Хөх өвгөдийн онон одож нээн гэгээрсэн мөр гүн ухааны далайгаас чадан ядан бага жаахан хутгаж умдаалсанаа Та бүхэнд хүргэхээр хичээлээ.
XX зууны Монгол төрийн удирдагчид болох БНМАУ-ын Ерөнхий сайд, ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал Х.Чойбалсан, БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХ намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Юмжаагийн Цэдэнбал агсан нарын маршалын дүрэмт хувцасны алтан мөрдөст өлзий хээ урласан байдгийг хэн хүнгүй мэдэж буй биз ээ.
Мөн их дээд сургууль төгсөгчдийн энгэр дээр ромбо буюу монголоор сүйхэлжин хээгээр /өөрөөр хэлбэл өлзий хээ/ бүтээсэн энгэрийн тэмдэг гялалздаг. Цаашлаад манай охид бүсгүйчүүд сүүлийн үед өлзий хээн чимэглэлтэй ээмэг, зүүлт сондор, /хамгийн чамин тансаг бүхнийг сондор гэнэ/ бүсээр нэлээдгүй гоёх болжээ. Айлын хашаа хаалга, авдар сав гээд Их Монголын хаа ч явсан өлзий хээтэй төвөггүй таарна. Маршалын алтан мөрдөст заларч, төгсөгчдийн энгэр дээр гялалзаж, охид бүсгүйчүүдийн ээмэг, хүзүүнд сондорлох, бидний мэддэг хэр нь мэддэггүй ӨЛЗИЙ /сүйхэлжин/ хээний гүн далд чандын нууцаас хуваалцсуу.
Бидний өлзий хээ хэмээн нэрлэж дассан сүйхэлжин хээг “АЛТАН ӨЛЗИЙ АРВАН ТҮГЭЭМЭЛ” хэмээн монгол гүн ухаанд тодорхойлдог байна. Энэхүү АЛТАН ӨЛЗИЙ АРВАН ТҮГЭЭМЭЛ-ийн чанд нууцыг нээхийн тулд зайлшгүй ГЭР-ийн тухай ойлголтоо шинэчлэх шаардлага үүсэх нь.
Гэр хэмээх үгийн язгуур утга нь одны бөөгнөрөл буюу орчлон гэр, тэнгэр гэр, одон гэр, гарагин гэр, дэлхий гэр болно. Эдгээр гэрүүд нь оршихуйн сэтгэшгүй их хязгаар ба тэдгээр нь гэрийн бүтэц байгууламжтай хэмээн монгол суу ухаанд үздэг байна. Бидний дээдэс орчлонгийн гэрүүдийн бүтэц загвараар монгол гэрийг адилтган бүтээжээ. Монголчуудын аливаа зүйлийг бодит оршихуйтай уялдуулан үзэх гүн ухаан нь гэрийг агуу их оршихуй хэмээн тодорхойлж гэрийн онолыг нээжээ. Монголчууд буман жилийн /100 000/ өмнөөс даган мөрдөж ирсэн үндэсний “АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ”-тэй байсан гэдэг.
Энэхүү “АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ”-ний гол цөм нь:
-Гэрийн онол
-Уялгын онол
-Моны онол хэмээх гурван онол билээ.
ГЭРИЙН ОНОЛ
Гэрийн онолыг “Алтан дээд гэрээ”-нд тодорхойлохдоо “Гаднаас гийчилж ирэгсдийг гарцаагүй гэгээрүүлэгч орон зайг гэр гэдэг” хэмээн дурджээ. Тэгэхээр гэр гэдэг нь бидний ойлгодог хана, хаалга, унь, тооныг эсгийгээр бүрсэн сууц гэхээсээ харин гэгээрүүлэгч орон зай ажээ. Гэр нь ийнхүү гэгээрүүлэгч орон зай учир монголчууд өрх гэрээ ч, гэр бүлээ ч, улсаа ч гэрийн онолоор байгуулж тэдгээрийг гэр гэдэг үгтэй холбон нэрлэдэг байна.
Гэрийн онол бол улс гэрийг байгуулдаг, бас удирддаг онол. Монголчууд бүхий л зүйлээ гэрийн онолоор байгуулаад зогсоогүй улсыг засах ний тархийг ч гэрийн онолоор бүтээжээ. Үүнийг ГЭР ТАРХИНЫ ОНОЛ гэнэ.
Гэрийг хэрхэн Их Монгол Улсыг цогцлоох онолд оруулсныг товч дурдъя.
ТООНО-7 дээд эцгийн Огоу зөнг
БАГАНА-Ул 5 зөнг
ХАНА, ХААЛГА-Улсаа өмөөрөн босоо оршихуйн 9 ухааныг /6 ханатай гэрийн хана газар огторгуйг холбодог 550 нүдтэй./
УНЬ-950 сэхээрэл /95 омог отог * Арав эн түгээмэл=950 сэхээрэл
6 ханатай гэр 95 уньтай, /1 хана 15 унь=90+үүдний 5 унь/
ТУУРГА-Улс болон оршихуйн оюуны 8 санг.
БҮСЛҮҮР-Өнгөрсөн, Одоо, Ирээдүй гурван цагийг тус тус бэлгэднэ.
Ханын толгой /Мөн нэг хананд 15 толгой байна. Эдгээр нь Оул 6 бие+Их засгийн Күэн 7 биеийн 13 бие+Сүнс бие+Эзэн бие=15 биеийг төлөөлнө./
Үүнээс гадна гэрийн баруун багана эцгийн удамшлыг заах ба харин зүүн багана эхийн уламжлалыг илэрхийлж зон олон нь гэрийн хананд багтаж, дээдчүүд гэрийн туурганд нэгдэж аливаа бүхэн тоонодоо захирагдана гэсэн гүн агуулга бүхий гэрийн онол монголчуудын үндэсний дархлааг агуулж байдаг байна.
1206 онд их эзэн Чингис хаан Их Монгол Улсаа байгуулахад гарамгай гавьяа байгуулсан 95 ноёныг мянгатын ноёноор томилж, улсаа 95 мянгатад хуваасан нь нарны цацраг буух мэт 95 униар бэлгэдсэн гэдэг.
УЯЛГЫН ОНОЛ ба АЛТАН ӨЛЗИЙ АРВАН ТҮГЭЭМЭЛ
Монголчууд бид жил бүрийн улсын баяр наадмаар соёолонгийн тоосонд даруулахаар аймаг, сум, улсынхаа соёолон насны морин уралдааныг зорьдог. Хамгийн хурдан эрч хүчтэй адуу болох соёолонгийн тоосонд дарагдвал тэр жилдээ аз хийморьтой явна хэмээн үздэг. Энэ уламжлалын анхны улбаа мөр их эзэн Чингис хааны Уялгын онолоос эхтэй байж мэдэх юм.
Уялгын онол гэдэг нь их засгийг бүтээж, улмаар улсын төсвийн зүй болон сан хөмрөгийг баялаг байлгадаг онол. Одоогийнхоор бол эдийн засгийн онол юм. Энэ онол нь Их Монгол Улсын үндэсний ахуй гэсэн ойлголттой шууд уялдана.
Үндэсний ахуйг ямар нөхцөлд бадраах вэ? ямар тохиолдолд нураах вэ? гэсэн улс төрийн томьёоллын талаар их эзэн Чингис хаан дараах үндэслэлүүдийг тодруулан тавьжээ.
Үүнд АЛТАН ДЭЭД ҮНЭН-ийг үгүйсгэж, хамтын хариуцлагыг орхиж, дээд зөнг үнэгүйдүүлж, дээд сэтгэхүйг хаях нь үндэсний ахуйд, түүний оршин тогтнолд том аюул заналхийллийг учруулна. Есөн ухааныг хоослох, найман оюуныг үгүйсгэх, гэгээн засгийг сүйрүүлэх, нүүдлийн соёлыг бузарлах нь үндэсний ахуйг булшлахад хүргэнэ гэж их эзэн Чингис хаан томьёолжээ.
Эдгээр томьёолол нь Их Монгол Улсын АЛТАН ДЭЭД ГЭРЭЭ-г 1225 онд Чингис хааны их засаглалын Үндсэн хууль болгоход гол тулгуур нь болж өгсөн гэдэг.
Их эзэн Чингис хаан Их Монгол Улсын үндэсний ахуйг Их Засгийн үндсэн хуульд “СОЁОЛОН МОРИНЫ ЭРЧИТ ХАТИРАА шиг агуу их ахуй мөн” хэмээн тодорхойлжээ.
Тэрээр “Болохын хилд хазаартай морин жаягт бидний улс болохгүйн хилд ч онолтой боллоо. Цахилж яваа соёолонгийн хурдаар болохгүйн хилд ороход үл осолдохуйн энэ онол нь күэн долоон биеийг олохын алтан дээд жаяг, арван түгээмлийгээ ахуй бие болгох үндэсний “Алтан дээд гэрээ” болсон оройн дээд өтүгэ язгуурт хууль болгохдоо:
• Цахилж яваа цагаан бор соёолонг ахуй биеийн онгонд болгоон гэрээнд соёрхоорой.
• ИХ ЗАСГИЙГ толгойд нь залж бөө гэгээн тархи болгон тэнгэрээр соёрхоорой.
• ХАМТЫН ХАРИУЦЛАГЫГ хүзүү сээрэнд нь бөх бие болгож амьдрахуйд соёрхоорой.
• ҮНДЭСНИЙ АЛТАН ДЭЭД ҮНЭН-ийг зоо нуруу болгож мөнх тэнгэрийн зарлигт соёрхоорой.
•МЯНГАН ХҮНСЧ, МӨРГҮН СЭХЭЭРЛИЙГ /Гэгээрүүлэгч орон зай/ нэү уртай хослуулж амин эх-үрэнд соёрхоорой.
• ЕСӨН УХААН, НАЙМАН ОЮУНЫГ урд хөлд нь болгоож гишгэхийн өмнөх тэмтрэл болгоорой
• ОГОУУЛ ЗӨН /12 зөн/, ХӨХ МОНГОЛ СУУ /Хөх монгол сэтгэхүй/ хоёрыг хойд хоёр хөлд нь болгоож ниргэгчээр аваарай.
• ЕРЭН БҮТЭЭВЭРТ НҮҮДЛИЙН СОЁЛЫГ сүүл болгон ухаарч, туг, сүлд, сүнсээр соёрхоорой хэмээн их хаан уялгын онолыг тайлж улс гэрийн ахуй биеийг байгуулах үндэсний дээд хуулийг буулгажээ.
ИХ ЗАСАГ-ТОЛГОЙ
ЕСӨН УХААН-УРД ХӨЛ
ХАМТЫН ХАРИУЦЛАГА-ХҮЗҮҮ СЭЭР
НАЙМАН ОЮУН-УРД ХӨЛ
МЯНГАН ХҮНСЧ МЭРГЭЖИЛ-ХЭВЛИЙ
ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ОРОН ЗАЙ-ХЭВЛИЙ
12 ЗӨН-ХОЙД ХӨЛ
АЛТАН ДЭЭД ҮНЭН-ЗОО НУРУУ
ХӨХ МОНГОЛ СЭТГЭХҮЙ-ХОЙД ХӨЛ
НҮҮДЛИЙН СОЁЛ-СҮҮЛ
Эдгээр арван түгээмэл нь УЛС ГЭРИЙН АРВАН ТҮГЭЭМЭЛ болно.
Харин улс гэрийн эдийн засаг буюу ахуйн арван түгээмэл нь:
Хөх Монголыг төрөөр бадраагч-Нэүрит засаг
Амин чанарын эх-газар
Ертөнцөд бойжиж, тэнгэрт мэндэлсэн-ирГүн
Нүүдлийг айдасгүй болгосон-айл
Нүүдлээс нэүрит сэрэхүйг олсон-мал
Хөг бүтээх үйлийн орон-гэр
Хүчийг ухаанаар үржүүлэх-багаж
Ихийг багаар тэгшитгэх-хэм шүүс
Үл өлсөн тэгш цадах-хүнс
Дутсаныг илүүгээр нөхөх-сан
Энэхүү АРВАН ИХ ТҮГЭЭМЭЛ нь АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ болно.
Их Монгол улсын үндэсний ахуйг ЭР, ИР, УР цогцолсон тэнгэрийн цогц хүчин мөн гэсэн их тэгш томьёоллыг их Тэмүүжин Чингис хаан дэвшүүлэн тавьсан байна.
Ийнхүү үндэсний ахуй гэсэн ойлголт монголчуудын улс төрийн гүн ухааны гайхамшигт ухагдахуун болж чадсан төдийгүй улмаар эзэн байх эрхээ эдлэх чадварыг монгол хүн бүр эзэмшиж үүнийгээ үндэсний дархлаа болгож, дээд бодлоготой шүтэлцүүлэх боломжийг олгожээ.
Ийнхүү найман зууны тэртээх дээдэс үндэсний ахуй /Уялгын онол/ гэсэн ойлголтыг Их Монгол улсын оршин тогтнолтой холбож чаджээ.
“АЛТАН ӨЛЗИЙ АРВАН ТҮГЭЭМЭЛ” нь УЯЛГЫН ОНОЛ-ыг зангидсан дээд илэрхийлэл бөгөөд Их Монгол Улсын “ҮЛ ОСОЛДОХУЙН ЗАГВАР”-ыг нууцалсан код ажээ.
МОНЫ ОНОЛ
Моны онол нь хүмүүсийг гэгээрүүлэх төдийгүй бас амьдралыг засагч эрдэм ухаанд боловсруулахын зэрэгцээ орчлон ертөнцийн оршихуйн жам ёсонд зохицон хамгийн цэвэр ариун, үнэн шударга амьдрах амьдралын зүйд боловсруулсны үндсэн дээр хүн бүрийг тэсэж үлдэх чадвартай ирГүн буюу амьдралын од болгон төлөвшүүлдэг онол юм.Эдгээр онолыг төрийн тулгуур гурван онол ч гэж нэрлэдэг.
Тэдгээрийг авч үзэхийн тулд эхлээд күэн долоон биет их засгийн тухай мэдэх ёстой.
Чингис хааны босоо голчид Их Засгаар сүндэрлэсэн Их Монгол Улс, үндэсний Алтан дээд гэрээ, хөх Монголыг төрөөр бадраагч нэүрит засаг, долоон биеэр орших тусгаар тогтнол, 108 түвшин сайхан нийхэм гээд цааш бичвэл цаг цаас багадах тул түр завсарлая.
Энэ цагийн элдэв хямрал, гай барцад, дайн дажин, үхэл хагацлаар дүүрэн түгшүүрт дэлхий дахинд цахилж яваа соёолонгийн эрчит хатираагаар уналт, сүйрэл, тамлал, доройтуулалыг сэтэлж, болохгүйн хилд үл осолдохуйн онолоор замнаж тэсэж үлдэх ганцхан зам бидэнд үлдээд байна.
Их Монгол Улсаа гэрийн, уялгын, мон-ы онолоор бадраан 108 түвшин сайхан нийхэмийг сүндэрлүүлсэн агуу дээдсийнхээ хөх суу ухааны чанд нууцыг ухаж нээх, сурч судлахыг монгол хүн бүр үүргээ хэмээн үзэх нь хөх монголыг манлай улс болгон дахин цогцлооход үнэлж баршгүй хувь нэмэр болох болно.
Өнөөгийн Монголоо Чингис ухаанаар эрдэмжүүлж өөрсдөө Чингис ухаанаа эзэмшин үндэсний бахархлаа бадраацгаая.
Их эзэн Тэмүүжин Чингис хааны мэлмий гийсний бахархалт өдөр өндөр дээдсийн сургаалаар гэгээрүүлэгч орон зай болох 95 уньт өргөө гэртээ элчит улаан галаа бадрааж, аагтай шаргал цайгаа дээжлэн идээ, цагаа, сархад тэргүүтнийг дэлгэн цагийг эзэлсэн их хаан Тандаа өргөн барилаа.
...Хамаг номын рашааныг
Ханахуй чинээгээр хүртээд
Хаан эзэн Чингисийн өмнө
Хамаг бүгдээр жаргая.
Далай их дээдсийн гэгээн үйлс, дандаа энхжин үүрд мөнхжих болтугай.
Халхын өндөр Гонгор овогт Даваанямын Аззаяа
XVII жарны хөх луу жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 1-ний
Морин цаг дор
Сэтгэгдэл ( 0 )