Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр /2026.09.03/ “ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЭЧЛЭЛ-ХЯЛБАР ЗОХИЦУУЛАЛТ-БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН” сэдэвт, сургалт арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээ нь зөвшөөрөл олголтын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, оролцогч талуудын уялдаа холбоо, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийн шинэчилсэн зохицуулалт болон зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн сангийн журмын шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөхөд чиглэв.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нээж үг хэлэхдээ “Засгийн газар дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Энэ том зорилгын хүрээнд гурван том хуулийг батлуулсан. Хамгийн эхэнд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдтэй нүүр тулан ажилладаг алба хаагчид үүргээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг ойлголтоо нэгтгэх нь чухал. Төрийн байгууллагаас нийт 371 тусгай зөвшөөрөл олгодог байсныг 360 болгож цөөлөөд байна. Ингэхдээ ихэнх зөвшөөрлийн хүсэлт авах процессыг цахимжуулсан. Тусгай зөвшөөрлийг энгийн болгох, энгийн зөвшөөрлийг мэдэгдэл өгөөд эхлүүлэх гэхчлэн хялбарчлаад байгаа. Олон нийт болон бизнес эрхлэгчдэд ажлаа таниулахад төрийн албан хаагчдын оролцоо чухал” гэдгийг онцоллоо.
Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх Газрын дарга П.Батбаатар “Зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдвээр илтгэл танилцууллаа. Энэ үеэр “Зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 жилээс доошгүй хугацаанд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон тохиолдолд магадлан шалгах ажиллагаа хийхгүйгээр хоёр хоногийн дотор сунгах боломжтой боллоо. 2026 оны арван хоёрдугаар сарын байдлаар 49 мянга орчим тусгай зөвшөөрөл энгийн зөвшөөрөл сунгагдах боломжтой тухай судалгаа гарсан. Үүнийг цахим системээр иргэдэд нээлттэй, ил тод явуулах тал дээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. Зарим байгууллага зөвшөөрөл олгохгүй байгаа асуудалд хяналт, шалгалт хийгээд тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Иймд иргэд, ААН-үүд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт гомдол, мэдээллээ гаргаж болно” гэв.
Зөвшөөрлийн шийдвэрлэлтэд оролцдог алба хаагчдад үргэлжлүүлэн бодит жишээн дээр ажиллах практик сургалт орж, цахим системтэй холбоотой асуулт асууж, хариулт авлаа.






Сэтгэгдэл ( 0 )