Айл хүний амь нэг саахалт айлын санаа нэг. Хүн бай, амь бай. Айл хотлоороо амь нэгтэй ахул аюулыг сөрнө, айдсыг үргээнэ. Хажуу айлдаа ханилгаатай яв. Хар шөнөөр хаалга нүдэж хашгираад байгаа хүүхдүүдээ унтуулаач гээд загнах биш харин аядуулж гэгээн өдрөөр гэм буй бол дуулгаж дугтарч байвал зохилтой наад захын монгол ёс жудаг алдагджээ.
Хөршийн холбоо гээд л социализмын үед хөөрхөн эвсэл байж билээ. Одоо тийм найрсаг харьцаа ч алга, наад цаадах айлаа ч мэдэх хүн үгүй. Намаржаа нь болж л байвал намжаа дэлсэнэ үү, дэлбэрнэ үү хамаагүй болсон хачин цаг. Хайлган сэтгэлт ч өдрийн од мэт бүгжээ. Халуун дотно харилцаа ч үгүй болжээ. Хөрөнгө хөөж, мөнгөнд мөргөөд байвал мөдхөн хүн төрөлхтөн сүйрэх дохио, сөнөх тавилангаа дуудаж буй нь тэр ээ.
Хүчтэй сайхан амьдарч байвал бүр л хүндлэл оршоож хүн зондоо элэгтэй байвал барав. Хөдөрч яваа нь ч адилхан хүн хүнтэйгээ, хөрштэйгээ найрсан хандвал зохилтой. Гэр хороололд чухам ямар байдгийг барагцаалахгүй байна, байшин хороолол бол батганы үүр л гэсэн үг. Байгаа үгүй нь мэдэгдэхгүй, баясал ч дуулдахгүй, хаалгаа хамар дороо хаагаад л гүйцээ. Хахир болжээ. Хайран сайхан монгол монгол ёс. Заншил бол жам, жам бол жаяг.
Жаягаа алдаад ирэхээр замаа гээдэг ёсонтой. Захирч дугтрах хүнгүй бол займарч гүйцэх ёр. За даа, ингээд тогтоё, заримыг нь та нар гүйцээмүй.
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )