Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Монголын талын хэлэлцээний багийн ахлагч И.Батхүү “Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/ хоорондын иж бүрэн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн 6 дугаар шатны хэлэлцээг эхлүүлж нээлээ.
Энэ удаагийн хэлэлцээ 2026 оны 7 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.
Монгол Улс энэхүү хэлэлцээрээр дамжуулан БНСУ-ын зах зээлд экспортын бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын бүтэц, зах зээлийг төрөлжүүлэх, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөхийг зорьж байна. Ялангуяа ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн болон бусад хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаа болно.
Үүнтэй холбогдон гаалийн тариф бууруулах, барааны худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, гааль, техникийн саад тотгор, гарал үүсэл, хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарсан, иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг 14 үндсэн бүлэг, 3 дэд бүлэг, 346 зүйл, 19 хавсралтын хүрээнд хийж байна.
Хэлэлцээний 6 дугаар шатны хүрээнд БНСУ-ын зах зээлд нэвтрэх нөхцөлийг илүү сайжруулж, экспортын боломжийг бодитоор тэлэх нөхцөлийг тохиролцох чиглэлд ахиц гаргахаар ажиллана.





Сэтгэгдэл ( 0 )