Баруун Европт хэт халалт үргэлжилж байна. Франц улсад гэхэд хэт халалтын улмаас 40 хүн амиа алдаад байна.
Италид онцгой байдал тогтоогоод байгаа бол Их Британид 1000 гаруй сургуулиуд хаагдаж эсвэл хичээлээ үдээс өмнө дуусгах хуваарьт шилжжээ.
Цаг уурчид нийт хүн ам, ялангуяа эмзэг бүлэгт хамаарах иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүйг анхааруулж, эрчим хүчний систем болон тээврийн дэд бүтцийн үйл ажиллагаанд доголдол гарах магадлал өндөр байгааг сэрэмжлүүлж байна. Их Британийн “National Rail” төмөр замын компани зорчигчдыг шаардлагагүй тохиолдолд аялалд гарахгүй байхыг зөвлөж, галт тэрэгний хөдөлгөөний хуваарьт өөрчлөлт оруулжээ.
Франц, Испани, Итали хэт халалтад хамгийн ихээр өртөж байна. Парис болон бусад хотуудад агаарын температур +40 градусыг давж халж байгаа бол Испанид мөн ижил халж байна. Тама хотод агаарын температур 43.7 градуст хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж бүртгэгджээ.
Италийн Ром, Милан, Флоренц, Турин, Венец зэрэг хотуудад цаг агаарын аюулын улаан түвшин тогтоогоод байна. Өндөр настнууд болон хууч өвчинтэй хүмүүст гадагш гарахгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.
Сайн дурынхан эмзэг бүлгийнхэнд ус, хүнс хүргэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Халуун агаарын урсгал ирэх баасан гарагт Нидерланд, Бельгийг нөмрөх төлөвтэй байна. Ирэх амралтын өдрүүдэд Германд агаарын температур мөн +40 градусыг давах төлөвтэй байгаа бол ирэх өдрүүдэд хэт халалт Зүүн Европт руу шилжинэ гэж цаг уурчид анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан Польш, Хорват, Унгарт сэрэмжлүүлэг гаргаад байна.

Сэтгэгдэл ( 0 )