Монгол Улсын Ардын жүжигчин, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, нэрт уртын дуучин Ш.Чимэдцэеэгийн нэрэмжит дарьганга уртын дууны Олон улсын наадам Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд пүрэв гаригт (2025.05.22) эхэллээ.
Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ уран бүтээлийн зэрэгцээ дарьгангын өв соёлын тээгч, түүнийгээ судалгааны эргэлтэд оруулж “Дарьганга дууны хэл соёлын судалгаа” нэг сэдэвт бүтээлээрээ докторын зэрэг хамгаалж, “Дарьганга хэл аялгууны толь бичиг” хэвлүүлсэн эрдэмтэн. Мөн Монгол Улсаа уртын дууны ноттой болгосон судлаач билээ. Өдгөө түүний зохиосон нотоор ар, өвөр Монголын уртын дуучид уртын дууг сурч байгаа юм. Сүхбаатар аймагт болж буй түүний нэрэмжит анхдугаар наадамд наадамд дөрвөн орны 99 уртын дуучин оролцож байна. Энэхүү наадмын үеэр “Дарьганга уртын дууны үүсэл хөгжил, өнөөгийн нөхцөл байдал” гэсэн эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг болно. Дарьгангачууд “Сүмбэр Алтан овоо” бэсрэг уртын дуу тэргүүтэй олон сайхан дуутай. Тэдгээрийг мартуулахгүй байх, хойч үед сурталчлах, сургах, уламжлуулж өвлүүлэхэд уртын наадам тодорхой хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Наадмын үеэр Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн шавь нар, “Увертюра” хамтлагийнхан “Дунд суварга босгоно гэдэг өөрөө ховор тохиолдол юм. Багшийнхаа өвлүүлж өгч байгаа сайхан дуунд суварга босгож байгааг хүндэтгэж хүлээж авч байна. Багш маань олон жил соёлын биет бус өвийг өөрөө өвлөн тээж, шавь нартаа зааж сургаж, өвлүүлж гурван цагийн тиом үйлийг бүтээж яваад талархаж, хүндэтгэл илэрхийлж байна.
Энэ том суварганд зорьж очиж буй анхны хүмүүс болж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Япон улсаас тус наадамд оролцогч өөрийгөө 1996 онд Монголд анх удаа ирж, МУИС-д монгол хэлний ангид сурч байсан хэмээгээд тэр үеэс дараагаас уртын дууг сонирхон, Ш.Чимэдцэеэ багшид шавь орж суралцсан.”Нарийн хээр морь” гэж үзэмчин ардын уртын дууг анх сурсан. СУИС-д уртын дууны ангид мөн суралцсан. Монголын уртын дуу Японы хойд зүгийн дуутай аялгууны хувьд тун төстэй. Амьсгаагаа зөв авч гаргаж сурвал сайн дуулна гээд багшийнхаа зөвлөснөөр лаа асааж дасгал хийж сурч байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Наадамд оролцогчид нь дарьганга түмний бэсрэг уртын дуу “Сүмбэр Алтан овоо”-г заавал дуулах бөгөөд гурван түрлэгээр дуулагдах юм байна.
“Сүмбэлзээд сүмбэлзээд харагдах
Сүмбэр Алтан-Овоо минь
Сүүдийгээд сүүдийгээд үзэгдэх
Сүмтэй будрын чулуу минь...” хэмээн Дарьганга хошууны ард түмэн хэдэн үеэрээ дуулсаар ирсэн бөгөөд нэлээд эртний домог түүхтэй уртын дуу юм. Дуу төрсөн түүх нь газар нутгийн байдал, бүхнийг өөрсдийн таалалд нийцүүлэн ирсэн эрх мэдэл бүхий ноёдын дарлал боолчлолын эсрэг тэмцлээс үүдэн гарсан гэлцдэг. Тухайлбал, Дарьгангын сүргийг байгуулсны дараа тахих овоог анх тогтоох үед нутгийн эрх баригчид “Их булгийн зүүн хойно, Давхар энгэрийн ард байх Дашлүнг тахина” гэхэд ардууд “Дарь овоог тахина” гэж маргалджээ. Иймд ноёд нь албадан сүрэгчин гар тутмаас тодорхой тооны хуяг эр, адуунаас азарга дайчлан гаргуулж Давхар энгэр хэмээх газраас чулуу зөөлгөж Дашлүн дээр овоо босгуулж эхлэхэд нутгийн шударга эр Жамъян, Магсар нар ард олныг турхирч зарга тэмцэл үүсгэн Гусай /хошуу захирагч/ амбанд заалджээ. Тэд Дарь-Овоог байхад Дашлүнг тахина гэж Давхар энгэрийн чулууг зөөлгөж, дээдсийн сүргээс 70 гүү сувайруулан, албаны олон эрийг чирэгдүүлэн, ар гэрийг зовоож байгааг илчилсэн тул азаргаа авч Дарь овоо нь дарьгангынхны жил тутмын тахилгатай Дарь Алтан-Овоо гэж алдаршсан хэмээн Л.Жамсрангийн “Дарьгангын сүрэг хошуу” /1994 он/ номын 12 дугаар талд бичсэн байдаг.
“Сүмбэр Алтан-Овоо” дууг 2021 оны тавдугаар сард “Дарьганга ардын бэсрэг уртын дуу” хэмээн нэрлэж, МҮОНРТ-ийн алтан санд залуу дуучдын дуулснаар бичиж авчээ. Хэдийгээр ганцхан бадаг, түүнийгээ давтаж дуулах боловч эрт үедээ хэдэн ч хувилбартай байсан байж мэдэх юм. Нутгийн ард түмэн газар нутгаа магтаж өөр өөрсдийн сэтгэлийг шингээн үгийг мөн хэдэн янзаар дуулдаг байсан болов уу.
Мөн “Халхад зохиогдсон Гандангийн “Эрдэнийн эрхи”, Бямбын “Асрагч нэртийн түүх” гэсэн зохиолд Халхын Гэрсэнз Хунтайж V хүү Дарь тайждаа, Хөхий Хатгины нутгийг өгч эзэмшүүлсэн тухай мэдээ бий. Хатгин бол одоогийн Дарьгангын зүүн хөрш, Хөхий /Хөөхий/-д гэдэг аймаг, /овгийн/хүмүүс Дарьгангад бий. Иймд Дарьганга нутаг XVI зууны үед Дарь ноёны захиргаанд байжээ. Тэр ноён үргүй учраас удам нь тасарсан байна. Тэгвэл овооны нэрээс уулын өвөрт байгаа чулуун хөргүүд түүнтэй холбоотой байж магадгүй гэсэн санааг зарим судлаач дэвшүүлсэн байдаг аж. Учир нь “Миний хүү Алтан-Овоогоо л бодож яваарай, нутгийн бүхий л уул ус чинь түүндээ багтдаг юм. Ганга нуур бол Алтан-Овооны гэргий нь юм. Хонгор овоо хүү нь, Лүн хайрхан лам нь, Баяндулаан түшмэл нь, Дөхмийн бор овоо дүү нь юм гэнэ лээ. Тийм болохоор нутгийн бүхий л уул усаа бодож явна гэсэн үг гэж энэ нутгийн нэрт найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн ээж нь үр хүүхдүүддээ захиж хэлж байсан бол Алтан-Овооны сахиус нь сэтэртэй цагаан морь байсан гэж нутгийн хууччуул ярьдаг байжээ. Түүнчлэн хазаар, хөмөлдрөг хударгатай, их дэлтэй, хадаг яндар болсон цагаан морь овоо тахилгын үеэр явж, бусад цагт Ганга нуур, Дуут нуураас ундаалан, жасын адуунд бэлчээрлэж явдаг. Тахилгын үеэр их номхон, хүн бүр хөлсийг нь гараараа илж магнайдаа хүргэнэ. Бусад цагт онгон эмнэгээрээ явна. Сүм хурал тарахын үеэр л үзэгдэхгүй болсон гэдэг гэж Г.Мэнд-Ооёогийн аав Гомбожав хэмээх буурал олон жилийн өмнө хуучилж байсан хэмээн Ардын жүжигчин, уртын дуучин Ш.Чимэдцэеэ “Жаахан шарга” \1994 он\ номдоо тэмдэглэжээ. “Сүмбэр Алтан-Овоо” дууг 2021 оны тавдугаар сард “Дарьганга ардын бэсрэг уртын дуу” хэмээн нэрлэж, МҮОНРТ-ийн алтан санд залуу дуучдын дуулснаар бичиж авчээ. Хэдийгээр ганцхан бадаг, түүнийгээ давтаж дуулах боловч эрт үедээ хэдэн ч хувилбартай байсан байж мэдэх юм. Нутгийн ард түмэн газар нутгаа магтаж өөр өөрсдийн сэтгэлийг шингээн үгийг мөн хэдэн янзаар дуулдаг байсан болов уу.
Дуунд дурдагдаж буй Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн нутаг Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог 1354 метр өндөр унтарсан галт уул. Тус аймгийн урд хэсгийн зургаан сумын дарьгангачууд тахиж шүтэж ирсэн бөгөөд хожим монголчуудын их шүтээн, тахилгат уул болсон юм. Нутгийн ард түмэн Дарь-Овоо, Алтан Дарь-Овоо хэмээн нэрлэдэг.
Судлаачдын үзэж буйгаар Дарь уул нь галт уулын хүчтэй дэлбэрэлтээс үүсэж тогтсон бөгөөд шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, хайлмал хүрмэн чулуу ихтэй. Хязгаар нутагтаа хамгийн өндөр уул учраас Захын хар өндөр ч гэж нэрлэгдэж байв. Нутгийн ард түмэн байгалийн үзэсгэлэнг дархлах, газар нутгаа хамгаалах, эв нэгдлийг бататгах үүднээс уулын оройд XVII зууны үед алтан ганжирт Батцагаан хэмээх овоог босгосноор Алтан Дарь-Овоо хэмээн нэрлэх болсон.
Манжийн хааны зарлигаар 1700-гаад оноос Алтан-Овоог нутгийн тахилгатай болгож жил бүрийн хаврын эхэн, зуны дунд сард тахидаг уламжлал тогтсон. 1913 оноос Богдын зарлигаар намрын дунд сарын 12-нд төрийн их тахилга үйлддэг болсон. 1935 оноос хойш үзэл суртлын нөлөөгөөр 50 гаруй жил тахилгын зан үйл зогссон ч нутгийн иргэд нууцаар тахиж шүтэж байсаар 1990 онд дахин сэргээсэн. 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж төрийн тахилгат уул болгосон бөгөөд бэлд нь орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )