Нийгэм, эдийн засгийн хямралд өртөөд байна гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 21

 

Их Британи улс нийгэм, эдийн засгийн хямралд өртөж, дампуурал нүүрлэсэн бүтэлгүй улс болж хувирч байна гэж тус улсын ерөнхий сайд асан Лиз Трасс АНУ-ын Мэрилэнд муж улсад болсон улс төрийн консерватив үйл ажиллагааны тухай бага хурал дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

“Британийн тогтолцоо гүнзгий ялзарсан. Их Британи улс ёс суртахуун, нийгэм, эдийн засгийн дампуурал нүүрлэсэн бүтэлгүй улс болж хувирч байна. Манай улс “харанхуй зууныг туулж байна”. Харин одоогийн ерөнхий сайд Кир Стармер улс орныг аймшигтай чиглэлд залж байна” гэж тэр онцолжээ. Түүний үзэж байгаагаар, үг хэлэх эрх чөлөөг сэргээх нь Британийн консерваторуудын эн тэргүүний зорилт байх ёстой ажээ. Их Британид нийгмийн сүлжээнд оруулсан нийтлэлийнх нь төлөө хүмүүсийг барь хорьж байгааг Трасс дурдав.

Тэрээр мөн Их Британийн эдийн засгийн уналтын талаар ч бас ярьсан байна. “Хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх бодлого баримталснаар бид газрын тос болон байгалийн хийн аж үйлдвэрээ сүйрүүлж, хамгийн өндөр үнэтэй цахилгаан эрчим хүч хэрэглэдэг болсон. Өнгөрсөн онд бид ган хайлуулах сүүлчийн үйлдвэрээ хааж, өөрсдөө ган үйлдвэрлэх чадваргүй болоод байна” гэж тэр тэмдэглэжээ. Их Британийн эрх баригчид өөрийгөө сүйтгэх арга хэмжээнүүдээс татгалзаж, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өрнүүлж байгаагаа “америкийн хувьсгалд” удахгүй нэгдэж, консерватив байр сууриндаа эргэж орно хэмээн найдаж байгаагаа тэр илэрхийлсэн байна.

Лиз Трасс нь 2022 онд Их Британийн ерөнхий сайдаар 49 хоног ажиллаж, тус улсын улс төрийн түүхэнд хамгийн богино хугацаанд албан тушаалаасаа огцорсон хүн болсон юм. Энэ хугацаанд тэрээр эдийн засгийн тэрслүү бодлого явуулснаар фунт стерлингийн ханш огцом унаж, ам.доллар болон евротой бараг тэнцэхэд хүргэж, зах зээл дээр сандрал үүсгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu