Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгодог болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэвлэлийн бага хурлын үеэр дараах зохицуулалтыг хийж байгааг зарлалаа. Уг зохицуулалтаар маргаашнаас эхлэн шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгохоор боллоо. Түүнчлэн нэг удаад 50 мянган төгрөгөөс илүү шатахуун олгохгүй бөгөөд тусдаа саванд олгохгүй байхаар болжээ.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 14 хувиар өсжээ. Одоогоор Монгол Улсад шатахуун импортлох тусгай зөвшөөрөлт 178 аж ахуйн нэгж байгаа ч 20 гаруй нь л импортолж байна.

Шатахууны нөөцийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлэхдээ “Бид зургаадугаар сарын сүүлд гэхэд 40 хоногийн нөөцтэй байлаа. Харин долоодугаар сард нийлүүлэлт 40 хувь буурсан. Ийм байдлыг тооцоолж байсан тул нэгдүгээр сараас бүрдүүлж байсан нөөцөөрөө даваад гарсан. Долоодугаар сар бол түүхэнд байгаагүй фестивальтай, залгуулаад бүсийн наадамтай байлаа. Хэрэглээ эрс өссөн. Долоодугаар сарын хэрэглээ хамгийн багадаа хоёр дахин өссөн, зарим аж ахуйн нэгжийн мэдээгээр гурав дахин өссөн байна” гэсэн юм.

Шатахууныг хязгаартайгаар олгох дээрх зохицуулалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top