АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерын үүсгэн байгуулсан “Affinity Partners“ компани Израилд зэвсэг нийлүүлдэг нийлүүлэгчдэд олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулсан “Phoenix Financial” компанид томоохон хувь эзэмшдэг болохыг CNN тогтоожээ.
Тус сувгийн мэдээлснээр, 2025 оны нэгдүгээр сард Доналд Трамп тангараг өргөхөөс өмнөхөн “Affinity Partners“ компани нь Израилын “Phoenix Financial” компанид эзэмших хувь хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлж, 10 хувьд хүргэсэн байна. Израилын компанид мөн “Elbit Systems”, “Ashot Ashkelon”, “Bet Shemesh Engines”, “Boeing”, “Caterpillar”, “Israel Shipyards Ltd” зэрэг томоохон компаниуд хувь эзэмшдэг бөгөөд эдгээр компани бүгд бүтээгдэхүүнээ Израилын армид нийлүүлдэг байна.
Кушнер Газын зурвас дахь мөргөлдөөнийг зохицуулахад идэвхтэй оролцож байсныг CNN суваг тодотгоод 2025 онд дээр дурдагдсан бүх компаний хувьцаа өсөж, Газын зурвас дахь мөргөлдөөн бүтээгдэхүүнийнх нь эрэлт нэмэгдэхэд хүргэсэн хэмээн мэдэгдэж байжээ.
Кушнер АНУ-ын засаг захиргаанд албан ёсоор ямар нэгэн албан тушаал хашдаггүй тул хувийн санхүүгийн мэдээллээ ил болгох үүрэг хүлээдэггүйг тус суваг мөн онцолсон байна. Ингэснээр Трампын хүргэн ашигтай бизнесийг дипломат ажиллагаатай хослуулах боломж олгосон онцгой давуу талтай болсныг CNN онцолжээ. Энэ оны долоодугаар сард Трампын хүргэний компани Израилын “Phoenix Financial” компанид эзэмшдэг хувьцааныхаа зарим хэсгийг зарсан бөгөөд өдгөө эзэмших хувь нь 7.4% болжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли үүнд тайлбар хийхдээ, Жаред Кушнерийн хувийн үйл ажиллагаа дипломат ажилтай нь ямар ч холбоогүй бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр дипломат үүрэг гүйцэтгэдэг хэмээн мэдэгджээ. Харин шинжээчид үүнд ашиг сонирхлын зөрчил байгааг онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )