“Урдуураа гарсныг ундаалж яв, хойгуураа гарсныг хооллож яв” гэж ээж минь биднийг сургасан. “Уулзсан хүнтэйгээ найрсаг бай, эхэлж уулзсан шигээ л эцэстээ ч тэгж үдэл” гэх.
“Уурласныг аргад, мунхарсныг сэрээ, мугуйд занг нь зас” л гэнэ. “Гол битгий алд, нуруутай бай” гэж аав чухалчилна. “Ядарсанд тусал, явганд морио өг” гэх сургаал нь өнөө ч үргэлжлэл өрнөнө. Монголчууд угаас би-гээ мартсан, бид төвлөрөлтэй, зочломтгой халуун сэтгэлтэй ард түмэн. Хүнийг баярлуулж өөрөө жаргадаг хорвоо гэж үздэг.
“Хошуу багтахаар идэж, хаяа багтахаар буу” гэх монгол философи агуу. Бидний үнэт зүйл энэ. Бусдын төлөө гэх сэтгэл нь монголчуудын бадрал. Хаана ч үл давтагдах үнэт чанар. Сэтгэл зөв бол явдал зөв хэмээн үзнэ. “Тэтгэе гэвэл тэнхэртэл нь” гэж чармайдаг нь чансаа тамирыг нь илтгэнэ. Манжууд монголчуудыг маажаад дийлээгүй нь ёс соёлд нь байсан. Олон мянган жилдээ монголчууд хүнээрээ оршиж, хөрстөө хайрласаар ирсэн ёст уламжлал нь угтах жаргал болон дэлгэрсэн.
Цайлган монголчууд тэнгэрээс тэтгэлэгтэй болохоор ийн уужуу бас тэнхээ мөртэй байдаг болой.
Н.Дуламсүрэн
Сэтгэгдэл ( 0 )