ОЛОН ӨНГӨ I Хөвөнтэй дээл ээ гэж...

2025 оны 04 сарын 22

Хөвөнтэй дээл ээ гэж... Хээрийн задгай агаарт энгэрээ товчилж, бүсээ ороогоод хэдийд ч өмсөөд ороход тосоод угтах гэрийнхний өмнө нүүр бардам гоёдог ягаан даалимбан хөвөнтэй дээлээ өнөөдөр угаалаа.

Даалимба ерөөс угаахад хирээ сайхан өгнө өө. Жаахан гэмтэй нь гэвэл агшдаг л эд дээ.

Тэр жил аймгийн Ахуй үйлчилгээний газраас ягаан даалимбан гурван дээл авч охин, хүү хоёртойгоо ижилсэн хөдөө явах бүрийдээ авч явдаг сан. Хүйтэн өдөр дулаахан, халуун өдөр гэрийн сүүдэрт дэлгээд тоглож суухад таатай энэ л даалимбан дээл  бид хоёр мөн  олон удаа амралт, томилолтоор цугтаа явж шүү. Паар ирэхээ байчихсан зуны сэрүүхэн өдөр хөлөө хучаад хэвтэхэд таатайг нь яана аа. Сүүлийн үед ер тоохгүй, элдэв хураасан барааны дээгүүр нөмрөг болгож орхидог байснаас гандсанаас өөрөөр янзаараа.

Угаалаа, индүүдлээ, тохой нь сиймийснийг нөхлөө. Хүүхэд байхад хэзээний л багачууд бидний энгэр сиймийчихсэн явах, ижий юм уу, эмээ маань "Эхтэй хүний элэг цоорхой явдаггүй юм аа" гээд нөхөөд өгдөг сөн. Хөвөнтэй дээл минь надад багадсан ч хөгжилтэй багын түүх, хуучийг сануулж индүүдлэг сайхан авч байна аа.

Бага байхдаа охид бид өнгийн чулуу, эрээн шаазангийн хагархай түүж өвөртөлсөөр яваад энгэрээ элээдэг сэн. Тэгээд буурай ижий маань ташаандаа халаастай дээл хийж өгсөн нь энгэрийг минь хайрласан хэрэг байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu