АНУ-д хоёр дахь удаагаа азот ашиглан цаазын ял гүйцэтгэв

2024 оны 09 сарын 27

Алабама мужид АНУ-ын түүхэнд хоёр дахь удаагаа азот ашиглан цаазын ял гүйцэтгэлээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр азотын тусламжтайгаар 59 настай Алан Юджин Миллер гэх гэмт хэрэгтнийг цаазалсан байна. Тэрээр 1999 онд гурван эрэгтэйн аминд хүрчээ. Хэрэгтэн сүүлчийн үгээ хэлэхдээ “Би энд байх ямар ч зүйл хийгээгүй” гэсэн байна.

Энэ оны нэгдүгээр сарын 26-нд Алабама мужид АНУ-ын түүхэнд анх удаагаа цэвэр азот хэрэглэн цаазын ял гүйцэтгэсэн билээ. Тэгвэл НҮБ-аас үүнийг шүүмжилж, хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк “Азотын тусламжтайгаар хоригдлыг цаазлах нь эрүүдэн шүүхтэй адил байж болох юм” гэж мэдэгдсэн.

НҮБ уг цаазыг хүн дээр ёс зүйгүй туршилт хийснээс ялгаагүй гэж үзэж, төрөөс зөвшөөрсөн тамлалт болсон гэжээ. НҮБ-ын шинжээчид “Азот хэрэглэн цаазлах арга нь амьтан дээр хийсэн туршилтаар өвчин, зовуурьтай болох нь нотлогдсон. Энэ аргыг хориглох хэрэгтэй” гэсэн байна.

Цэвэр азотын тусламжтайгаар цаазын ял гүйцэтгэхийг АНУ-ын гурван мужид заасан байдаг. Гэхдээ энэ аргыг анх удаа Алабама муж хэрэглэж байгаа бөгөөд тус мужид үхлийн хорт тарианд шаардлагатай хэрэгсэл хомсодсон тул энэ аргыг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.121) 2024 оны 09 сарын 27

ардчилсан АНУ цаазалж байхад ардчилсан Монголд байхгүй.... бид дууриах ёстой биш үү???

0  |  0
Top