Эсэргүүцлийн цуглаан тайван өндөрлөсөн байна

Л.Батбаяр | Zindaa.mn
20 цагийн өмнө

Гүржийн нийслэл Тбилиси хотын төв дэх тус улсын парламентын ордны гадаа болсон эсэргүүцлийн ээлжит цуглаан ямар нэгэн адал явдалгүй тайван өндөрлөсөн байна.

Арваннэгдүгээр сарын 28-наас хойш өдөр бүр зохион байгуулж буй эсэргүүцлийн 15 дахь ажиллагаа парламентын ордны гадаа болж, түүнд Гүржид айлчилж байгаа Европын парламентын депутатууд оролцжээ. Тэд эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчидтэй ярилцаад, явж одсоны дараа жагсагчид тарж эхэлсэн байна.

Гүржийн парламентын гадаа өдөр бүр болж байгаа эсэргүүцлийн ажиллагаа эхний долоо хоногтоо маш хурц мөргөлдөөнтэй өрнөж, зарим жагсагчид хүчний байгууллагуудын албан хаагчид руу төрөл бүрийн салютаар харваж, цагдаа нар хариуд нь ус шүршигч, нулимс асгаруулагч хий хэрэглэж байсан юм. Мөргөлдөөн шөнөжин үргэлжилж, тусгай зориулалтын хүчний албан хаагчид жагсагчдыг Руставелийн өргөн чөлөөнөөс түрэн гаргаснаар өндөрлөж байжээ. Харин сүүлийн өдрүүдэд жагсаал цуглаан тайван өрнөж, хууль хамгаалах хүчнийхэн цуглаан болж байгаа газарт эргүүл хийхээ больсон байна.

Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” нам тус улсын Европын Холбоонд элсэх асуудлыг 2028 оныг дуустал хөндөн хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэсэн тухай Гүржийн ерөнхий сайд Ираклий Кобахизе мэдэгдсэн нь эсэргүүцлийн ажиллагаа эхлэх шалтгаан болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top