Сонгуулийн ГОМДОЛ, БАЯР дуусаагүй л байна

2024 оны 10 сарын 19

Нэрлэж зүслээд яах вэ. Орон нутгийн сонгуульд өрсөлдөөд унасан нэг танил маань утас цохиж, баахан гомдол мэдүүлэв. Юуны өмнө “Хар машин”-аар санал луйвардсан. Түүнээс би ялах байсан гэнэ. Эрх баригч намаас нэр дэвшигчид мөнгө тараасан. Түүнээс би үнэмлэхүй ялах байсан гэнэ. Тэгэхээр нь би “Чи нэр дэвшсэн намаа хар, өөрийнхөө байж байгаа царайг хар” гээд уурлуулчихав. Нөхөр гомдлоо тайлж байсан бололтой, “Муу хар коммунист, өөрийнхөө амьдралыг хар чи” хэмээн нэлээд дээрэнгүй атлаа баярхангуй хараагаад утсаа салгав. Тэр хүн эргэж надтай холбогдохгүй л болов уу. За энэ ч яах вэ. Ер нь сонгуулиас сонгуулийн хооронд нэр дэвшигч, сонгогчдын итгэл үнэмшил хувьсан өөрчлөгдөж байгаа ч цаг үеэ мэдэрч байна уу гэж санагдах боллоо. Тэгэхээр энэ тухай таван өгүүлбэр сийрүүльеү гэж...

Орон нутгийн сонгууль өндөрлөөд чамгүй хэд хоноход ялалтын уухай тасарч, гомдлын цуурай өнөө ч намдаагүй байна. Арга ч үгүй. УИХ-ын гишүүд дүүрэг, аймаг, орон нутагт гар хөлөө шургуулан, өөрсдийнхөө хүмүүсийг байлгаж гэмээнэ ирэх сонгуулийн ялалтын томоохон сууриа тавьдаг хойно доо. Сэтгүүлчид бид “хөлтэй хөлгүй” гэж ярьдаг даа. Тэд “хөлтэй” байх нь юу юунаас чухал учраас Орон нутгийн сонгуулийн өрсөлдөгчид олширч, элдэв төрлийн ханш ч тэнгэрт гарсан гэдгийг харуулав. Хамгийн гол нь, ялагдсан нөхөд энд гомдоллож, цурхираад, ялагчид нь баярлаж гүйгээд байх хэрэггүй. Бид сүүлийн 30 гаруй жил ийм л нийгмийг өөрөө өөртөө бүтээж өгсөн. Өөрөөр хэлбэл, бид итгэл үнэмшил, сэтгэл зүрхээрээ босгосон нийгэм гэдгээ санах хэрэгтэй. Тэр л өөрсдийнхөө бүтээсэн нийгмийн салхи дагуу сонгууль болж өнгөрлөө. Ерөөсөө бид өөрсдийнхөө бүтээсэн нийгмээс өөрсдөө үнэлгээгээ авч байгаа хэрэг.
 

“ХАР МАШИН”-Д БУРУУГАА ЧИХЭЖ БАЙХААР ӨӨРТӨӨ АНХААР
 

Гомдогсод юуны өмнө “Хар машин”-руу ялагдлаа чихдэг нь зөвхөн энэ удаагийнх ч биш. Техник технологийн хурд өдөр хоногоор бус цаг минутаар хэмжигдэж байгаа энэ хөгжлийн эрин зуунд цахим тоолуураар саналаа тоолохоос өөр яах вэ. Ямар гараар тоолоод зогсож байлтай биш. Гараар тоолох бол хамгийн эрсдэлтэй зүйл. Хуучин цагт бүхэл бүтэн хэсгийн хорооны саналын хайрцаг алга болчихдог л байсан. Нуудаг л байсан болохоос биш. Магадгүй цахим санал хураалт нь хамгийн найдваргүй зүйл байх. Тэгээд ч өндөр хөгжилтэй дэлхийн ихэнх улс орон энэ л машинаар саналаа тоолуулж байна. Тэгэхээр нэр дэвшигч маань буруугаа “Хар машин”-аас бус өөрөөсөө эхлээд хайх хэрэгтэй. МАН-ын генсек байсан нөхөр 2012 онд АН-ыг ялахад “Хар машин”-ыг өөрөө цаасаар “бүтээж” түмэн олны нүүрэн дээр шатааж л байсан. Харин 2016 онд өөрөө ялж, нам нь үнэмлэхүй ялахад “Хар машин” шатааж байсандаа харамсан халаглаж байсан гэдэг. Энэ бол сургамж. Өөрийнхөө харьяа нам, эвслээсээ хайх хэрэгтэй. Энэ мэт гуравдагч этгээдүүд ихэндээ МАН, АН руу очдог. Тэнд түүнийг даанч тоохгүй. Тэнд үнэхээр нийгэмд нөлөө бүхий нөхөр нэг шургална. Эсвэл асар их мөнгөтэй хүн нэг шургална. Түүнээс бус таргийн таван ямаатай нөхөд бол дугаарлаад зогсож байгаа учраас түүнийг тоох ч үгүй. Нөгөө талаар боловсролоос гадна, хувь хүний зангараг, нөлөөлөл дутдаг. Тиймээс тэд хохмой толгойн дээр хоёр хөл залгачихсан ч байсан “Нааш ир” гээд хаалга үүдээ дэлгэсэн гуравдагч этгээдэд очиж хорхойгоо дардаг. Энэ мэт нөхдийг цуглуулж байгаа нам, эвсэл гэж ямар өөдтэй зүйл байгаа аж. Тиймээс МАН, АН-д гологдсон нөхөр болж өгвөл тухайн айлын хоймор гарч суучихаад өөрийгөө шууд л УИХ-ын гишүүн, сайд гээд ойлгочихдог. Энэ мэт зүйлээсээ болж ялагдаад байгаагаас “Хар машин”-д ямар буруу байх вэ.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАГ НЬ Ч ДАВХАР “АЛДАГ”

 

Мэдээж хэрэг, тус нам эвслээс явуулж байгаа бодлого хөтөлбөрийг түмэнд хүргэж байршуулж, эцэст нь эздээ ялуулах ёстой хэвлэл мэдээллийн баг гэж юу юунаас чухал зүйл бий. Энэ нь жижгүүдэд байдаггүй. Яагаад гэхэр тэдний хэвлэлийн багт өдөр тутмын хэвлэл мэдээлэл, өргөн сувгийн телевиз гэх мэт арай дөмгүүр, бодлогын чанартай редакцид ажиллаж үзээгүй, үзсэн ч гологдсон нөхөд “Би чадна” гээд очдог. Тэд дарга нараа харахад өдөр шөнөгүй сууж л байна. Намын удирдлагууд ч манай хэд ёстой л “алж” байна даа гэж бодно. Үр дүн нь нийгэмд хүрсэн нь огт үгүй. Эцэст нь эздээ ялагдалд хүргэнэ. Тэдэнд угаасаа салбартаа явах газар байдаггүй учраас энэ мэтээр нам бүлэглэл, хувь улстөрчдийг тойрон хорлосоор явдаг. Гагцхүү намын удирдлагууд тэдэндээ итгэнэ гэж юу гэхэв. Арай стратегитай нөхөр ороод очвол янз бүрийн аргаар хавчина, хаана, бооно. Дарга нартаа худал үнэн мэдээлэл хүргэнэ. Тэдний хийж чадах ажил бол дарга нараа хөөргөж, өөрсдийнхөө дотоод сүлжээнд мандуулж байгаад “алах” л байдаг. Дарга нар нь ч лайк, шейр гэх мэт зүйлд хөөрч, өөрсдийгөө лидер болчихсон мэт санаж явсаар унадаг. Ийм хэвлэлийн багтай улс төрийн намд унахаас өөр сонголт байхгүй. Хувь нэр дэвшигчид ч ялгаагүй. Унасан хэмээн уурсан бухимдаж буй нөхөд үүнд бас анхаарах хэрэгтэй. 

 

ТОМ УЛСТӨРЧИД ГОМДОЛ ЯРЬДАГГҮЙ, ТЭД НИЙГМЭЭ МЭДЭРЧ БАЙНА

 

Хамгийн гол нь жижиг намууд болон сонгогч олон саналаа итгэж өгөхөөргүй нөхөд ийм гомдол ярьдаг. Түүнээс нэр зүстэй улстөрчид цагийн цагт л унаж байдаг, чимээгүй л байдаг. Зөвхөн өнгөрөгч 2024 оны сонгуулиар гэхэд МАН-аас Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, С.Чинзориг нар унасан. Мөнгө тараасан гэх мэтээр “Хар машин”-д буруугаа чихэхгүй л байгаа биз дээ. Тэр ч бүү хэл “Хар машин”-д тохируулга хийдэг байсан бол сонгуульд өрсөлдсөн УИХ-ын дарга нь эрх мэдлээ ашиглах л байсан. АН-аас ч гэсэн нэр зүстэй олон л улстөрч сонгуульд өвдөглөсөн. Ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Хамгийн наад зах нь, Ж.Батзандан унасан. “Хар машин” шатаах нь бүү хэл Төрийн ордон ч шатааж мэдэх энэ нөхөр чимээгүй л байна. Үүнээс өмнө МАН-аас Д.Лүндээжанцан, АН-аас З.Энхболд, Д.Эрдэнэбат, С.Баярцогт гээд бүгд л унасан. Тэд “Хар машин”-ы тухай нэг ч үг ганхийсэнгүй.

 

МОНГОЛ УЛСАД ЛИДЕР БАЙХГҮЙ

 

Чөлөөт нийгмийн нэг том зовлон нь хүн бүхэн өөрийгөө лидер, мундаг гэж бодох болсонтой ихээхэн холбоотой. Монгол Улс лидергүйн зовлонг эдлээд олон оныг үдэж байгаа нь үнэн. Аливаа улс орон бүү хэл бүлэг фракц, айл гэр хүртэл тэргүүнтэй, манлайлагчтай байдаг. Гэхдээ тэнд сэтэр зүүсэн дорой нэгэн байх нь лидер хэмээхэд үл нийцэх. Тэгээд ч манай улс төрд өөрсдийгөө лидер хэмээн нэрлэгсэд чамгүй олон болжээ. Монгол Улс лидертэй байсан уу гэвэл байсан гэж нэгэн дуугаар хэлэх байх. Найман зууны өмнө дэлхийн дайдад нэрд гарсан их эзэн Чингис хаан гэж нэгэн дуугаар хэлнэ. Үүнээс хойш Өгөөдэй, Цагаадай, Мөнх гээд алтан ургийн Лигдэн хүртэл олон хаад лидертээ орно. Харин алтан ургийн Өндөр гэгээн Занабазараас наашлаад Богд Жавзандамба хутагт гэхээр олон өнцөгтэй, өөр өөр хандлагатай хариултыг өгөх байх. Шууд утгаар нь тайлбарлах юм бол Манж амбанд эзлэгдэн, хаад ноёд нь тэдний гар хөл болж, эгэл ардууд нь татвар гувчуурт дарлагдаж гээд Богд хаант улсын төр ч юм шиг, Манжийн төр ч юм шиг саармаг явсан он жилүүд Монгол Улсын түүхэнд бий.

Өөрөөр хэлбэл, Манжийн төр мандаж байсан хэрэг. Монгол Улсын уналтын энэ үеийн эхэн хэсгийг харахад Монгол Улсын эзэн нь Богд ч юм шиг, Манж ч юм шиг явж ирсэн үеийг орчин цагт хөрвүүлж харвал С.Баярын “Стандарт бус Засгийн газар” юм. Наашлуулан харвал өнөөгийн МАНАН гэж болно. Хаад ноёд маань харьд газар нутгаа амлан хөл алдаж, мал эд агуурсаа бэлэг болгон барьж гээд бурангуй цагийн түүх өнөөдөр ч давтагдаж байна гэхэд хэтийдэхгүй. Охид эмсээ харийн ноёнд худалдаж байсан түүх өнөөдөр ч өнгө зүсээ хувилган оршсоор буй. Ерөөсөө XVI-XIX зуун, XX зууны эхэн үе бол Монгол Улс оршин тогтнох эсэх нь ихээхэн эргэлзээтэй болж байсан ийм цаг үе. Харин ардчилсан нийгэм шилжсэн цагаас хойш жалгын нэг лидер гэж бодсон нөхөд өсөж өндийсөн. Үнэн хэрэгтээ нэг ч лидер байхгүй.

 

НАМ ЭВСЛҮҮДИЙН ТУХАЙД

 

Орон нутгийн сонгуульд, тэр тусмаа нийслэлд үнэмлэхүйн дээд ялалт байгуулсан МАН-ын хувьд ялахаас өөр сонголт байгаагүй. Улс төрийн туршлага бүхий ууган нам аанай л арга залиа хэрэглэсэн нь ойлгомжтой ч дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн нэр дэвшигчид нь бусад намаас ялгарч байсныг нуух юун. Ядахад л төлөвшил гэдэг зүйл харагдаж байгаа нь сонгогчдыг эргүүлчихсэн. Харин улс төрийн 35 жилийн түүхтэй АН яагаад нийслэлд тавхан суудал, орон нутагт цөөн аймагт цэнхэр туг хатгав гэхээр өнөөх л удирдагчдын тулх түшиг, улс төрийн төлөвшил харагдана.

Нэгдүгээрт, Л.Гантөмөр бол хэзээ ч удирдагч биш гэдгээ нэг бус удаа харуулсан. АН энэ тоглоомын дарга, "Утсан хүүхэлдэй”-гээ эртхэн зайлуулахгүй бол ахиад л ялагдал тосон уулзана гэдгээ мэдэж байгаа гэж найдна.

Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулиар “Бид алаад өгнө, хүчтэй сөрөг хүчин байна. Энэ засаг төрийн бодлого огтхон ч таалагдахгүй байна” хэмээн гоншигнож яваад 500 орчим мянган хүний санал цуглуулсан. УИХ-д бол хүчтэй сөрөг хүчин байж чадахаар байсан ч тоглоомын дарга нь Засгийн газарт гүйгээд орчихсон. Түүнд өнөөдөр л болж байвал АН-ын маргааш, түүний гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил байхгүй байгааг харуулсан явдал болсон. Тиймдээ ч Монгол Улсын өнцөг булан бүрд гишүүд дэмжигчидтэй том АН орон нутгийн сонгуульд навс ялагдав. Энэ ялагдал нь зөвхөн өнөөдрийнх ч биш, маргаашийн ялагдлынхаа суурийг давхар тавьчихаж байна гэсэн үг. Миний дээр дурдсанчлан “Сонгуулиас сонгуулийн хооронд нэр дэвшигч, сонгогчдын итгэл үнэмшил хувьсаж өөрчлөгдөж байгаа ч цаг үеэ мэдэрч байна уу” гэдгийг энэхүү үйл явц бататгана. Ард түмэн, АН-ын гишүүд дэмжигчид тэнэг биш шүү дээ. Хүчтэй сөрөг хүчин болоорой гээд итгэл үнэмшлээ өгөөд явуулж байхад Засгийн газрын өвөрт орчихооор Орон нутгийн сонгуулиар дүнгээ тавьчихаж байна. Ийм л байна.

Гуравдугаарт, “Хэрэггүй баатар” Э.Бат-Үүл нарын хоцрогдсон технологи ашигласан. Хамгийн эхлээд “Бродюрын нам” гэсэн зүйл гаргаж ирээд БНХАУ-ын Эрээн хүртэл явуулсан нь газар авсангүй. Засах ёстой бол засаж л таарна гэсэн иргэдийн давлагаа ч цахимд тас цохив. Нөгөө талаас “Фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараас эхлээд замаас хэдэн тэрбумаар нь “хуссан” нөхдийг ч сөргүүлэн гаргаж ирэв. АН, МАН-ын эсрэг гаргаж ирсэн пиар бүхэн нь өөрт нь сөргөөр тусаж байв. Өөрөөр хэлбэл, АН өөрийнхөө хулгайг ярьж явсаар үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Үүний зэрэгцээ МАН эсрэг сөрөг пиарын сонин тараав. Энэ нь ч эргээд өөрт нь гай удсан.

Дөрөвдүгээрт, тойргуудад явуулсан нэр дэвшигчдийн дийлэнх нь дэндүү сул, хоосон хийрхэгчид байв. Нутаг усандаа нэр төртэй нэг нь АН-ыг санал тавьсан ч дөлөсхийж, битүүхэн МАН-аас санал горьдож байсан баримт ч цөөнгүй.

Тавдугаарт, хэвлэл мэдээллийн өргөн сувагт төдийлөн анхаарал хандуулсангүй. Тэр тусмаа нам муулах гэж сонин тарааснаас өөрөөр цаасан хэвлэлд ч анхаарал хандуулсангүй. Өнөөх л цахим орчинд давлагаа үүсгэж шейр, лайк харан баяссаар навс ялагдав. Уг нь сонгуулийн идэвх бүхий насны хүмүүс урсаад өнгөрөх цахимд бус бодит хэвлэл мэдээлэлд итгэл үнэмшлээ өгсөн хэвээрээ байгааг огт анзаарсангүй. Энэ мэт үндсэн шалтгааны улмаас ялагдал хүлээсэн.

 

ХҮН ТЭРГҮҮТНҮҮДИЙН  ХУГАЦАА ДУУССАН

 

ХҮН нам тэргүүтэй бусад нам огт хэрэггүй гэдгийг сонгогчид нэгэнт мэдэрсэн ийм чухал сонгууль боллоо гэж  хувьдаа дүгнэж байна. ХҮН намаас гадна "Үндэсний эвсэл" мэт олон нам, эвсэл сонгуульд өрсөлдсөн ч нэг нь ч санал авч чадаагүй нь жижиг намууд хэрэггүй гэж сонгогч олон үзсэн бололтой.

Нөгөө талаар ХҮН намын дарга Т.Доржханд Засгийн газарт орчихсон нь ч сонгогч олонд таалагдаагүй. Урьд өмнө НИТХ-д хоёр гурван төлөөлөгч энэ намыг төлөөлж байсан нь ч тийм сайн оноо авчраагүй. Хий хоосон улстөржилт байсан зэргээс харж дүнгээ тавьсан байх. Ерөөсөө жижгүүдийн хугацаа дууссаныг харуулсан хэрэг. Айсуй 2028 оны сонгуульд жижиг намууд цааш явахгүй гэдгийг энэ удаагийн орон нутгийн сонгууль харуулж байна.

С.Ууганбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top