1995 онд анх удаа Ус ашигласны төлбөрийн тухай хууль батлагдаад уг хуулийн хүрээнд уул уурхайн компаниуд гадаргын ус ашиглавал 100 төгрөг, газрын доорх ус ашиглавал 150 төгрөгийг метр.куб тутамд төлөхөөр заасан байдаг. Энэ хууль үндсэндээ хэрэгжиж чадахгүй явсаар 2005 онд Усны Хэрэг Эрхлэх Газар байгуулагдсанаар компаниудаас мөнгө авч эхэлсэн бөгөөд 2009 оноос 150 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнийг өндөр байна гэж уул уурхайнхан хэлж байгаа. Уул уурхайн компани талдаа хэцүү байгаа ч 120 орчим гол горхи уул уурхайн компанийн нөлөөлөлд өртөөд байгаа энэ үед тэр нөлөөллийг арилгаж чаддаггүй юмаа гэхэд багасгахын тулд арга хэмжээ авах хэрэгтэй гэж мэргэжлийнхэн үздэг.
Манай усны төлбөрт дөрөв орчим тэрбум төгрөг хуримтлагддаг байна. Энэ мөнгө усны асуудалдаа эргээд зарцуулагдахгүйгээр, төрийн албан хаагчдын цалин зэрэг зүйлд яваад өгдөг ажээ. Ингээд бодохоор байгалийн баялгийг аваад ашиг олж байгаа компани эргээд байгальдаа юу өгөх вэ гэдгээ бодох ёстой. Гэр хорооллын өрхүүд нэг литр усыг нэг төгрөгөөр авдаг. Уул уурхайн компаниудын 150 төгрөгөөр худалдаж авч байгаа нэг метр.куб усыг гэр хорооллынхон 1000 төгрөгөөр авч байна гэсэн үг. Энэ хооронд ялгаа байгаа.
Ус ашигласны төлбөрийг өөрчлөх талаар яригдаж байна. Гэхдээ нэг тоо санаанаасаа зохиогоод гаргахгүй нийт орлогынх нь нэг хувиас хэтрүүлэхгүй байхаар бодож байгаа гэсэн. Ийм үед тухайн компани усанд хэдэн төгрөг төлөх багцаатай болох ажээ.
Мөн ус бохирдуулсны төлбөр бий болгох гэнэ. Их ч ашиглаж байсан, бага ч ашиглаж байсан ус бохирдуулсан л бол төлбөр төлнө гэсэн үг. Аливаа аж ахуйн нэгж ашгийн төлөө явдаг болохоор ашгаа нэмэгдүүлэх арга зам нь зардлаа багасгах байдаг. Бохирдуулсны төлбөр төлөхгүйн тулд уул уурхайнхан шинэ технологи оруулах зэргээр анхаарч эхэлнэ гэж усны мэргэжилтнүүд үзжээ. Шинэ зүйл хийж чадвал ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлөгдөнө. Усны үнэ нэмнэ, шинэ төлбөр бий болгоно гээд байгаа нь дэвшилтэт технологиор дамжуулан компаниудын зардлыг багасгахад чиглэж байгаа гэж болохоор гэнэ. Ашиглах явцдаа хамтарч хамгаалах хэрэгтэй.
Эх сурвалж: Геологи, уул уурхайн мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )