Агаарын бохирдол уушгины хатгалаа өвчлөлийн 18 хувийн шалтгаан болж байна

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлгийн эхэнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөө”-ний талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Орчны эрүүл мэнд гэсэн ойлголтод агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, ундны усны чанар, аюулгүй байдал, хөрсний бохирол, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын асуудал багтдагийг дурдаад агаарын бохирдол нь уушгины хатгалаа өвчлөлийн 18, уушгины архаг бөглөрлийн 13.3 хувь, тархины судасны өвчний 31 хувь, зүрхний ишемит өвчний 31,4 хувийг эзэлж буй тоон баримт байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрбээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авах арга хэмжээний талаар танилцуулсан. Тухайлбал, богино хугацаанд эрүүл мэндийн салбар болон салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудын дотоод орчныг сайжруулах агаар цэвэршүүлэгч, цонхны агаар шүүгч, агааржуулалтын системийг шинэчлэх, эрсдэлт бүлгийн хүн ам буюу бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудад чиглэсэн арга хэмжээнүүд авах, эрүүл мэндийг сайжруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоо, дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах шаардлагатайг дурдсан.

Мөн иргэд өрх гэр бүл, аж ахуйн нэгжийн оролцооны хүрээнд эрүүл мэнд болон эрсдэлт хүчин зүйлийн талаар мэдлэг олгох, олон нийттэй оновчтой харилцаа үүсгэх, мэдэх эрхийг нь хангах, маск зүүх, гар угаах, спиртен суурьтай гар халдваргүйжүүлэх бодисоор хангах, гэр хорооллыг ногоон байгууламж бий болгох, нүхэн жорлонг устгах, хог хаягдлыг цэгцлэх арга хэмжээг холбогдох салбарын яамдууд авч хэрэгжүүлнэ гэж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top