XX зууны ная, ерээд оны Монголыг сэтгүүл зүйн үйл ажиллагаа, нийтлэлийн бичвэрийг манлайлагч Лодонгийн Түдэв

2025 оны 03 сарын 18

Өнгөрсөн зууны ная, ерээд он бол социалист системийн улс орнуудын хувь заяанд үндсэн эргэлт гаргасан он жилүүд байв. Энэ нь хүн төрөлхтөны түүхэнд уг системийг 1945 оноос үүсгэн буй болгож удирдан толгойлж ирсэн ЗСБНХУ эдийн засгийн хөгжлийн төдийгүй үзэл суртал, онолын сэтгэлгээний мухардалд орсонтой юуны өмнө холбоотой юм.

Дэлхийн коммунист, ажилчны хөдөлгөөнийг 1917 оны Октябрийн социалист хувьсгалаас хойш тасралтгүй манлайлж, Коминтернийг үүсгэн байгуулж залж чиглүүлж байсан ЗХУКН-ын хөгжил хөдөлгөөн наяад онд царцанга байдалд орон  нөөц боломжоо шавхаж түүхийн тавцнаас арчигдах цаг хугацаа ойртсон нь ялангуяа түүний удирдлагын дээд /эшелон/ түвшин өвгөрөн хөгширч ялзран доройтсоноор илрэлээ олж байлаа.

Дэлхийн II дайны дараагаар буй болсон дэлхийн хүчний харьцаа хурцдаж, “Хүйтэн дайн”-ы он жилүүдэд зэвсэг техникийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрч хуримтлал, хөрөнгө мөнгөнийхөө үлэмж хэсгийг түүнд зориулсан ЗСБНХУ-ын эдийн засаг доройтон саарч, хүн ардынх нь аж амьдрал сайжран дээшилж чадсангүй. ЗХУ-аас социалист системийн улс орнууд, түүний дотор БНМАУ-д үзүүлж ирсэн эдийн засгийн тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэх аргагүйд хүрэн зогсоож, олон улсын хамтын нөхөрлөлийн шүүмжлэлд,  тэргүүн ээлжинд БНХАУ-ын хүчтэй шахалтад өртсөн оросууд Монголоос зуун мянган цэрэг бүхий хүчирхэг дивизээ гаргав.

Өөрчлөн байгуулалт, ил тод байдал гэх зэрэг цоо шинэ улс төрийн гоёмсог нэр томьёо, уриа лоозон дэвшүүлэн ЗХУКН-ын удирдлагад овсгоолгоор гарч ирсэн М.С.Горбачёвын шинэлэг үйл ажиллагаа улс орон дотроо олонхийн дэмжлэг авч, улмаар хүрээгээ тэлэн социалист системийн улс орнуудад тархан дэлгэрч эхлэв. Гэхдээ М.С.Горбачёв тухайн цаг үед социализмыг өөрчлөн шинэчилж боловсронгуй болгон сайжруулах зорилт тавьснаас бус түүнийг үндсээр нь устгаж авсална гэж хараахан бодоогүй байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. Харамсалтай нь перестройка, гласность /өөрчлөн байгуулалт ба ил тод байдал/ түүний санаж бодсоноор өрнөсөнгүй. Горбачёвын жолоог нь атгасан “хөгжингүй социализм” хэмээх нэртэй асар том хөлөг онгоц ачаагаа даалгүй далжийн хазайж хөлгүй их далайд живж эхэлсэн бөгөөд социализмын тухай үзэл санаа мухардалд орж хүн төрөлхтөний түүхийн хог дээр хаягдах нь улам бүр тодорхой болж ирсэн байна.

Далаад жилийн турш Монгол Улсыг гартаа атгаж хүүхэлдэй хөдөлгөх адил шууд удирдан залж чиглүүлж ирсэн ЗХУ БНМАУ-ыг дөчин жил удирдсан Ю.Цэдэнбалыг  “ашиглаж дууссан” гэж үзээд 1984 оны наймдугаар сард бүх албан тушаалаас нь зайлуулж, эх оронд нь буцаалгүйгээр Москвад “цөлөв”. Энэ бол социализмын замаар замнагч манайх мэт дагуул улс орнуудын удирдагчдыг шинэчлэх, өөрийн эхлүүлсэн өөрчлөн байгуулалтын  гольдролд татан оруулах Москвагийн буюу Горбачёвын далд бодлогын ил  тод илрэл нь байлаа.

Дэлхийн социалист системийг хамран салхилсан улс төр, эдийн засгийн энэхүү шуурга Монголд өөрийн хүчтэй нөлөөг бүх салбарт, тэргүүн ээлжинд хэвлэл мэдээлэлд үзүүлсэн юм. Энэ үед БНМАУ-д 70 гаруй нэр төрлийн сонин, сэтгүүл 1,5 сая хувиар хэвлэгдэн гарч байлаа. Оройлон манлайлагч нь БНМАУ-ын нам, төрийн төв хэвлэл “Үнэн” сонин. Уг сониныг тасралтгүй хорь гаруй жилийн турш удирдсан Ерөнхий эрхлэгч Цэндийн Намсрай дипломат албанд шилжиж /БНАГУ-д суух БНМАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсон/, МХЗЭ-ийн Төв Хорооны 1 дүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэв “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр томилогдов. Энэ үед  буюу 1984 онд “Үнэн” сонин 164 мянган хувиар хэвлэгдэж  тус улсын 18 аймаг, Улаанбаатар хотноо өргөнөөр тархаж байлаа. Цэндийн Намсрай бол том улс төрч, Монголын нэртэй сайн орчуулагч, редакторын нэг /Төрийн шагналт, МУСГЗ/ байсан бол шинэ Ерөнхий эрхлэгч Лодонгийн Түдэв нь манай сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч, ард түмэн, өргөн олон уншигчдад нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн авьяаслаг зохиолч, нийтлэлч хүн байлаа /Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар, МУСГЗ/. “Үнэн” сонины 22 ба 23 дахь хоёр Ерөнхий эрхлэгчийг ийнхүү харьцуулан нэрлэж цоллож байгаагийн учир гэвэл тухайн цаг үед БНМАУ-ын нам, төрийн төв хэвлэлийн Ерөнхий эрхлэгчийг хамгийн тулхтай улс төрч, улс нийгмийн томоохон зүтгэлтэн, шалгарсан тэргүүний зохиолч, сэтгүүлч хүнээр тохоон томилж, тэр хэмжээгээр “Үнэн” сонин монголын нийгэмд үлгэр жишээ үзүүлж, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг араасаа дагуулан манлайлж ирсэн байдгийг зориуд цохон тэмдэглэж хэлэх гэснийх билээ. “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч нь Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгчийн үүргийг давхар хариуцан гүйцэтгэдэг хэвшсэн практик ч БНМАУ-д үйлчилж байлаа.

Монгол дахь улс төр, нийгэм, эдийн засгийн онцгой эргэлтийн цаг үед бусад хэвлэл, мэдээлэлд үлгэр жишээ үзүүлж ажиллах үндсэн үүрэгтэй “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр тохоон томилогдсэн Лодонгийн Түдэв нь дэлхий ертөнц, гадаадын улс орнуудын талаар өргөн дэлгэр мэдлэг мэдээлэлтэй, ялангуяа ЗХУ-ын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд болж буй өөрчлөлт шинэчлэл, утга зохиол, хэвлэл мэдээллийн салбарт гарч буй шинэ үзэгдлүүдийг тун соргогоор мэдэрч хүлээн авч хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзлээр дүүрэн хүн байв.

Шинэ томилолтын үр дүн тун удалгүй гарч эхэлсэн бөгөөд “Үнэн” сонины хуудаснаа ЗХУ-д хэрэгжиж буй өөрчлөлт шинэчлэлийн сэдэвт нийтлэлүүд нүүр нүүрээр нийтлэгддэг болсон байна. Ил тод байдал, олон ургальч үзлийн талаарх сэдэв монголын сэтгүүлчдийн сонирхлыг татан нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэж, хорхойг нь хөдөлгөж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл ЗХУ-д эхэлсэн өөрчлөн байгуулалт, ил тод байдлын уур амьсгал монголын нийгэмд шинэчлэлийн салхи сэврээ оруулж уриалан дуудаж эхэлсэн гэж бүрэн үндэстэй хэлж болно.

Энэ нь монголын хэвлэл мэдээллийн газрууд, нийт сэтгүүлчид өөрсдийн үйл ажиллагааг өөр нүдээр, өөр өнцгөөс харах бололцоог буй болгов. Урьд нь БНМАУ-ын нам, төрийн төв хэвлэл “Үнэн” сонин жишээ нь өөрийн тэргүүн өгүүллийг “Сурагчдын хаврын хөдөлмөр”, “Услалтын систем”, “Намын ой, их хурлын жил”, “Барилгын талбай”, “Монголын залуучуудын дээд чуулга” гэх зэргээр гарчиглаж бодлогын чанартай удирдамж чиглэл өгдөг, Залуучуудын болоод Үйлдвэрчний эвлэлийн зэрэг бусад хэвлэлүүд түүнийг нь тоть мэт ёсчлон дуурайдаг байсан бол 1985 оноос “Үнэн” сонины тэргүүн өгүүлэл нь “Гахайн аж ахуй”, “Шувууны аж ахуй”, “Хөдөлмөр, нэр төр”, “Эх оронч үзэл”, “Зөгийн аж ахуй”, “Загасны аж ахуй”, “Гэр бүл”, “Нинжин сэтгэл” гэх зэргээр өөрчлөгдөж эхэлсэн байна. Эндээс Лодонгийн Түдэв гэдэг эрхмийн эвлэлийн ажлын арга барил нэг талаас мэдрэгдэж байвч нөгөө талаас “Үнэн” сонин амьдрал практик руу алхам алхмаар ойртож өмнөх он жилүүдэд амь бөхтэй үргэлжилж ирсэн бичлэгийн ерөнхийлсөн хэвшмэл арга хэлбэрээс ангижрах гэсэн тэмүүлэл нь тод мэдрэгдэж байгаа юм.

“Үнэн” сонины шинэ удирдлага нам, засгийн бодлого шийдвэрийг дугаар бүртээ сурталчилан таниулахын зэрэгцээ өөрчлөлт шинэчлэлийн сэдэвт тэргүүн зэргийн ач холбогдол өгч анхаарал тавих болсон байна. Энэ нь сонины нийтлэлийн хэлбэр загвар, бичлэгийн арга барилд шууд нөлөөлжээ. Бичлэгийн хуучирсан хэвшмэл арга хэлбэр, тухайлбал өнгөц хоосон магтаал, хэлбэр төдий ашиг багатай шүүмжлэлээс “Үнэн” сонин зайлсхийж эхэлжээ. Шинэ агуулга, шинэ сэдвийг эрэлхийлэх, цоо шинэ асуудлыг айж эмээлгүйгээр хөндөх байдлаар сэтгүүл зүйн бичлэгийн задлан шинжлэл бүхий бичлэгт шилжих зорилтыг Лодонгийн Түдэв дэвшүүлж, тэр чиглэлээр өөрийн редакцийн сэтгүүлчдийг шахаж шаардан, өрсөлдүүлж уралдуулж  ажиллуулж эхэлсэн байна. “Үнэн” сонины 1986 оны №9-д “Өндөг”, №54-т “Ботго, унага, тугал”, №88-д “Социалист овсгоо” гэсэн тэргүүн өгүүлэл хэвлэгдэв. №66-д “Тэжээлийн үйлдвэр тэжээлгэсээр байх уу” /Ч.Эрдэнэ/, №172-т “Нэгдлээ “иддэг” техник” /Б.Лхамсүрэн/, №225-д “Алдагдлын үүдийг хааж арилжихын уутыг нээе” /П.Дашням/, №286-д “Орлогч-оромдож болохгүй алба” /До.Цэнджав/, №237-д “Ерөнхий ажилтай ерөнхий зоотехникч” /Х.Чойжилжав, Д.Төгсөө/, №290-д “Талархсан дүрээр эсэргүүцэх зуршил” /А.Даваасамбуу/ дагавар өгүүллүүд нийтлэгдсэн нь шинэ Ерөнхий эрхлэгчийн дээрх шаардлагын нэг бодит бэлээхэн үзүүлэлт мөн гэж хэлж болно.

“Үнэн” сонины өнгөрсөн 60 жилийн түүхэнд анх удаа “Өндөг”, “Ботго, унага, тугал”, “Социалист овсгоо” гэдэг тэргүүн өгүүлэл гарч байгаа нь энэ. Уншигчдын нүдийг шууд л соронздон татаж байна. Ч.Эрдэнийн бичсэн “Тэжээлийн үйлдвэр тэжээлгэсээр байх уу?”, Б.Лхамсүрэнгийн “Нэгдлээ “иддэг” техник”, П.Дашнямын “Алдагдлын үүдийг хааж арилжихын уутыг нээе”, До.Цэнджавын “Орлогч-оромдож болохгүй алба”, Х.Чойжилжав, Д.Төгсөө нарын “Ерөнхий ажилтай ерөнхий зоотехникч”, А.Даваасамбуугийн “Талархсан дүрээр эсэргүүцэх зуршил” гэсэн асуудал дэвшүүлсэн шүүмжлэлт нийтлэлүүдээс өнгөрсөн зууны наяад оны Монгол Улсын үнэн бодит амьдрал нүдэнд үзэгдэх шиг, өөрчлөн байгуулалт, ил тод байдлын цаг үеийн уур амьсгал, асуудалд шинэ өнцгөөс шинэлэг арга барилаар хандах  гэсэн сэтгүүлчдийн хүсэл эрмэлзэл, шүүмжлэлт зарчимч байр суурь гарт баригдах шиг болж байгаа юм.

Эдгээр тэргүүн болоод дагавар өгүүллүүдийг Ерөнхий эрхлэгч Лодонгийн Түдэвээс эхлээд бүгдийг “Үнэн” сонины өөрийнх нь ажилтан, орон нутаг дахь сурвалжлагчид, бас тус сонины идэвхтэн бичигчид бичиж, улмаар Ерөнхий эрхлэгчийн гараар орж уншигдаж засагдаж, хэл хэллэг хийгээд утга агуулгын хувьд сайжран шинэчлэгдээд сонины хуудаснаа хэвлэгдэж байжээ. “Үнэн” сонинд ажиллагсад улс төр бол эдийн засгийн хөгжлийн төвлөрсөн илэрхийлэл байх ёстой гэсэн өнцгөөс асуудалд хандаж, тэр хэмжээгээр тэдний сэтгэлгээнд огцом өөрчлөлт шинэчлэл гарч, тэр нь дээрх бичлэгийн өнгө төрх, үндсэн агуулгаар илэрхийлэгдэж байгаагаараа судалгааны ихээхэн ач холбогдолтой болно.

Үр дүнд нь “Үнэн” сонины уншигчдын захиалгын тоо хэмжээ нэмэгджээ. 1986 онд 183 мянгад хүрч нэг жилийн дотор 17 мянгаар захиалга нь өсөв. “Үнэн” сонины дэргэдэх “Тоншуул” сэтгүүлийн захиалга 84 мянга давж, “Шинэ хөдөө” сониныг уншигчдын тоо 22 мянга болов. “Үнэн” сонины нийтлэлийг сонирхон уншигчдын тоо хэмжээ ийнхүү өсөхийн  хэрээр бичигч идэвхтнүүдийн эгнээ шинэ хүмүүсээр нэмэгдэж байв. Тус сонины 1986 оны №20-д “Бичигч идэвхтэн”, №41-д “Хэвлэл мэдээллийн өгөөж” хэмээх гарчигтай тэргүүн өгүүлэл нийтлэгдсэн нь монголын нийгэм дэх үзэл санаа, сэтгэлгээний өөрчлөлт шинэчлэлийг хийж хэрэгжүүлэхэд идэвхтэн бичигчид, сэтгүүлчид ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэж тус сонины зөвлөл, Ерөнхий эрхлэгч үзэж байсантай нь шууд холбоотой юм. 1984 оны эцсээр эхэлж 1985-1986 онд улам далайцтай өрнөсөн эл шинэчлэл, нийтлэлийн бодлого 1987 онд улам эрчимжин гүнзгийрэв. “Үнэн” сонины №4-т Ц.Дашдоржийн “Архи, хулгай, манаач гурав”, №47-д Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, №233-д Ц.Балдоржийн “Далай ээж маань цайзын тавцнаа”, №269-д Х.Цэвлээгийн “Тэмээ, тэмээчин хоёрын тухай”, №280-д Ш.Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”, №288-д Б.Батбаярын /Баабарын/ “Бичиг, бичиг, бичиг” зэрэг алдарт нийтлэлүүд ар араасаа цувран гарав. Эдгээр шүүмжлэлт нийтлэлүүд монголын нийгмийг доргиож өөрчлөлт шинэчлэлт зайлшгүй хэрэгтэйг итгүүлэн үнэмшүүлж байв.

Монголын өдөр тутмын бүх сонин, тэрчлэн сар, арван хоног, улирал тутмын сэтгүүлүүд, хот, хөдөөгийн сонинууд, сэтгүүлчид Лодонгийн Түдэвээр толгойлуулсан “Үнэн” сониныхны өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал, тэмцэн тэмүүлэгч, үлгэрлэгч үйл ажиллагааг дагаж, нийтлэлийн бодлогыг нь талархан дэмжиж цар хүрээг нь өргөжүүлэн өөр өөрсдийн чиглэлээр бүх салбарт гүнзгийрүүлэн тарааж түгээж байв. Түүний авьяас билгийг шүтэн бишрэгчид, даган дуурайгч нар өөр хоорондоо өрсөлдөн урагш уралдан тэмүүлцгээж байв. Тэрхүү уран бүтээлийн өрсөлдөөн уралдаан нь бие биесээ хурцлан билүүдэж сэтгүүл зүйн шинэ шинэ бүтээл төрж гарах шимт хөрс суурийг бүрдүүлж өгч байсан юм. Энэ бүгдэд шинэчлэгч үзэл санаатай, дэвшилт тэргүүний бүхнийг дэмжин дэлгэрүүлэгч “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Лодонгийн Түдэвийн нөлөө, түүний бүтээлч хувь нэмэр бодитой байсан бөгөөд 1987 он бол “Үнэн” сонины түүхэн дэх уран бүтээлийн хамгийн арвин ургацтай он жилүүдийн нэг болж тэмдэглэгдэж үлдсэн байна. “Үнэн” сонины захиалгын тоо хэмжээ 1987 онд 195519 болж өмнөх оноос 12 мянгаар нэмэгдсэн байлаа. “Шинэ хөдөө” сонины захиалга 27419 болж мөн адил нэмэгдэн, харин “Тоншуул” сэтгүүлийнх 79627 болж өмнөх жилийнхээсээ таван мянгаар буурчээ.

Энэ бол “Үнэн”, “Шинэ хөдөө”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” зэрэг төвийн бусад хэвлэлүүдэд ил тод шүүмжлэлт нийтлэлийн хэмжээ эрс нэмэгдсэнтэй шууд холбоотой байв. Урьд өмнө нь Монголын хэвлэл мэдээлэл дэх шүүмжлэлт нийтлэлийн өнгө аясыг “Тоншуул” сэтгүүл ганцаараа манлайлж тодорхойлж байсан бол өнгөрсөн зууны наяад оны сүүлчээс тэрхүү шинж чанарыг монголын өдөр тутмын бусад хэвлэл, тэргүүн ээлжинд Л.Түдэв эрхлэгчтэй “Үнэн” сонин өөртөө шингээн авч нийтлэлийн бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгон хувиргаж чадсан байна. Энэ хэмжээгээр БНМАУ-ын төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлгийн үр нөлөө, өгөөж нь урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөрт дэвшин гарсан билээ. Ганц нэгхэн баримтыг иш татаж дурдахад Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцнаа” шүүмжлэлт нийтлэлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга П.Жасрай, Хөвсгөл аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга У.Заяат нар “Үнэн” сонинд хариу ирүүлж тус сонины 1988 оны № 12-т нийтлүүлж байв. ЗХУ ба социалист системийн бусад улс орны хөдөө аж ахуйн салбар, газар тариалангийн ургацыг нэмэгдүүлэх зорилготой фосфоритын  бордоо бэлтгэн нийлүүлэх үйлдвэрийг Хөвсгөл нуурын фосфоритын ордыг түшиглэж  байгуулах, төмөр замаар холбох тухай Зөвлөлт, Монголын эрх баригч улс төрийн намууд, Засгийн газруудын шийдвэр цуцлагдахад хүрчээ.

Ш.Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”, Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, А.Даваасамбуу, Б.Базаррагчаа нарын “Дэглэгсдэд дэг хэрэгтэй” нийтлэлийн мөрөөр тодорхой ажлууд зохион байгуулагдаж, буруутай хүмүүст арга хэмжээ авч, шийтгэл оногдуулсан байна. “Үнэн” сонины шүүмжлэлт нийтлэлүүдэд эрх баригч нам, засаг дүн шинжилгээ хийж үзээд зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч 1988 онд БНМАУ-ын 8 яам, хороог өөрчлөн цомотгож 5 болгож байжээ. Байгаль хамгаалах сэдвээр нийтэлсэн цуврал нийтлэлийнх нь үр дүнд Байгаль орчныг хамгаалах Яамыг шинээр байгуулсан байна. Монголын ахмадын хороог шинэчлэх комисс байгуулж, оюутны нийгмийн асуудал, тэрчлэн хэвлэх үйлдвэрийн талаар авах арга хэмжээний тогтоол боловсруулан хэлэлцсэн байна.

Энэ бүхэн бол “Үнэн” сонины шүүмжлэлт нийтлэлийн үр нөлөөний тодорхой бодит үзүүлэлтүүд мөн билээ. “Үнэн” сонины шүүмжлэлт нийтлэлүүдийг талархан дэмжиж дуу хоолойгоо нэгтгэгч бусад сонин сэтгүүл, тухайлбал “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” сонины нийтлэлд ч эерэг өөрчлөлт шинэчлэлт гарч байв. Энэ бүхнийг уялдуулан зохицуулж нийтлэл, нэвтрүүлгийн үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээрх үйл ажиллагааг Лодонгийн Түдэвээр толгойлуулсан Монголын Сэтгүүлчдийн Холбоо шууд гардан зохион байгуулж төвөөс нэр төртэй, туршлагатай сэтгүүлчдийг орон нутгийн сонины газруудын редакциудад сарын хугацаатай томилолтоор ажиллуулж, мэргэжлийн зөвлөмж, арга зүй хийгээд “Сэтгүүлчдийн номын сан” цувралаар хангаж, АНУ-ын Сонинуудын Холбоо, Олон Улсын Сэтгүүлчдийн Байгууллагын ёс зүйн зарчим зэрэг хэрэгцээт шинэлэг материал, гарын авлагыг монгол хэл рүү хөрвүүлж  “Сэтгүүлч” сэтгүүл, “Үнэн” сонинд нийтлүүлж, олон улсын сэтгүүлчдийн уулзалт зөвлөлгөөн, дугуй ширээний ярилцлагыг Улаанбаатар хотноо зохион байгуулах зэргээр бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж бүтээлчээр хамтран ажиллаж байлаа. Ганцхан жишээг дурдахад Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцнаа” шүүмжлэлт нийтлэлийг “Үнэн” сонинд нийтэлсэнтэй зэрэгцүүлж МСХ-ны  хороо байгаль орчныг хамгаалах сэдвээр бичдэг монгол, зөвлөлтийн сэтгүүлчдийн аяллыг Хөвсгөл нууранд /”Сүхбаатар” усан онгоцоор/ зохион байгуулж, улмаар Улаанбаатарт сэтгүүлчид, эрдэмтдийн дугуй ширээний ярилцлагаар үргэлжлүүлэн Хөвсгөл ба Байгаль нуурыг хамгаалах асуудлаар “Улаанбаатарын уриалга” гаргаж “Үнэн” сонинд нийтлүүлж байв. Энэ бүгд нь нийгэмд нэн хүчтэй тусч, тухайлбал Хөвсгөл нуурыг хамгаалах асуудлыг бүх ард түмний хөдөлгөөн болгон хувиргаж чадсан байна.

Нам, засгийн төв хэвлэл “Үнэн” сониноос эхлээд “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонин, “Монголын эмэгтэйчүүд”, “Монголын худалдаа”, “Сэтгүүлч” зэрэг төвийн болоод салбарын сонин, сэтгүүлүүдийн захиалгын тоо хэмжээ түүхэн дээд амжилт тогтоосон тийм онцгой содон он жилүүд манай түүхэнд ахиж хэзээ ч давтагдахгүй болов уу. Чухам үүнд “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Лодонгийн Түдэв, түүний үзэг нэгт хамтран зүтгэгчдээс монголын сэтгүүл зүйн хөгжил хөдөлгөөнд оруулсан  түүхэн гавьяа тодорхойлогдоно.

Нийгмийн амьдралын эмзэг хурц сэдвээр “Үнэн”  зэрэг төвийн сонин хэвлэлд бичигчдийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэж, идэвх санаачилга нь асан бадарч, дүрэлзэн гэрэлтэж  байсан он жилүүд гэвэл өнгөрсөн зууны наяад он юм. Ийм гал цогтой нийтлэлүүдийн нэг нь О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт” нийтлэл. Монголын ард түмний мянга мянган жилээр бүтээж туурвисан соёлын их өвийг хадгалж хамгаалах асуудалд эл нийтлэл олон түмний анхаарлыг хандуулж чадсан билээ. Музейн сан хөмрөгүүдэд хадгалагдаж буй ховор нандин үзмэрүүд арчлалт хамгаалалтгүй муудаж үрэгдэж байгааг илчилж, Эрдэнэ зуу хийдийн цогцолбор дахь эмх замбараагүй байдал, үлбэгэр сул үйл ажиллагааг хурцаар шүүмжилж ил тодоор нийтийн сонорт хүргэжээ. Уг сэдэв “Үнэн” сонины 1988 оны нийтлэлийн нэг гол чиглэл болон үргэлжилж сонины редакци иргэдээс олон арван захидал хүлээж авсан байдаг юм.

Тэрчлэн “Үнэн” сонины 1988 оны №81-д доктор С.Дашдаваагийн “Өөрчлөн байгуулалт, залуучууд” хэмээх социологийн тэмдэглэл, №82-т доктор Г.Төртогтохын “Туршлагын сургамж” зэрэг уншигчдын сонирхлыг татсан нийтлэлүүд нийтлэгджээ. 1986 онд “Өндөг” хэмээх  тэргүүн өгүүлэл гаргаж байсан “Үнэн” сонин 1988 оны №91-д “Дэгдээхэй” хэмээх тэргүүн өгүүлэл нийтэлсэн байдаг. Энэ нь судлаач надад уг сонины нийтлэлийн цар хүрээ, сэдвийн шинэлэг чиг хандлагын тухайн цаг үеийн өсөлт хөгжилтийн үнэн бодит дүр төрх, уран дүрслэлт сэтгэлгээний зураглалт нэгэн хэм хэмжүүр  мөн мэт дүрслэгдэн сэтгэлд  зурагдан бууж байгаа юм.  Тун удахгүй энэ дэгдээхэй шувуу болж хөх тэнгэрт харцага, бүргэд мэт халин дүүлнэ дээ гэж эрхгүй бодогдуулж байгаа болно.

“Үнэн” сонины тухайн оны №125-д Ж.Лхагвын “Авьяас, №126-д Х.Ганбатын “Захидал, №137-д А.Даваасамбуу, Б.Базаррагчаа нарын нарын “Дэглэгчдэд дэг хэрэгтэй”, №143-д Ц.Дашдондовын “Баярын тухай гунигтай бодол”, №163-д М.Энхсайханы “Шинэчлэлийн гадна орхих ёсгүй”, №170-д Г.Жамцын “Ууршуулж шатаасан шингэн алт хайран”, №180-д Ц.Жалцав, О.Хахаар нарын “Хуулийн байгууллагад хууль завхруулахыг зогсооё”, №185-д Л.Түдэвийн  “Эвдэрснийг эвлүүлье, эвдлэхийг эцэслэе”, №188-д Г.Жамцын “Замаа алдсан зам”, №195-д Ж.Болдбаатарын “Ардчилал, ил тод байдал, ажлын арга барил”, №226-д Д.Бямбасүрэнгийн “Эдийн засаг дахь хүнд суртлыг саатуулагч механизмыг өөрчлөх асуудалд”, №238-д Б.Лигдэнгийн “Нийгмийн улс төрийн системийг боловсронгуй болгох асуудалд”, №259-д “Шударга ёс” тэргүүн өгүүлэл, №301-д Т.Галдангийн “Дагалдан” хэвээрээ ирэх зуунд орох уу” зэрэг нэн сонирхолтой нийтлэлүүд хэвлэгдэн гарчээ. Мөн энэ онд “Үнэн” сонинд өнгөрсөн зууны гучаад оны үеийн хэлмэгдүүлэлтийн сэдвийг хөндөж Монголын нам, төрийн ахмад зүтгэлтэн А.Амар, Д.Лосол, П.Гэндэн, М.Дугаржав, Д.Догсом зэрэг удирдах ажилтнуудын тухай анх удаа ил тодоор нийтэлж өнгөрсөн түүхийн “цагаан толбо”-ын талаарх нийгмийн хэвшмэл төсөөлөлд шинэ уур амьсгалыг оруулж, бодол эргэцүүлэлд уриалан дууджээ. Өмнөх он жилүүдэд эхлүүлсэн өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн бодлогоо “Үнэн” сонин ийнхүү тууштай үргэлжлүүлж эрч хүчийг улам чангаруулж эрчимжүүлснээр 1988 онд тус сониныг захиалсан уншигчдын тоо 196600-д хүрч өмнөх оноосоо нэг мянгаар нэмэгдсэн байна.

1989 онд уг нийтлэлийн бодлогоо “Үнэн” сонин улам зоримгоор үргэлжлүүлэв. Эрх баригч МАХН-ын дотоод шинэчлэлийг эхлүүлэх ажлыг түргэвчлэхийг нэр бүхий 15 эрдэмтэн санал болгож намын гишүүд, дэмжигчид уухайлан түрхэрч дэмжсэнээр “Үнэн” сонины өөрчлөлт шинэчлэлийн сэдэвт нийтлэлүүдийн агуулга, ач холбогдол чанарын шатанд ахив. “Үнэн” сонины №1-д эрдэмтэн С.Уртнасангийн “Шинэчлэлийн эхний жилийн дүн, өөрчлөн байгуулалтын дуудлага”, №186-д эрдэмтэн Б.Батхишигийн “Хуваарилалтын согог, дутагдал”, №243-д  эрдэмтэн М.Энхсайханы “Өөрчлөлт шинэчлэлт өөрөө ирэхгүй”, №275-д эрдэмтэн С.Нямзагдын “Өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай болье”, №293-д  эрдэмтэн И.Нэргүйн “Хувьсгалт өөрчлөлтийн цогцолбор шинжийн тухай” гэх зэрэг даацтай өгүүлэл нийтлэгдсэн нь нийгмийн сэтгэл зүйг хувьсгалт өөрчлөлт, эрс  шинэчлэлд бэлтгэхэд шууд чиглэгдсэн байна.

Үүнд нь монголын сэтгүүлчдийн гал цогтой шүүмжлэлт нийтлэлүүд улам эрч хүч өгч, очийг түймэр болгон бадрааж эхэлснийг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Ийм нийтлэлийн жишээнд “Үнэн” сонины 1989 оны №24-д хэвлэгдсэн Ц.Балдоржийн “Ганц жил наслуулах гэж арван сар тээдэггүй”, №138-д гарсан Ц.Дашдондовын “Дээд комиссын доод ажил”, №199-д нийтлэгдсэн Н.Шаравын “Баримал балгас, үхмэл хөрөнгө”, №242 дахь Д.Мягмарсүрэнгийн “Урлагийг захиргаадахаас чөлөөлье”, №242-д хэвлэгдсэн Д.Бордухын “Концесс буюу Мардайн нууц”, №258-д гарсан Ж.Барамсайн “Шорон дотроос “өшөө авагч” байдаг юм биш биз”, №284-д нийтлэгдсэн О.Дашбалбарын “Ардаасаа нуух ёсгүй ардын эмнэлэг” зэрэг олон нийтлэлийг нэрлэж дурдаж болох байна.

“Үнэн” сонинд 1989 онд нийтлэгдэж Монголын ард түмний нүдийг нээж, чихийг онгойлгосон нэн чухал хоёр баримт бичгийг нэрлэбэл №34-д хэвлэгдсэн НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, №277-д гарсан “Хүүхдийн эрхийн тунхаглал” болно. Монголчуудаас олонхи нь ийм чухал баримт бичиг байдгийг өмнө нь төдийлөн мэддэггүй байсан юм. Эдгээрийг олж үзэж, уншиж мэдэрсэн монголын ард түмний санал бодлоо илэрхийлэх идэвх зүтгэл, хүсэл эрмэлзэл оргилон бадарсан нь бодит үнэн бөгөөд “Үнэн” сониноос нийгмийн сэтгэл зүйг хувьсган хөгжүүлэхэд, бүр тодотговол ойртон айсуй ирээдүйн хувьсгалт үйл явцад бэлтгэх хөрс суурийг буй болгоход  оруулсан их том хувь нэмэр болсон билээ.

Т.Баасансүрэн

Үргэлжлэл бий.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu