Парламентын сонгуулийг дахин явуулахыг уриалсан тогтоолыг шал утгагүй зүйл гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

Гүржийн ерөнхий сайд Ираклий Кобахизе тус улсын эрх баригчдад парламентын сонгуулийг дахин явуулахыг уриалсан Европын Зөвлөлийн парламентын ассамблейн /ЕЗПА/ тогтоолыг шал утгагүй зүйл гэж мэдэгджээ.

“Европын хүнд суртлын аппарат хүнд байдалд байгааг шударга бус, огт утгагүй энэ шийдвэр харуулж байна” гэж Кобахизе телевизийн "Имеди" сувагт ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна. “ЕЗПА Гүрж улстай харилцах хандлагаа өөрчилбөл тус байгууллагын үйл ажиллагаанд Гүрж эргээд оролцоно, харин одоогийн нөхцөл байдалд тэнд ажиллах ямар ч утгагүй юм. Харин манай улс Европын Зөвлөлийн гишүүн хэвээр бөгөөд хамтран ажиллахад бэлэн байгаа” гэж тэр мэдэгджээ.

Гүржид энэ оны аравдугаар сарын 26-нд болсон парламентын сонгуулиар эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” нам 53,93%-ийн саналаар ялалт байгуулж, парламентын 150 суудлын 89-ийг нь авсан юм. Сөрөг хүчний дөрвөн нам 5%-ийн босгыг бас давсан. Эдгээр нам нь Гүржийн ерөнхийлөгч асан Саломе Зурабишвилийн хамт сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Сөрөг хүчний намууд парламентын үйл ажиллагаанд оролцохгүй байгаагийн зэрэгцээ эсэргүүцлийн ажиллагааг өнгөрсөн оны арваннэгдгээр сарын 4-нөөс хойш өрнүүлж байна. Эсэргүүцлийн ажиллагаа өрнүүлсээр байгаа Гүржийн сөрөг хүчин тус улсын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж чадахгүй гэж тус улсын ерөнхий сайд мэдэгдэж байгаа юм.

“Туйлширсан эрс үзэлт сөрөг хүчин хүчирхийлэл үйлдэх санхүүгийн нөөцтэй байх тохиолдолд л улс оронд хор хөнөөл учруулж болзошгүй. Бид тэдний санхүүгийн ийм нөөцийн сувгийг хаасан болохоор улс орны хөгжилд тэд саад тотгор учруулж чадахгүй. Сөрөг хүчин нэгдүгээр сар гарснаас хойш өдөрт 500 хүн ч цуглуулж чадахаа больсон” гэж Кобахизе онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu