ӨДӨР ӨДРИЙН БААТАР I Сансрын гэрэл зурагчин

2025 оны 03 сарын 22

Гэрэл зургийг: Монцамэ агентлаг

Арван хэдхэн наснаасаа аппарат үүрч, бүхнээс түрүүнд гүйж, агшнаас амжиж, энэ мөчид харагдаж буйг ирэх өдрүүдэд үлдээж ирсэн түүх бол Сэрээтэрийн Батсүх буюу “Сансрын Батсүх” хэмээх уран бүтээлчийн туулсан зам билээ.

Тэр бол гэрлээр зурдаг зурагчин. Аппаратын гэрэл анивчих тоогоор агшин хором хальсанд үлдэж, тэрхүү дүрсийг хальснаас зургийн хороор угааж, цааснаа хэвлэж сонин, сэтгүүлийн нүүрэнд нийтэлдэг тэр үеийн хүн. Зурагчин болсон түүх нь ч тэртээ 50 гаруй жилийн өмнөх явдал. Хар багаас мөрөөдөл хүслийг нь эзэмдсэн энэ л ажлаараа хагас зууны түүхийг хальсанд буулгаж, хар цагаан хоёрхон өнгөөр ямар чухал агшныг үлдээж болдгийг Монголын гэрэл зургийн хагас зуун жилийн түүхэнд үлдээсэн хүмүүсийн нэг.

Зурагчин С.Батсүх “Сансрын Батсүх” болсон нь 1977 оны үйл явдал. Тухайн үед тэрбээр хорин хэдхэн настай, МОНЦАМЭ агентлагийг гэрэл зургаар хангадаг Соёлын яамны харьяа Улсын гэрэл зургийн газарт зурагчнаар ажиллаж байв. С.Батсүх голчлон үйл явдлын сурвалжилгад явдаг, Улс төрийн товчооны гишүүд, Ю.Цэдэнбал даргатай олон улс орноор явж айлчлал, гадаад орнуудын тэргүүн нарын зураг авдаг байж. Өөрөөр хэлбэл, төрийн зурагчин.

Нэг өглөө түүнийг МАХН-ын Төв хороон дээр дуудан, улсын нууцын зэрэгтэй алба даалгахаар болсныг дуулгажээ. “Нууцын зэрэглэлтэй учир одоо нарийн учир явдлыг тайлбарлах боломжгүй, ав гэсэн зураг аваад явж бай” л гэж. Бүр эхнэр хүүхдэдээ ч хар сэр авахуулахгүйгээр ажиллах үүрэг хүлээв. Үе үе түүнийг Сайд нарын гэгдэх, одоогийн Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр дуудан хэдэн хүний зургийг авахуулна. Авсан зургуудаа угаалгамагц нь НАХЯ-ны ажилтан сахиж сууж байгаад хальсыг нь аваад явдаг байжээ. Тэгэхэд сансарт нисгэхээр мянга гаруй хүний дундаас сонгогдсон 12 залууг бэлтгэж байсан бөгөөд чухам яг хэн нь сансрын уудамд хөөрөхийг хэн ч мэдэхгүй байсан цаг. 1978 онд тэдгээр залуусаас М.Ганзориг, Ж.Гүррагчаа хоёр тунаж үлджээ.

Яг ямар учиртай ажил хийгээд байгаагаа тэр бүр 1979 оны сүүлчээс л гадарлаж эхэлсэн гэдэг. Зөвхөн сансарт нисгэхээр сонгогдон бэлтгэгдэж байгаа залуусын зургийг авч байснаар барахгүй Монгол, Зөвлөлтийн хамтарсан нислэгийг сурвалжлан гэрэл зургаар түүх болгон үлдээх хариуцлагатай үүрэг байж. Учрыг бүрэн ойлгоод ихэд сүрдэж догдолсон гэдэг.

С.Батсүхтэй хамт Монголкино үйлдвэрийн зураглаач З.Сүхбаатар, найруулагч Ч.Гомбо, телевизээс найруулагч Д.Жаргал, зураглаач И.Дашдондог, М.Лхагвасүрэн нарын хэд хэдэн хүн сансрын нислэгийг сурвалжлах багт сонгогдсон аж. Тэднийг сансар судлалын анхан шатны сургалтад суулгаж, чухам л өөрсдийг нь нисгэх гэж байгаа аятай дасгалжуулж байж. Ингээд 1980 оноос ЗХУ /хуучнаар/ руу томилолтоор явж сансрын нисэгчдийн зураг авдаг болов. Тэнд долоо хоноод ирнэ. Сар хүрэлгүй буцаад л ЗХУ руу ниснэ. Москвагаас 50-иад километр зайтай Оддын хотхон руу өглөө бүр очиж нисэгчдийн бэлтгэл, сургуулилтын зураг авна. Ингэж явааг дарга нараас нь өөр хэн ч мэдэхгүй. Бүтэн гурван жил үргэлжилсэн зураг авалтын үедээ хариуцлага алддаггүй, үүргээ умартдаггүй чамбай залуу гэдгээ ч харуулсан байх.

Сүүлд 1981 онд Төв хорооноос түүний дэргэд хүн нэмж авч ажиллуулах шийдвэр гарч зурагчин Ц.Нина сансрын нислэг сурвалжлах багт орсон байна. Мөдхөн сансрын нислэг болох гэж байхад, ажил урьд өмнөхөөсөө ч их, илүү хариуцлагатай болсон үед тусгайлан сонгож авсан зурагчин нь хоёр гурван жилийн турш үдэш оройгүй ажиллаж байгаад ядарчихвал онцгойлж бэлтгэсний хэрэг талаар болох вий гэж болгоомжилсон нь тэр байсан гэдэг. Сансрын нислэгийг товлосон хугацаанаас өмнөхөн буюу 1981 оны гуравдугаар сарын эхээр л Ж.Гүррагчаа нисэх нь тодорхой болж ирэв. Яг нислэгийн өдөр Монголоос телевиз, хэвлэл мэдээллийн нүсэр баг очиж ажиллав. Ч.Даваадаш, М.Чойжил, Г.Хасбазар, Б.Балжинням, Я.Сүхбаатар, Т.Галдан гээд тухайн үеийн хамаг л нэртэй сэтгүүлч, уран бүтээлчдийг тэнд цуглуулсан аж. Яг хөөрөх нислэгийн зураг авахаар Оросын сурвалжлах багтай хамт Байконурын станц руу нисдэг тэргээр явж байх замдаа “Сансрын хөлөг тойрог замаасаа салсангүй” гэсэн мэдээ хүлээн авчээ. Дуран юугаа зэхэн, догдлон хүлээж байхад нь ирсэн тэр мэдээг сонсмогц дотор нь палхийгээд л явчихсан тухайгаа С.Батсүх нүдээ чийгтүүлэн ярина. Нөхцөл байдал төлөвлөснөөр болохгүй байх вий гэсэн айдас түгшүүр тэрхүү мэдээг сонссон хүн бүрд төрсөн нь мэдээж. Тэгээд л хүлээлт эхэлж.

1981 оны гуравдугаар сарын тэр долоо хоног бараг л туулсан амьдралаас нь удаан санагдаж, дуу шуу багатай өнгөрүүлсэн гэж ярих. Сэтгэл тавгүйтүүлсэн мэдээ төдхөн “Сансрын хөлөг тойрог замаасаа саллаа” гэсэн баярт мэдээгээр солигдоход аанай л нулимс нь хар аяндаа асгарах мөртлөө “За, нүд бүрэлзээд, амьсгаа давхцаад олигтой зураг дарахгүй байж магад” хэмээн болгоомжилж өөрийгөө барьсан гэсэн. Ер нь сэтгэл догдлуулсан хүлээлт заавал айдас түгшүүр дагуулдаг хойно яг буунгуут нь аппарат хэрэгсэл гацчих вий, торгон агшнуудыг алдчих вий гэхээс чангахан амьсгалж ч чадахгүй байсан хэмээн дурсаж сууна.  Түмэн бээрийг туулан байж авсан ганц кадрын ард хэн байсан бол гэх бодол төрөх нь бий. Тэр харин ингэж л сансрын хөлөг яг буух түүхэн агшинг, монголчуудын нүднээ хоногшсон Ж.Гүррагчаа, В.Жанибеков нарын олон сайхан дүр төрхийг хальснаа үлдээсэн билээ.

Дуран аппаратаа хүзүүний чимэг зүүлт мэт болгож амьдарсан хагас зуун жилд С.Батсүх тоолшгүй олон гэрэл зурагтай болсон нь мэдээж.. Зурагчин хүнд л баймаар ажигч гярхай зан, хурд, төрөлхийн зөн мэдрэмжээ тэр одоо ч хөглөсөөр, ирлэсээр л яваа. Ус мэт урсах амьдрал дунд уул мэт мөнхөлсөн зургууд түүнийг бүтээсэн билээ.

Г.Урантуяа

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu