Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буланд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын хэлсэн үгнээс онцолж байна.
УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бол хууль зүйн чиг үүргийн нэг том хэсэг. Дэлхийн улс орнууд ял эдлүүлэх үйл ажиллагаанаас бусад шүүхийн чиг үүргийг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэг гэж үзэхгүй байгаа. Ял эдлүүлэх үйл ажиллагаатай холбоотой дотроо дахиад цахим гавтай холбоотой асуудал яригдахаар үүний төсвийг бусад татвар төлөгчдийн нуруунд үүрүүлэх ёсгүй гэж үзэж байгаа юм. Зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээр энэ зардлыг төлүүлдэг болохоос бусад татвар төлөгчдийн мөнгийг энэ чиг үүрэгт зарж болохгүй гэдэг зарчим руу олон улс явж байгаа. Гэтэл манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ял эдлүүлэх болон бусад чиг үүргийг давхардуулаад ирэхээр шинэ чиг үүрэг нэмэгдэж байгаа юм чинь татвар төлөгчид мөнгө нэмж өгөх ёстой гэдэг буруу хандлага руу яваад байгаа юм. Ер нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ял эдлүүлэх болон бусад чиг үүргийг салгахгүй бол "даахгүй нохой булуу хураана" гэгчээр өөртөө баахан чиг үүрэг овоолоод, төсөв нэмдэг байдал хэтэрхий газар авч байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:
-Ипотекийн зээлийг орон нутагт түлхүү өгнө. Хотын зах руу түлхүү олгох бодлого барьж ажиллах ёстой гэж бодож байна. Журам нь хэрэгжиж эхлээгүй, хуучин журмаараа явж байна. Тэр 2013 оноос хойш ипотекийн зээлийн алдаа, оноог дэнсэлнэ. Залуу гэр бүл рүү түлхүү чиглүүлнэ. Бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг. Энэ ч утгаараа Засгийн газрын 100 хоногтоо багтааж Барилгын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол болохгүй. Эрх зүйн орчныг нь өргөн барьж, батлуулах шаардлагатай юм. Монголбанк бодлогын хувьд л оролцоно. Ипотекийн зээлийг журамлахгүй бол нэг гэр бүл 2-3 удаа зээл аваад байхаар орон сууцны үнэ хөөрөгдөөд байна. Зээл олон авсан хүн эхний байрандаа амьдраад, дараагийн байрнуудаа түрээсэлдэг болсон байна.
УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:
-Энэ 126 гишүүний хэд нь хугацаат цэргийн алба хаасан байдаг юм бэ. Надаас өөр цэргийн алба хаасан гишүүн байна уу, ер нь. Энэ олон дарга нарын хэд нь алба хаасан байдаг юм. Уг нь, тэр Үндсэн хуульд "Бүх нийтээрээ алба хаасан байх ёстой" гэж заасан. Тэр үүргээ биелүүлдэггүй. Одоо тэр цэргийн албанд тэнцдэггүй гэж байна. Өөрөөр хэлбэл, цэргийн албанд тэнцдэг залуус алга болсон байна. Бид ер нь бодлогоо өөрчлөөд, бүх нийтийг цэргийн албанд хамруулсан нь дээр. Одоо байгаа нэг жилийн хугацааг багасгаж, зургаан сар болгох хэрэгтэй. Зуны нөхцөлд орон байр шаардахгүй, алба хааж болдог. Үүнээс гадна батлан хамгаалах салбарт дроны анги байна уу. Ер нь, нэг дрон байна уу. Бараг ганц ч байхгүй байх. Бусад улс орнууд дроны ангитай болоод, өөрчлөгдөж эхэлсэн байна. Энэ чинь тоглоом биш л дээ.
Сэтгэгдэл ( 0 )