С.Халтар: Чаддаг, мэддэгээрээ туслаж чадахгүй бол бусдад төвөг болохгүй амьдрах сайхан

Олон түмэн ам сайтай, хүлээн зөвшөөрөгдсөн, нэгэн үеийнхэндээ Гааяа дарга, өдгөө үеийн залуустаа Ажаа хэмээн хүндлэгдсэн С.Халтар багштай ярилцсанаа хүргэе. Нэр хүндтэй, эрч хүчтэй ажиллаж амьдарсан нэг эрхэм хүний яриа хуучаас нэгэн үеийнхний, цаашлаад тухай үеийн улс, орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал тодрон харагдах нь гайхалтай санагдана.   


-Таны ажил, амьдралын замнал тань өнөөгийн залуу үед сонирхолтой, сургамжтай байх. Та хүүхэд насаа дурсана уу?

-Би 13 насандаа бүтэн өнчин үлдсэн учир нэлээд зүйлийг сураглаж, ам дамжуулан сонссон юм. Миний ээж бас өнчин. 20-иод насандаа Байшинтын дивизийн цэргийн дарга Сэдэнсодном гэдэг Архангайн гаралтай өөрөөсөө нэлээд ах хүнтэй гэр бүл болж  хоёр хүү, хоёр охин төрүүлж, жаргалтай сайхан амьдарсан нь энэ үе байсан гэдэг. Аавын нутгийн Батсуурь гэдэг даргынхтай олон жил хамт айлсаж манай ах, эгч тэдний  хүүхэд шиг дотно  байдаг байж. Тэгтэл Батсуурь даргыг шилжүүлэх тушаал ирж нүүх болжээ. Эхнэр нь болох Намжаа эгч их уулгамч, нэлээн дураараа хүн гэнэ. Манай аав ээж хоёроос  хүү охин хоёроо манайд үрчлүүл гэж уйлж, унаж тусаж их юм болж. Тэгээд хамгийн том эгч Шархүүг, хоёр хүүгийнхээ багыг хоёр нас арай хүрээгүй байхад нь өгч явуулжээ. Тэд олон жил холбоогүй байж ээж минь хоёр үрээ санаж сэтгэлийн зовлонд унасан гэсэн. Түүний дараа би төржээ. Аав минь мухар олгойгоор нас барахад, ээж минь ах, эгч, намайг дагуулан Халзан сумын Хатавчийн хийдэд лам байсан ганц төрсөн ах Лувсанзундуйгаа барааджээ. Ах, эгч хоёр сургуульд орох болоход аймгийн төвд нүүж ирсэн. Тэр үед ах эгч хоёрт сургуулийн гал тогооноос хоол хүнсний тусламж өгдөг байсныг бодоход аав минь нэр нөлөөтэй хүн байсан болов уу. Улс төрийн ажилтан, хурандаа цолтой байсан гэж ээж ярьж байсан.

Хаврын нэг өдөр манайд цэргийн даргын гоё хувцастай нэгэн ах, эхнэр, охин хоёртойгоо ороод ирсэн чинь ээж маань уйлан тэврэлдэж бөөн юм болсон нь өнөөх Батсуурь ахынхан байв. Хүүгээ нас барсан гэж хэлсэн. Тэд надад өвлийн пальто бэлэглэсэн юм. Би түүнийг өмсөөд байрныхаа айлуудаар явахад намайг “Пальтот дарга” гэж өхөөрддөг байв. Тэр үед пальтотай хүүхэд ховор, дарга нар голдуу өмсдөг болохоор тэгсэн байх. Би найман насандаа Баруун-Уртынхаа төвийн ганц 10 жилийн сургуульд 1954 онд сурагч болж I ангид орсны дараахан ангийн даргаар сонгож VII анги төгстөл үргэлжилсэн юм. VI ангид байхад ээж минь нас барж би  ахтайгаа хоёул үлдсэн.

-Оюутан болсон үеэ дурсана уу?

-Долоодугаар анги төгсөөд  Багшийн сургуульд сурахаар Улаанбаатар хот руу явсан. Хүнээр заалган сургуульдаа иртэл  зарлалын самбарт нь “Төгсөх ангийнхан Сангийн аж ахуйд явах тул пүүгээтэйгээ ир” гэсэн зарлал байна. Гурав хоногийн дараа явах юм байна. Эдэнтэй нь хамт явчихъя гэж бодоод захирлын өрөөнд нь зөвшөөрөл авч ороод төгсөх ангийнхантай САА явуулж өгөөч, таних айл ховор, мөнгө төгрөг муутай, ажил хийе, өнчин хүн гэдгээ хэлж сургуулийн хуваарь, сурагчийн хувийн хэргээ үзүүлж уйлтал захирал нь сандарч намайг аргадаад явахыг зөвшөөрсөн. САА руу явах бэлтгэлээ базааж, дөрөвдүгээр курст орох 30-аад оюутантай Сэлэнгэ аймгийн Ерөөгийн САА-н тариа бригадын Үтрэм дээр сар ажиллаад 126 төгрөгийн цалин авч “Говийн бумбагар“ гэж өхөөрдүүлж, нэг ангийн оюутнууд гэж ямар гоё, эвсэг, тусч хүмүүс байдгийг мэдэрч сургамж зөвлөгөөг нь сонсож явлаа. Багшийн сургуульд Монгол Улсын гавьяат багш, математикийн Л.Балжирийн ангид хуваарилагдахад,  Ховдоос ирсэн Б.Давааг курсийн даргаар, намайг МХЗЭ-ийн үүрийн даргаар, Өвөрхангайгаас ирсэн С.Өлзий-Оршихыг эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгов. Тэр хоёр 18 настай, би 15 настай байлаа. Бид гурав маш сайхан нөхөрлөж ангидаа олон ажил зохиодог байсан юм. С.Өлзий-Орших нөхөртэйгөө ирж, хотод байр түрээслэн суудаг, юм оёдог, уран охин байв. Намайг гэртээ аваачна, хувцаснаасаа илүүчилнэ, миний хуучин хувцасны загварыг өөрчилж өгнө. Маш олон жил нөхөрлөсөн дөө. Оюутан байх хугацаандаа бид  Балжир багшийнхаараа их очно. Хань нь Должин гэж их сайхан зантай эгч. Охин Балдуламдаа багш амьдралаа ярьж өг. сургамж болно гэдэгсэн. Төгсөөд ч их очдог байсан. Оюутан үед маань ийм л хүмүүс халуун сэтгэлээрээ тусалж, өнчин ядуугийн зовлон үзэлгүй сурч, соёлжиж сэргэлэн цовоо явж, багш гэдэг нандин сайхан мэргэжлийг эзэмшээд багштайгаа зөвлөлдөөд 18 насандаа нутгийн зүг хүлгийн жолоо залсан юм даа.

-Багшийн ажлын гарааг хаанаас эхлүүлэв?

-Аймагтаа 1964 оны зун ирэхэд Ардын боловсролын хэлтсийн дарга Б.Лхамсүрэн хүлээн авч, намайг Баянтэрэм сумын бага сургуульд багш, бүлгэмийн зөвлөлийн дарга байсныг бодолцсон юм байлгүй, Пионерын ахлах удирдагч багшаар давхар үүрэг хүлээлгэн томилов. Тэр үед 14 хоног амрааж, 300 төгрөг өгдөг байсан юм. Наймдугаар сард багш нарын семинарт суугаад Баянтэрэм суманд очиж I ангийн 30 гаруй хүүхдийг хүлээн авч, шинэ багш шинэ сурагчдадаа 1964 оны есдүгээр сарын 1-нд анхны хичээлээ зааж байлаа.Сургуулийн захирал Цэдэвсүрэн, ахмад багш А.Дамдинсүрэн,Ч.Очирпүрэв сургуулийн комендант Цэнд эгч нар тосож авсан юм. Пионерын бүлгэмээс соёл, олон нийтийн ажлууд зохион байгуулж сурагчдын хүчээр концерт тоглох, малын гар тэжээл бэлтгэх, яс, тосны сумын төлөвлөгөөг биелүүлэх уралдаануудад амжилттай оролцуулж шагнуулдаг байсан. I ангийн сурагчдаа бүтэн үгийн аргаар уншуулж сургах, тооны хичээлийг тоглоомын хэлбэрээр сэтгэн бодох аргад сургах зэргээр 14 хоногоор уралдаан зарлан дүгнэж сурагчдаа урамшуулдаг байсан учир манай ангиас хурдан уншигч, тоочин хүүхэд олонтой болж сурлагын хоцрогдолгүй 100 хувьтай анги болж билээ.

 

 

1965 онд өөрийн сургуулийн С.Батсүх багштай гэр бол болж анхны хүү Гантулга маань 1966 онд төрсөн юм. Анхны хүүхдээ тээж байхад Гурван нуурын пионерын зуслангийн I ээлжийн хүүхдийг Асгат сумын Дашдорж, Дарьганга сумын Дашзэвэг багштай хамт амраах томилолт аваад явсан. Уралдаан тэмцээнд манай хүүхдүүд амжилттай оролцсон төдийгүй томчуудын амралт дээр манай аймгийнхны үдэшлэг болох болж намайг хөтлөгчөөр ажиллаач гэсэн хүсэлтийг ёсоор болгов. 1967 оны есдүгээр сарын 1-ээс эхлэн сургуулийнхаа эрхлэгчээр (Одоогийнхоор захирал) томилогдон сургуулиа удирдах болов. Тухайн үед Б.Лхамсүрэн дарга хэлэхдээ “Анхны эмэгтэй захирал боллоо. Эмэгтэй хүн яаж ажилладгийг үзүүлээд өг” гэж надад итгэл хүлээлгэсэн юм. Энэ үед сургуулийн хүүхэд 160-д хүрэхгүй бол эрхлэгч нь давхар анги даадаг байсан юм. Хүү минь жаахан, дээр нь би  анги даасан болохоор ачаалал ихтэй ядардаг байлаа. Бас сумын депутат, захиргааны гишүүн, ХЗЭ, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч, Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн салбар зөвлөлийн даргын сонгуульт ажилтай. Хөдөлмөрчдийн бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх түр сургалттай. Сумынхаа лекц, улс төрийн сонсголыг сургууль нь хариуцдаг байлаа. Сурагчдын дотуур байрны хоол хүнсийг бэлтгэх, ариун цэврийг сахиулах гээд бөөн ажил болно. Дотуур байр, сургуулийн анги танхимынхаа өвлийн түлшийг сууриудаас татна. Галлагаатай, гэрэл чийдэнгүй өвөл их зутруу байдаг байлаа. Захирал болсон эхний жил Гэгээрлийн яамны шалгалт манай аймгийн сургуулиудад ирсэн юм. Бид сурагчдынхаа мэдлэгийг, багш нарынхаа ажлыг шөнө дөл болтол лааны гэрэлд шалгуулж байв. Аймагт дүнгийн хурал болоход манай сургууль сайны тоонд орж намайг Д.Ишцэрэн сайдын гарын үсэгтэй Хүндэт үнэмлэхээр шагнасан нь одоо ч бий. Сургууль удирдсан эхний хоёр жилд нь ангитай, сүүлийн гурван жилд нь багш сурагчдын тоо өсөж би анги даахгүй ажиллах болсон. Энэ хугацаанд багш, эцэг эх, сурагчдынхаа хүчээр түүхий тоосго цохиж 6х8 хэмжээтэй пионерын танхим барьж Соёл-Хүмүүжлийн ажлаа явуулж, олон булан танхим байгуулж, секц дугуйлан хичээллүүлж авьяаслаг хүүхдүүдийнхээ бүтээлээр үзэсгэлэн гаргаж, концерт бэлтгэн эцэг эхдээ тайлагнадаг байлаа. Сэдэв бүрийн дараа захирлын нэрэмжит шалгалт авах, тодорхой үзүүлэлтээр тэргүүний анги шалгаруулж хаалганд нь “Тэргүүний анги” хаяг зүүдэг байв. Түмэн бодис, математик, монгол хэлний анги кабинетыг тохижуулж, үзүүлэн таниулахын сантай ч болсон. Аж ахуйн складаа томсгож, амьтан тэжээх байр ажиллуулж нэгдлийнхээ ядарсан малыг онд оруулахад бага боловч хувь нэмрээ оруулдаг байв. Сургуулийнхаа ногооны талбайдаа хүнсний ногоо тарьж, дотуур байрандаа хэрэглэдэг байлаа.

-Ажил, амьдралын тэнцвэртэй гар, сэтгэл нийлсэн сайхан баг, хамт олонтой байжээ. Ямар, ямар хүмүүстэй хамтран ажиллаж байв? 

-Сургууль удирдах болсон 1967-1972 оны наймдугаар сар хүртэл  багш нарын  тоо өсөж, надтай хамт А.Дамдинсүрэн, Ч.Очирпүрэв, С.Батсүх, Х.Дарийжав, Дамчаа, Магсар, Одгэрэл, Т.Дамдинсүрэн, Шараа, Цэгмэд, Баясгалан нарын багш нар, Аж ахуйгаар Цэнд, Жамц гэдэг хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажилласан. Багш нарын маань ээж аавууд надад их тусална. Энэ хугацаанд жирэмсний 45 хоногийн амралтыг хэд хэд авч бас нэмж хүү, охинтой болсон. Тэгээд л ажлаа үргэлжлүүлнэ. 1971 онд аймгийн сэхээтний зөвлөгөөн болж би сумандаа багш нарын Социалист хөдөлмөрийн бригад байгуулна гэж үүрэг авч түүнээ амжилттай хэрэгжүүлсэн. 1972 оны дөрөвдүгээр сард аймгийн алдартай дарга нарын нэг Галсандорж гэдэг хүн суманд ирж цол мандатыг гардуулав. Энэ үед Очирпүрэв багшийг Наран суманд, Дарийжав багшийг Мөнххаан суманд шилжүүлсэн байсан бөгөөд цол мандатаа авах үед бид “Гарын таван хуруу” жүжгийг бэлтгэн тоглохдоо шилжсэн хоёр багшдаа дүр хуваарилан бэлтгүүлж, сүүлийн гурав хоногт нь ирүүлж хамтран сургуулилаад тоглолт хийж байлаа. Санаа нийлсэн сайхан хамт олон болсных шүү дээ. Мөн бид дундын сантай болж эрэгтэй багш нар маань ээлж дараалан мотоцикль авч бид түүн дээр сундлаад суурь, бригадаар явж ухуулга хийх, урлагаар үйлчлэх, адуу, тэмээ ноослох, аргал түлээ бэлтгэх гээд ХАА-н нэгдлийнхээ ажилд тусалдаг байлаа. Тэр үеийн бүх багш нар цөм л ингэж ажиллаж амьдарч байсан юм. “Сүхбаатарын зам” сонины сурвалжлагч Далантай манай суманд ирж надаас сурвалжилга авч “Итгэл хүлээвэл нэр хүнд” гэсэн нэртэйгээр нийтэлж байлаа. Энэ жилүүдэд манай сургуулийн талаар төвийн радиогоор яригдаж МХЗЭ-ийн Төв хорооны хүндэт диплом, МПБ-ын Хүндэт үнэмлэх, Ардын хувьсгалын 50 жилийн ойн  медалиар шагнагдаж байлаа. 1969 онд МАХН-д гишүүнээр элсэж, 1970 оноос эхлэн сумын намын хорооны товчооны гишүүн гэсэн сонгуульт үүрэг бас нэмэгдэв. Намын улс төрийн дугуйланд хичээл заах болсон. Аймгийн МАХН-ын хороо дуудаж Товчооны гишүүдийн хурлаасаа намайг аймгийнхаа улсын ганц САА болох Түмэнцогт сумын намын хороонд орлогч даргаар ажиллуулахаар 1972 оны наймдугаар сарын 20-нд томилж багшийн ажлаа намын ажлаар сольж идэр залуу насныхаа найман  жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан сургуулийнхаа хамт олон, Баянтэрэм сумаасаа ажил, амьдралын эрхээр явсан билээ.

-Багшийнхаа ажлаа намын ажлаар сольжээ?

-Тэр үед Улс төрийн ганц нам МАХН байсан. Боловсон хүчнийг судлан бэлтгэх талаар онцгой үе. Намайг сургууль удирдуулж, олон сонгуульт ажил үүрүүлж сорьж үзээд, Түмэнцогт сумын намын хороонд намын ажил хийлгэж хоёр жил ажиллуулаад НДС-д элсэлтийн шалгалт өгүүлж Үндсэн дөрвөн жилийн ангид  суралцуулаад, дараа нь аймгийн намын хороондоо ажиллуулсан юм. Газар тариалан, мал аж ахуй хосолсон улсын САА-н намын хорооны удирдах бүрэлдэхүүнд ажиллана гэдэг амаргүй байсан ч нам томилсон болохоор 26 насандаа залуучууд голлосон механикжсан хадлан, тариалангийн бригадуудтай, махны чиглэлийн үхэр үржүүлдэг, МАА-н бригадууд, малчдын олон суурьтай, эмнэлэг, сургууль, соёл, худалдааны зэрэг олон албан байгууллагатай энэ газар намын үзэл суртлын ажил, соёл олон түмний ажил, ухуулга, сурталчилгаа, бригадын өдөрлөг, лекц, сонсгол, улс төрийн сургалт, урлаг, спорт, намын дотоод ажил хариуцахын зэрэгцээ Ардын хянан шалгах хорооны дарга, МЗНН-ын сумын зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж, бас малчдын сууриар, хадлан тариалангийн бригад, талбайгаар явж ажилладаг байлаа. САА-н дарга Чогсом, ахмад ажилтнууд Шархишиг, Наваанчүлтэм, намын хорооны жолооч Лувсанчүлтэм гуай нарын ахмадууд их түшиг болсон. Энэ үед Түмэнцогтын САА-н төвийг Зөвлөлтийн хүч хөрөнгөөр шинээр барьж байгуулах асуудлыг Намын хорооны товчооны хурлаар хэлэлцэн тооцоо судалгааг гарган бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргахад оролцох завшаан тохиосон. 1974 онд НДС-д суралцахаар энэ хамт олноороо үдүүлж Улаанбаатар хүртэл хүргүүлж явсан бөгөөд олон сайхан хүмүүсийн дотно сайхан сэтгэлийг мэдэрсэн билээ. Нэгдүгээр курсын оюутан байхад сумын намын хороо, МЗНН-ийн салбар зөвлөл нь аймагт ажлаараа тэргүүлсний шагналаас надад хувь хүртээж, шагналын мөнгө явуулж байлаа. Би тэр үедээ моод болсон шаргалдуу өнгөтэй хавар, намрын пальто авч манай ангийнхан “Янзага” хоч өгч, нутгаасаа шагнал авсандаа би их л баярлаж билээ. НДС 1974 оноос орос хэл дээр хичээл үзэх болж, 45 хоногийн хэлний бэлтгэл хийх эрчимтэй сургалтад суралцаж шалгалт өгөөд үндсэн хичээлдээ орж байсан юм.

-Ажиллаж байгаад оюутны ширээнд эргээд суухдаа сурч амжуулсан зүйл олон биз?

-Бид аймгаасаа дөрвүүлээ явсан боловч хоёр нь буцаж С.Баатар бид хоёр үлдэж, дөрвөн жил хамт суралцаж төгссөн. Оюутан байх хугацаандаа сургуулийн намын хорооны гишүүн, курсийнхээ намын үүрийн товчооны гишүүний сонгууль хүлээж, ангийнхаа 72-56 оюутныхаа манлайллыг 10 үзүүлэлтээр жилд хоёр удаа дүгнэн хэлэлцүүлдэг байв. Манай курс сургуулийн тэргүүний анги болж урлаг, спорт, хөдөлмөрийн талбарт манлайлдаг олон оюутан, онц сурлагатнуудтай Сүхбаатарын цалинт оюутан байлаа. Бид төгссөнөөсөө хойш долоон  удаа уулзалт хийж, сургуулийнхаа 85 жил, өөрсдийнхөө төгсөлтийн 30 жилээрээ “Нэг ангийнхан” ном гаргаж сургуулийнхаа залуу оюутнуудтай уулзалт хийж байлаа. Ангийнхаа уулзалт бүрийг курсийн дарга Л.Дүгэрсүрэн ахалж Тогооньхүү, Ажигсүрэн, Цэнджав, Сосорбурам би оролцоод, нөхдийнхөө сэтгэлд хүртэл зохион байгуулдаг байлаа. Хэдийгээр 45 жил өнгөрсөн ч бид баяр, зовлонгоо одоо ч хуваалцсаар явдаг даа.

-Оюутны ширээнд тохой зэрэгцсэн суусан нөхөд одоо ч мундагцуул болсон биз дээ?

-Манай ангиас шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат хоёр, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан хоёр, салбарын тэргүүнүүд, төрийн одонгоор шагнагдсан орон нутгийн олон дарга төрөн гарсан юм. НДС төгсөж ирээд, аймгийн намын хороонд Мэдээллийн болон  Батлах тоо бүртгэлийн тасгийг ахалж ажиллаж тэр үеийн ажлын туршлагууд  маань намын ажилтны зөвлөгөөнд яригдаж, хэвлэл сонинд бичигдэж байсан. Аймгийн МАХН-ын хороонд 12 жил ажиллах хугацаандаа намын үүрийн тэргүүлэгч, эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын сонгуульт үүргийг хүлээж тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тэмдэглэх зэрэг олон нийтийн ажлыг зохион байгуулалцаж явлаа. Энэ үед бас ХЗЭ-ийн үүр, хорооны дарга 20 гаруй залуусыг халамжлан хүмүүжүүлэгч, улс төрийн сургуулийнх нь багшаар ажиллан тэднийг нам, олон нийтийн ажилд дадлагажуулах олон хэлбэрийн ажил зохиож “Ёс суртахууны төлөвшил” сэдвээр аймгийн соёлын ордонд театрчилсан тоглолтыг хийж ухуулга сурталчилгааны шинэ хэлбэрийг нэвтрүүлж байв. Дорнод аймагт болсон Үзэл суртлын ажилтны улсын зөвлөгөөнд оролцож туршлагаа ярьж Монголын радиогоор нэвтрүүлсэн юм. МХЗЭ-ийн тэргүүний суртал нэвтрүүлэгч  шагнал, МАХН-ын “Тэргүүний лектор” тэмдэг, үнэмлэхээр шагнагдаж тэргүүний суртал нэвтрүүлэгчдийн туршлагын цомогт арга туршлага маань бичигдэж В.И.Лениний шинээр хэвлэгдсэн 12 боть номоор шагнуулж байлаа. Эдгээр залуучууд олон жилийн дараа намайг МХЗЭ-ийг залгамжилсан. МЗБ-ын 90 жилийн ойн баярт урилгаар оролцуулсан билээ.

-Та ингэхэд яагаад худалдааны салбарын хүн болчихов. Бүр “Худалдааныхан” гээд сонин хүртэл гаргаж явжээ?

-Аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар /ХБУГ/-ын дарга Д.Гомбосүрэн аймгийн намын хорооны дарга нарт манай худалдаа 1000 гаруй ажиллагсадтай төв, хөдөөд салбартай, дийлэнх нь эмэгтэйчүүд, орон тооны намын үүр байгуулъя, даргаар нь С.Халтарыг ажиллуулж өгөөч гэж санал тавьж надад уламжилснаар зөвшөөрч Худалдааны намын үүрийн гишүүдийн хурлаар хэлэлцэгдэн олонхын саналыг авч 1989 оны дөрөвдүгээр сараас эхлэн сонгогдон ажилласан. Д.Гомбосүрэн тэргүүтэй удирдлагын багт нь багтан богино хугацаанд цөөнгүй ажлыг хамтран зохион байгууллаа. 1991 онд Худалдааны байгууллагын 70 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж бүх сумдынхаа Худалдаа бэлтгэлийн ангиудад урлагийн бага наадам, аймгийн төвд нэгдсэн наадмыг гурав хоног зохион байгуулж үзэсгэлэн гаргаж, концерт тоглож авьяас билэгтнүүдээ шалгаруулан шагнасан бөгөөд олон жил тасарсан аймгийн яруу найргийн уралдааныг зарлан Ц.Оюундэлгэр “Яруу найргийн Янжинлхам” шагналын эзэн болж байлаа. “Худалдааныхан” сонин гаргаж, залуусын хөгжмийн хамтлагтай, өнгөт телевиз, видео камертай болж салбарынхаа ажил үйлсийг мэдээлж байв. Байгууллагын ажиллагсдыг амраах, ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн байртай болж “Дарьганга” зусланд хүүхдүүдээ амраах зуслангийн байшин барьж үйл ажиллагаа нь эхэлсэн юм. Ур чадварын медальт уралдаан, мэргэжил дээшлүүлэх сургалт, халамж үзүүлэх зэрэг ажлууд нь хөдөлмөрийн хамт олныг идэвхжүүлж төлөвлөгөөт зорилт, үйлчилгээний соёлд сайнаар нөлөөлж байсан. Энэ бүхэн төсөв, санхүүгээр байнга дэмжлэг үзүүлж байсан удирдлагуудын маань хамтын ажиллагааны үр дүн байсан. Худалдааны байгууллагад гуравхан жил ажилласан намайг 30 жил холбоо тасраагүй тухай “Жанжны нутгийн худалдааныхан” номд дэлгэрэнгүй бичсэн байгаа. Худалдааны 70, 80, 90, 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэгтээ оруулж, хамтран ажиллаж байсанд талархаж явдаг. Энэ үедээ НАШБ-ын ажлаараа тэргүүн байрт шалгарч МАХН-ын ХХ Их хуралд төлөөлөгчөөр оролцож Монгол Улсын Засгийн газрын Хүндэт жуух, мөнгөн шагналаар шагнуулж байсанд энэ хамт олны буян хишиг гэж бодож ойр дотно явдаг даа.

-Төрийн шинэ тогтолцооны үед хашиж явсан алба ажлаасаа яриач?

-Сумдад баг багаас сонгогдсон төлөөлөгчдийн хурал болж  ИТХ-ын дарга, тэргүүлэгч, Засаг дарга нараа нэр дэвшүүлэн сонгодог төрийн шинэ тогтолцоо, нутгийн удирдлагын байгууллагын эхлэл тавигдаж байлаа. 1992 оны есдүгээр сард Баруун-Урт сумын багуудаас сонгогдсон төлөөлөгчдийн хурал болж, намайг тэр  хурлыг удирдуулахаар сонгож, улмаар энэ хурлаас сумын ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох ажил болж, хурлын Анхны даргаар миний биеийг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлж сонгов. Гурван намын төлөөлөл оролцсон хурал байсан. Нарийн бичгийн даргаар Я.Даваацэрэнг, дараа нь Баруун-Урт хотын засаг даргад гурван хүний нэр дэвшиж Д.Даваацэрэн олонхын саналаар сонгогдов. Сум, сумаас сонгогдсон төлөөлөгчид аймгийн ИТХ хуралдаж, хурлын даргаар Д.Даваацэрэн, нарийн бичгийн даргаар Б.Раднаа, аймгийн Засаг даргаар Б.Чойжилсүрэнг сонгов. Аймгийн ИТХ-д 41 төлөөлөгч сонгогдсоноос ганц эмэгтэй нь би байлаа. Мөн тэргүүлэгчээр ч сонгогдов. Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын сум, аймгийн ИТХ-д давхар сонгууль хүлээж дөрвөн жил иргэд сонгогчдынхоо төлөө ажиллан хурлуудын эхэн үеийн төлөвшилд хувь нэмрээ оруулж явлаа. Ер нь хуучин, шинэ тогтолцооны үед ажиллаж байсан Баянтэрэм, Түмэнцогт, Баруун-Урт сумаасаа сум, аймгийн АДХ-ын депутат, ИТХ-ын төлөөлөгчөөр нийтдээ долоон удаа сонгогдсон билээ. Баруун-Уртын хурлын түүхэн товчоон, Аймгийн ИТХ-аас гарсан “Нутгийн удирдлагын түүхэн товчоон” номд бичигдсэн. Нутгийн удирдлагын шагналаар шагнагдаж 10, 20, 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож явлаа. 1992 оны аравдугаар сараас Баруун-Урт сумын ЗДТГ-ын анхны даргаар томилогдон, тамгын газраа бүрдүүлж дөрвөн жил ажиллан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг хэрэгжүүлэн төрийн шинэ тогтолцоог төлөвшүүлэх, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих эхлэлийг тавилцаж, шинэ нөхцөлд ажиллах төрийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах их ажлын гараанд хамт олонтойгоо үүрэг, зорилгоо нэгтгэн хамтран ажиллаж, төрийн албаны тангараг өргүүлэх ажлыг зохион байгуулж төрийн жинхэнэ албан хаагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж явлаа. Эхний хоёр жилд нь МАХН-аас нэр дэвшсэн Д.Даваацэрэн, сүүлийн хоёр жилд нь АН-аас нэр дэвшсэн Б.Жаргалсайхан нарын Засаг дарга, хотын захирагчтай хамт ажилласан. Шилжилтийн хүнд үеийг яаж богино хугацаанд давах вэ. Хүн ардаа ядуурал руу оруулахгүй байх вэ. Баруун-Урт хотынхоо байгууллага, орон сууц, сургууль, эмнэлгээ хөлдөөчихгүй цахилгаан дулаанаа зохицуулах вэ зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх гэж улс төржилт, намын ялгаваргүйгээр гар, санаа нийлэн зүтгэцгээсэн юм.

-Хоёр нийгмийн шилжилтийн зааг дээр ёстой л амаргүй байсан он жилүүд шүү дээ?

-Худалдаа үйлчилгээний салбар хувьчлалд орж олон арван хүн ажил, орлогогүй болж, картын бараагаар хүнсээ залгуулж байсан хүнд үетэй нүүр тулан ажиллацгаасан юм. Б.Жаргалсайхан дарга эдийн засгийн мэдлэг өндөр, аж ахуйн гүйлгээ ухаантай их нийтэч хүн байсан тул 210-аад хувиараа эрхлэх бичил аж ахуйн нэгжүүд байгуулж, тэд л хилээр гарч өргөн хэрэгцээний бараагаа залгуулж байсан. Тусламжаар ирсэн масло, гурил, будаа зэргийн тодорхой хувийг худалдан борлуулж Нөөц сан бүрдүүлж чухал ажил асуудлаа шийдэж байсан. Хэдийгээр шилжилтийн хүнд үе байсан ч гэсэн улс, аймгаас зарласан “Соёлын жил”, “Сурагчийн жил”-үүдийн ажилд Баруун-Урт тэргүүн байрт, оны ажлаараа эхний байруудад орж, сумынхаа шилдэг багш, оны шилдгүүдээ шалгаруулж байлаа. Энэ үеийн талаар “Талын цагаан хот” номд дэлгэрэнгүй бичигдсэн байгаа. 1996 онд орон нутгийн дараагийн сонгууль болж засаг даргаар АН-аас Г.Энхтөр, ИТХ-ын даргаар Ө.Хонгорзул сонгогдон ажиллаж, би 12 дугаар сард хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгон, ажлаа Л.Энхбат багшид хүлээлгэн өгч бас хэд хоног архивыг цэгцлэн цаашид хийх ажлаар нь зөвлөгөө өгч байлаа. Г.Энхтөр дарга сумандаа Ахмадын хороог байгуулан, даргаар нь миний нэрийг дэвшүүлж, ахмадтай ажиллах төрийн үйл ажиллагааг хариуцуулж, ИТХ-аас багахан төсөв батлан өгсөн. Намайг тэтгэвэрт гарахад Б.Жаргалсайхан дарга “Хотын Хүндэт дэвтэр”-т бичиж гэрчилгээ, мөнгөн шагналаар шагнасан бөгөөд шинэ дарга Г.Энхтөр Тамгын газрын хамт олон насны минь ойг тэмдэглэж, хивс бэлэглэж байлаа. Одоо хүртэл бид сайн харьцаатай явдаг нь хамт олон дажгүй төлөвшсөнийх биз ээ.

-Ахмадын Халтар гэж нэрлэгдэх болсон түүх чинь эндээс эхэлж байгаа юм байна?

-Би чинь Баруун-Урт сумын Ахмадын хорооны даргаар 15 жил, МАН-ын Ахмадын холбооны тэргүүнээр 17 жил, аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгчээр 23 дахь жилдээ, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчээр 36 жил сонгуульт үүрэг хүлээн удаа дараа давхцуулан сонгож надад итгэл хүлээлгэж байсан. Ахмад настныхаа итгэлийг зүтгэлээр хариулах гэж олон жилийн бүтээлч хөдөлмөрөө зориулсаар явна. Тэгээд Ахмадын Халтар, Халтар ажаа гэж нэрших болж дээ. Олон арван ажил зохион байгуулж, ахмад настныхаа эрч хүч, урам зоригийг сэргээж хөдөлгөөний дутагдал, ганцаардлаас, стрессээс сэргийлэх зорилгоор “Бүжгийн цэнгүүн”-ийг тогтмол явуулж “Ахмадын өдөр”, шинэ жилээр оны шилдгүүдийг шалгаруулах, “Гэр бүлийн баяр”-аар 250  гэр бүл, “Март-8”-аар “Одонт ээж”, “Ачлал буянтай ээж”-ээр 188 одонт ээжүүдийг алдаршуулж, гэр бүлийн үнэ цэнийг залуу үед ойлгуулах гэж зорьж байв. Мөн олон арван ахмадыг төрийн одон медаль болон төрөл бүрийн шагналд тодорхойлж, хөдөлмөрийг нь үнэлүүлж байлаа. Ахмадуудыг ажил мэргэжил, ажиллаж байсан байгууллагуудынх нь чиглэлээр 30 гаруй бүлэг зөвлөлд хамааруулан хамт олон болгон чиглэл чиглэлээр нь олон хэлбэрийн ажил зохиодог байсан нь одоогийн олон төрийн бус байгууллага үүсэх суурийг тавьж өгсөн юм. Аймгийн АБНХ-ны тэргүүнээр 10 дахь жилдээ ажиллаж 2022 оны аравдугаар сард “Сүхбаатарын өнгө” сонинд тусгай нүүр гаргасан. Аймагтаа Баруун-Уртын Ахмадын хороог найман удаа тэргүүн, дэд байрт, МАН-ын Ахмадын холбоо, намын хэмжээнд хоёр удаа тэргүүн байрт, аймагтаа таван удаа Шилдэг төрийн бус байгууллагаар, АБНХ улсад хоёр удаа тэргүүн, дэд байрт ажлаараа шалгарч байлаа. НАМЭХ-г анх байгуулагдсан үеэс л тэргүүлэгчээр нь сонгогдоод явж байна. УЗХ-нд сайн дурын идэвхтнээр олон жил болж, эмзэг бүлэгт халамжлагчаар ажиллах 75 шилдэг ахмадаа бэлтгэж өгсөн. МАН-ын ахмад гишүүний хувьд намын хорооны бага, бүгд хуралд төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажилласан гээд сонгуульт ажлыг нэгдүгээр ангиасаа эхлэн өдгөө хүртэл хүлээсээр байгаа нь надад итгэсэн хүмүүсийн урмыг хугалаагүй явсных биз ээ.

-Хань, үр хүүхдийнхээ тухай яривал?

-Миний хань С.Батсүх нь надтай хамт Баянтэрэм сумын  сургуульд багшилж байгаад, УБДС-д суралцаж, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн. Аймгийн Ардын Боловсролын хэлтэст байцаагч, аймгийн ЗДТГ, Удирдлагын хөгжлийн хэлтэст  ахлах түшмэлээр, дундуур нь Д.Сүхбаатарын нэрэмжит I Бүрэн дунд сургуульд захирлаар богино хугацаанд ажилласан юм. Өмөг түшиг болж байсан хань маань 2004 онд нас барсан. Манайх хоёр хүү, нэг охинтой. Тэд маань боловсрол мэргэжил эзэмшин, ажил алба эрхлэн, айл болж хүргэн, бэр, долоон ач, зээтэй болж, сайхан амьдарцгааж байна.

-Та янз бүрийн чиглэлээр олон сонгуульт ажлыг хийжээ. Ийм ажлууд голдуу цалингүй байдаг таны ядарч, цуцахгүй байгаагийн нууц юу вэ?

-Зохион байгуулсан ажлуудад минь оролцогчид сэтгэл хангалуун, баяр хөөртэй байгааг хараад би ч бас баярлаж тэднээс сайхан энерги авдаг болохоор ядарна гэж байхгүй. Аймаг орон нутгийн болон албан  байгууллага, салбаруудын удирдлага, залуу үе байнга дэмждэг болохоор ажил бүтэмжтэй сайхан байдаг. Насан туршдаа сонгуульт ажлуудыг цалин авдаг эрхэлсэн ажлаасаа доогуур үзэж байсангүй, энэ тэнцүүхэн хийж ирсэн. Эх орныхоо хөгжилт, цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхны төлөө ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа төр засагтай нь, залуу үетэй нь холбох гүүр болж гурван үеийн алтан хэлхээг үргэлжлүүлэхийн төлөө явж байгаа болохоор шантардаггүй ээ.

-Таны ажил, амьдрал бусдад ихийг бодогдуулахаар сургамжтай, эцэж цуцашгүй их эрч хүчтэй өрнөсөн байх юм. Ингэхэд таны ажил, амьдралдаа сахиж баримталдаг “философи” тань юу вэ. Залуу хүмүүст сургамжтай байх?

-Олны итгэл сэтгэлээр сонгогдсон сонгуульт үүргийг цалингүй ажил гэж бүү татгалзаарай. Олон хүнтэй танил дотно болж мэдлэг, мэдээлэл нэмэгдэж хүнтэй ажиллах арга ухаанд суралцах боломж олгодог тул цалин мөнгөнөөс илүү өсөж дэвшихэд чинь тус болно. Амь, албаны ажил дээр хэн нэгэнтэй санаа нийлэхгүй юм гарахаар яаран муу үг битгий хэлж бай. Зарим хүн ялихгүй юмнаас болж удам судар, хань ижил, үр хүүхдийг нь хамруулан маргаж байгааг харахад тун ч эвгүй байдаг. Өөрийн чаддаг, мэддэг юмаар хүнд тус хүргэж, чадахгүй бол бусдад тээргүй амьдрах сайхан. Төрөлх нутаг усандаа хамтдаа өсөж торнисон залуус хэт улс төржин бие биеэ муулах, нам, намаараа талцахгүй байхыг хичээ. Сонгуулийн үеэр л нам намынхаа төлөө соёлтой явж, олон түмэн хэнд, ямар намд санал өгөв гэдгийг хүлээн зөвшөөрөөд хамтран ажиллаж сурах хэрэгтэй. Албан тушаал, улс төрийн сонгууль бол цаг зуурын явдал. Үүнд ташуурч, элдэв муу араншин гаргах хэрэггүй, хүн чанар, хүн байх ухаанаа гээж болохгүй. Энэ чинь насан туршийн чинь дагуул шүү. Ном сайн унш, цахим ертөнцөд ухаантай хандахыг хүүхэд залуус, дүү нартаа захих байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu