ТОЙМЧИЙН ӨНЦӨГ I Хэвлэлийн эрх чөлөө түгшүүр зарлав

12 цагийн өмнө

“Хэвлэл мэдээлэл дижитал, сошиал руу шилжих тусам түүхийн бодит үнэн устан засварлагдаж ой санамжаа алдаж байна”

Монголд хэвлэлийн эрх чөлөө түгшүүр зарлаад байна. Үүлэн чөлөөний нар гэгчээр Монголд 1990-2000 оны хооронд хэвлэлийн эрх чөлөө улс төр, бизнесийнхэн болоод бусад этгээдээс хамааралгүйгээр жинхэнэ утгаараа хөгжиж байсан юм. Тэр үед хэвлэлийн амыг боох, сэтгүүлчдийг аргалах, нийтлэл, нэвтрүүлгийг цензурдах гэгч байсангүй. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл зоригтой ч байв. Төрийн мэдэлд байсан “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” зэрэг хэвлэлүүд ч төрийн бурууг хайр найргүй ширвэдэг байлаа. Болохгүй, бүтэхгүй болгоныг төрийн хэвлэл ч, хувийнх нь ч, олноороо гарч асан шар сонинууд ч илчилж чаддаг байсан. Гэвч 2000-аад оны эхнээс улстөрчид, бизнесийнхэн хэвлэлийг нэг нэгээр нь эрхшээлдээ оруулсаар 20 гаруй жил өнгөрөхөд мөнөөх улирч одсон өмнөх социалист нийгмээсээ ч зарим талаараа хаалттай байдал үзэгдэх болжээ. Өмнөх хаалттай нийгэмд харин ч “Дарга, ялаа хоёрыг сониноор намнадаг” гэх үг гарч, хэвлэлийн шүүмжлэлийн мөрөөр ажил өрнүүлдэг байсан юм.

Өнөөдөр Монгол Улсад өдөр тутмын таван сонин, 111 телевиз, 186 вэб сайт ажиллаж байгаа ажээ. Харин Монголд хэвлэлийн эрх чөлөөний индекс сүүлийн дөрвөн жилийн дотор 41 байраар ухарчээ.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас 2024 оны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийг зарласнаас үзвэл тун ч эмгэнэлтэй байдал харагдаж байна. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 2023 онд дэлхийн 180 улсаас 88 дугаарт жагсаж байсан бол өнгөрсөн 2024 онд 109 дүгээр байр руу “шидэгдэж” 21 байр ухарчээ. Үүнээс болж нэгэн цагт хэвлэлийн эрх чөлөөгөөрөө манлайлж явсан монголчууд “Маш эргэлзээтэй” гэх ангилалд шилжжээ.

 

 

Сэтгүүлч Б.Ариунтуяа маш чухал дүгнэлт хийсэн байхыг харав. Тэрбээр бичихдээ “Хэвлэл мэдээллийн салбар дижитал, сошиал руу шилжих тусам түүхийн бодит үнэн устгагдан, засварлагдаж ой санамжаа алдаж байна. Үүний тод жишээ улс төрийн хулгай луйвар, авлига, хээл хахуульд холбогдсон, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнууд тэдний харилцан хамаарал бүхий этгээдүүд гадны платформ фэйсбүүк, Х-д мөнгө төлж бодит мэдээ, мэдээллийг тодорхой хугацааны дараа устгаж, үгүй болгодог байдал улстөрчдийн гаршсан үйлдэл боллоо. Үүний цаана Монгол Улсын бодит түүх, улстөрчдийн үнэн дүр төрх бүдгэрэн алга болж байна” гэжээ. Өнөөдрийн бодит байдал бол яг энэ. Үнэхээр сошиал, цахим дээр байгаа мэдээ, мэдээллийг нэг улстөрч ганц утасдаад л оргүй устгуулж чадна. Алдаагаа хаацайлж, энхийн цагаан тагтаа мэт дүрд хувирч болно. Хаалтын гэрээ байгуулдаг нь ч үнэн. Азаар өнөөдөр тогтмол хэвлэлийн галыг манаж үлдсэн өдөр тутмын таван сонин түүхийн бодит хэлхээсийг бичин үлдээж явна. Ийм болохоор нь саяхны нийтлэлдээ би “Өдөр тутмын сонины сэтгүүлчид өнөө цагийн “Монголын нууц товчоо”-г хойч үедээ бичин үлдээж байна” гэсэн юм. Сониныг баллаж, сохолж, хурааж шатаавч эх орны өнцөг булан бүрд тарсан, номын сангуудад үдэгдэж архивлагдсан сонины дугаар нэг бүрийг мөшгөн устгаж чадахгүй юм л даа.

Хожмын хойно тэдгээрийн шарласан хуудаснаас өнөө цагт ямар үйл явдал болсон, хэн гэгч ямар улстөрч юу гэгч шийдвэр гаргаж, хэр оновчтой үг хэлж байсныг уран сайхангүйгээр, уянгын халилгүйгээр олж үзэх болно.

УИХ-ын энэ хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж хэлэлцэхээр болжээ. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр хэвлэл, мэдээллийн амыг үдэж, гарыг дөнгөлөх, хөлийг чөдөрлөх заалт л бүү шургуулаасай билээ. Ингүүлэхгүйн төлөө ч хэвлэлийнхэн нэгдэж тэмцэх учиртай.

Ингэхэд сүүлийн үед төр, засгийн дээд хүрээнийхэн сэтгүүлчидтэй зэрэгцэж суугаад яриа өрнүүлдэг “Зангиагүй уулзалт” сураггүй болжээ. Чимээгүй сууж байгаад хааяахан нэр цохсон сэтгүүлч, нэр бүхий хэвлэлд ярилцлага өгдөг болж. Хэвлэлийг том, багаар нь дугаарлана аа бас. Том гэж үзсэндээ л ярилцлага өгнө. Тэгвэл өмнөх үед “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч”, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын “Зангиагүй уулзалт” гэж бүх хэвлэлийг хамарсан тогтмол арга хэмжээнүүд болдог байлаа. “Ерөнхийлөгч ба 100 сэтгүүлч” уулзалт Н.Багабанди, Н.Энхбаяр нарыг Төрийн тэргүүн байхад идэвхтэй болдог байв. Түүнд нь телевиз, өдөр тутмын болоод шар, бор бүх сонин, сэтгүүлийн төлөөлөл жигд оролцоно. Ямар ч цензургүйгээр хаанахын хэн гэдэг сэтгүүлч ч дурын асуултаа тавина. Заавал нэр хүндтэй хэвлэлийн, нэртэй төртэй сэтгүүлч гэлгүйгээр шүү дээ. Ерөнхийлөгч зөвлөхүүдтэйгээ хамт сууж байгаад бүгдэд нь цааргалалгүй хариулна. Заримдаа баахан сэтгүүлч тойруулж суулгаад телевизээр ч гардаг байлаа. Гэхдээ асуулт зааж өгдөггүй байсан юм.  Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед бүр нэг удаагийн уулзалтын талаар товхимол гаргаж, асуулт, хариулт нэг бүрийг ба, бэ-гүй бичиж үлдээсэн нь бий. Ийм л байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч үе үе сэтгүүлчидтэй уулзаж асуултад нь хариулдаг байлаа. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн үеэс сэтгүүлчидтэй нүүр тулан уулздаг байсан үе бүдгэрч, одоо бүр сураггүй болж. 

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар “Зангиагүй уулзалт” хийдэг байв. Мөн л цензургүй, дурын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, дуртайгаа асууж яриа өрнүүлдэг. Хуучин цагийн сонинуудын хуудас эргүүлбэл хэн юу асууж, хэн юу хариулсан нь өнөөдөр дурайж л байгаа. Өнөөдөр трэнд болоод буй хэлээр бол сэтгүүлчид төрийн дээдсийг “Мешок” болтол тал талаас нь нүддэг байсан юм. УИХ-ын дарга Л.Энэбиш, Д.Дэмбэрэл нар ээлжит чуулган бүрийн өмнө сэтгүүлчидтэй зангиагүй уулздаг уламжлалтай байлаа. Ингэж хэвлэлийнхний үгийг сонсож, гадна талд юу болж буй, ард иргэдийн сэтгэл санаа ямар байгаа, өөрсдийнх нь гаргасан шийдвэрт олон нийт хэрхэн хандаж буйг нэг ёсондоо танддаг байсан хэрэг.

Төр, засгийн тэргүүнүүд нэгэн бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилийн дараа улиран сонгогдвол өөрийн эрхгүй вакумждаг. Бүр хүссэн хүсээгүй шүү. Сайхан үгэнд бялуурч, бүгд болж бүтэж буй мэт санагдаж, сатаарч, төлөвлөгөө нь хэрэгжээд бүтээд, биелээд ард нийтээрээ алга ташаад буй мэт санагдаж тайвширна даа. Алга ташилтад дурлана. Зөвлөхүүд нь, тойрон хүрээлэгчид нь бал бурам шиг үгээр чихийг нь мялаасаар байгаад олон нийтээс алсарч, иргэдээсээ тасарч нүдэн балай, чихэн дүлий болно.

Үүнээс ч сэдэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгодог жишигтэй болсон. Үнэхээр ч улиран сонгогдсон өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгогдсоныхоо дараа хөрснөөсөө тасарч хөвөн үүлэнд хөвчихдөг байсан юм л даа.

Сүүлийн үед төр тогтвортой байгааг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын улирч, удаан ажиллаж байгаагаар дүгнэдэг болчихлоо. Төрийн гаргасан оновчтой, зөв шийдвэрийг дараа дараагийнх нь хүн залгамжлаад явахыг тогтвортой гэхээс биш, нэг хүн хэр удаан сууснаар бас хэмжиж боломгүй. Тодорхой хэмжээнд вакумжиж л байгаа хэрэг. Үүнд салхи оруулахад мартагдаад буй “Зангиагүй уулзалт” хэрэг болдог. За тэгээд төр, засаг өөрийгөө магтуулж алга ташуулах гээд, мэдээ мэдээллийг сэтгэлдээ нийцүүлж засуулаад байвал хэвлэлийн эрх чөлөө маань олон улсын дунд байр хойшилсоор, чансаа унасаар, нийгмийн амьдрал уруудсаар л байх хэрэг шүү дээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu