Ла Лиг | Ямалын хет-трик Барселонаг ялалтад хөтлөв

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Испанийн шигшээ болон Барселона клубийн залуу авьяастан Ламин Ямаль мэргэжлийн хөлбөмбөгчний замналдаа үндсэн бүрэлдэхүүнд багтаад анхны хет-трикээ толилууллаа. Ингэснээр тэд “шар усанд шумбагч”-дыг 4-1 харьцаагаар буулгаж аван тэргүүллээ улам баталгаажуулж байна.

Тоглолтын эхний 15 минутад хоёр баг өгөө аваатай байсан. Үүнээс хойш эхний гоол орох хүртэл Барса бүх байрлалд тэргүүлсэн. Улмаар эхний гоолыг Фермин Лопесийн дамжуулалтаар Ламин Ямал 28 дахь минутад орууллаа. Эхний гоол орсноос хойш Барсагийн шахалт улам нягтарч 37 дахь минутад Фермин-Ямалын хослол дахин үр дүнд хүрснээр 2:0 харьцаагаар итгэл төгс тэргүүлж эхэллээ. Ямалын хоёр дахь гоол нь Барселона клуб энэ улиралд талбайдаа оруулж буй 16 дахь гоол нь байсан юм. Эхний үед өөр гоол оролгүй энэ үр дүнгээр өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар үеийг Вийяреал арай өөрөөр эхлүүллээ. Хоёрдугаар үе эхлээд удаагүй байтал 49 дэх минутад Папе Гуйе гоолдож, гоолын зөрүүг ойртуулав. Энэ гоолоос хойш тоглолтын уур амьсгал ширүүсч хоёр багийн дасгалжуулагч хоёул шар хуудас хүртсэн. Түүнчлэн Марк Бернал, Рафинья нар ч шар хуудас хүртлээ. Вийяреал цөөн хэдэн боломж үүсгэсэн ч үр дүнд хүрч чадахгүй л байлаа. Тоглолтыг тэнцүүлэх итгэл найдвартай байсан Вийяреал клубийн урмыг 69 дэх минутад Ламин Ямал гоол оруулснаар хугаллаа. Энэ удаад түүнд Педри дамжуулалт өгчээ. Үүнээс хойш Вийяреалын итгэл бүрэн унтарсан мэт л байлаа. Тоглолтын эцсийн цэгийг 90+1 минутад Роберт Левандовски гоолоор тавьж, 4:1 харьцаагаар ялалт байгуулсан юм. Ийнхүү дэлхийн алдарт "1xBet" брэндийн хамтрагч Барселона клуб Испанийн хөлбөмбөгийн Ла Лигийг 64 оноотой тэргүүлж байна. Тэдний араас шил даран нэхэж яваа Реал Мадрид клуб өнөө шөнө Хетафе клубийг талбайдаа хүлээн авна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top