Дулааны улиралтай зэрэгцэн дэлхийн дулаарлын асуудал хурцаар тавигдаж эхэлдэг. Хэт халуунд дасал болсон халуун оронд хүртэл хэт халалт асуудал болж байна. Хүн төрөлхтөн хэрхэн энэхүү аагим халуунд дасан зохицох вэ? Зарим төрлийн халуун цуст хөхтөн амьтад шөнийн амьдралд аажмаар шилжиж эхэлснийг эрдэмтэд ажиглажээ. Хэт халалтад нэрвэгдэж байгаа бүс нутгийн оршин суугчид мөн л амьдралын ийм хэлбэрт шилжиж эхэлсний шинж тэмдэг ажиглагдаж байна. Тэд шөнийн цагаар наран шарлагын газар, рестораныг зорьж, нар жаргахтай зэрэгцэн ажиллаж, сурдаг болжээ. Ийм өөрчлөлт хэр аюултай вэ? Хүн төрөлхтөнд дасан зохицох өөр ямар арга зам бий вэ?
Уур амьсгалын өөрчлөлтүүд дэлхий даяар хүмүүсийн төдийгүй ан амьтдын амьдралын хэв маягт нөлөөлж байна.
2023 онд ажиглалтын түүхэнд дэх хамгийн халуун жил байсан бол 2024 түүнээс ч илүү хална гэж цаг уурчид анхааруулж байгаа.
Агаарын температур нэмэгдэж байгаа нь орчин цагийн хүний амьдралын бүхий л салбарт сөргөөр нөлөөлж байна. Бүгчим халуун шөнө хүмүүс унтаж чадахаа байж, өдрийн цагаар гадаа гарахад биеийн байдал муудах, тэр бүү хэл үхлийн аюултай болжээ. Харин байнга агааржуулагчтай тасалгаанд байх нь янз бүрийн халдвар авах, уушгины хатгалгаа тусах эрсдэлийг дагуулж байна.
Хэт халалт дэлхий дахинд олон мянган хүний аминд хүрч байна. 2023 онд л гэхэд Франц улсад 5000 гаруй хүн наранд цохиулсны улмаас амиа алдсан бол Техас, Калифорни зэрэг АНУ-ын мужуудад нас баралтын түвшин түүхэнд дээд хэмжээнд хүрээд байна.
Хэдийгээр дөнгөж хавар болж байгаа ч дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст агаарын температур түүхэн дээд үзүүлэлтэд хэдийн хүрээд байна. Жилийн турш агаарын температур +30 °C байдаг, халуунд дасан зохицсон Зүүн өмнөд Азид он гарснаас хойш тэсэхийн аргагүй халж байна гэж “Guardian” бичжээ. Эл бүс нутгийн ихэнх орнуудад агаарын температур +40 °C дээш гарч, Филиппинд гудамжинд зөөврийн усан сангуудыг байршуулж, Тайландад тэнгис, далайн ус хэт халсны улмаас шүрэн арлууд устахаас эмээж байгаа бол Индонез улсад ган гачгийн улмаас будааны үнэ өссөөр байна. Эдгээр улс орнуудын иргэд халуун уур амьсгалд харьцангуй дасан зохицсон. Үүний нэг арга нь өдрийн нар шарахаас өмнө бүхий л ажлаа амжуулдаг. “Sleep Cycle” аппликэйшны мэдээллээр, Азид хамгийн түрүүнд буюу 6.55 цагийн үед индонезууд сэрдэг аж.
Блүмберг агентлагийн тоймч Лара Уильямсын үзэж буйгаар дэлхийн дулаарлын нөхцөлд зарим төрлийн халуун цуст хөхтөн, шавжийн нэгэн адил хүн төрөлхтөн шөнийн амьдралын хэв маягт шилжиж магадгүй болоод байна.
Шөнийн амьдрал, ажил өглөөний дөрвөөс
Ийм өөрчлөлтийн урьтал нөхцөл үүссэн нь өдгөө ажиглагдаад эхэлжээ. Дубайд зуны улиралд наран шарлагын газрууд хоногийн 24 цаг ажиллаж эхэлсэн бол “Formula 1” шөнийн уралдаан сонин биш болжээ.
Энэтхэгийн сургуулиуд өглөөний 06.00 цагт хичээлээ эхлүүлж, 11.00 цаг гэхэд дуусгадаг байна. Хичээлийн ийм хуваарьтай хүүхдүүд нар жаргахтай зэрэгцэн орондоо орж, шөнө сэрэхээс өөр аргагүй болжээ. Мэдээж хэрэг энэ нь одоохондоо шөнийн амьдралын хэв маяг биш ч гэсэн идэвхтэй байх цагт ихээхэн өөрчлөлт орж буйг харуулж байна. Ажлын цагт ч мөн өөрчлөлт орж байна. АНУ-ын Калифорни мужид гэхэд барилгын компаниуд зуны улиралд өглөөний 04.00 цагт ажлаа эхэлдэг болжээ. Техаст эсрэгээр барилгын бригадууд шөнийн гуравт ажлаа дуусгана.
Германы Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын холбооны тэргүүн Йоханнес Ниссен германчуудад Өмнөд Европын оршин суугчдын “Эрт босож, өглөө үр бүтээлтэй ажиллаад, үд дунд “сиеста” хий” гэсэн практикийг хэрэгжүүлэхийг санал болгож байна. “Сиеста” гэдэг нь Испани, Латин Америк болон Ойрх Дорнод, Азийн зарим орнуудад дэлгэрээд байгаа үдээс хойш дуг хийх практик. Өдрийн унтлагын цаг 14.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Шинжээчид сиеста хэт халалтыг даван туулахад тусална гэдэгтэй санал нэг байна. Хүн унтаж байхад тархи биеийн температурыг зохицуулж байдаг биологийн тодорхой функцийг идэвхжүүлдэг байна. Халуунд бага зэрэг дуг хийхэд л бие организм хэт халахаас сэргийлдэг байна. 2023 оны наймдугаар сард “The Wall Street Journal ” сонинд Техас мужид шөнийн цагаар хүмүүс гадаа зугаалж, нохойгоо салхилуулж, гүйж, бүр дэлгүүр хэсдэг болсон тухай бичиж байв.
Тэднийг тус сонин Дракулагийн адил нарны гэрлээс айн, харанхуй болоход л гарч ирдэг “халууны вампир буюу цус сорогчид” хэмээн нэрлэжээ.
Ихэнх хүмүүс шөнийн цагаар ажилладаг. Учир нь хэт халуунд толгой ажилладаггүй.
Гэхдээ ийн шөнийн амьдралын хэв маягт шилжих нь асуудлыг шийдэх түлхүүр биш. Учир нь шөнийн цагаар агаарын температур ч хэвийн хэмжээнээс нэмэгдэж байна. Судалгаагаар, дэлхийн дулаарлаас үүдэн Европ, Баруун Африк, Өмнөд Америкийн баруун хэсэг болон Төв Азид шөнийн температур өдрийнхөөс ч хурдацтай нэмэгдэж буйг харуулжээ. Халуунд нойрны чанар, үргэлжлэх хугацаа өөрчлөгдөж, бидний бие организм бүрэн сэргэж амждаггүй байна.
Эрдэмтдийн тооцоолсноор, энэ зууны сүүл гэхэд хүмүүсийн нойрны үргэлжлэх хугацаа жилд хоёр хоногоор багасах аж.
Унтаж амрахад хамгийн таатай температур нь 15-20 °C байдаг байна. Судлаачид Зүүн өмнөд Азид хүмүүс хэт халуунд илүү дасан зохицсон гэж үзэж байсан ч бусад бүс нутгийн оршин суугчидтай харьцуулахад хэт халууны улмаас нойргүйдэл улам нэмэгджээ.
Шөнийн амьдралын эрсдэлүүд
Шөнийн амьдралын хэв маяг хүн төрөлхтнийг аагим халуунаас аварна гэж таамагласан ч амьдралын ийм хэлбэр ихээхэн эрсдэл дагуулах аж. Одоогоор шөнийн амьдралын хоёр хэлбэр бий. Хэсэгчилсэн буюу ээлжээр шөнийн цагаар ажилладаг эсвэл байнгын буюу өдөр бүр өдрийн цагаар унтаж, шөнө сэрүүн байдаг. Энэ хоёр хэлбэр хоёул эрсдэлтэй. Америкийн нойрны академийн судалгаагаар шөнийн ээлжтэй хүмүүст зүрхний шигдээс болох, чихрийн шижин, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг өвчин тусах эрсдэл нэмэгддэг байна. Шөнийн хэв маягт шилжсэнээр нөхцөл байдал сайжрахгүй. Хүний дааврын тогтолцоо нойрны шинэ дэглэмд шилжихэд бэрхшээлтэй тулгарч, нойрны даавар болох мелатонин ялгарах нь багасдаг байна. Шөнийн ээлжтэй хүмүүсийн дөнгөж гурван хувьд мелатонин дааврын ялгарал шөнийн хэмнэлд дасан зохицсоныг судалгаа харуулжээ. Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээс үзвэл хүмүүс шөнийн амьдралын хэв маягт эрүүл мэндээрээ дэнчин тавьж байж шилжинэ.
Шөнийн цагаар мелатонин даавар ялгарах нь багассанаар танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, бие организмын идэвх буурдаг байна. Шөнийн цагаар спортоор хичээллэх эсвэл ажиллах нь бие организмд стресс болно. Нарны гэрэлгүйд эерэг сэтгэл хөдлөл төдийгүй бусад чадварыг зохицуулдаг серотонины агууламж багасдаг байна.
Одоогоор нарны гэрлийг бүрэн дүүрэн орлох шинжлэх ухаанаар батлагдсан ямар нэгэн арга олдоогүй л байна.
Ирээдүй судлаачдын хэлснээр, сонголт маш энгийн. Эсвэл агааржуулалт сайтай тасалгаанд эсвэл шөнийн цагаар ажиллана. Гэвч шөнийн цагаар ажиллах нь маш муу хувилбар. Судалгаагаар 30 жилийн турш шөнийн ээлжид ажилласан сувилагчдад хорт хавдраар өвчлөх эрсдэл 40 хувь нэмэгддэг болохыг тогтоожээ. Хүний биологийн цагийн механизмыг нээсний төлөө 2017 онд Нобелийн шагнал олгож байсан. Эдгээр механизм нь хүний бие организмын амин чухал бүхий л тэнцвэрийг зохицуулж байдаг. Тиймээс амьдралын хэв маягаа үндсээр нь өөрчлөх нь хүн төрөлхтнөөс асар их төлөөс шаардана. Үүний оронд нүүрсустөрөгчийн ялгарлыг бууруулах, эх дэлхийгээ сүйтгэхээ болих нь хамаагүй хямд тусна. Манай гараг дээрх одоогийн нөхцөл байдлыг хадгалж үлдэхийн тулд агаарын температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 градусаас дээш нэмэгдүүлэхгүй байх явдал. Хэрэв хүлэмжийн хийн ялгарлыг яг одоо зогсоовол боломжтой. Дэлхийн улс орнуудын Глазгод тохирсон төлөвлөгөөг дагавал 1.7 градусаар хална гэсэн үг. Парисын гэрээнээс үзвэл агаарын температур 2.5 градусаар нэмэгдэх боломжтой. Ингэснээр олон сөрөг үр дагавар гарах ч уур амьсгал бүхэлдээ хэвийн хэмжээндээ байна. Гэвч өдгөө бид Парист тохиролцсоноос илүү хурдаар дэлхийгээ “халаасаар” байна.
Тиймээс амьдралын хэв маяг, хэмнэлийг шөнийн бус харин өглөөнийхөд шилжүүлэх нь илүү эрүүл сонголт гэж шинжээчид онцолж байна. Хиймэл гэрэлтүүлэг бий болохоос өмнө хүн төрөлхтөн яг л ийм амьдралын хэв маягтай байсан. Урт хугацаанд хүмүүс бидэнд юунд ч дасан зохицох чадвар бий. Гэхдээ амьдралын хэмнэлийн өөрчлөлтөд дасан зохицоход их хугацаа шаардагдана.
Сэтгэгдэл ( 2 )
Нүүрс, машин, үйлдвэрүүд... гээд зөндөө юм ярьж болох ч эцсийн эцэст хүний л өсөлт дэлхийн дулаарлыг гааруулж байгаа цор ганц хүчин зүйл л дээ. Дэлхийд байх ёстой хүний тоо 10 дахин их болсон гэдэг ч билүү
Дэлхийн дулаарлыг зогсоох цор ганц арга бол үйлдвэржсэн мал аж ахуйг зогсоох, ө.х. махнаас татгалзах юм.