Японы ерөнхий сайд Шигэрү Ишиба энэ оны хоёрдугаар сарын 7-нд Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай анх удаа яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж Asahi сонин мэдээлжээ.
Одоо талууд энэ огноог эцэслэн тохиролцож байгаа аж. Шигэрү Ишиба, Дональд Трамп нар аюулгүй байдал, эдийн засаг болон худалдааны асуудал хэлэлцэх юм байна. Хоёрдугаар сард АНУ-д хийх айлчлалынхаа үеэр Ишиба Трамптай тогтоох харилцаандаа “нөөцийн дипломат харилцааг” эн тэргүүнд тавих бодолтой байгаа тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. Учир нь Трамп АНУ-ын эрчим хүчний эх үүсвэрийн олборлолтыг нэмэгдүүлэх, дэлхийн экспортод эзлэх хувиа өсгөх замаар эрчим хүчний салбарт Америкийг давамгай байдалтай болгох тухай нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.
Америкийн шингэрүүлсэн байгалийн хийг сонирхож байгаагаа Японы эрх баригчид алба ёсоор мэдэгдэж байсан юм. Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ёзи Мүто энэ оны нэгдүгээр сарын 21-нд Америкийн шингэрүүлсэн байгалийн хийг нэмж худалдан авч болох тухай шууд хэлээгүй ч АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байдены шингэрүүлсэн байгалийн хийн экспортод тогтоосон хязгаарлалтыг цуцлах нь эрэлт, нийлүүлэлтийн хурцадмал байдал ажиглагдаж байгаа дэлхийн шингэрүүлсэн хийн зах зээлд нөлөөлж, зах зээлийг тогтворжуулахад тус дөхөм үзүүлнэ гэж тэмдэглэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )