Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг ОНЦОЛЛОО

2024 оны 10 сарын 03

Монгол Улс нь Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-т 2004 онд гишүүн орноор элссэн. ФАТФ-ын АНДМУТБ-ийн жилийн чуулга уулзалт Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо есдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд болж, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хамтын ажиллагааны зөвлөлийн дарга Н.Хүдэрчулуун оролцлоо.

Чуулга уулзалтаар Тимор Лесте, Науру, Маршаллын арлууд, Папуа нью гвинеа улсуудын харилцан үнэлгээний тайлан, Вьетнам, Непал Улсын ахицын тайланг хэлэлцэж батлав. Түүнчлэн Мьянмар Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй буюу “саарал жагсаалт”-д орсонтой холбоотой тус улсын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг тусгасан явцын тайланг үнэлгээчид танилцуулж, гишүүн улсуудаар хэлэлцүүлж, батлав.

Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг ФАТФ-ын Техникийн зөвлөмж 15 (Шинэ технологи)-д нийцүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой шаардлагуудыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Үүнийг АНДМУТБ-аас сайшааж чуулганы үеэр танилцуулах хүсэлтийг тавьсны дагуу виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчидтэй холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ танилцуулж, туршлагаасаа хуваалцсан юм.

АНДМУТБ-ийн тэргүүн Кристофэр Блэк чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсыг стратегийн дутагдалтай орны жагсаалтад 2020 онд орсон хэдий ч түүхэн богино хугацаа буюу 6 сарын дотор үүрэг даалгаврыг биелүүлж, Ковид цар тахлын хязгаарлалтын үед газар дээрх шалгалтыг амжилттай зохион байгуулж жагсаалтаас гарсны сацуу дахин үнэлгээний тайлангуудыг хүргүүлж, техник хэрэгжилтийг үнэлгээнүүдийг ахиулах ажлыг авч хэрэгжүүлж чадсанд баяр хүргэв. Түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг идэвхтэй авч хэрэгжүүлж байгааг сайшаасны зэрэгцээ виртуал хөрөнгийн цаашдын бодлогыг тодорхойлох, улсуудын зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах зорилго бүхий ФАТФ-ын дэргэдэх “Виртуал хөрөнгийн холбооны групп”-т АНДМУТБ-ийн бүсээс СЗХ шалгарсныг онцлон тэмдэглэв. ФАТФ-аас Техникийн зөвлөмж 15-ыг шинэчилж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, хяналт зохицуулалтад оруулж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхийг шаардсаны дагуу улс орнуудад Зөвлөмж 15-ын биелэлтийг хангуулах чиглэлээр хяналт тавих, биелэлтийг хангуулах, туслалцаа үзүүлэх зорилготоор ФАТФ-ын дэргэдэх “Виртуал хөрөнгийн холбооны групп”-ыг 2019 онд байгуулсан. Тус групп виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэйтэй холбоотой чадавхыг бэхжүүлэх, аяллын дүрэм буюу “travel rule”-ийг хэрэгжүүлэх техник шийдлүүдийг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, улс орнууд ФАТФ-ын шинэчилсэн зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй ажилладаг.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, олон улсын стандарт, ФАТФ-ын зөвлөмжтэй нийцүүлж ажиллахтай холбоотой Макао, Малайз улсаас туршлага судлах, сургалт авах хүсэлтийг манай улсад тус тус ирүүлээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top