Хөгжлийн банк ОУ-ын хөрөнгийн зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа

2026 оны 06 сарын 26

 

Монгол Улсын Хөгжлийн банк нь энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр олон улсын зах зээлд 6.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын бондыг амжилттай гаргалаа. Энэ нь 2018 оноос хойш олон улсын зах зээлд арилжаалсан Хөгжлийн банкны анхны нээлттэй хэлбэрийн бонд юм.

Банк олон улсын зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд Хөгжлийн банкны гаргахаар зорьсон бондын захиалга 5.3 дахин давсан байна.

Түүнчлэн энэхүү бонд нь Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 0.95 хувийн нэмэгдэлтэйгээр гарсан нь Засгийн газрын баталгаагүй бондын хувьд онцлох үр дүн юм. Энэ нь Эдийн засаг, хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, хөгжлийн санхүүжилтийн бодлого, олон улсын хөрөнгийн зах зээл дээр Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн сахилга бат, бодлогын тогтвортой байдалд эерэг үнэлгээ өгч буйг илэрхийлэл боллоо.

Хөгжлийн банкны олон улсын зах зээлд амжилттай татан төвлөрүүлсэн эх үүсвэр нь Засгийн газрын хөгжлийн бодлого, дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтуудтай уялдсан стратегийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглэгдэх юм.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас цаашид хөгжлийн санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, засаглалыг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top