ОЛОН ӨНГӨ I Нас зууж, нартыг ухаарав

2025 оны 04 сарын 23

Нэгэн жаранг давиран давсан жаргалтайн дэлгэр настайгаа золгов. Нас зууж, нартыг ухаарав ай. Найз, дайсанг ялгав. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээжийн ачийг алдаршуулав. Нартын хишиг дагав. Найман лустаа мөргөв. Найлзуураа наймаалцсангүйдээ нялхамсав.

Насны хишиг тогтоов. Ухаан дэлгэрснээ урамшин бодов. Уулзах хүмүүс хүртэл өвгөдийн өгөгдлөөр учирч, ерөөл тавилангаар өрнөдөгийг анзаарав. Хүн бүр харсан даасан тэнгэртэй, хараалсан хайрхадтай, хамгаалах өвөг дээдэстэй, тэднийхээ тэврээнд тэвхэлздэгийг ухаарав. Өчигдөр үгүй бол өнөөдөр үгүй, өвгөд үгүй бол би үгүй гэдгийг ухав.

Ёс соёлоо босгож, ёроос мултрав. Авшиг ерөөлөө бэхлэв. Ардынхаа заншлыг дагав. Сайн, муу аль ч үйлийн үр нь садан төрөл муу ч салж болдоггүйтэй адил хэмээн тодлов. Орчлонд би азтай төржээ л гэж уясав. Ухаарал бүхэн уянга хэмээн яруусав. Улс уламжлал дээр тогтнодогийг танив.

Төрсөн өдөр гэж төвөг хөөрцөг болдоггүй ээ, би. Төрсөн өдөр тэмдэглэх соёл өрнөдийнх. Монгол хүн төрсөн өдөр гарагаа нууцалдаг байсан. Төвөг учрахаас төвөгшөөсөн хэрэг биз ээ. Тэр нь зөв байх. Ээж минь монгол гэртээ намайг хавар төрүүлсэн гэдэг. Утаат гэртээ мэндлэхэд минь угтаад аав минь эх барьж, тосож авсан, тольдож өсгөсөн. Монгол эр хүн тийм чадамжтай байсны баталгаа. Харин сар орчмын дараа аав сумын төв рүү мориор давхиж очоод, төрсөн охиноо төрдөө бүртгүүлсэн байдаг. Төрсөн өдрийг яг таг санаж тэмдэглэж авсан эсэх эргэлзээтэй. Ямартаа ч төрлөө олж төрд бүртгүүлсэн. Монгол хүн тэнгэрт мэндлээд нартад бойждог ёсонг мөрлөсөн өдөр мину зээ... 

Н.Дуламсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu