АНУ-ын Индианагийн их сургуулийн ахлах багш Л.Цэрэнчунтыг Монгол Улсын гавьяат багш цолоор шагнав

46 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа Олон улсын Монголч Эрдэмтдийн XIII их хурал энэ наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.

Их хурлын нээлтийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасны дотор гавьяат цолтон нэг төрсөн нь Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн АНУ-ын Индианагийн их сургуулийн Монгол хэл, соёлын ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунт байлаа.

Тэрбээр 2004 оны наймдугаар сард Индианагийн их сургуулийн  урилгаар гадаад оюутнуудад монгол хэл заахаар очиж 2004-2009 онд Төв Евро-Ази судлалын тэнхимд монгол хэлний зочин багш, 2009 оноос орон тооны багш, 2014 оноос өнөөг хүртэлт ус тэнхимд ахлах багшаар, нийт 22 дахь жилдээ ажиллаж байна.

Ахлах багш Л.Цэрэнчунт 2016 оноос эхлэн Индианагийн их сургуулийн “Төв Азийн Бүс нутгийн Хэлнүүдийн төв”-тэй хамтран Монгол хэлний сурах бичиг бичих төсөл хэрэгжүүлж, гадаад хэл заах аргын сүүлийн үеийн ололтод үндэслэсэн “Монгол хэлний анхан шатны сурах бичиг”-ийг өөрийн хань, Монгол Улсын гавьяат багш, доктор П.Увшийн хамт боловсруулсан нь гадаад оюутнууд монгол хэл сурах нэн чухал гарын авлага болсон байна.

 

 

Тэрбээр шагнал гардсаны дараа хэлсэн үгэндээ “Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын гавьяат багш цолоор шагнасанд баяртай байна. Гүн талархлаа илэрхийлье. Энэ шагнал миний хөдөлмөрийн үнэлгээ төдий биш, олон жилийн түүхтэй Индианагийн их сургуулийн Монгол судлалын салбар, тэнд ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид, монгол хэлийг сонирхон судлаж байгаа гадаадын олон оюутан, шавь нарын маань хичээл зүтгэлийг үнэлэн олгож байгаа шагнал гэж ойлгож байна. Цаашид монгол хэл, соёлоо олон улсад түгээн дэлгэрүүлэх, монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд улам их хичээл зүтгэл гарган ажиллах болно.

Бид Чингисийн монголчууд гэж ярих дуртай. Монгол хүнийг монгол болгодог гол зүйл бол монгол хэл, монгол өв соёлын мэдлэг юм. Монгол залуус эх хэлээ сайн эзэмшихгүйгээр “Би монгол хүн” гэж хэлэх нь харьцангуй дутагдалтай зүйл. Залуус их унших хэрэгтэй. Сүүлийн үед монгол хүүхдүүд гадаад хэлээр хэлд орох үзэгдэл ажиглагдах болсон. Хүүхэд эх монгол хэлээрээ хэлд ороход эцэг, эх, эмээ өвөө нар чухал хариуцлага хүлээх учиртай. Эх хэлээрээ хэлд орох орчинг бүрдүүлэх ёстой. Хүүхдэд зориулсан контентууд бэлтгэх нь зайлшгүй хэрэгтэй. Монгол хэлээ сайн эзэмшээд, номд дурлаад, нас насны онцлогт тохирсон монгол номоо уншдаг болчихсон үед аль ч гадаад хэлийг аяндаа сурах суурь болно” гэлээ. 

Индианагийн их сургууль нь монгол судлалаар магистр, доктор бэлдэхийн зэрэгцээ  орчин цагийн монгол хэлийг 3-4 жилээр заадаг хөтөлбөртэй Хойд Америк дахь цорын ганц их сургууль бөгөөд нэрт монгол судлаач Хангины Гомбожав нарын санаачлагаар үүсэж, 1962 оноос үйл ажиллагаа явуулж буй Монгол судлалын нэгэн томоохон төв юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top