АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаа өгч буй Жо Байден бүрэн эрхийнхээ хугацаанд явуулсан гадаад бодлогынх нь гол үр дүн бол Оросын түрэмгийллийн эсрэг Украинд үзүүлсэн дэмжлэг байлаа гэж дүгнэжээ.
“Путин Украины эсрэг довтолгоо эхлүүлж байхад Киевийг хэдхэн хоногийн дотор эзэлнэ гэж бодож байлаа. Үнэн хэрэгтээ дайн эхэлснээс хойш тэр биш харин би Киев хотын төвд очиж байв. Путин хэзээ ч очоогүй. Бодож үзээрэй” гэж Жо Байден Төрийн департаментад үг хэлэхдээ онцолжээ.
“Би АНУ-ын зэвсэгт хүчний хяналтаас ангид цэргийн ажиллагааны бүсэд очсон цорын ганц ерөнхий командлагч болсон” хэмээн Жо Байден онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр “Бид Украинд Путиныг зогсооход нь тусалсан. Гурван жилийн дараа Путин стратегийн зорилгынхоо нэгэнд ч хүрээгүй л байна. Тэр Украиныг эрхшээлдээ аваагүй л байна. НАТО-ийн эв нэгдлийг нурааж чадаагүй. Их хэмжээний газар нутаг эзэлж чадаагүй” хэмээн өөрийнхөө ажлыг дүгнэжээ.
Жо Байден 2023 оны хоёрдугаар сард буюу Украинд дайн эхэлснээс хойш яг нэг жилийн дараа Киевт айлчилж байсан билээ.
Тэрбээр эхлүүлсэн замаасаа эргэж буцахгүй байх нь чухал гээд Украиныг хэрхэн дэмжсэнээс Ази хүртэлх олон улсын хувь заяа шалтгаална хэмээн мэдэгдэв.
“Бид олон зүйлийг хийх ёстой. Украиныг дэмжихийн тулд бид Европын төдийгүй Азийн нийт 50 улсыг нэгтгэж чадсан. Азийн улс орнууд Украинд болж буй үйл явдал тэдэнд ач холбогдолтой болохыг ойлгосон” гэж Байден онцолсон байна. Түүний хэлснээр, өнөөгийн засаг захиргаа дэлхий дахины дэмжлэг авч, Украин дахь ажлаа амжилттай гүйцэтгэж, хоёр цөмийн их гүрний хооронд дайн дэгдэхээс сэргийлж чадсан. АНУ-ын хүчин чармайлтын ачаар Украин улс эрх чөлөөт, тусгаар улс хэвээр байгаа бөгөөд өмнө нь гэрэлт ирээдүй хүлээж байна гэж мэдэгдэв.
Энэ сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд Бүгд найрамдах намаас сонгогдсон Доналд Трамп очно. Тэрбээр Орос, Украины дайныг шийдвэрлэх тал дээр одоогийн засаг захиргаанаас өөр байр суурийг илэрхийлж байгаа. Трамп энх тайвныг ойрын хугацаанд тогтоохын төлөө байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа илэрхийлсэн билээ.
Килийн дэлхийн эдийн засгийн дээд сургуулийн мэдээллээр, Украинд бүрэн хэмжээний дайн эхэлснээс 2024 оны аравдугаар сарын хооронд АНУ-ын зүгээс Украинд үзүүлсэн тусламжийн хэмжээ 88 тэрбум ам.долларыг давжээ.
БНХАУ, Ойрх Дорнодын талаар
АНУ-ын дайснууд өдгөө илүү сул дорой болсон хэмээн Жо Байден хэлсэн үгэндээ онцлов. АНУ нь зорилгодоо хүрэхийн тулд дайн эхлүүлээгүй гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Нэгдсэн Улс дэлхийн тавцан дахь гол тоглогчдын хоорондын өрсөлдөөнд ялж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засаг дэлхийд хамгийн хүчтэй хэвээр байна. Хятад улс АНУ-ыг түрүүлж чадахгүй гэжээ.
“Хятадын эдийн засаг АНУ эдийн засгаас илүү хүчтэй болно гэж шинжээчид үзэж эсвэл таамаглаж байсан. Олон урьдчилсан таамгаас үзвэл 2030 он гэхэд Хятадын эдийн засаг тэргүүлнэ гэж байсан. Харин бид үүнд “үгүй” гэж хэлсэн. Бид өөртөө хөрөнгө оруулах, өөрсдийнхөө ажилчид, технологийг хамгаалах шийдвэр гаргаж байсан. Сүүлийн үеийн мэдээллээр, хятадууд биднийг хэзээ ч гүйцэхээргүй байна“ хэмээн онцолсон байна.
Байден АНУ Иран болон түүний дэмждэг Хамас, Хезболла бүлэглэлүүдийг сулруулахад туслалцаа үзүүлсэн гээд Тегераны бүс нутгийн бас нэг холбоотон болох Сирид Башар Асадын дэглэм нурсныг сануулав.
Бүхий л үзүүлэлтээрээ Ираны байр суурь хэзээ хэзээнээс илүү сулраад байна гэж Байден тэмдэглээд үүнд АНУ ихээхэн үүрэг гүйцэтгэснийг сануулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Израилын Засгийн газар, Палестины Хамас хөдөлгөөнтэй хооронд ойрын хугацаанд Израилын барьцааны хүмүүсийг суллах, Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээр байгуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Уг хэлэлцээрээр барьцаанд байгаа хүмүүс суллагдах, цэргийн ажиллагаа зогсох, Израилын аюулгүй байдал бэхжих, Хамасын дэгдээсэн дайны улмаас аймшигтай зовлон, шаналал амссан палестинчуудад зориулагдсан хүмүүнлэгийн тусламж нэмэгдэх боломж нээгдэнэ гэв.
Палестинчуудын эрхийн төлөө тэмцэгчид Жо Байденыг Газын зурваст дайн эхэлснээс хойш Израилд зэвсэг нийлүүлсээр байгааг шүүмжилдэг. Палестины Хамас хөдөлгөөний Израилд хийсэн халдлагын улмаас 1200 израил хүн амиа алдаж, 250 гаруй хүн барьцаалагдсан. Израилын зүгээс Газын зурваст явуулж буй хариу ажиллагааны үеэр 46 мянга гаруй хүн амь эрстээд байна. Газын зурвасын ихэнх хэсэг сүйрсэн.
Иран, Орос, Хятад, Умард Солонгос зэрэг авторитар дэглэмтэй улс орнууд хоорондоо улам нягтарч байгаа нь хүч чадлынх нь гэхээсээ илүү сул дорой нь илэрхийлэл хэмээн Жо Байден мөн дүгнэжээ.
Өдгөө 82 настай Байден Трампын эхний бүрэн эрхийнх нь хугацаатай харьцуулахад зарчмын хувьд илүү хүчтэй байр суурьтай АНУ-ыг өвлөн авч байна хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )