Жүжигчин Ким Се Рун кино урлагт эргэн ирсэн нь ШҮҮМЖЛЭЛ дагуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 22

 

Жүжигчин Ким Се Рун өнгөрөгч 2022 оны тавдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт холбогдсноос хойш буюу 2.5 жилийн дараа кино урлагт эргэн иржээ. 

Тэрээр энэ сарын 21-нд Сөүлийн Тапгуль цэцэрлэгт хүрээлэнд зураг авалтад орж байсныг эх сурвалжууд баталсан бөгөөд тус киноны найруулагч ч мөн уг мэдээллийг баталжээ. Гэсэн ч тэрээр киноныхоо тухай дэлгэрэнгүй ярихаас татгалзсан байна. 

Олон нийт түүнийг ийнхүү кино урлагийн салбарт дахин гарч ирсэнд шүүмжлэлтэй хандаж эхэлжээ. Жүжигчин Ким Се Рун согтуугаар машин жолоодож яваад замын хажуугийн хашлага болон мод, трансформатор зэргийг мөргөж, ойр хавийн үйлчилгээний төвүүдийн цахилгаан тасалдахад хүргэсэн. Осол болсны дараа цусан дахь спиртийн хэмжээгээ шалгуулахаас татгалзан эсэргүүцэл үзүүлсэн түүний цуснаас ойролцоогоор 0.2 хувь буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс зургаа дахин их согтууруулах ундаа илэрсэн байна. 

Уг хэрэг болсны дараа түүнд 20 сая вонын торгууль ноогдуулахын сацуу түүний буруутай үйлдлээс үүдэн гарсан хохирлыг барагдуулахыг шаарджээ. 

Ким Се Руны гаргасан ослын улмаас ойр орчмын 57 дэлгүүр, айл өрх гурван цагийн турш цахилгаангүй байжээ. 

Шүүх хурлын үеэр жүжигчин Ким Се Рун хүрэлцэн ирсэн сэтгүүлчдээс уучлалт хүсэн, харамсаж буйгаа илэрхийлэн, хохирлоо барагдуулахын тулд чадах бүхнээ хийнэ хэмээжээ. Тэрээр "Санхүүгийн байдалдаа гомдоллож байсан удаа үгүй. Цагийн ажил хийж байсан минь үнэн. Мөн төлөх торгуулийн хэмжээ өндөр байгаа нь ч үнэн. Би дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй, уучлаарай" хэмээн уучлалт хүссэн байдаг. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top