгдсөн буга агнаж байсан. Тухайн үед тэнд  анчны отогтой,  зохион байгуулалттай ан хийлгэдэг байсан юм. Ер нь 1960-аад оны үеэс манай улс спорт агнуурыг нэлээд хөгжүүлсэн. Тэр нь аялал жуулчлалын нэг том төрөл юм. Ан амьтан ч баялаг байсан болохоор өргөн дэлгэр байсан байх. Сүүлд ан амьтан ховордсон, нөгөөтэйгүүр аялал жуулчлалын төрөл олон болсноор байгалийн сайханд аялах, сонирхох, нүүдэлчний соёл иргэншлийг үзүүлэх чиглэлд анхаарах болсон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.243.171) 2024 оны 07 сарын 09

Сүхбаатарын ээжийн удмын хүн гэж авах юмаа. Овсгоотой хүүхэн байна шүү. Монголын түүх гэж Соц. нийгмийн үед зохиочихсон зохиомол эд шүүдээ. Сүхбаатарын ээж аав чинь Агын бурядаас гаралтай Халх нөмрөг нүүсэн буриадуудын нэг юм байна лээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаар дамжин нүүдэллэн Халх нөмрөгөөс Хүрээ орж ирсэн түүхтэй юм байсан.

1  |  1
Top