Гүржийн нөхцөл байдалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 10 сарын 29

Европын Холбооны гишүүн Чех, Дани, Герман, Эстони, Финланд, Франц, Ирланд, Литва, Нидерланд, Люксембург, Польш, Португали, Швед зэрэг 13 улсын Европын асуудал эрхэлсэн сайд нар гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд Гүржийн парламентын сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдтэй холбоотойгоор тус улсад үүсээд байгаа нөхцөл байдалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлээд, эсэргүүцлийн хөдөлгөөн болон засгийн газрын хариу үйлдлийг тайван замаар өрнүүлэхийг уриалсан байна.

“Олон улсын ажиглагчид сонгуулийн кампанит ажлын үеэр болон сонгуулийн өдөр олон зөрчил илэрсэн тухай мэдээлсэн. Чөлөөт, шударга сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээг зөрчсөн бүх үйлдлийг бид буруушааж байгаа бөгөөд бүх гомдлыг шударгаар мөрдөн шалгаж, илэрсэн зөрчлүүдийг арилгахыг шаардаж байна” гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ. “Сонгуулийг шударгаар явуулахтай холбоотой зөрчлүүд гаргасан нь Европын Холбоонд элсэхээр нэр дэвшсэн улсын баримтлах стандартад нийцэхгүй юм” гэж мэдэгдэлд онцолсон байна.

АНУ болон Европын Холбоо Гүржийн парламентын сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг мөрдөн шалгах байгууллагын талаар зөвлөлдөж байна гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Мэттью Миллер ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Аравдугаар сарын 27-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гүржийн парламентын сонгуулийн үеэр гарсан зөрчлүүдийг мөрдөн шалгахыг уриалсан юм. Мөн Гүржийн засгийн газар баримталж буй бодлогоо өөрчлөхгүй бол энэ нь цаашдаа таагүй үр дагаварт хүргэж болзошгүй гэж АНУ-ын засаг захиргаа анхааруулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal hudalaa buraad (66.181.186.67) 2024 оны 10 сарын 29

uls oronii dotood heregt bvdvvlegeer orj baigaa evropiin vnen nvvr tsrai yum daa..

0  |  0
Top