Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.15/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, П.Батчимэг, Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Баатархүү, Г.Ганбаатар, А.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар, О.Саранчулуун, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг нийт 80 гаруй хүн оролцож байна.
Хэлэлцүүлгийг нээж, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл холбогдох хуульд заасан тоонд хүрсэн тул Монгол Улсын Их Хурал авч хэлэлцэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ажлын хэсгийн ахлагч бөгөөд сонсгол даргалагчаар миний бие сонгогдсон гэлээ.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг тус тус баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоолыг баталсныг дурдаж байлаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд даргалсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хэлэлцүүлэг явуулах дэг, хөтөлбөрийг танилцуулсан. Хэлэлцүүлгийн ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшиндээ нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэж буйг хэлэлцүүлэг даргалагч С.Эрдэнэболд гишүүн энэ үеэр онцлон тэмдэглэсэн.
Сэтгэгдэл ( 0 )