Ж.Энхбаяр: Бид эцсийн дүндээ экспортыг бодлогоор дэмжинэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

 

Зөвлөлдөх уулзалтын үеэр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үндсэн төлөвлөгөө, арга хэмжээг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ, ХХААХҮЯ, Монголбанк болон арилжааны 10 банктай хамтран ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Зөвхөн 2025 онд боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нийт 788.9 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох юм. Энэхүү санхүүжилтийг 2025 оны улсын төсөвт суулгаснаар арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн бол ХХААХҮЯ хүүгийн хөнгөлөлтийн зөрүү болох 66.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэх юм. Хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 100 тэрбум төгрөгийг ноос ноолуур, арьс шир боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд олгоод байгааг танилцууллаа.

 

 

Ийнхүү хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, боловсруулах салбарт хөрөнгө оруулснаар  ноолуурын бүрэн боловсруулалтыг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1.5 их наяд төгрөгөөс 2.3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000гаруй ажлын байр бий болно. Ноосны боловсруулалтыг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болно. Арьс, ширний боловсруулалтыг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000гаруй ажлын байр бий болно хэмээн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хэрэгжих 4 жилийн зорилтыг танилцуулав. Хөдөлгөөний нийт санхүүжилт нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1.5 их наяд төгрөгийг нь  арилжааны банкууд санхүүжүүлэх тооцоо гаргажээ.

 

 

Мөн малын гаралтай түүхий эдийн боловсруулалт, үйлдвэрлэлээр дамжуулан экспортыг дэмжих “Цагаан алт” хөдөлгөөн нь хөнгөн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Атрын IV аян”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” үндэсний хөдөлгөөнүүдтэй нягт уялдаатай хэрэгжиж буй онцолсон юм.

Зөвлөлдөх уулзалтын хэлэлцүүлгийн үеэр ноос ноолуур, арьс ширний салбарын мэргэшсэн холбоод нэгдсэн саналаа илэрхийлэв. Тухайлбал, үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргасан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, боловсруулах шат дамжлага хооронд ногдуулдаг НӨАТ-ыг чөлөөлөх, судалгаа шинжилгээний нэгдсэн лабораторитой болох, экспортын нэгдсэн брэнд үүсгэн, “Монгол ноос, ноолуур” шошго дор маркетингийн бодлогоо нэгтгэх, төрөөс боловсруулах үйлдвэрүүдийн хүний нөөцийн бодлогод дэмжлэг үзүүлэх саналаа хэллээ.   

 

 

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн хэлсэн санал, дүгнэлтэд хариулт өгсөн бөгөөд тэрбээр “Хөнгөн үйлдвэрийн салбарт сэргэлт авчрах үндэсний хөдөлгөөн иж ажил дөнгөж эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн хөтөлбөрүүдийн дүнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт техник технологи, тоног төхөөрөмжийн том дэвшил гаргаж чадсан. Дэлхийн малын гаралтай түүхий эдийн зах зээлийн төлөв ч өөдрөг байгаа. Энэ үеийг бид ашиглах ёстой. Одоо “Цагаан алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх компаниуд өнгөрсөн 30 жилд салбартаа шалгарч, туршлагажиж үлдэж чадсан. Салбартаа үнэнч үлдсэн аж ахуйн нэгжүүд. Тиймээс “Цагаан алт” хөдөлгөөн задгайрахгүй амжилттай хэрэгжинэ. Яам технологи талаасаа нарийн хяналт тавьж ажиллана. Бид одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эцсийн дүндээ экспортыг бодлогоор дэмжинэ” гэсэн бол  Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зөвлөлдөх уулзалтыг хаан, дүгнэж хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгчөөс санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нийт эдийн засгийнхаа 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний том мөнгөн дүнтэй дэмжлэг үзүүлж байгаа. Татвар төлөгчдийн 1 төгрөгийг ч үр дүнтэй ашиглах ёстой. “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнг гаргахын төр, хувийн хэвшил нягт хамтрах ёстой” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu