Дэвшилтэт технологи дээр суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч компани, оролцогч талуудыг нэгтгэх зорилготой “Frontier Fintech Summit 2024” форум МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн форумыг нээж “Санхүүгийн зохицуулах хороо салбарын оролцогчид, иргэд, олон нийтийг санхүүгийн эрсдэлээ зөв удирдсан, шинэ боломжийг бий болгосон, үр ашигтай ухаалаг санхүүгийн үйлчилгээг хүртэж чаддаг санхүүгийн систем буюу санхүүгийн инновац, финтекийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд илүүтэй анхаарч, холбогдох хууль эрх зүй, дүрэм журмын өөрчлөлтийг хангаж ажилласаар байна. Үүний нэг жишээ нь сэндбокс зохицуулалтын орчин юм. Зах зээлд шинээр нэвтэрч буй, зохицуулалтын орчин нь хараахан бүрдээгүй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сэндбоксын хязгаарлагдмал орчинд туршсанаар зах зээл дэх инновацыг дэмжих цаашилбал шинээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн. Түүнчлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчдийн зохицуулалтыг шинээр нэвтрүүлж финтек зээлийн үйлчилгээнд зориулсан зохицуулалтыг мөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд финтекийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж буй бөгөөд ингэхдээ санхүүгийн системийн суурь дэд бүтцийг сайжруулах, салбарын оролцогчдын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, санхүүгийн үйлчилгээ хоорондын харилцан үйлчлэлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана” гэж хэлсэн юм.
Монголын финтекийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форумд төрийн болон олон улсын байгууллага, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл оролцож финтек дэх хиймэл оюуны хувьсгал, Вэб 3.0-ийн хил дамнасан төлбөр тооцоо, тогтвортой ирээдүйн финтек экосистемийг бий болгох, финтек дэх кибер аюулгүй байдал, мэдээлэл нууцлал, Fintech зээл болон одоо аваад дараа төлөх нөхцөлтэй үйлчилгээ (BNPL)-ний хөгжил болон Regtech-ийг нэвтрүүлэхэд зохицуулагчийн гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.
Сэтгэгдэл ( 0 )