Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр, "Өнөөдөр шатахууны асуудлаар ЕС-н захирамжаар байгуулагдсан шуурхай штаб хуралдаж шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна.
Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг.
Наймдугаар сарын нийлүүлэлтийн хувьд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянга, бусад нийлүүлэгчдээс 10 мянган, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалгуудыг баталгаажуулаад байна.
БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой юм.
Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна.
Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн.
Иймд иргэд та бүхэн албан ёсны мэдээлэлд итгэж, тайван, хүлээцтэй хандаарай гэж хүсье" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )